Wednesday, January 11, 2012

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үг

МИНИЙ МОНГОЛ МӨНХ ОРШИГ

Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд,
УИХ, Засгийн газрын эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид, хатагтай ноёд оо,
Өнөөдөр та бид Монгол улсад, магадгүй өнгөрсөн зуунд тохиосон хамгийн чухал  түүхэн үйл явцын тухай ярилцаж, гүн хүндэтгэл үзүүлэхээр цуглаад байна. Монгол төрийн хүндэт хоймроос эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг нийт ард түмэндээ болон хөрш улс орнууд, манай улстай дипломат, найрсаг харилцаатай, хамтын ажиллагаатай нийт улс гүрэн, байгууллага, хамт олонд хүргэж байгааг минь хүлээн авна уу. Аливаа улс үндэстэнд түүний эрх эрх чөлөөт, бие даасан байдал нь хамгийн эрхэмд тооцогддог. Монголчууд дор бүрнээ, айл аймаг, хотол үндэстэнээрээ эрх чөлөөтэй, эн тэнцүү, тэгш харилцаатай байж хөгжин дэвжихийг эрхэмлэж ирсэн.
            Өнгөрсөн түүхийг шинжлэн харвал бидний өвөг дээдэс дэлхийн хуурай газрын хээлэнд хамгийн том гүрнийг байгуулж, олон улс үндэстний түүх, хувь заяанд онцгой нөлөө үзүүлж, шинэ дүрэм журам тогтоож, төр нийгмийг түвшитгэж явжээ. Мөн монголчууд гүрэн улс, нийгэм төрийн амьдралд тохиох онцгой үйл явдал, давтагдашгүй хүчин зүйл, цаг үеийн өөрчлөлтүүдээс ангид байгаагүй юм. Эдүгээгээс Манж Чин гүрэнтэй харилцаж ирсэн харилцаа нь манай түүхэнд тод ул мөр үлдээжээ.
            Арван долоодугаар зууны эхэн мөчлөгт буюу 1630-аад оноос эхлэн уудам газар нутагт суурьшсан монголчууд болон Манж чин гүрний харилцаанд тодорхой өөрчлөлтүүд гарсаар байжээ. Тэдгээрт Өмнөд Монгол, Халх Монгол, Ойрад Монгол дараалан өртөж байсан ч монголчууд бүхэлдээ Манж Чин Гүрний дарлал эрхшээлд автсан нь үгүй юм. Үүнд Монгол газар нутагт үе үе хүч түрэн гарч байсан монголын шилдэг эх оронч зоригтнуудын тэмцэл бослого, монголчуудын улс үндсээ гэсэн алтан ургийн уламжлалт хэрсүү бодлого онцгой үүрэгтэй байсныг зориуд цохон тэмдэглэе.        
            Манж гүрэн ч Монголчуудад хандсан өвөрмөц бодлого хэрэгжүүлсэн байдаг. Энэ бодлого нь хорьдугаар зууны эхэн хүртэл, хоёр зуун дамжин, хоёр талаас бичиж хүлээн зөвшөөрөгдсөн гэрээний дагуу харилцан хүлээсэн эрх үүрэгт үндэслэн хэрэгжсэн байх юм. Үүнийг аль нэг гүрэн, өөр улс хоорондын харилцаа гэхээс монгол манж үндэстнүүдийн бие биедээ хандсан тухайн цаг нөхцөлд зохицсон бодлого байжээ гэж үзэж болох юм. Манж, монгол үндэстний хооронд байсан тэр өвөрмөц харилцааг дундад зууны үеийн томъёололоор “vassal”, өнөөгийн ойлголтоор “satelite”, сүүлийн үеийн зарим судлаач эрдэмтдийн санал нэгдсэнээр “түшмэг” гэж тодорхойлж болох юм. Хорьдугаар зууны эхэнд хоёр үндэстний хоорондын энэхүү итгэмжит холбоотны харилцаа цагийн  түрэлтээр өөрчлөгдсөн юм.
            Арван есдүгээр зууны сүүлч, хорьдугаар зууны эх  бол олон газар тив дэлхий, улс гүрнүүдийн амьдралд онцгой өөрчлөлт гарснаараа онцлог юм. Тухайн үеийн бүс нутгийн шинжтэй эзэнт гүрнүүд болох Отомманы Турк, Хавсбургийн Австри, Викториягийн Британ, Романовын Орос, Чингийн Хятадын цагийн эрхшээлийг сөрөн зохицох гэсэн бодлого үйл ажиллагаа, оролдлогууд бүтэлгүйтсээр байлаа. Олон олон шинэ хуучин улс үндэстнүүдийн бие даан хөгжиж дэвжих гэсэн хүсэл тэмүүлэл ч үүнд нөлөөтэй байлаа.
            Манж Чин гүрний бодлогын өөрчлөлт нь монголчууд болон монголын бусадтай харилцах харилцаанд үл итгэсэн байдлаар илэрч, монголын хил хязгаар нутагт мөн Их хүрээнд цэрэг харуул суулгах, монголчуудын уламжлалт аж ахуй, газар нутгийн бие даасан байдлыг хөндсөн эзлэн түрэмгийлэх үйлдэл болон хувирсан юм. Үүнийгээ Манжууд “шинэ засгийн” бодлого хэмээн тодорхойлсон. Чин гүрний бодлогын манж шинжид гарсан чанарын энэ өөрчлөлтийг тухайн үеийн монголын удирдагчид чадварлаг ашигласан. Тэд Манжийн хаантай итгэмжит холбоотны харилцаагаа зогсоож, улс үндэстнийхээ эрх чөлөөт тусгаар байдлыг сэргээн бэхжүүлэхээр сэтгэл шулуудсан байдаг.

            Эрхэм хүндэт ард иргэд ээ,
            Монголын ард түмнээс төрөөс энэ жил, энэ өдрүүдэд гүн хүндэтгэл үзүүлж, өргөн дэлгэр хэлэлцэж, улс үндэстнийхээ бахархал болгон тэмдэглэж байгаа эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ой бол цар хүрээгээрээ ч, ач холбогдлоороо ч, өнө мөнхийн шинж чанараараа ч үеийн үед бахархан дурсагдах үнэхээр хосгүй түүхэн үйл явдал юм.
            Ингэж үнэлсний учраа тодруулан тэмдэглэхийг хүсч байна. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний энэ баяр бол монголчууд бусдын хүч түрсэн түрэмгийллийн эсрэг бараг гурван зуун дараалан төр улсынхаа уламжлалт бодлого, газар нутаг, хүн ардаа өмгөөлөн тэмцэж ялан мандсаны илэрхийлэл юм. Энэ бол монголчуудын түүхэнд тохиосон хамгийн урт, баатарлаг, бас ялж гарсан тэмцэл байлаа.
            Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны энэхүү зуун жилийн ой нь монголчууд шашны тэргүүн Богдоосоо эхлээд харц ард, хан ноёд, түшмэл хутагтаа хүртэл бүгд их үйлсийн төлөө зориглон нэгдэж түүхэн амжилтад хүрсэний баяр юм. Энэ их түүхэн үйл явдлыг үеийн үедээ улс үндэснийхээ их баяр бахархал болгон тэмдэглэж байхыг монголын төр албан ёсоор хүлээн зөвшөөрсний илрэл нь тэртээгээс зуун жилийн дараахь энэ өдрүүдийн үйл явлуудаар нотлогдож байна.  Ингэж түүхэн үнэн сэргэж монголын их түүх улам бүр бүтэн болж байгаад би баярлаж байна. Монголын ард түмэн ч үүнд зүй ёсоор талархаж байгаа гэдэгт би итгэж байна.
            Монголчууд улс үндэснийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоохын төлөө он, он дамжуулан, ялангуяа 1911 оны туршид улс үндсээрээ гар газар, хөл хөсөр  хаяхыг умартан зүтгэсэн байдаг. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Монгол түмэн улс үндэстнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг, улс гүрнээ түвшитгэх ухааныг хэнээс ч гуйж байгаагүй юм. Тэр нь монголчуудад үеийн үед өөрсдөд нь хадгалагдаж байжээ. Харин тэр үнэт зүйлээ бусдыг хүлээн зөвшөөрөхийг хүсэмжлэн мэдэгддэг байсан. Монголчуудын эрх чөлөө бие даасан байдлын амин сүнс болсон төр улсаа төвшитгөх, сэргээн бадраах ухаан бол монгол хүн бүрийн сэтгэл зүрх, ухаан бодол, тархи оюунд үүрд хадгалаастай байсныг 100 жилийн өмнөх бидний түүх тод томруун харуулдаг.
            Төрийн уламжлалт түүхээ дагаж монголын угсаа залгамжтан, ард олны төлөөлөл цуглан, тэр үеийн баримт сэлтэд тэмдэглэгдэж үлдсэнийг иш татвал: “Дахин давтан хянан бодолхийлж, боловсортол шүүмжлэн хэлэлцэж, зөвлөлдөн төлөвлөөд”  нэгдмэл шийдэлд хүрсэн байдаг. Тэр түүхэн шийдлийн дагуу Монгол түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоож, Олноо өргөгдсөн Монгол улсаа тунхаглан зарлаж, Бурханы шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтыг хаанд өргөмжилжээ. Улмаар хаан зарлиг буулган, Монгол Улсын Засгийн газрыг байгуулж, хааны зарлигт дурьдсанаар “тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэж явсан” нэр бүхий лам, ван, бэйс, гүн, тайжийг төрийн анхны 5 яамны тэргүүн сайдаар тохоон томилсон байдаг. Мөн хааны зарлигаар ахмад буурлууддаа хишиг хүртээж, алдсан эндсэн ард иргэдээ өршөөж, гадаад улс гүрнүүдэд хандан Монгол улс бие даасан бүрэн эрхт, тусгаар улс болсноо тунхаглан сонордуулсан захидал бичиг илгээсэн байдаг.
            Монголчууд өдгөөгөөс 100 жилийн өмнө буюу цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-ний өдөр,  төр улсын бүх бодлого, үйл ажиллагаагаа Манж Чин гүрнээс тусгаарлан сэргээж байгаагаа зарласан юм. Ингэж Монгол Улс Манжаас тусгаарласан Азийн анхны улс болсон юм. Энэ гайхамшигт мэдээг сонссон Монголын ард иргэд “Тэнгэрийн цаг ирлээ” хэмээн хэлэлцэж, “баярын нулимс асгаруулан мөргөж” байсныг тухайн үеийн гэрчүүд тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн энэ тухай мэдээг сонссон, уг үйл явдалд оролцсон олон орны элч төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн түүхэн үйл явдлаас төрсөн сэтгэгдлээ чадах ядахаараа түгээн хүргэж байжээ. Тухайлбал Английн “Times” сонин “Ази тивд Монгол Улс сэргэн мандсан нь бодит явдал боллоо” хэмээн 1911 оны сүүлчийн дугаартаа тэмдэглэсэн байдаг.
            Монголчууд аа, бидний өвөг дээдэс, та бидний шүтдэг тэр бурхад бидний зүрх сэтгэлд эрх чөлөөний мэдрэмжийг мөнхөд суулгасан. Тэр мэдрэмжийг унтраах гэж оролдож болно. Харин хэн ч устгаж чадахгүй. Үүнийг монголын түүх нотолдог. Үүнийг монголын өнөөдөр харуулж байна. Үүнийг монголын ирээдүй улам бататгах болно.
            Энэ өдөр та биднийг тэнгэрээс харж байгаа өвөг дээдэстээ хандаж хэлэх үг байна. Нэгэн биед тохиох амь нас, хувийн бодол, баяр жаргалаа умартан монгол түмнийхээ нийтлэг эрх ашигт үнэнч явж, түүхийн алтан аргамжийг тасдахгүй авч ирсэн өвөг дээдэс, ахмад үедээ бүгдээрээ мэхийн ёсолж гүн талархал илэрхийлье. Өнгөрсөн 100 жилийн манай нийгмийн амьдрал гэрэлтэй гэгээтэй, дэгэнтэй догонтой, алагтай эрээнтэй байсан нь үнэн. Гэвч өнөөгийн бидэнд өвөг дээдсийнхээ түүхийг шүүх эрх байхгүй, харин тэр баатарлаг үйлсийг үргэлжлүүлэх түүхэн үүрэг ноогдсон.
            100 жилийн түүхт баяраа тэмдэглэхдээ бас ирэх зууны эхэнд шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлыг би хөндье гэж бодсон юм. Мөн хүндрэлтэй асуудлыг шийдэх зарим шийдлийг ч та бүхэнтэй хуваалцъя. Иргэдийн амьдрал, эдийн засаг, улс төр, нийгэм, шударга ёс, Монголчуудын хүсэл эрмэлзлэл гээд биднийг тойрч байгаа зүйлүүдээс ярилцъя. Тэгээд шийдэл олъё. Ингэж чадвал бид өвгөдийнхөө гэгээн үйлсийг үргэлжлүүлэх түүхэн үүргээ ухамсарлаж байгаагийн илрэл юм.
            Эрхэм гишүүд ээ!
            100 жил ба Монгол хүн: 100 жилийн хугацаанд Монгол хүн наад зах нь 3 хувьсгалын нүүр үзсэн байх юм. 1911 оны эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгал. Энэ хувьсгалд оролцогчдоос юуны төлөө тэр хувьсгалыг хийснийг асуувал нэг л төрлийн хариулт давамгайлах байх. - Монгол хүний төлөө, монгол хүний эрх чөлөөт, сайн сайхан амьдралын төлөө гэсэн хариулт л давамгайлах байх. Өнөөдөр, 2011 оны байдлаар Монгол улс хүний хөгжлийн үзүүлэлтээрээ, тэр дундаа 1 хүнд ногдох орлогоороо дэлхийн 187 орноос 110 дугаар байранд орж байна. Гэтэл 1 хүнд ногдох байгалийн баялгаараа дэлхийд  эхний аравт ордог гэж яригддаг. Баянаараа эхний аравт ордог эх оронтой хүн хөгжлөөрөө, орлогоороо дэлхийд эхний зууд ч орохгүй байна. Энэ бол энэ зууны эмгэнэл юм. Ирэх зуунд энэ эмгэнэлээс монголчууд ангижрах ёстой.
             Сүүлийн жилүүдэд - Эдийн засаг өсч байна,  сайхан болж байна гэж ярьж байна. Гэтэл тэр өсөлт тэр сайхан нь хүндээ наалдахгүй байна. Монгол гэрийн хаалгаар орохгүй байна. Манай төрийн бодлого ингэтлээ томров үү, эсвэл  ингэтлээ хүнийсэв үү! Хүний жаргал хүнд наалддаггүй гэж ярьдаг. Ямар учраас монголын баян, буян монгол хүнд наалдахгүй байна вэ? Энэ асуултанд хариулах ёстой эзэд нь өнөөдөр энэ танхимд байгаа Та бид. Өөр хэн ч биш. 100 жилийн өмнө монголчууд ядуу байгаагаа манжуудаас хайж байсан. Одоо хэнээс хайхыгаа манай иргэд сайн мэдэж байгаа...
            Амьдралаа бие даагаад аваад явчих гэж байдгаараа чармайж байгаа монгол хүн газар сайгүй байна. Гэтэл нэг талаас төрийн хүнд суртал, нөгөө талаас төртэй хавсарсан бизнесийн дарамтад хөөрхий тэр хүн хавчуулагджээ. Уг нь тэр хавчуулагдсан орон зай бол монголын дундаж юм. Дундажгүй нийгэм бол ирээдүйгүй нийгэм.
            Өнөөдөр монголд ашигтай бизнесийг төр хийж байна, эсвэл гадныхан хийж байна. Нэг бол тэр хоёртой нийлж хуйвалдаж чадсан хэсэг нь хийж байна. Тэд ашигтай бизнес бүрийг хамж байна. Ажил хэрэгч монгол хүмүүс, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хамгийн өндөр үнийг төлж байна. Хамгийн үнэтэй бизнес тэдэнд ноогдож байна. Дээр нь төв суурин газраас алс хол ажиллаж амьдардаг хүмүүс бүр нэмж хэлмэгдэж байна. Тэдэнд зээл олдвол хугацаа нь богино, хүү нь өндөр. Бизнес олдвол ашиг нь бага, дарамт нь их. Тийм л байна. Үүнийг өөрчлөхгүйгээр монгол хүний амьдрал сайжрахгүй, монголд нийтлэг сайн сайхан ирэхгүй.
            Үүнийг өөрчлөхийн тулд төр ажил хэрэгч иргэддээ гадныханд өгдөгөөс илүү, дотоодын олигархуудад олгодогоос илүү таатай орчин бүрдүүлэх ёстой. Энэ байдлыг өөрчлөх нууц нь, томъёолол нь энэ. Тодорхой түвшин тогтоогоод жижиг дунд бизнес эрхлэгчдийг, магадгүй сарын 20 сая төгрөгнөөс доош орлоготойг нь татвараас чөлөөлөх хэрэгтэй. Архи, тамхи, уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр худалдаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа бол нэмүү өртөг, аж ахуйн нэгжийнх нь татвараас 5, 10  жил заагаад нэмж чөлөөлье. Нийслэлээс алсад байгаа бол гааль, худалдаа үнийн дарамтыг нь хөнгөлөх арга хэмжээ авъя. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртөг бүтээж байгаа жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд зээл өгвөл хугацааг нь уртасгах шаардлага тавь. Хүүгийнх нь дарамтыг төр төл.
            Дахиад хэлье татвар, дарамт хоёроос нь иргэдээ, жижиг дунд бизнес эрхлэгчдийг чөлөөл. Тааламжтай нөхцөлийг тэдэнд олго. Үндэсний эрх чөлөөнийхөө 100 жилийг тэмдэглэж байгаа монгол улс иргэддээ эдийн засгийнх нь эрх чөлөөг эдлүүлэх цаг болсон. Энэ ажил, энэ санаачилга руу маргаашаас эхлэн уралдаж орох ёстой. Энэ талаар сайн санаа шийдэл байгаа бол төр лүү аваад ир. Их Хурал, Засгийн газрын гишүүдэд ийм санаа, шийдэл байгаа бол, одоо хууль шийдвэр болго. Би дэмжье.

