Friday, May 18, 2012

Чингис Хааны Шүтээн Америкт Хүчтэй Хэвээр

Чингис Хааны Шүтээн Америкт Хүчтэй Хэвээр
\Хангины Гомбожавын Дурсгалд\
            Америкийн Монголчуудын Соёлын Холбоог \МАКА\ Хангины Гомбожав, Лувсан Хийод болон Цорж Лам нар анх үндэслэн байгуулсан бөгөөд уг холбоо нь 1987 онд анхны Чингэс Хааны Тахилгыг зохион байгуулсан. 1991 онд Америкийн Монголчуудын Соёлын Холбоо нь албан ёсоор ашигийн бус байгууллагаар \501С3 статустай\ бүртгэгджээ.  Уг байгууллагыг анх үндэслэн байгуулсан дээрх гурван хүндэт соён гэгээрүүлэгчид тэнгэрт хальсан хэдий ч шавь нар нь уламжлалт Тахилгыг жил бүр тэмдэглэсээр ирсэн билээ. Америкийн Монголчуудын Соёлын Холбоо нь 24-дэх удаагийн Эзэн Чингэс Хааны Тахилгын ёслолыг 9-р сарын 17-нд Нью Жэрси Мужын Принстон хотод зохион байгуулах гэж байна.
            МАКА-гийн Чингэс Хааны Тахилгын ёслолын үндсэн заншлыг Эзэн Хорооны Чингэсийн Онгоны Тахилгын ёслолоос сэдэвчлэн Америкт тохируулан зохион байгуулж ирсэн. Нэрт эрдэмтэн Хангины Гомбожав эх нутгаасаа 40 жил алслагдсан хэдий ч 1986 онд Өмнөд Монголд зочлохдоо Эзэн Хороонд очсоноор коммунист үзэл суртлын дор хийгдэж буй тахилгын ажлыг хараад 17н үе шаттай Чингэс Хааны Тахилгын гар бичмэлийг Америкт амьдарч буй Монгол туургатнуудад зориулж зохиосон юм.
            Ардчилал хөгжсөн, эрх чөлөөтэй нийгэмд Монгол туургатан болон Америкчууд Эзэн Чингэс Хааны дурсгалыг ёслон хүндэтгэх нь энэ чухал уламжлалыг ямар нэгэн гадаадын хүсээгүй нөлөөлөлд автуулалгүй хадгалж ирэхэд чухал гэдэгт Хангины Гомбожав итгэж байлаа. Энэ жилийн 24-дэх удаагийн Тахилгын ёслолын үйл ажиллагаанд анх удаа Ар мөн Өвөр Монгол нутгийн таван бүс нутгууд болон Тува, Буриад, Халимаг нутгуудад амьдардаг Монгол туургатнууд болон Афганистаны Хазара нарын төлөөлөгчид оролцох гэж байна.  Монголчууд голчлон амьдардаг бүс нутгуудаас оролцож байгаа дээрх монгол туургатны төлөөлөл бол Хангины Гомбожавын Дэлхийн Монгол Туургатнуудаас бүрдсэн Тахилгын ёслол нэгэн өдөр зохиогдох ерөөл биеллээ олж байгаа нь энэ билээ. Дэлхий дахинаар тархан суусан бидний монголчууд Эзэн Чингэс Хаантай түүхэн холбоотой бөгөөд нэгэн соёл заншил, уламжлалаараа холбогдсон энэ билэгдэлтэй эв нэгдлийг ямар нэг хэм хэмжүүрээр авч үзэх нь өрөөсгөл юм. Яг одоо бидний дунд Хангины Гомбожавын тэнгэрлэг хийморь нь энэ жилийн тахилгын ёслолыг бахархалтайгаар таалан соёрхож байгаа гэдэгт итгэлтэй байна.
