-Та өөрийгөө товч танилцуулна уу?
-Би Эмирт улсын Дубай хотноо суудаг. Миний бизнэсийн гол чиглэл бол машины худалдаа. Өвөг дээдсийнхээ нутагт ирж үзэх, хазарууд-монголчуудын ахан дүүгийн харилцааг өргөжүүлэхэд туслах, Монголд бизнэс эрхлэх боломжийг судлах зорилгоор ирлээ.
-Таны зорилго хэр бүтэмжтэй байна?
-Би маш сэтгэл хангалуун байна. Монголчууд болон хазарууд угсаа гарал нэгтэй, ахан дүүс гэдгийг нүдээрээ үзэж мэдлээ. Найрамдалт харилцааг албан ёсны зохион байгуулалтад оруулах талаар монгол, хазар нөхөдтэй ярилцаж тохирлоо. Бизнэсийн боломж ч өндөр байгааг үзэж мэдлээ.
Хазар рэсторан нээх санаа төрсөн. Тэр рэсторан манай хоёр түмний нөхөрлөлийг бэхжүүлдэг газар болох юм. Улаанбаатарт байдаг “Хазара” рэсторан хазарчуудтай холбоогүй, энэтхэг рэсторан юм байна. Миний нээх санаатай байгаа рэсторан нь монголчуудад таашаагдах амтат сайхан хазар хоолуудаар үйлчилнэ. Хазар болон монгол хоол нь мах ихтэй байдаг тул үйлчлүүлэгчдийн санаанд нийцэх байх.
Бас арвай, эрдэнэшиш тариалах боломж байгааг харлаа.
-Монгол улс их хэмжээний газрыг тариаланд зориулж, солонгосчуудад 99 жилээр түрээслэсэн. Хазаруудад тэгж газар олговол хангалттай боломжуудыг нээж өгнө биз?
-Тийм боломж гарч ирвэл сайн байна. Хазарууд бол их тариаланч түмэн. Гэхдээ, элэг нэгтэй ахан дүүс учир гадаадын өөр үндэстэн хүмүүстэй адилтган үзэлгүй, өөрийн үндэстэнтэй адилтган үзэж хөнгөлөлт үзүүлдэг болбол үнэхээр гайхамшигтай. Би өөрөө, болж өгвөл Монголд өнөр өтгөн бүлээрээ ирж суурьшмаар л байна.
-Дубайд хазарууд олон уу?
-10 мянга гаруй бий. Тэнд би зөвхөн хазараараа яриад л ажил үйлээ эрхлээд байж болдог гээд бод. Тэндхийн хазарууд мөн л Монголд их элэгтэй. Очоод би тэдэндээ сайн мэдээнүүдийг дуулгах болно.
-Манай улсын уул уурхай, барилгын салбарт хүн хүч их дутагдалтай байдаг. Их төлөв хятадууд орж ирж, янз бүрийн л бэрхшээл, зөрчил үүсгэх юм. Хазарууд ирвэл байдал өөр байх болов уу гэж бодож байна.
-Хазарууд дунд уул уурхай, барилгын мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажилчид олон бий. Гадаадаас гагцхүү ахан дүү хазаруудаа авчирч ажиллуулсан ч болно. Дубайн хазарууд их төлөв барилгын салбарт ажиллаж, дэлхийн хамгийн өндөр шаардлагад нийцсэн, Дубайн гайхамшгууд гэгдсэн байгууламжуудыг босголцож байна.
Би Дубайн үсрэнгүй хөгжлийг хараад нэг зүйл боддог. Монгол туургатан нэгдэн нийлбээс үүнээс илүү хөгжил цэцэглэлд хүрч болноо гэж. Монголчууд Чингис хаан, Төмөр хааны үед нэн хүчирхэгжсэн. Гуравдахь удаагаа бол, одоо л хүчирхэгжих цаг нь ирээд байна гэж боддог.
-Монгол улсад ашигт малтмалын асар их нөөц байна, монгол туургатны хүний хүчин зүйл байна, тэгэхлээр тэр их хаадын үеийнх шиг хүчирхэгжих боломжтой. Ашигт малтмалаа харийнхны савраас чөлөөлж, монгол туургатнаа нэгтгэх хэрэгтэй байна.
-Их Алэксандр хааныг дэлхийг эзлэх аян дайнд мордоход нь Аристотэль багш нь “Биеийн хүчээр дэлхийг эзлэх нь зуурдын юм. Бийрийн хүчээр дэлхийг эзлэх нь үүрдийн юм” гэж хэлсэн байдаг.
Алэксандрыг амьсгал хураагаагүй байхад шадар хүмүүс нь гүрнийг нь хуваах хэрүүл тэмцэл хийж, бутралд хүргэсэн. Харин Аристотэлийн бүтээл мөнхөрсөн. Өдгөө монгол бид эр цэргийн хүчээр бус, эрдэм билгийн хүчээр дэлхийд хүчирхэгжих цаг болоод байна.
-Олон хазар хүн Чангази гэсэн овогтой байх юм. Чингис гэсэн үг мөн биз дээ?
-Мөн өө, мөн. Афганистанд ийм овог зүүх нь аюултай. Харин Афганистанаас өөр оронд байгаа хүмүүс бахдалтайяа Чангази овгийг зүүдэг. Өвөөгийнхөө нэрний оронд зүүдэг. Бидний өвөг эцэг бол Чингис хаан мөн, бидний овог ч Чингис. Хазар бид Чингисээр овоглосон өрх бүлийнхэн.
Нийт монголчууд ч Чингисээр овоглосон их гэр бүл. Монгол туургатныг Чингис хаан л нэгтгэсээр байна. Бид Чингис хаанаа эрхэм дээд шүтээнээ болгосон үзэл сурталтай байх ёстой.
Ярилцсан Ч.Мөнхбаяр
MMXI.IX.IX
http://moenhbayar.blogspot.com
MMXI.IX.IX
http://moenhbayar.blogspot.com
No comments:
Post a Comment