            Эрхэм гишүүд ээ,
            100 жил ба Монголын төр: 100 жилийн өмнө Манжийн төрд хорссондоо монголчууд босож байсан. 100 жилийн дараа эрх баригчдадаа баярлаж суугаа манай иргэдийн тоо олонхи байж чадах уу? Өнгөрсөн зуунд монголын төр иргэдээ баярлуулсан нь цөөнгүй байх. Бас хохироосон, гомдоосон, хэлмэгдүүлсэн нь багагүй юм. Хорьдугаар зуунд гаргасан алдаа, хийсэн хэлмэгдүүлэлт, хохироосон иргэдийнхээ амь нас, эрх эрх чөлөөнийх нь төлөө Монгол Улсын Их Хурал 1996 онд тогтоол гаргаж монголын төр, ард түмнээсээ уучлал гуйж байсан. Тэр цагаас хойш удаагүй ч иргэнийхээ эрх, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж чадаагүй харамсалтай тохиолдол монголын төрд гарсан.
             Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоосон онцгой байдлын орчинд 2008 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө хүний амьд явах эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдөж, хүний амь нас хохирсон. Энэ харамсалтай үйл явдал манай нийгэм, төрд гүн сургамж үлдээсэн. Иргэнийхээ эрх, эрх чөлөөг хангах болон эрх мэдлээ иргэдээрээ шийдүүлэх асуудлыг манай эрх баригчид онцгой анхаарах ёстойг 7 дугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдал хойшид ч сануулсаар байх болно. “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн ардын сургааль ч бий.
            Тэр өдрүүдэд иргэнийхээ аюулгүй байдал, эрүүл мэнд, амьд явах үндсэн эрх, эрх чөлөөг нь хангаж чадаагүйнхээ төлөө ард иргэдээсээ болон  амь насаа алдсан, эрүүл мэнд, эрх чөлөөгөөрөө хохирсон нийт иргэдийнхээ гэр бүл, ойр дотныхноос Монгол улсын төрийн нэрийн өмнөөс уучлал гуйя. Иргэнийхээ үндсэн эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдөх, эрүүл мэнд, амь нас нь хохироход хүргэсэн учир шалтгааныг төрийн зохих байгууллагууд хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу хариуцлагатай шалган тогтоох ёстой. 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд гарсан эмгэнэлт явдал манай түүхэнд дахин давтагдах ёсгүй.
            Төрийн тухай ярианд  та бүхний анхаарлыг эргэн хандуулъя. Монголд гарсан хувьсгалууд голдуу бусдад булаагдсан эрхийг иргэддээ шилжүүлэх зорилготой байсан нь харагддаг. Гэвч цаг алсрах тутам тэр эрхээр иргэд нь биш эрх баригчид нь хангагдаад, эргээд тухайн нөхцөл байдал дараагийн хувьсгал руу хөтөлсөн байдаг. Өнөөдөр манайд байдал ямар байна вэ?
             Хориодхон жилийн өмнө ардчилсан хувьсгалын нэг гол зорилго бол төрийн эрх мэдлийг хязгаарлахад бүр хуваахад оршиж байсан. Эрх зүйт нийгмийг байгуулах зорилготой байсан. Уг нийгмийн мөн чанар нь төрийн эрхийг хуулиар хязгаарлахад, иргэний эрхийг хуульчлан хамгаалахад, нээхэд оршиж байсан. Эрх зүйт төр гэдэг бол эрх нь хуулиар хязгаарлагдсан төр юм. Иргэний эрх нь хуулиар хамгаалагдсан нийгэм юм. Төр гэдэг бол хийсвэр зүйл биш. Бодит махан биетэй, албан тушаалтай хүн юм. Ерөнхийлөгчөөсөө эхлээд энд суугаа хүмүүс бол өнөөгийн төрийн биет төлөөлөл нь.
            Би энд энгийн жишээ хэлье. Манай улсын хууль тогтоомжоор монголын төр, албан тушаалтанууд нь эрх, эрх мэдлийн цуглуулга, иргэн хувийн хэвшил нь үүрэг хариуцлагын цуглуулга болж хувирчээ. Өдөр тутмын нэгэн сонинд гарсан нийтлэлээс иш татъя. Хуулиар Ерөнхийлөгчид 41 эрх 2 үүрэг, УИХ-ын удирдлага гишүүдэд 281 эрх 14 үүрэг, Ерөнхий сайдад 67 эрх, Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга нарт 1721 эрх 264 үүрэг ноогджээ.
            Дунджаар төрийн нэг эрх мэдэлтэн 7 эрх эдэлж 1 үүрэг хүлээж байхад, иргэнийг 1 эрх дагаж 7 үүрэг дарж байна. Төрийн эрх 7  сарын 1-н шиг, иргэний эрх 1 сарын 7-н шиг харгадаж байна.Зарим газар эрх үүргийн харьцаа 10 сарын1 шиг бас 1 сарын10-н шиг байгаа нь тохиолдол биш.
            Нийгмийн удирдлагын шинжлэх ухаанд зонхилж байгаа хандлагыг харахад албан тушаалтанд эрх биш үүрэг хүлээлгэдэг. Харин тэр үүргийг хэрэгжүүлэхэд нь зориулж цалин авах, унаагаар хангах, албан өрөөтэй байх гэх мэт эрхийг эдлүүлдэг. Эрхийн биелэлт хүнд суртлыг гааруулдаг, үүргийн биелэлт хариуцлагыг нэхдэг. Монголын төрийн нэр хүнд муу байгаагийн,  ажил нь явахгүй байгаагийн нууц энд байгаа юм биш үү!
            - Монголд мөнгөний биш хариуцлагын хомсдол байна, манайх эрхийн биш үүргийн дутагдалд оржээ, хариуцлага хүлээдэг хүн алга боллоо гэж иргэд ярьдаг. Иргэд үнэнийг хэлж байна. Хуулиар хуяглаж, эрхэндээ эвдэгдсэн төрөө энэ байдлаас нь өөрчилье. Иргэддээ, хувийн хэвшилд, олон нийтийн байгууллагуудад эрхийн шилжилт хийе. Төр нь үүрэгтэй, иргэд нь эрхтэй байдаг эв зохист нийгмээ байгуулъя.
            Төрийн захиргаанаас иргэний удирдлага руу бид шилжих ёстой. Төрийн албаа нийтийн үйлчилгээ болгож солих ёстой.  Манжийн ноёнд эрх байхаар дарлал болдог, Монгол даргад эрх өгөхөөр ардчилал болдог юм биш. Манайд дарга үүрэг хүлээгээгүй учраас хариуцлага үүсэхгүй байна. Хариуцлага байхгүй учраас үйлчилгээ байхгүй байна.
            Манай улс иргэнээсээ илүү, бүр их эрхтэй төртэй. Иймээс ч төр нь баян, иргэн нь ядуу байгаа юм. Төрийн баян иргэндээ наалдахгүй байна. Өлсгөлөн хүний зовлонг цатгалан хүн ойлгохгүй гэж ярьдаг. Өнөөдөр манай иргэн, төр хоёрын харилцаа ийм л байдалтай байна. Төр иргэний үүрэг эрхийн харьцаа зөв болж, тухайн нийгмийн ажил амьдрал өөдөлнө. Иргэн нь эрхтэй байх ёстой. Багийн дарга нь иргэнээсээ илүү үүрэгтэй, иргэнээсээ бага эрхтэй байх ёстой. Сум нь багаасаа, аймаг нь сумаасаа тийм харьцаатай байх ёстой. Орон нутгийн болон төр засгийн үүрэг, эрх хуулиар эрэмблэгдсэн байх учиртай.
            Иргэндээ үйлчилдэг төр иргэнээсээ том байж болохгүй. Иргэнийхээ дээр байж болохгүй. Тэгвэл дарамт болдог. Иргэнийхээ өмнө үүрэг хүлээсэн төр л иргэндээ дэмжлэг үзүүлж чаддаг. Иргэн нь үүргээ биелүүлээгүй төрөөс хариуцлага асууж чаддаг юм.
            Үндсэн хуулинд заасан бүрэн эрхүүдийг үүрэг гэж үзье. Бусад хуулиар нэмж албан тушаалтанд, төрд эрх олгохоо зогсооё. Үндсэн хуулийн бус улс төрийн болон төрийн албан тушаалтны бүх эрх ямба, халдашгүй байдлыг хуулиар халъя. Бүх албан тушаалтныг үүрэгжүүлье, үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцъё. “Үүргийн хувьсгалдаа урагшаа” гэж би УИХ-ын эрхэм гишүүн, шат шатны иргэдийн хурлын төлөөлөгч нэг бүрийг уриалж байна.
            Би эрх чөлөөний хүчинд итгэдэг. Эрх чөлөө хичнээн муудсан ч сайжрах тал руугаа байдаг. Эрх чөлөөт нийгмийнхээ ачаар төрд байгаа мууг бид хангалттай уудалж байна. Төрд муу байгааг, төр муу ажиллаж байгаа учир шалтгааныг ч харж байна. Эрх чөлөөгөө, энэ нийгмээ муу албатуудаас нь, муухайгаас нь шат дараалан салгах цаг болсон. Энэ бол эрин үеийн шаардлага юм. Ажлаа хийе.
            Эрхэм гишүүд ээ,
            100 жил ба төрийн алба: Би өнөөдөр хэлэх үгээ бэлдэж байхдаа түүхэн сурвалж бичгүүд, зарим мэргэдийн хэлсэн бичсэнийг үзэж харлаа. Тэдгээрээс нэг дүгнэлт хийж болохоор байгаа юм. Монгол хүний төрийн тухай ойлголт их гүнзгий, эрхэмсэг, цэвэр нандин. Төрөө муу нэртэй байхаас их цээрлэдэг, төрийн хүнээс өндөр ёс зүй, шударга байдлыг хүсэн хүлээдэг. Төрөө хайрласандаа, тэнд муу юм тогтчих вий гэсэндээ төрийн албан хаагчдыг их шинждэг, муу бол жигшдэг, шүүмжилдэг. Ийм хандлага өнөөгийн манай ахмадууд болон иргэдэд ч байдаг. Төр гэдэг бол биднээс тусдаа юм биш. Бидний өөрсдийн бий болгосон, бидний нийтлэг сонирхолд үйлчлэх, нийтээр хүлээн зөвшөөрсөн дэг журмыг ялгамж үгүй хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүс, үйлчилгээ гэх иргэншсэн ойлголт манай улсад тогтож хэвшиж байна. Ийм шалгуурт тэнцэж гэмээ нь манай төрийн албан хаагчид ажил үүргээ сэтгэл хангалуун гүйцэтгэх ёс суртахууны эрхтэй гэсэн үг.
            ХХ зууны эхээр төрөө эмхэтгэж, төр түмэндээ хүчээ үнэлэх албан хаагчдаа ажилд авахдаа андгай өргүүлж байжээ. Тэр андгайд ингэж дурьдсан байх юм. “...төрийн төлөө зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүй, тангараг сахилгыг нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлана”. Өвөг дээдсийнхээ төр түмэндээ хүчээ өргөхийн тулд хэлж байсан энэ үгийг өнөөгийн манай төрийн албан хаагчид уншиж эргэцүүлэхэд гэмгүй байх. Төрийн хүн бол түмний төлөө гал барьдаг, хэцүү хүндийг хийх ёстойг энд үүргээ гэж хүлээж, тэр үүрэг сахилгаа зөрчихгүй байхыг бидний ахмад үеийнхэн нүдний цөцгий, зүрхний тольт  мэт эрхэмлэж ариун журмыг сахин ажиллаж байсан байх юм. Энэ цагийн төрд ажиллах хүний шалгуур бол нийгмийн   үнэт зүйлсийн   ойлголт мэдлэгээр,  албаны өндөр ёс зүй, мэргэшил, хууль журмыг алагчлалгүй хэрэгжүүлэх  чадвараар тодорхойлогдох ёстой. Үүнд эс тэнцвэл бас тэнцэхийг хүсэхгүй бол өөр сонголтоор ажил амьдралаа зохиох түмэн боломж иргэдэд бий. Үүнийг төрд ажиллахыг эрмэлзэгчид, ажиллаж байгаа хүмүүс сайн ойлгох ёстой.
            Манай төрийн алба Төрийн албаны зөвлөлөөсөө эхлээд болохгүй байгааг би нэг биш удаа ярьсан. Өнөөгийн байдлаар нь энэ байгууллагыг цаашид ажиллуулах боломжгүй. Иргэдтэй уулзаж байхад төрийн албаны шалгалт шударга бус болдог, шалгагчид төрд хэрэгтэйг нь биш өөрт хэрэгтэйгээ тодруулдаг, томилдогийг их шүүмжилдэг. Ингэж төв орон нутгийн ихэнх төрийн албаны зөвлөл төрийн биш харин “Өөрийн албаны зөвлөл” болж хувирсан. Үүнээс болоод олон аймаг суманд орон нутгийн удирдлагын ордон тухайн нэгжийн удирдлагын “гэр бүлийн” ордон гэж андуурмаар болсон байгаа. Манай удирдлагууд боловсон хүчнээ өөртөө, гэр бүлдээ, намдаа хэрхэн үйлчилснээр нь эрэмбэлж тодруулах явдал газар авсан. Ийм байдалд Их Хурал цэг тавих ёстой. Төрийн албаны хуулийг, төрийн албанд тогтсон буруу хэвшлийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй.

