Хазар монголчуудаа дэмжицгээе!
Уриалга
Мянга мянган жилийн түүхийн маань нэгэн бүтээл бол хазар монголчууд билээ. Түүхэн эх орноосоо алсран тусгаарлагдсан тэд монгол цустай, зүстэйгээсээ болж ялгаварлан гадуурхагдаж, хөөгдөж туугдаж, алуулж хядуулж, зовж зүдэрч ирлээ.
XIX зууны эцсээр тэд харийн түрэмгийлэгчдэд сая саяараа алуулж, хөөгдсөн аймшигт гэноцидийг туулжээ. ХХ зууны 50-иад онд босч тэмцээд, үндэсний мужаа устгуулж, нийслэл Панжаб хотоо газартай тэгшлүүлжээ. ХХ зууны 90-ээд оноос 2001 он хүртэл талибуудад мянга мянгаараа алуулж хядуулжээ.
2001 оноос хойш Афганистанд энх амгалан, эв найрамдал тогтсон гэсэн ч хазарууд алуулж, ад шоо үзэгдсээр байна. Ялангуяа, сүүлийн үед Пакистанд аврал эрэн дүрвэж очсон хазаруудыг сүүлийн үед алж хороох явдал нэн идэвхжиж, дэлхий нийтийг цочирдуулах бодллоо.
Хазар бол монгол үндэс язгууртай гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон зон олон бидний тасарсан мах, үсэрсэн цус. Биднээс өмгөөлөл хамгааллыг хүсч ч ирсэн бөгөөд, нэгэн жишээ нь дэлхийн хазаруудын байгууллагаас 2001.12.6-нд манай засгийн газарт илгээсэн, өдий хүртэл нуун дарагдуулагдсан захилдал юм. Энэ төрсөн ахан дүүсээ монголчууд бид өмгөөлөхгүй хэн өмгөөлөх билээ.
Монголчууд аа, бидэнд хазар ахан дүүсээ дэмжих боломж бий. Хойд Солонгосын дүрвэгч авахын оронд, хазар монгол дүрвэгч авъя! Өмнөд Солонгост газар өгөхийн оронд хазар монголчууддаа газар өгье! Хятадын ажиллах хүчийг авчрахын оронд хазар монгол ажиллах хүчийг авчиръя! Харийнханд бизнэс, уул уурхайн боломжуудыг найр тавихын оронд хазар монгол ахан дүүстээ найр тавья!
Бидний өмгөөлөл хамгааллыг үгүйлэн хүлээсээр ирсэн тэдэнд бодот дэмжлэг үзүүлэхийн тулд:
1. Хазар монгочлуудыг алж хядахыг хууль ёсны бүхий арга хэрэгслийг ашиглан эсэргүүцэцгээе!
2. Монгол улсын нийслэл Улаанбаатар хоттой ахан дүү болох санал дэвшүүлсэн Нили хотынхны сэтгэл зүтгэлийг дэмжицгээе!
3. Хазар ахан дүүстээ сэтгэл санаа, эд матэриалын тусламж үзүүлцгээе!
4. Хоёр талын байгууллагууд, ХАА, худалдаа, бизнэс, соёл боловсрол, спорт зэрэг чиглэлээр бүх талын хамтын ажиллагааг өрнүүлцгээе!
5. Монгол туургатны байгууллага, үйл ажиллагаанд хазар монголчуудыг хамруулцгаая!
6. Хазар түмнээс уугуулшигч буюу рэпатриант, дүрвэгч, цагаач, ажиллах хүч, өнчин хүүхэд хүлээж авцгаая!
7. Хазарчуудыг Монгол улсын иргэний баримт бичиг олгон хамгаалцгаая!
8. Хазарын төрөлгүйтгэлийг буюу гэноцидийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, дэлхийн шударга улсууд, байгууллагууд, зүтгэлтнүүдээр хүлээн зөвшөөрүүлцгээе!
9. Дээрхи зорилтуудыг биелүүлэхийн тулд өргөн хүрээтэй, олон төсөлтэй тодорхой бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлцгээе! гэж Монголын төр түмэндээ уриалж байна!
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Монгол туургатан мандан бадартугай!
Дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэг; Ногоон хөдөлгөөн; Ногоон эвсэл;
Үндэсний үзэлтний бүлхэмүүд (“Даяар Монгол”, “Даяар Хөх Монгол”, “Монгол Үндэстний сүлжээ”, “Монгол туургатны хуралдай”, “Монгол хас”, “Нэгдсэн Монгол”, “Сүлдэр”, “Талын цөөвөр чоно”, “Тунамал төгс”, ”Үндэстэн” нэгдэл, “Хамаг Монгол”, “Хөх Монгол”, “Цагаан хас”); Шударга иргэдийн фронт.
Улаанбаатар
2011.10.1
P.S. Асууж тодруулах зүйл байвал 9914-6533, 9899-2997, latinuseg@yahoo.com, facebook.com/moenhbayar хаягуудаар Ч.Мөнхбаярт хандана уу.
No comments:
Post a Comment