            Өмнөд Монголын Ордос нутагт одоогоос долоон зуу гаруй жилийн өмнө Эзэн Хорооны тахилгын ёслол хийгдэж эхэлсэн байдаг.  Дархад Монголчууд Тахилын ёслолыг бүтэн жилийн турш үйлдэх бөгөөд хамгйин чухал, хамгийн том ёслолыг билигийн тооллын 3-р сарын 21-ний өдөр од гаригын солбицол тохиох цаг мөчид тэмдэглэдэг. Ёслолд бүх нутаг орноос мөргөлчид ирж оролцдог байжээ. Ёслолын ихэнхи зан үйл нь эрт дээр үеээс гаралтай бөгөөд хэдэн зуун жил өөрчлөгдөөгүй Монгол соёл болон шашины уламжлалыг шингээсэн байдаг.  Эзэн Хорооны Тахилгын ёслол нь хорьдугаар зууны эхний хагас хүртэл үндсэн уламжлалаа баримтлан явсаар 1947 онд коммунист засаг ноёрхсоноор эх ёслол гадны хориг шаардлага дор зохион байгуулагдах болсон аж.  1954 онд шинээр Алтан Ганжуурт орчин үеийн бунхан өмнөх Эзэн Хорооны Тахилгын газраас холгүй байгуулагдсан байна. Энэ нь уламжлалт тахилгын ёс горим алдагдахад хүргэсэн.  Хэдийгээр энэ хүндэтгэлийн ёслол орчин үеийн гэхдээ хавчигдсан байдлаар явагдсаар ирсэн ч, харийн захиргаан дор олон уламжлалт зан үйл, ёс заншил устаж үгүй болжээ.
            Хангины Гомбожавын шинэчлэн зохиосон Чингэс Хааны Тахилгын ерөөл нь Эзэн Хорооны Тахилгын шууд хуулбар биш юм. Хэдийгээр тэрээр Эзэн Хорооны тахилгын дэг жаяг, хэллэг дээр өөрийнхөө хувилбарыг үндэслэсэн ч, ерөөлийн агуулгыг нь өөрчилсөн билээ. Уугуул язгуур бөөгийн шашинд ойртуулан Бурханы шашинтай холбоотой хэл, ёс заншлыг хассан юм. Тэрээр бүхий л Монгол нутгуудаас ирсэн Монгол туургатны төлөөллүүдийг хүндлэн улмаар тэд цаашдаа ашиглаж болох үг хэллэгийг тахилгын агуулгад оруулж өгсөн юм.  Өнөөдрийн ёслол тэмдэглэл нэгэн өдөр ирэх болохыг тэрээр зөн совингоороо мэдэж байжээ.
            Бас нэг чухал зүйл гэвэл, Гомбожав Америк хэмээх олон соёлын нэгдмэл орон зайнд Америкийн Монголчуудтай тулгарах -- энэ соёлд уусах асуудлыг зөгнөж олж харсан явдал юм.  Чингэс Хааны Тахилгыг энд \АНУ-д\ зохион байгуулснаар Гомбожав Монгол эх нутаг, гарал үүслээрээ бахархахын хажуугаар өөрийг нь өргөж авсан хоёр дахь эх орондоо хайртай болохоо илэрхийлсэн билээ.  Энэ арга хэмжээгээр Чингэс Хааны гэгээн онгонд тахилга өргөхийн хажуугаар, МАКА Го багш болон хоёр ууган үүсгэн байгуулагчид болох Цорж Лам болон Лувсан Хийод нарын гэгээн дурсгалыг хүндлэн тэмдэглэж байгаа билээ. Хамтдаа тэд анхны Чингэс Хааны Тахилгыг удирдан зохион байгуулсан бөгөөд тэдний зүрх сэтгэлээс ундарсан энэхүү уламжлалыг цаашид үргэлжлүүлэхийг бидэнд даалгасан билээ.  Тэдний алсыг харсан энэ санаачилга нь хоёр дах эх орон болсон Америкт тэдний хойч үеийн Монголчуудад агуу их хувь нэмэр болон бахархам гавьяат үйл хэрэг болж үлдсэн юм.
 http://www.facebook.com/notes/mongol-american-cultural-association-maca

No comments:

Post a Comment