            Эрхэм гишүүд ээ,
            100 жил ба улс төрийн нам: 100 жилийн өмнөх түүхийг сөхөхөд бидний өвөг дээдэс нам байгуулахыг урьтал болгоогүй байдаг. Тэр үеийн соёлжсон ертөнцөөс тэд олон зүйлийг авсан. Таван яам байгуулахаас эхлээд мөнгөн тэмдэгт, утсан харилцаа, машин, оньсон техник, европ сургууль, банк санхүүгийн бүтэц, үйлдвэр үйлчилгээ, тогтмол хэвлэл гээд бусад газар дэвшилтэт гэгдэж байсан олон зүйлийг авчээ.
             Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол амин чухал байсан тэр үед нам байгуулж талцахаас тэд болгоомжилсон ч байж болох юм. Монголын түүхийн өнгөрсөн зуунд тохиосон хамгийн чухал үйл явдал болох эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн энэ их ойн үеэр бид амжилт ололтоо ярихаас гадна, алдаа дутагдалдаа дүгнэлт хийхийг оролдож байгаа юм. Бас ирэх 100 жилийн эхэнд зайлшгүй шийдвэрлэх зарим асуудлаа нэрлэж шийдэл шийдвэрийн эрэл хайгуул хийж байна гэж би үзэж байна.
            Нам тойрч хуримтлагдсан асуудал ойрын үед хэлэлцэх, шийдвэрлэх шаардлагатай нэг асуудал мөн. Энэ тухай яриа, хэлэлцүүлэг, шүүмжлэл нийгэмд өрнөсөөр байгаа. Би 2010 оны УИХ-ын чуулганы нээлтийн хуралдаанд энэ талаархи саналаа тодорхой хэлсэн. Нам бол манай орны хамгийн чухал зүйл биш. Нам бол  байх боломжтой олон байгууллагын нэг. Намаас чухал үнэ цэнэтэй эрх ашиг гэж монголчуудад бий.
            Намаараа талцаж амжилт ололтоо өмчлөх гэдэг хуучаасаа бид салж чадаагүй байна. Нам өмчлөх ёсгүй, нам хамаарах ёсгүй зүйлүүд аливаа иргэншсэн улс үндэстэнд байдаг. Өөрийн амжилт ололтоо өөртэйгөө биш намтайгаа холбодог хувь хүн байдаг. Намаа энхрийлж хашгиран уйлах зарим дарга гишүүдийг ч би ойлгож байна. Би намын дарга цэрэг явсан, сайн мууг нь мэднэ.
            Монгол Ардын Нам олон жил ярьсан намын нэрнийхээ асуудлыг шийдэж чадсанд би талархаж байгаа. Ардчилсан Нам улс орныхоо хөгжил дэвшлийн сэдвээр бүтээлч, өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байна. Бусад нам хүчнүүд ч бодол саналаа чөлөөтэй уралдуулж байна.
            Улс төрийн намын тухай ойлголт түүний нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг зорилт, үйл ажиллагаа нь өнөөгийн бөгөөд ирж яваа цагийн шаардлагад нийцэхээ байжээ. Өнгөрсөн хугацаанд та бидний тогтоосон дүрэм журам, хууль тогтоомжийн сүүдэрт намууд маань нам царцжээ. Шинэ нам гэж алга. Манай намуудын хөгжил дэвшил нь ардчилсан хувьсгалын өмнөх МАХН-ын бүтэц зохион байгуулалтыг хуульчлан хуулахаас хэтрээгүй. Хуучныг дагасан хуучирсан зохион байгуулалтаас хуучин л юм гарч байна.
            Шинэ цаг үе шинэ шийдлийг , шинэ зохион байгуулалтыг, шинэ намыг, шинэ бодлогыг шаардаж байна. Шинэ улс төр гэдэг бол асуудлын шийдлийг шинээр харахыг, шинэ арга барилыг, шинэ өнгө төрхийг хэлдэг юм. Эхлээд намын тухай хуулиа шинэчлэх хэрэгтэй. Хуучин хуулийн дагуу байгуулагдсан өнөөгийн бүх  намууд татан буугдах ёстой. Шинэ хуулийн дагуу нам бүр шинэчлэн зохион байгуулалтаа хийж, шинээр бүртгүүлэх ёстой. Нэрээ, түүхээ намууд хадгалах эрхтэй байж болно.
             Одоо намуудад нэрний биш агуулгын өөрчлөлт хэрэгтэй байна. Нам гишүүнчлэлтэй байх эсэхийг шийдье. Намын өмч хөрөнгө, байрны асуудлыг ч шийдье. УИХ-д болон ИТХ-д авсан суудлынх нь хувь хэмжээнд таарсан байр талбайг намуудад төрөөс гаргаж өгье. Намыг би нийгэмд үйлчилдэг байгууллага гэж үзэж байна. Нам бол бизнесийн байгууллага биш. Эрхтэн ямбатнуудын толгой хоргоддог, өсөж үрждэг газар ч биш. Нам олон, Монгол ганц. Намжсан нийгмээс иргэншсэн нийгэм руу явах хэрэгтэй.
            Эрхэм гишүүд ээ,
            100 жил ба байгалийн баялаг: Өнгөрсөн зууны эхээр зарим хүний нүдэнд Монгол улс мөхөж байгаа юм шиг харагдсан тухай тэмдэглэгдсэн байдаг. Тэр гунигт тэмдэглэлийн эзэн монголын мууд нүд хурц, сайнд нь санаа хойрго байж дээ гэж боддог. Би монголоо мөхөж байсан гэх дүгнэлттэй хэзээ ч санал нэгддэггүй. Өвөг дээдсээ тэгэж дорд үзэж болохгүй.  Алдас болно.  Харин 100 жилийн өмнө монголчууд тэмцэж сэргэж байсантай бид бүгд санал нэгдэж байгаад баяртай байна.
            Өнөөдөр 100 жилийн дараа манай орны тухай зарим шинжээчид өөдрөг дүгнэлт хийж байна. Ойрын ирээдүйд Монгол улсыг дэлхийд хамгийн хурдтай хөгжих орны тоонд оруулж байна. Би хувьдаа ийн дүгнэж байгаа хүмүүсийг монголын боломжийг өөдрөгөөр харжээ гэж үзэж байна. Харин тулгарч байгаа сорилтуудаа бид өөрсдөө шийдвэрлэх ёстой.
            Манай орны хөгжлийн боломж, сорилтыг тойрсон ихэнх яриа байгалийн баялагтай холбоотой өрнөж байна. Монголчууд баялгаа зөв ашиглаж, хөгжиж дэвжиж чадна гэдэгт би итгэдэг. Учир нь энэ баялгийн эзэн нь би гэдгээ манай иргэд газар бүр улам илүүтэй мэдэрсээр байна. Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл /бид лиценз гэж ярьдаг/ манай орны нийт газар нутгийн бараг тал хувийг бүрхэж байсан үе бий. Үүнийг иргэд ч их шүүмжилсэн. Төр ч тодорхой арга хэмжээ авсан. Одоо тэр хэмжээ 3 дахин буурч 15 хувиас доошилж явна. Гэхдээ бид санаа амарч болохгүй.
            Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг отон хүлээгчид олон байгаа. Хийх ёстой ажлууд ч бий. Гадна, дотны хүмүүсийн гарт, цүнхэнд байгаа ашигт малтмалын зөвшөөрөл нэг бүрийг ажил хариуцсан хүмүүс шалгаж байгаа. Тодорхой дүгнэлт гарах учиртай. Мөн буцаагдсан нэг ч зөвшөөрөл эргэж олгогдоогүй байх ёстой. Дээрээс нь би саяхан монгол улсын хилийн бүсэд 200 км хүртэл газар нутагт ашиглагдаж байгаа ашигт малтмал, мөн олгогдсон зөвшөөрлийг нарийвчлан шалгах чиглэл өгсөн.  Хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын шинэ хууль гартал олгохгүй сунгах хуулийг УИХ-аас хурдан батлах хэрэгтэй.
            Ашигт малтмал, тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлууд шийдэгдэж дуусах яагаа ч үгүй байгаа. Ашигт малтмалын багц хууль боловсрогдож байгаа. Бие даасан хуулиуд гарна. Бас олон хуульд өөрчлөлт орно. Нийтээрээ нээлттэй хэлэлцэж эрх зүйн зохицуулалтаа энэ салбарт  чамбай хийх хэрэгтэй. Шинэ хуулиар баялгаа тусгай зөвшөөрөл нэртэй хуудас цаасаар арилждагаа зогсооно. Тусгай зөвшөөрлийг түрүүлж
ирсэнд нь олгодог замбараагүй явдлыг хална. Нээлттэй уралдаант шалгаруулалтаар олгодог болно. Энэ зарчмыг ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт гэсэн шат бүхэнд мөрдөнө.
            Ашигт малтмалаар монголд бизнес хийе гэвэл нарийвчилсан төлөвлөгөө, гэрээ хийдэг болно. Тэр нь иргэдийн эрх, орлогын хуваарилалт, байгаль орчны асуудал, уурхайн хаалт хүртэл бүх зохицуулалтыг хамаарна. Ашигт малтмалтай холбоотой хамгийн эхний бөгөөд үндсэн зөвшөөрөл олгох эрх тухайн орон нутагт, иргэдийн эрхэнд хадгалагдана. Баялагтаа эзэн байх монголчуудын эрхийг баталгаажуулна.
            Төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдвэл монголын талын болон монголын аж ахуйн нэгжийн оролцоог 51 хувиас дээш байхыг шаардана. Гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хөрөнгөө гаргаад хайгуул хийсэн ч бай монголын талын оролцоо 34 хувь, түүнээс дээш байхаар хуулийн төсөл боловсрогдож байгаа. Өмнө нь 51, 34 гэсэн тоонууд монголчуудын хувьд дээд хязгаар байсан бол одоо доод хязгаар нь болно. Монголын талын эдлэх эрхийн эхлэх хувь болно. Энэ хувь өмнө нь зөвхөн стратегийн 15 орд дээр яригддаг байсан бол шинэ хуулиар бүх орд дээр хэрэглэгдэнэ. Эзэн нь баялгаа мэдье, бас баялгаа ашиглаж хөгжиж дэвжие гэж байгаа юм.
            Би ашигт малтмалын хуулийн төсөлд хууль санаачлагчийн хувьд баримталж байгаа зарим зарчмуудыг нээлттэй хэллээ. Сонирхож байгаа хүмүүс мэдэж аваг. Баялагтаа эзэн байх иргэнийхээ эрхийг хангах, түүнийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санал хэлэлцүүлгүүд үргэлжлэх ёстой. Монголын ойрын ирээдүйн хөгжил дэвшил ашигт малтмалаас хамаарах юм бол бид энэ асуудалд онцгой анхаарах ёстой.
            Эрхэм гишүүд ээ,
            100 жил ба орон сууц: Би манай нийгэмд ойрын үед шийдвэрлэх шаардлагатай байгаа зарим асуудлыг хөндөж, шийдэл талаас нь санаа гаргаж, түүнийг ажил хэрэг болгох тухай ярихдаа тэдгээрийг эрэмбэлэх гэж оролдсонгүй. Алийг нь ч түрүүлээд шийдсэн улс оронд хэрэгтэй тулгамдсан асуудал гэж ойлгож байна.
            Одоогоор манай иргэдэд ялангуяа залууст, залуу гэр бүлд хамгийн хэрэгцээтэй шийдэх асуудал бол орон сууц. Энэ танхимд суугаа хүмүүс ихэнх нь орон байрны асуудлаа шийдсэн айл өрхийн төлөөлөл байгаа байх. Харин өөрийн гэсэн орон байргүй явсан үеэ та нар санах хэрэгтэй. Орон байртай болохоос илүү чухал зорилт байгаагүй тийм үе амьдралд байдаг. Аз жаргалант амьдралынхаа тодорхой хувийг аливаа хүн, гэр бүл орон сууцтай холбодог. Тийм зорилгодоо хүрч чадсан, хүрч чадах боломж байгааг харсан иргэд илүү бүтээлч, зорилготой, хариуцлагатай болдог. Ингэж орон сууцны асуудал зөвхөн айл гэрийн аз жаргалтай  амьдралд төдийгүй, тухайн нийгэм иргэншиж төлөвшихөд, хариуцлагатай бүтээлч болоход нөлөөлдөг. Ийм нийгэм, ийм аз жаргалыг бий болгохын төлөө иргэд эрмэлздэг, ажилладаг бас түүнийгээ хайрладаг, хамгаалдаг юм.
            Айл бүрийг олон өрөө байраар хангах тухай биш зөвхөн эхний гарааны өөрсдийнх нь хүч оролцоо, хөрөнгө санхүүгийн хүрээнд өөрийн гэсэн сууцтай болох нөхцлийг төр бүрдүүлэх ёстой. Би энэ талаар олон газрын туршлага, олон санаа сэдлийг судалсан, харсан. Манай нөхцөлд залуу гэр бүл болон хямд төсөр, бага, тохилог орон сууц шаардлагатай байгаа айл өрхөд зориулсан орон сууцны талбайн хэмжээг 40 квадрат метрээр тогтоож төрөөс онилсон бодлого явуулъя гэж байгаа юм. Ийм төсөл амжилт олох боломжтой юм билээ. Хүмүүсийн хэрэгцээнээс шалтгаалаад 20, 30-ийн хэмжээтэй ч байж болно.
            Төр олон өрөөтэй, үнэ ихтэй, ашиг өндөртэй, тансаг байр сууцны бизнесийг бусадтай булаацалдах хэрэггүй. “Affordable” гэж ярьдаг боломжит жижиг, тохилог сууцаар иргэдээ олноор нь хангахыг бодох хэрэгтэй. Ийм санаачлагыг тусгай бодлогоор дэмжиж тийм төсөл хөтөлбөрт зориулж газар, дэд бүтэц, зам харилцааных нь асуудлыг төрөөс цогцоор нь шийдэхэд л болно. Бусад нь уг боломжийг ашиглах иргэдийн, аж ахуйн нэгжүүдийн асуудал.
            Уг нь энэ асуудал хэдэн жилийн өмнө УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байсан. Одоо болтол тодорхой нүдэнд үзэгдэж, нийгэмд мэдрэгдэх ажил болж чадаагүй л байна. Нэг бол төрөөс ажил хариуцсан эзэд нь ажлаа хийж чадахгүй байна. Эсвэл төр хийх шаардлагагүй ажил, бизнестэй хэтэрхий хутгалдаж, иргэдийн амин чухал хэрэгцээг анхаарахгүй байна.
            Би гэрэл цахилгаантай, халуун хүйтэн устай, зам талбай, тохижилттой тохилог байр зөвхөн нийслэлд тулгамдаж байгаа асуудал гэж бодохгүй байна. Ийм хөтөлбөр манай бүх хот суурин, тосгонд мөн аймгийн төв, сумын төвд хэрэгжих ёстой гэж үзэж байна. Зуун жил явж ирсэн шигээ манай иргэд данх халуун усаар (хүүхдээ унтуулчихаад) ээлжилж усанд орж биеэ угаадаг байдлыг халах ёстой. Үүнийг төрөөс шийдэж чадахгүй бол би асуудлыг тань шийднэ, намайг сонгооч гэж гүйлдэхээсээ бүгд ичих хэрэгтэй.
            Эрхэм гишүүд ээ,
            100 жил ба сумын төв: “Шинэ сумын төв” төслийг ажил болгоё гэж би та бүхнээс уриалах гэсэн юм. Монгол хүний зарим нь гэрээ буулгаж байшинд  амьдраад, мориноосоо бууж автобус машин унаад удаагүй байгаа нь үнэн. Монголчууд нүүдэлчин нь нүүдэлчнээрээ, суурин нь сууринаараа амьдрах хангалттай хугацаа тууллаа.
            Манайд Улаанбаатарын монгол, хөдөөгийн  монгол гэж хоёр монгол байхгүй. Ая тухтай, сайхан амьдрах хүсэл сонирхол хүн бүрт газар сайгүй бий. 1920-30-аад оноос эхэлж баригдсан энэ хэдэн сумын төвөө шинэчилье. Манай олон сумын төв ноорхой гэр шиг болоод удлаа. Бүр хичнээн үдэж будаж нөхөөд ч ихэнх нь засал авахаа больжээ. Зарим тохиолдолд хуучныг засах гэж оролдсоноос шинийг барьсан нь илүү үр дүнтэй байдаг.
            Сум бүхэн сумын төвөө шинэчлэх төлөвлөгөө хийг. Шаардлагатай стандарт, шалгуурыг нь Засгийн газраас баталчих. Орчин цагийн шаардлагад нийцүүлж сургууль, эмнэлэг, цэцэрлэг, ясли, спорт, соёлын байгууламж, төрийн болон үйлчилгээний газрууд, тохижилт цэцэрлэг, орон сууц зам талбай гээд бүх зураг төслөө гаргаг.
            Хамгийн шилдгээс нь, сайнаас нь, шалгуур хангаснаас нь төрөөс нэгдсэн бодлогоор уг төслийг хэрэгжүүлээд эхлэе. Хэзээ нэгэн цагт манай сум суурингууд орчин цагийн стандартад нийцсэн амьдрал ахуйтай болох нь ойлгомжтой. Гэхдээ тэр хэзээ нэгэн цагийг хүлээх биш одоо эхлэх хэрэгтэй.

            Эрхэм гишүүд ээ,
            100 жил ба Нийслэл: Их Хүрээг Богдхаан Нийслэл хүрээ гэж нэрийдээд, соёмбо үсэгтэй шар торгон төрийн далбааг энд мандуулснаас хойш даруй 100 жил өнгөрчээ. Улаанбаатарт шийдэх асуудал олон бий. Нийслэлийн бүх төрлийн ачаалал урьд төлөвлөж байснаас доод тал нь 2 дахин хэтэрсэн. Дээд тал нь 600.000  хүнтэй байх ёстой хот, одоо 1.200.000 хүнтэй болжээ. Манай нийслэл, дүүргийн удирдлагууд 1990-ээд оны дунд үе хүртэл асуудлыг шийдвэрлэх гэж зүтгэдэг, бас үр дүнд хүрдэг байсан. Сүүлдээ чадавхи нь шавхагдаж асуудлыг шийдэх биш харин хүндрүүлж түүнээс ашиг хийх  гэж уралдах нь нэмэгдсэн. 
            Нийслэлд манай орны хүн амын 40 хувь нь цугласнаас гадна, эрх мэдлийн 90 хувь нь төвлөрчихөөд байгаа юм. Орон нутгийн удирдлагууд нэгэнт төвөөс эрх мэдлийг нь өгөхгүй болохоор “ажил хийх гэж Улаанбаатар, амрах гэж Хайнань” явдаг замын зурагтай болж байх шиг байна. Нийслэлийн асуудлыг шийдье гэвэл хүний төвлөрөл, эрх мэдлийн төвлөрөл хоёртой асуудлыг холбож авч үзэхээс өөр аргагүй юм.
             Нийслэлээс их дээд сургуулиудыг нүүлгэх тухай яриа өрнөөд удлаа. Нүүлгэж чадвал оюутан болон, дагалдах, үйлчлэх хүмүүс гээд 200 гаруй мянган хүнээр ачаалал багасах боломж бий. Дээрээс нь төмөр зам, тээвэр, агуулах гээд нэмбэл бас ачаалал хөнгөрнө. Шийдэх гол асуудал бол нийслэлд дагуул хотууд үүсгэх замаар төрийн захиргааны төв байгууллагуудыг шилжүүлэхэд оршино. Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, хууль шүүхийн төв байгууллагууд, яам, агентлагуудыг шинэ дагуул хот руу нүүлгэх тухай ярьж байгаа юм. Ингэвэл дахиад 100-гаад мянган хүнээр нийслэлийн ачаалал багасна. Ингэж чадвал  нийслэл хотыг тойрсон асуудлыг дорвитой, иж бүрэн шийдвэрлэхийн бодит эхлэл болно.
            Ийм том шийдлийг дагаж улс төр эдийн засагт ч, улс орныхоо хөгжлийн хувьд ч, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөвлөлтөд ч өөрчлөлтүүд орж таарна. Ард иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчныг төр хангана гэсэн байдаг. Төр хийхээс өөр аргагүй ажил юм. Хамгийн гол нь ийм шийдэл хөгжлийн шинэ боломж бүрдүүлдэгийг мартаж болохгүй. Нийслэл хотод, нийслэлийнхэнд тулгамдаж байгаа асуудлыг улс орныхоо хөгжил дэвшлийн нэг шинэ боломж болгож хувиргая. Бүгдээрээ зориглоод ажиллаад үзье гэж би хэлэх гэсэн юм. Асуудлыг шийдэх гэвэл шийдэл олддог, шийдэхгүй гэвэл шалтаг мунддаггүй. Энд хүндрэл бэрхшээлийг тойрсон шалтаг шалтгааныг зөндөө тоочсон. Одоо шийдлийн тухай ярилцъя.
            Нийслэл хотыг дахин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулъя. Энэ асуудлыг хариуцсан нэгж, албан тушаалтан бий болгоё. Бүр Засгийн газрын шадар сайдын мэдэлтэй, сонгуулийн  дүнгээс хамаарч ажил нь өөрчлөгддөггүй, ийм ажлыг хийж бүтээх эрмэлзлэлтэй, чадвартай хүнээр ажлыг нь хариуцуулъя. Хот сууринаа өргөжүүлдэг, шинийг байгуулдаг шилдэг туршлага санаа, шийдлүүдийг уралдуулъя.
            Нийслэлд тохиож байгаа хүндрэл, гамшгаас хожиж гарах иргэн манай улсад нэг ч байхгүй. Бүгд л хохирч байгаа. Наад зах нь Улаанбаатарын өвчин удам судрыг нь хүртэл хойшид зовоох болно. Нийслэл гамшгийн бүс болсон. Агаараас харагдахаа больсон. Газарт яваад нь аваарын гэрлээс өөр аврал үгүй болсон.
            Нийслэл хот маань монголыг сайхан харагдуулдаг цаг байсан. Одоо муухай харагдуулдаг болсон. Монгол хүнийг байтугай, энд ажиллаж амьдрах гэсэн сайн санаатнуудыг үргээдэг, уур хараалыг нь бардаг газар болсон. Улаанбаатарын бохирдол, түгжрэл, гамшиг энд амьдрагсдад хортой төдийгүй, манай орны хөгжил дэвшлээс чангаагч хүчин зүйл болсон. Манай нийслэлийн утаа монголын өрсөлдөх чадварыг хойш татаж байна.
            Ийм асуудлыг, бас миний өмнөх хэлсэн шиг зүйлүүдийг шийдэх гэж монгол улсад төр ажилладаг. Ард түмэн ч төрөө тэгэж байгуулдаг гэж би ойлгодог. Ард олон маань тэгэж итгэж та биднийг сонгож эрх мэдэл өгч, үүрэг хүлээлгэж, цалинжуулж байгаа гэж би ойлгодог. Тэд идэх уухаасаа, өмсөх зүүхээсээ илүүчилж бидэнд цалин өгч, бидний зарж буйг гаргадаг юм шүү. Монголын төр мөнх орших нь үнэн, харин төрд ажиллаж байгаа, ажиллах хүний боломж, бүрэн эрх, нас хязгаартай. Өнөөдөр тулгамдсан асуудлыг та бид-өнөөгийн бодлого тодорхойлогчид  маргаашдаа үлдээж болохгүй. Тэр тусмаа төрд ирж өрмийг нь хамаад, хусман дээрээ ард түмнээ, хойч үеээ зодолдуулж, зовоож болохгүй. Өнөөдөр тулгамдаж байгаа асуудлыг өнөөдөр энд сууж байгаа, хариуцлага хүлээсэн хүмүүс л шийдэх ёстой.

            Эрхэм гишүүд ээ,
            100 жил ба шударга ёс: Өнөөдөр бид өнгөрсөн зууны эхээр гарсан нэгэн их хувьсгалын тэгш ойд хүндэтгэл үзүүлж байна. Арваадхан хоногийн дараа Ардчилсан Үндсэн хуулиа баталсаны 20 жилийн чухал ойг Монгол улс бас тэмдэглэнэ. Шинэ, ардчилсан Үндсэн хуулийг батлахад оролцсон нийт хүмүүст урьдчилаад баяр хүргэе. Баяр шилээ даран болж байгаа ч Та бидэнд шийдэх асуудал тоо томшгүй олон байна. Түүнээс хамгийн тулгамдсанаас нь цөөнийг өнөөдөр нэрлэж байгаа юм. Одоо бас нэг асуудлынх нь тухай хөндөх гэж байна. Би эдгээр асуудлыг дугаарлах гэж оролдсонгүй. Харин хөндөхгүй  байж чадсангүй.
             Шударга ёсны тухай бид чамгүй ярьсан. Бас зах зухаас нь шийдвэрлэх гэж бүгд л чармайж байгаа. Би нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд тодорхой түлхэц үзүүлэхэд чиглэсэн багц болон бас зарим хуулийн төслийг өргөн барьсан. Дахиад төслүүд ч бэлтгэгдэж байгаа. Эдгээрийн тухай би өнөөдөр ярихгүй. Би хүний тухай ярих гэсэн юм. Хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн тухай. Бүр тодруулбал цагдаа, прокурор, шүүхэд олон жил ажиллаж байгаа хүмүүсийн тухай юм.
             Нэг салбарт олон жил ажиллахын давуу тал бий. Туршлага хуримтлуулна. Ажлаа мэднэ. Үр дүн ч гардаг. Зарим албанд төр, ард түмэн итгэл хүлээлгэж насаар нь ч томилдог. Тэтгэвэрт гартлаа, хуулиар тогтоосон хугацаанд хүртлээ ажилла гэсэн үг. Хуулийн байгууллагад ажиллаж буй хүмүүс шударга ажиллаж байгаа гэвэл санал нийлэхгүй хүн гарах байх. Бас тэнд шударга бус хүмүүс ажиллаж байгаа гэвэл би санал нийлэхгүй.
            Хуулийн байгууллагад тэр тусмаа цагдаа, шүүх, прокурорын байгууллагад хуулиар хүлээсэн үүргээ мэргэжил, ёс зүйн өндөр түвшинд хэрэгжүүлж байгаа олон албан хаагчид бий. Ажилдаа зөвхөн хууль, шударга ёсны зарчмыг хатуу баримталдаг цагдаа, шүүгч, прокурорууд олон байгаа гэдэгт би итгэдэг. Мөн хамт олон, иргэдийнхээ итгэлийг хүлээсэн туршлагатай ажилтнууд ч бий.
             Гэхдээ энэ гурван байгууллагын хүрээнд ужгирсан олон асуудал бас байгаа. Ихэнхий нь шийдэж болно. Төр засаг шийдсээр ирсэн. Одоо, хойшид ч шийдэж таарна. Харин төдийлөн хөндөгдөөгүй үлдээд байгаа боловсон хүчний нэг асуудал бол цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нарыг тойрсон яриа юм. Хөрөнгөжигсөд зөвхөн  цагдаад ч байгаа юм биш шүүхэд, прокурорт ч бий. Цагдаа, шүүх, прокурорын хэлтэс тасгийн даргаас эхлээд аймаг, дүүргүүд, төв сууринд удирдах албыг олон дамжсан, ажил нь ахидаггүй атлаа, алба тушаалаа далимдуулж ард иргэдийг хохироодог, айлгаж дарамталдаг, хууль шударга ёсыг хамгийн их хөсөрдүүлэгч этгээдүүдийн тухай би ярьж байна. Хууль ёсны томилгоотой ч хууль бусаар гэнэт их хөрөнгөжсөн тийм хүмүүсийн асуудлыг би хөндөж байна.
            Төрийн нэрээр далайлгасан, бусдыг айлгаж хөрөнгөжсөн, “намайг хэн хэлэхэв”, гэсэн хэнэггүй ихэмсэг хүмүүсийн тухай яриа гараад удаж байна.  Тэд хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй атлаа хуулийг зөрчдөг, шударга ёсыг сахиулах томилгоотой, тийм тангарагтай мөртлөө шударга бусыг хийдэг. Төсөв нь алдагдалтай төрөөс цалин авч, хувцас өмсөж, албан тушаалын зарим хангалт авдаг мөртлөө мөнгө хөрөнгө нь бялхсан, багтаж ядсан цагдаа, прокурор, шүүгч байдаг тухай би сонссон. Зөвхөн би ч биш энэ тухай өнөөдөр монгол сонсож байна.Итгэсэн ардынхаа элэг рүү ингэж өшиглөж болохгүй. Хууль завхруулдаг хууль сахиулагчид байж болохгүй.
             Тэдний тухай иргэд ярьж байна. Хамт олон нь хүртэл шивэр авир ярилцаж байна. Сонин хэвлэлийнхэн ч бага сага бичиж байна. Тэнд болохгүй юм байгааг бүгд мэдээд, мэдрээд байна. Харин, ямар учраас үүнийг засах өөрчлөх талаар юу ч хийгдэхгүй явж ирсэн юм бэ! Бараг тийм бүдүүлэг авиртанг, хууль шударга ёсыг ингэж уландаа гишгэгчдийг өөгшүүлдэг, урамшуулдаг тогтолцоо манайд байгаа юм биш үү! Хэрэв тийм юм бол, энэ  чөтгөрийн тойргоос  бид салах ёстой. Ингэж байж улс орны ирээдүй баталгаажна, хөгжинө. Шударга ёсыг шударга бус аргаар тогтоохгүй. Нийгмийн нийтлэг сайн сайхан, үнэт зүйлийг муу аргаар бүтээж цогцлоохгүй. Үүнийг ямар ч ард түмэн, ямар ч нийгэм хүлээн зөвшөөрөх ёсгүй .
            Бид юу хийх ёстой вэ? Би энэ байдлыг өөрчлөх талаар бодоод л явдаг. Зарим гарцыг санал болгоё. Бүгдээрээ шүүн хэлэлцье. Би ийм асуудлыг шийдвэрлэх гарц бүхнийг дэмжихэд бэлэн байна. Зарим орны туршлага ч бий.
            Цагдаад хэлтсийн даргаас дээш, шүүх, прокурорт түүнтэй адилтгах албанаас дээш алба тушаал хашиж ирсэн, магадгүй 20-иос дээш жил ажилласан хүмүүсийг нарийн мэргэжлийн шалгалтад (аттестатчилал гэж ярьдаг) оруулъя. Хөрөнгө орлогыг нь нарийвчлан бүртгэе. Тайлбар танилцуулга авъя. Сард, жилд олдог орлогыг нь тогтооё. Дундаж гаргая. Манай жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлогын дундажаас орлого нь давж байвал, тэр нь хууль ёсных бол,  тийм хүнд хувийн бизнесээ хийхийг зөвлөж төрийн ажил албанаас нь чөлөөлье. Хууль бус бол шийтгэл хүлээлгэе.
            Цагдаа, шүүгч, прокуорын хүнд хүчир албанд  олон жил ажиллах бас амаргүй. Энэ бол бие сэтгэл, эрүүл мэндээрээ хохирдог хүнд ажил.  Ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргавал тухайн хүнд ноогдох тэтгэлэг урамшлыг нь төрөөс олгоё. Тийм, шударга ажилласан хүмүүст нэмж урамшуулал ч өгч болно. Энэ бүх боломжийн ард үлдсэн хэсгээс нь шударга, сайн ажиллахыг шаардъя. Хууль зөрчвөл хариуцлага тооцъё. Төр, ард түмний хууль ёсны шалгуурт нийцсэнийг нь дэмжье. Хамгийн гол нь залуу, чадварлаг, өндөр мэргэшилтэй, шударга, ёс зүйтэй  энэ салбарын өсөж яваа ажилтнуудад зорьсон ажлаа хийх, алба тушаал дэвших,  нийгэм улсдаа сайн сайхныг бүтээх боломж олгоё.
             Би сая төрийн онцгой алба хашиж байгаа тодорхой хэсэгт хандаж хатуу үг хэлсэн байх. Бурууд нь хатуу, зөвд нь зөөлөн хандъя. Энэ асуудлыг шийдэх талаар эрхэм гишүүд, иргэдэд санал байгаа бол би сонсож хүлээж авахад бэлэн байна. Бусдын туршлагыг үзье харъя гэвэл ч болох байх. Нам, олон нийт, хэвлэлийнхэн ч өргөн хэлэлцүүлэг хийх нь зөв. Бүгдээрээ хэлэлцье, буруу зөвөө тунгаая. Бас асуудлыг шийдье, хууль шийдвэрээ ч гаргая.
            Хангалуун, аз жаргалант амьдрал бол зөвхөн төрийн тэтгэлэг, мөнгөн дээр биш харин нийгмийн шударга харилцаанд суурилдаг. Ихэнх үймээн самуун, хувьсгал хуйвалдаан нийгмийн ядуурлаас илүүтэй  шударга бус байдлаас болж дэгдсэн байдаг. Бидэнд тийм зүйл хэрэггүй. Хуулийн дагуу, хэлэлцэж ярилцаад нийгмээ сайжруулах, болохгүйг засаж өөрчлөх боломж байна. Сүүлдээ олон хувьсгал, амжилтын ой тэмдэглэсээр байгаад зарим нь залхаж байх шиг. Онцгойг нь тэмдэглэсэн шиг төрөөс тэмдэглэж, бусдыг нь тэмдэглэх хэсэгт нь үлдээсэн нь дээр. Харин би эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний энэ 100 жилийн ойг энэ зууны хамгийн чухал нь гэж бодож байгаа. Би өмнө нь хэлсэн. Аливаа их үйл хэрэг хүний л төлөө, хүний сайн сайхны төлөө хийгддэг.

             Эрхэм гишүүд ээ.
            100 жил ба Монголчууд: Бүтэн зууны өмнө бидний өвөг дээдэс улс үндэснийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн тогтоохдоо олон монголчуудынхаа хүчинд түшиглэсэн байдаг. Тарж бутарсанаа цуглаад ирэхэд тосоод авсан байдаг. Ингэж өнөөгийн бидний газар нутаг бүтэн болж, олон элгэн садан эргэн цугласан. Бид монгол улсын иргэнийхээ хувьд халх дөрвөд, казах, урианхай, захчин буриад хэн ч бай бүгдээрээ монгол хүн, бүгдээрээ л монголчууд. Монгол улсдаа амьдарч байгаа биднээс гадна дэлхийд монгол хүн, монголчууд бас цөөнгүй бий.
            Би монголын түүхт төрийн тамгыг түшиж байгаа хүний хувьд өнөөдөр монголчууддаа хандаж нэгэн зүйлийг уриалах гэсэн юм. -“Монголчуудаа олуулаа болцгооё,  Монгол нутагтаа ирцгээ” гэж уриалах гэсэн юм. Би энэ уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Монгол хүн бүрт хандаж, Монголоо гэсэн зүрх сэтгэл бүрт хандан хэлж байгаа юм. Бидний өвөг дээдэс үеийн үед энэ газар нутаг дээр олуулаа аз жаргалтай амьдрахыг мөрөөдөж ирсэн.
            –“Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ” гэж монголчууд ярьдаг.
            –“Монголын үрс маш олон болох болтугай” гэж ерөөл билгээ дэвшүүлдэг. Түүхэндээ бидэнд мандан бадарч, уруудаж доройтож явсан үе бий. Одоо бид нарт цугтаа хийж бүтээх, хөгжиж дэвших цаг ирж байна. Бидний гарт өөрсдийнхөө хувь заяаг шийдээд явах боломж байна. Бидэнд ураг удмаа хүсэн санагалзах зүрх сэтгэл, уудам дэлгэр газар нутаг байна. Монголчуудаа Монголдоо ирж амьдраач, ирж ажиллаж, юу хийж бүтээж чадахаа харуулаач гэж би урьж байна.
            Би энэ үгийг төрийнхөө энэ хүндэт индрээс зөвхөн иргэддээ төдийгүй, монголоо дээдэлдэг, хэл бичиг, соёл, ёс уламжлал, зан заншлаа мэддэг нийт монголчуудад, монгол үндэстэн, угсаатан, хүн бүрт хандан хэлж байна. Би энэ үгийг зөвхөн монголын сайн сайхны төлөө хэлж байгаа юм.
            Монголчууд бидэнд Монгол газар нутагтаа сайхан амьдрахын тулд хийх ажил их байгаа. Шийдвэрлэх шаардлагатай зүйлүүд ч олон бий. Хүн ам зүй, удмын сан, эрүүл мэнд тойрсон асуудлаа бид ярих ёстой. Эдгээрийг бид өөрсдөө шийдэхгүй, хийхгүй бол бидний өмнөөс хэн ч хийхгүй. Энэ чиглэлд тулгамдаж байгаа асуудлыг монголын төр засаг шийдвэрлэхгүй бол өөр хэн ч шийдэхгүй.
            Монголоо сайхан болохыг, Монголд хүн ажиллаж амьдрах аятай тухтай орчин бүрдэхийг алсаас харж хүлээж суугаад нэмэргүй. Монголынхоо гал голомтыг улам бадраан мандуулж, үр хойчдоо сайхан Монгол орноо уламжлуулан үлдээх үйлсэд хүн бүр гар бие, сэтгэл оюунаа чилээн оролцохыг би уриалж байна.

            Эрхэм нөхдөө, ард иргэд ээ,
            Шинэ тулгар төр засгаа байгуулсан тэр үеийн манай төрийн бодлоготнуудын нэн тэргүүнд анхаарсан зүйлийн нэг нь гадаад орчин байжээ. Богд хаанаас 9 орны төрийн тэргүүнд захиа илгээж, улс төрийнхөө учир байдлыг тайлбарлаж хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, улс төр, хүмүүнлэг, гадаад бодлогын найрсаг харилцаа өрнүүлэхийг хүссэн байдаг. Ингэж зууны эхээр нэгээс эхэлсэн Монгол улсыг хүлээн зөвшөөрөх орны тоо нэмэгдсээр өдгөө манай орон НҮБ-ын гишүүн дэлхийн 161 оронтой дипломат харилцаатай болжээ. Монголчууд бусдын тус дэмийг авч хамтран ажиллаж байна. Бид ч бусдад тусалж дэмждэг боллоо. Манай энхийг сахиулагчид  л гэхэд л гэхэд олон тив, халуун цэгт үүргээ нэр хүндтэй гүйцэтгэж байна.
            Манай  орон улс түмний эрх чөлөө, энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх хөдөлгөөний хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч орны нэгд зүй ёсоор багтаж байна. Ардчиллын хамтын нийгэмлэг Монгол улсад энэ хөдөлгөөний тугийг барих итгэл хүлээлгэлээ. Нийгмийн байгуулалдаа хувьсгал, шилжилт хийж, онож алдаж, сурч хэрсүүжиж яваа бидэнд бусадтай хуваалцах зүйлүүд бий. Харин бид бусдад багшлах заах бодол алга. Улс орондоо, ардчиллын орчин тойронд тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэж, ахиц дэвшил гаргаж чадвал бусадтай хуваалцах бидний бахархал тэр болно. Би энэ чиглэлээр өмнө нь ч санал санаачилга дэвшүүлж байсан, өнөөдөр ч зарим сэдвийг хөндлөө. Ярих зүйлийнхээ заримаас зохих удирдлага, хүмүүстэй санал солилцсон.
             Манай нийгэмд удахгүй улс төрийн чухал кампани, хэлэлцүүлэг, өрсөлдөөн өрнөх гэж байна. Орон даяар өрнөх сонгуулийн кампанит ажил бол зөвхөн улс төрийн хүрээнийхэнд хамаатай зүйл биш. Нийт ард иргэд маань өнгөрсөн хугацаанд юунд анхаарч юу хийв, ямар ахиц дэвшил гарч, юуг хийж чадаагүй, бас юу хийх хэрэгтэй байгаагаа нийтээрээ хэлэлцдэг, ухаан санаагаа уралдуулдаг, сонголт чиглэлээ тодорхойлдог улс орны амьдралын, иргэд эрхээ хэрэгжүүлж, ардчилал ажиллаж байгаагийн чухал илэрхийлэл болдог хариуцлагатай үйл явц юм. Удаан дуншсан хууль журмаа ч гараа гаргаж байх шиг байна. Хамгийн гол нь тэдгээрийн хэрэгжилт чухал.
             Муу хуулиас болж манай орны нэр, ардчилал хохироод байгаа юм биш, хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, цалин урамшил авсан, хуулиар хийхийг биш хийхгүйг урьтал болгосон, хувиа хичээсэн албаны этгээдүүдийн хариуцлагагүй, санаатай үйлдлээс үүдэж иргэд хохирдог, нийгэм бужигнадаг, улсын нэр сэвтдэг шүү. Асуудал гарвал албан тушаалаар шагнах, толгой илэх зүйл байхгүй шүү гэдгийг эртхэн хэлье. Толгойгоороо л хариуц. Иргэн хүний сонгох сонгогдох эрхийн үйлчилгээ эндэл доголдолгүй хэрэгжих ёстой. Үүнийг хийж чадах нь ажиллах ёстой, чадахгүй нь явах ёстой. Дахин хэлье, алдах, дахиж биендээ найр тавих орон зай энд байхгүй шүү.
            Бидний сайн сайхан биднээс л хамаарна. Монголын амжилт бол манай сая сая иргэдийн амжилт юм. Улам илүү өндөрлөгт тэмүүлэхийн тулд бид нийтлэг эрх ашигтаа нэгдэж сурах ёстой. Хэтэрхий хуваагдал, хэтэрхий талцал, хэтэрхий үгүйсгэл хэрэггүй. Үндэсний нийтлэг дархлаа, нэгдэж эвлэх чадвар хохирох ёсгүй. Бид нэгдэж чадахаа больчих вий, ингэж байж бусдын зугаа болох вий гэж бодогдох үе байдаг. Энэ байдалдаа бид дүгнэлт хийх ёстой.
            Улс үндэстний маань эрх чөлөө, бие даасан байдал, тусгаар тогтнол, ард иргэдийн маань эрх эрх чөлөө, амгалан тайван, аз жаргалант амьдрал бидэнд бүхнээс чухал. Үүний төлөө бид ажилладаг. Энэ л бид бүхний ажил амьдралын утга гэж би ойлгодог. Монголын ард түмэнд сайхан ирээдүй бий. Их боломж бий. Учир нь манай ард иргэд хувь заяандаа эзэн болсон хүмүүс. Монголын төр ч иргэдээсээ үүсэлтэй. Тэдний сайн сайхны төлөө зүтгэх эрхэм зорилготой. Ард иргэдийнхээ эрх чөлөөт сонголтоор  иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэх шиг сайхан хувь тохиол хаана ч байхгүй. Бүгдээрээ нийтлэг эрх ашгаа хамгаалж, түүнийг тойрон нэгдэж улс орноо хөгжүүлж сэргээн мандуулахын төлөө зүтгэцгээе.
            Миний Монгол мандан бадрах болтугай.
            Монгол Улс Мөнх оршиг.

2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Төрийн ордон

Tuesday, January 10, 2012

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хазар оюутнуудыг хүсэлтээр нь хүлээн авч уулзав

Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга  МУИС, Монголын олон улсын их сургуульд сурч байгаа  Афганистаны хазар оюутнуудын төлөөлөл Гулам Аббас, Мекдад Салехи, Захра Гулами, Мох Анвар, Разиа Хуссейни нарыг өөрсдийн нь хүсэлтээр өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн хүндэтгэлийн чуулган дээр  хэлсэн үгэндээ  “Монголчуудаа олуулаа болцгооё,  Монгол нутагтаа ирцгээ” гэж уриалсанд бид сэтгэл ихэд хөдөлж баяртай байгаа. Энэ уриалгыг Монгол хүн бүрт хандаж, Монголоо гэсэн зүрх сэтгэл бүрт хандан хэлж байгаад бүр олзуурхаж байна.  Үүнийг өвөг дээдсийнхээ газар нутагт ирж амьдрахыг дэлхий улс орнуудад тархан суурьшсан бүх монголчуудаас хүссэн албан ёсны урилга гэж бид хүлээн авч байна.
Хазар монголчууд хэд хэдэн оронд амьдардаг. Зөвхөн Афганистанд гэхэд зургаан сая хазар монголчууд бий. Хэдэн үеийн турш бид өвөг дээдсийнхээ нутгаас алс амьдарсан болохоор хэл, соёлын ихээхэн ялгаатай болсон ч Монголд ирж суурьших хүслийг олон хүн тээж явдаг юм. Монгол Улсад ирэх хүсэлтэй хүмүүсийн хувьд нэгэн бэрхшээл байна. Энэ бол  виз. Виз авахын тулд урт зам туулан Бээжин ордог. Тиймээс юуны өмнө хүмүүс хоорондын харилцааг хөгжүүлэх, харилцан зорчих боломжийг хөнгөвчлөх үүднээс Афганистанд Элчин сайдын яам нээж өгөөч гэж хүсэх байна.
 Хазар монголчууд бид Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж байна. Бид  хазар монголчуудынхаа сэтгэлийн үгийг Ерөнхийлөгчид хүргэн уулзахыг хүсч байна. Ийм боломж олгоно гэдэгт найдаж байна гэж тэд ярив.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга оюутнуудад сурлагын амжилт хүсээд тэдний хүсэлтийг Ерөнхийлөгчид уламжлахаа мэдэгдлээ.

Wednesday, October 12, 2011

Stop killing hazara хэвлэлийн хурал

Энэ хурал дээр хазар монголчуудыг алж хядаж байгаа явдлыг эсэргүүцэх, хазарууд болон монголчуудын хэлхээ холбоо, өнөөгийн харилцаа, цаашдын хэтийн төлөв гэсэн чиглэлүүдээр мэдээлэл өгнө. Хуралд ТББ-ууд, хазар монголчуудын төлөөлөл оролцоно. Мөн төрийн бус байгууллагуудын уриалгыг танилцуулна.



Дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэг; Ногоон хөдөлгөөн; Ногоон эвсэл;

Үндэсний үзэлтний бүлхэмүүд (“Даяар Монгол”, “Даяар Хөх Монгол”, “Монгол Үндэстний сүлжээ”, “Монгол туургатны хуралдай”, “Монгол хас”, “Нэгдсэн Монгол”, “Сүлдэр”, “Талын цөөвөр чоно”, “Тунамал төгс”, ”Үндэстэн” нэгдэл, “Хамаг Монгол”, “Хөх Монгол”, “Цагаан хас”); Шударга иргэдийн фронт.


Улаанбаатар

2011.10.1

P.S. Асууж тодруулах зүйл байвал 9914-6533, 9899-2997, latinuseg@yahoo.com, facebook.com/moenhbayar хаягуудаар Ч.Мөнхбаярт хандана уу.
"Mongol News" мэдээллийн төв (Урт цагааны Шар дэлгүүрийн өмнөх өндөр байшин)

Хазар монголчуудаа дэмжицгээе! Уриалга

Хазар монголчуудаа дэмжицгээе!


Уриалга

Мянга мянган жилийн түүхийн маань нэгэн бүтээл бол хазар монголчууд билээ. Түүхэн эх орноосоо алсран тусгаарлагдсан тэд монгол цустай, зүстэйгээсээ болж ялгаварлан гадуурхагдаж, хөөгдөж туугдаж, алуулж хядуулж, зовж зүдэрч ирлээ.

XIX зууны эцсээр тэд харийн түрэмгийлэгчдэд сая саяараа алуулж, хөөгдсөн аймшигт гэноцидийг туулжээ. ХХ зууны 50-иад онд босч тэмцээд, үндэсний мужаа устгуулж, нийслэл Панжаб хотоо газартай тэгшлүүлжээ. ХХ зууны 90-ээд оноос 2001 он хүртэл талибуудад мянга мянгаараа алуулж хядуулжээ.

2001 оноос хойш Афганистанд энх амгалан, эв найрамдал тогтсон гэсэн ч хазарууд алуулж, ад шоо үзэгдсээр байна. Ялангуяа, сүүлийн үед Пакистанд аврал эрэн дүрвэж очсон хазаруудыг сүүлийн үед алж хороох явдал нэн идэвхжиж, дэлхий нийтийг цочирдуулах бодллоо.

Хазар бол монгол үндэс язгууртай гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон зон олон бидний тасарсан мах, үсэрсэн цус. Биднээс өмгөөлөл хамгааллыг хүсч ч ирсэн бөгөөд, нэгэн жишээ нь дэлхийн хазаруудын байгууллагаас 2001.12.6-нд манай засгийн газарт илгээсэн, өдий хүртэл нуун дарагдуулагдсан захилдал юм. Энэ төрсөн ахан дүүсээ монголчууд бид өмгөөлөхгүй хэн өмгөөлөх билээ.

Монголчууд аа, бидэнд хазар ахан дүүсээ дэмжих боломж бий. Хойд Солонгосын дүрвэгч авахын оронд, хазар монгол дүрвэгч авъя! Өмнөд Солонгост газар өгөхийн оронд хазар монголчууддаа газар өгье! Хятадын ажиллах хүчийг авчрахын оронд хазар монгол ажиллах хүчийг авчиръя! Харийнханд бизнэс, уул уурхайн боломжуудыг найр тавихын оронд хазар монгол ахан дүүстээ найр тавья!

Бидний өмгөөлөл хамгааллыг үгүйлэн хүлээсээр ирсэн тэдэнд бодот дэмжлэг үзүүлэхийн тулд:

1. Хазар монгочлуудыг алж хядахыг хууль ёсны бүхий арга хэрэгслийг ашиглан эсэргүүцэцгээе!

2. Монгол улсын нийслэл Улаанбаатар хоттой ахан дүү болох санал дэвшүүлсэн Нили хотынхны сэтгэл зүтгэлийг дэмжицгээе!

3. Хазар ахан дүүстээ сэтгэл санаа, эд матэриалын тусламж үзүүлцгээе!

4. Хоёр талын байгууллагууд, ХАА, худалдаа, бизнэс, соёл боловсрол, спорт зэрэг чиглэлээр бүх талын хамтын ажиллагааг өрнүүлцгээе!

5. Монгол туургатны байгууллага, үйл ажиллагаанд хазар монголчуудыг хамруулцгаая!

6. Хазар түмнээс уугуулшигч буюу рэпатриант, дүрвэгч, цагаач, ажиллах хүч, өнчин хүүхэд хүлээж авцгаая!

7. Хазарчуудыг Монгол улсын иргэний баримт бичиг олгон хамгаалцгаая!

8. Хазарын төрөлгүйтгэлийг буюу гэноцидийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, дэлхийн шударга улсууд, байгууллагууд, зүтгэлтнүүдээр хүлээн зөвшөөрүүлцгээе!

9. Дээрхи зорилтуудыг биелүүлэхийн тулд өргөн хүрээтэй, олон төсөлтэй тодорхой бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлцгээе! гэж Монголын төр түмэндээ уриалж байна!

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Монгол туургатан мандан бадартугай!



Дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэг; Ногоон хөдөлгөөн; Ногоон эвсэл;

Үндэсний үзэлтний бүлхэмүүд (“Даяар Монгол”, “Даяар Хөх Монгол”, “Монгол Үндэстний сүлжээ”, “Монгол туургатны хуралдай”, “Монгол хас”, “Нэгдсэн Монгол”, “Сүлдэр”, “Талын цөөвөр чоно”, “Тунамал төгс”, ”Үндэстэн” нэгдэл, “Хамаг Монгол”, “Хөх Монгол”, “Цагаан хас”); Шударга иргэдийн фронт.



Улаанбаатар

2011.10.1



P.S. Асууж тодруулах зүйл байвал 9914-6533, 9899-2997, latinuseg@yahoo.com, facebook.com/moenhbayar хаягуудаар Ч.Мөнхбаярт хандана уу.

Хазар монголчуудын тухай товч танилцуулга

Мянга мянган жилийн тэртээгээс монголчуудын нүүдэллэн амьдрах нутгийн өмнөд хязгаар нь өнөөгийн Афганистан байжээ. Хүннү, Чингис хаан, Хүлэгү хаан, Төмөр хаан, Барс (Бабур) хааны үед өвөг монголчууд, монголчууд, пэрсэжсэн монголчууд, түрэгжсэн монголчууд энд олноор ирж байв. Тэдний хувьд, хөрш ард түмнүүдтэй холилдох, уусах явдал ч мэдээж байлаа. Ийнхүү хазар гэх монгол туургатан ард түмэн үүсчээ.


Их Монголчуудын (Могул) гүрнийг байгуулах, мандуулан бадруулахад хазаруудын гүйцэтгэсэн үүрэг их. Харин тэрхүү гүрэн мөхсөний дараа өсөрхөн дайсагнасан ард түмнүүдийн хүрээлэл дунд орж, тал бүрээсээ халдлагад өртөх болов.

XIX зууны эцсээр л хазарууд тэдэнд дийлдэн, эрхэнд нь орж, Хазара Жат улс нь мөхсөн юм. Тэгэхэд Абдуррахман гэдэг харгис хаан хазарууд бол хүн биш, буг чөтгөр хэмээн хамсаатнуудтайгаа нийлэн тунхаглаж, тэдний эсрэг шашны ариун дайн жихадаа зарлаж, хазар хүнийг алах нь буян болно гэж мунхруулан, хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн том хядлагуудыг нэгийг үйлдсэн юм. Хазаруудын 60 хувийг устгаж, сая саяар нь алж хөнөөжээ.

Манж Чин гүрний үйлдсэн Зүүнгарын, хятадын улаан малгайтнуудын үйлдсэн Хорчины, Абдуррахман нарын үйлдсэн Хазарын, сталинистуудын үйлдсэн Халимагийн гээд олон аймшигтай, өргөн хүрээтэй гэноцид Монгол туургатны минь түүхэнд тохиожээ.

Хазаруудыг тийнхүү хядсан нь монгол цусаар нь ялгаварлан гадуурхах, одоо хүртэл үргэлжилж байгаа апартэид бодлогын эхлэл байлаа. Абдуррахманы гэноцидийн дараа хазарууд ямар ч эрхгүй боолууд, шаарлагдсан хүмүүс болж хувирсан.

1950-иад онд хазарууд энэ байдлыг эсэргүүцэн боссон ч, нухчигдан дарагдаж, нийслэл Панжабыг нь газрын хөрстэй тэгшлэн устгаж, үндэсний Хазара Жат мужийг нь татан буулгаж, хэсэглэн хувааж, өөр үндэстний мужуудад нэгтгэжээ.

1990-ээд онд гарамгай удирдагч Баба Мазарийнхаа жолоодлогон дор мөн л хазарууд босч тэмцсэн. Түүх давтагдаж, Баба Мазарыг нисдэг тэрэгнээс шидэн хороож, хазаруудыг алж хядаж эхэлжээ.

Талибууд Кабулд мянга мянгаар нь, 1997 онд Мазари-Шариф-д 15 мянга, 1998 онд тус хотод найман мянга, мөн тэр онд Бамиянд, 2000 онд Робатакид, 2001 онд Якауданг-д олноор нь хазар хүмүүсийг хүйс тэмтрэн устгаж байв. 2001 онд талибийн дэглэм түлхэн унагагдсан ч харгислал үргэлжилсээр. Паштуны күчи ястныхан хазарууд руу зэвсэглэн довтолсон нь нэг жишээ.

Сүүлийн үеийн жишээнүүд гэвэл 2011 оны:

-5-р сарын 6-нд пуужингийн харвалтад өртөж долоон хазар хүн, түүний дотор нялх хүүхэд амиа алдаж, таван хүн шархадлаа;

-6-р сарын 16-нд Пакистаны спортын байгууллагын орлогч дарга хазар хүнийг буудан аллаа;

-7-р сарын 10-нд цагдаагийн албан хаагч хоёр хазар хүнийг буудан аллаа;

-7-р сарын 19-нд сүүлийн хоёр сард 25 хазар хүн үндэсний ялгаварлан гадуурхлаас болж алагдав гэж хазарын үндэсний эрхийн төлөө тэмцэгчид мэдэгдлээ;

-9-р сарын 20-нд хазар хүмүүс сууж явсан автобусыг дэлбэлж, 26 хүнийг алж хороолоо…

-1999 оноос хойш зөвхөн Пакистаны Квэттад амиа золиослогчийн зүүсэн юм уу, цагийн мэханизмтэй бөмбөг дэлбэлэх, буудах, хүүхэд хулгайлах зэрэг олон аргаар 40 гаруй удаа хазарууд руу дайрч, ялангуяа сүүлийн үед нэн идэвхижсэн бөгөөд, 1999 оноос хойш 2100 хазар хүн дээрх халдлагуудаас болж хохирч, 500 хазар хүн амиа алджээ...

Хазар хүмүүс монгол цустайнхаа л төлөө энэ мэтээр амь насаа алдан, алаг хорвоог орхисоор байна. Монгол цустай, зүстэй тэднийг хэн хамгийн их өмгөөлөх, хамгаалах ёстой вэ.

Афганистанд байгаа үндэстэн бүрийн олонхи нь хилийн чанадад байдаг. 42 сая паштуны 12, 29 сая үзбэкийн гурав, 22 сая тажикийн найм, есөн сая балочийн 0.6 сая нь Афганистанд амьдардаг. Хилийн чанадын ах дүүс нь Афганистан дахь элэг нэгтнүүддээ байнга, бүх талын, өргөн хэмжээний тусламж үзүүлж байдаг байна. Тэгвэл Афганистаны хазар монголчуудад бусад 10 сая монголчууд тэгж тусалдаг билүү. Лав л миний захиалж уншдаг сонинуудад тэднийг алж хядсан тухай мэдээ ч гардаггүй жишээ байж байна.

Хазар бол монгол элэгтэй зон мөн. Афганистанд харин Монголын талаар хэлж ярих нь ч аюултай, хориотой байдаг тал бий. Тэгэх л юм бол “Монгол руугаа тонил!” гэж хөөж тууна, өсөрхөнө, алж хядна. Хазарууд өөрсдийгөө монгол цустай гэж болдоггүй, бусад үндэстэн тэгж хэлж дайрч давшилж болдог.

Афганистанаас өөр оронд байгаа хазарууд бол өөрсдийгөө хазар монгол гэж нэрлэж, Чингис буюу Чангэзи гэх овог авч, манай улсыг Аугаа Монгол буюу Great Mongolia гэж хэлж, түүхэн эх орноо гэж үзэж, очихсон гэж мөрөөдөж, биднийг нэг нутгийнхан буюу кавма (qawma) гэж дотночилж, үнэн сэтгэл санаагаа илэрхийлж байдаг аа.

Хазаруудын зүс царай монголжуу, гэхдээ бүх хилийн чанадын монголчуудын адил уусч холилдсон шинж бас байлгүй яахав. Пэрсийн “хэзара” буюу “мянга” гэх үгээр угсаатны зүйн нэршилтэй болсон гэгддэг ч, хязгаар, газар, азарга зэрэг монгол үгтэй холбож үзэх нь ч байдаг. Хазар хэлний үгсийн сангийн 20 хувийг монгол, 10 хувийг түрэгжсэн монголчуудаар дамжин орж ирсэн түрэг, 70 хувийг пэрсэжсэн монголчуудаар дамжин орж ирсэн пэрс үгс эзэлдэг. Хэл нь пэрс суурьтай ч, яс үндсийн суурь нь пэрс бус. Хэл шашны ойролцоо байдлаас болж хазарууд Иранд их дүрвэж очсон байдаг, гэхдээ тэнд расист ялгаварлан гадуурхалтад өртөж байдаг. Иранчуудтай ахан дүүгийн харьцаатай байдаг бус, Афганистан, Пакистан, Иран гэх энэ гурван улсад хазарууд зовж зүдэрсээр байна.

Хазаруудын дунд Боржигон, Бэсүд, Барлас, Жалайр, Жадран, Найман, Хасар, Тулуй хаан, Нэгүдэр, Чахар, Хулбарс, Харбаатар, Их Чоно, Аймаг, Болд гээд монгол нэртэй овог аймгууд байдаг. Зан заншил, ёс уламжлалын хувьд манайхтай төстэй зүйлс багагүй бий. Эрийн гурван наадам хийж, цээж нүцгэн барилдан, морь тэмээгээр уралддаг, буудаж харваж цэц мэргээ сорино.

Чингис хаан Кабул хотын ойролцоо, Гиндүкүшийн нурууны бэлд өвөлжсөн гэдэг нь Хазар нутагт юм.

Монголын сэтгүүлч М.Буянбадрах, Б.Сайнжаргал, Ц.Санчирмаа, Н.Болормаа нар хазаруудын нутгаар аялж, сонирхолтой мэдээллүүдийг ард түмэндээ хүргэж байсан. 20 гаруй хазар оюутнууд Монгол дахь ТББ-уудын хандиваар манай улсын их сургуулиудад сурч байна.

Хэдийбээр Афганистанд Монголын талаар хэлж ярих нь аюултай ч, хазар хүн амтай Дайкүнди мужийн нийслэл Нили хотын захирагч Азра Жафари гэдэг эмэгтэй Улаанбаатар хоттой ахан дүү хот болох санал дэвшүүлсэн (Ташрамд хэлэхэд, Хазар-Монголын хотууд ахан дүү болох санаачилгыг анх, Хазар-Монголын харилцааг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн, М.Бямбахүү гэдэг эх орон нэгтэн залуу маань гаргасныг тэмдэглэхэд таатай байна). Дэлхийн монголчуудын өв соёлын нийгэмлиг, Дэлхийн монголчуудын чуулган зэрэг монгол туургатны байгууллагад хазар зон элслээ. Вашингтон хотод саяхан болсон, монгол туургатны 24 дэх удаагийн Чингисийн тахилгад хазарууд албан ёсоор оролцлоо.

Удахгүй хазар-монголын харилцан туслалцах ТББ байгуулагдах гэж байна.

Хазар ахан дүүстээ бид сэтгэл санаа, эд матэриалын тусламж үзүүлэх; уугуулшигч буюу репатриант, дүрвэгч, цагаач, ажиллах хүч, өнчин хүүхэд хүлээж авах, элэгшүүлэх буюу Монгол улсын иргэний бичиг баримтыг олгох; Хазарын хүйтөрөлгүйтгэл буюу гэноцидийг хүлээн зөвшөөрөх, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх зэргээр тусалж болох байна. Асар их байгалийн баялагтай бидэнд хазар ахан дүүстээ туслах бүрэн бололцоо бий.

Хазар ахан дүүс маань зөвхөн тусламж авах хүмүүс гэж ойлгож болохгүй. Харилцан туслалцах хамтын ажиллагааг бид хөгжүүлэх ёстой. Үүнд, хоёр талын байгууллагууд байгуулах, ХАА, худалдаа, бизнэс, соёл-спортын солилцоо, ах дүү хот зэрэг чиглэлээр хамтран ажиллах хэрэгтэй байна. Монгол туургатны байгууллага, үйл ажиллагаанд хамруулах шаардлагатай.

Хазар нөхөд маань Багахангайн махкомбинатад исламын стандартаар мах бэлтгэх; цэцэрлэг, тариаланг хөгжүүлэх; уул уурхай, барилгад мэргэжилтэн, мэргэшсэн ажиллах хүчнээр зүтгэх; пэрс хивсний үйлдвэр байгуулах; арвай тарьж шар айрагны түүхий эд бэлтгэх; хазар рэсторан байгуулах гээд тодорхой санал дэвшүүлж Монгол улсад ирдэг.

Монгол туургатан 10 сая биш, 23 сая боллоо. Амэрикийн хазаруудын төлөөлөгч Давуд Али Чангэзи Чингисийн тахилгад оролцохдоо хазарууд бид монголчууд бөгөөд хазар монголчууд 13 саяулаа юм гэсэн билээ.

Friday, September 2, 2011

hazarachangezi блогыг нээснээс хойш 1

Анх Хазара Чангэзи Блог үүссэнээс хойш бодитой гарсан үр дүнг жагсааж гаргаж байна. Энэ эхний хэсэг нь

  1. Хамаг Монгол вэб дээрх Хазара нарын тухай нийтлэлүүд , хэрхэн өнөөдрын хазара монголчуудад  харилцах , хамтран ажиллах эхлэл болсон талаар
  2. Афганистан улсын Монгол Гаралтай хазара ахан дүүстэй анх танилцсан тухай
  3. hazarachangezi  блогыг нээх болсон шалтгаан
  4. Kublai буюу Abbas Waffa ба Рэза Катэб ахын талаар, дээрх хүмүүс  анх Дэлхийн Монгол айл нэвтрүүлгийн багынхныг хэрхэн афганистанд авчирсан талаар, түүний дараа Цахим өртөөгийн оюутаны тэтгэлэгт хөтөлбөрт хазара сурагчдыг шалгаруулсан талаар
  5. facebook дээр  hazarachangezi бүлгийг нээсэн нь
  6. facebook дээрх хазара бүлгүүд , орон орны хазара хүмүүсийн , үзэл бодол соёлын ялгаа
  7. Австрали дахь Хазара Монголчуудтай танилцсанаар австралын монголчуудын холбоо, монгол олон нийтийг холбох эхлэл тавигдав.
  8. Цахим Өртөө Холбооны Тэргүүн Сайнбаяртай Вашингтон ДС хотод уулзаж Хазара олон нийтийн талаар санал бодлоо солилцов.
  9. Хазара нарын тухай тухай монгол судлаачдын бүтээл 
  10. Вашингтон ДС хотод миний бие www.hazara.net вэбийн админ Abbas Changezi уулзав.
  11. Abbas Changezi гэдэг хүний талаар товчхон
  12. Вашингтон ДС хотын Монголчууд Хазара нар анх удаа уулзаж , танилцлаа.
  13. Гизаби гуайн гэрт зочилон нэгэн гэр бүлийн бүх гишуудтэй танилцав.
  14. Хамаг Монгол вэбийн админ Батсуурь ахтай , хазара олон нийтийн талаар санал солилцож , бусад хазара найз нартай танилцуулав.
  15. Амэрикийн нэгдсэн улс ба Афганистан улс төрийн нөxцөл байдал хэрхэн Хазара Монголчуудад нөлөөлж байгаа талаар 
  16. Амэрик дахь Афганистаны гаралтай Хазара нар Монгол улсын талаархи юу гэж боддог , өнөө болон ирээдүйг хэрхэн дүгнэж байр сууриа илэрхийлдэг талаар.
  17. Амэрик дахь Пакистаны гаралтай Хазара нар Монгол улсын талаархи юу гэж боддог , өнөө болон ирээдүйг хэрхэн дүгнэж байр сууриа илэрхийлдэг талаар.
  18. Лалын шашинч бус хазара нар яагаад тэд хэн бэ ?
  19. Иран дахь хазара нар тэдний үнэн бодит байдал , хазара нарын нэр , identity-гийн асуудал
  20. Австрали дахь Баатарын Хазара нарын түүхийн талаар хийсэн судалгаа 
  21. Номинчимэдийн Хазара нийтлэл
  22. Лондонгын Хазара нар
  23. Монголчууд Хазара нарын талаархи үзэл бодол байр суурь
  24. Хазара нар Монголчууд, Монгол Орны талаархи үзэл баримтлал
  25. Австрали дахь Хазара Нар
  26. Канад дахь Хазара нар
  27. Манжи Арт буюу Норвэгийн Хазара-гууд
  28. Нинг дээрх Хазара олон нийтийн бүлгүүд 
  29. Хазара нар тэдний түүхийн эргэлзээт батлах шаардлагатай баримтууд
  30. Хазара нар монголчууд мөн гэдгийг батлах ном хэвлэгдсэн талаар
  31. Монголд Хазара нарын талаар түүхийн ном зохиолууд дээр дурьдагдсан ишлэлүүд
  32. Монгол дахь хазараа сурагчид
  33. Аббас Дайэр-ийн блогууд , түүний нийтлэлүүдэд монголын талаар
  34. пакистаны хазара нар өнөөдөр, hazaranation.com
  35. Монголын ТББ  байгууллага,Олон улсын байгууллага-ууд Хазара нарт зориулсан тэдэнд хандсан ,үйл ажиллагааны чиглэл , хамтын ажиллагааны саналууд 
  36. Интэрнэт дээр монгол хэл дээр хазара нарын тухай бичигдсэн нийтлэл болон мэдээлэлүүд
  37. Интэрнэт дээрх хазара нарын тухай нийтлэлүүд дээр монголчуудын үлдээсэн сэтгэгдэлийг нэгтгэн , харьцуулсан дүгнэлт хийх.
  38. Талибанчуудын аллан хядлагыг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцсоноор , бусад хотуудын хазара монголчуудтай танилцав.
  39. Вашингтон ДС орчимын хазара монголчуудын уулзалт үдэшлэг дээр очлоо.
  40. Вашингтон ДС хотын монгол сургуулын хандивын ажиллагаан дээр Вашингтон ДС хотын хазара монголчуудын төлөөлөл оролцлоо.
  41. Вашингтон ДС хотын монголчуудын наадам дээр хазара монголчуудын төлөөлөх хүмүүсд наадмыг үзүүлэв.
  42. Монголд айлчилан очсон Гизаби гуайг монгол дахь сэтгүүлч, судлаач , ТББ байгуулагын ажилтанууд, бизнэс хүмүүстэй уулзуулах арга хэмжээг зохион байгуулав.
  43. Вашингтон ДС хотын Монгол болон Хазара нар Шагай ТББ үүсгэх шийд гаргав.
  44. Монгол Залуу Мэргэжилтэнгүүдийн нийгэмлэг ба  Монголын Андууд ТББ байгууллагаас хамтран зохион байгуулсан яргуй хандивын арга хэмжээнд Бамян сангын төлөөлөгчид оролцов.
  45. facebook дээр үүсгэсэн шагай бүлгийн тухай
  46. Монгол улсад анхны хазара монголчууд ,монголчуудтай хамтран бизнэс хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.



Амэрик дахь Хазара монголчууд 1

Амэрик дахь Хазара монголчууд




Амэрикд анх хазара хүмүүстэй нүүр тулж уулзсанаас хойш нилээдгүй хугацаа өнгөрчээ.



Афганистан улсад амьдардаг Эрхэм Рэза Катэб ах маань анх амэрик дахь хазара монголчуудтай танилцуулснаар хамгын анх www.hazara.net вэб-ийг эрхлэн гаргадаг Abbas Changezi ахтай уулзсанаар хазара нарын талаархи олон бодит түүхүүдийг сонсож, түүхэн хүмүүстэй уулзах боломж тохиолоо.

Вашингтон ДС хотод Хазара Монголчуудаа бусад монголчуудтай уулзуулж танилцуулах тодорхой ажлууд сэдэж эхлүүлсэн.

Монгол сургуулын хандивын ажиллагаан дээр Гизаби гуайн гэр бүл ач нартайгаа бүгд ирж оролцсон.

Монгол Улсын элчин сайдтай хийсэн уулзалт. Энэ уулзалт нь Монгол улсад Бизнэс эрхлэх сонирхолтой Амэрикийн иргэн Хазара хүмүүсийн дуу хоолойг Монголын Засгын газарт хүргэх , Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай бизнэс эрхлэхтэй холбогдсон асуудлаар санал солилцсон юм.



Монгол Залуу Мэргэжилтэний Нийгэмлэг , Монголын андууд байгууллагын хамтарсан хандивын арга хэмжээ.

Вашингтон ДС хотын Наадам

Монгол судлаач Амэрикүүдтай танилцуулж чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Вашингтон ДС, Нью Иорк хотод Амэрикын Хазара нарын зохион байгуулсан жагсаал цуглаанд Монголчуудаа төлөөлж оролцлоо.



Монголд очисон Гизаби гуай бүр гэртээ уриж тэдний гэр бүлийнхэнтэй танилцах завшаан гарсан юм.

Икрам Гизаби гуайн гэр бүлийнхэнтэй хамт Монгол Цагаан Сарыг тэмдэглэсэн юм.

Хамгын сонирхолтой нь би шагай авч очисон. тэд бас шагай тоглохдоо , морь уралдуулж , шагай шүүрч тоголдог. шагайг монголчуудтай адил хонь, морь,тэмээ, ямаа гэж нэрлэдгийг мэдэж авсан.

Монголчуудын Боорцогыг тэд , бозрого гэж нэрлэдэг. Тэд Мөн адил сүү хөөрүүлж өрөм загсаадаг цөцгийг нь хаймаг гэж нэрлэдэг.

Бууз жигнэж иддэг харин буузаа мантий гэж нэрлэдэг.



Амэрикын Вашингтон ДС хотын Хазара хүмүүстэй уулзаж жил бүрийн 7 сард болдог Хазара уулзалт дээр 2 дахь удаагаа очисон.



Миний энд уулзаж байсан Хазара хүмүүс амэрикийн засгын газарт ажилдаг. Хувийн Бизнэс эрхэлдэг . Амэрик нийгэмд байр сууриа олсон хүмүүс байлаа.

Энд уулзсан зарим хазара нар орос хэлээр яридаг . Социйн үед Гүрж , Казакстан, Киргизстан явж сурч байсан энэ их сонирхолтой байлаа. Киргиз Казах бие дааж улс болохдоо Хазара хүмүүс өөрийн улсдаа иргэн болгох хүсэлтэй байсан талаар тэд бас хэлж байв.



Амэрикд өдөр тутамд уулзаж байгаа хазара найз нөхдүүдээсээ өнөөдөр Афганистан, Пакистанд болж байгаа Хазара нарын тухай мэдээлэл солилцдог дараа дараагын бичлэгүүдээр та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

Хазар ахан дүүстээ туслацгаая

1. Сая сая хазаруудыг алж хядаж байхад дэлхий “анзаараагүй”




Афганистан нь Бактри, Пэрс, Макэдон, Сэлэвк, Хүннүгийн хойчис улсууд, Араб, Түрэгийн улсууд, ахиад Пэрс, Хүлэгүгийн, Цагаадайн, Төмөрийн, Барс хааны, дахин Пэрсийн харъяанд оршиж бараг ХХ зуунд л улс болж, тусгаар тогтносон, Энэтхэг Пэрсийн хоорондох түүхэн бүс нутаг юм.

Өвөг монголчууд энд хэдэн мянган жилийн өмнөөс, Хүннү болон пост-хүннү Кушан, Эфталит, Тораманы зэрэг улсуудын үед, эрт дээр цагт очиж суурьшин, буддын шашныг ч дэлгэрүүлж явсан байх юм. Бамиян дахь Буддын аварга баримал Кушаны үетэй холбогддог. Алс хол нутгийг сонгон идээшсэн нь хачирхалтай явдал мэт ч, элэнц дээдсийн маань улсуудын нутаг залгалдсаар тийш хүрдэг байсан энгийн шалтгаантай юм. Ер нь манайхны л нутаг гэхэд болох талтай.

Ийнхүү монгол төрхтөн буюу, өвөг монголчууд энд буй болжээ. Зарим хазарууд, бид Афганистанд мянга мянган жил аж төрж ирсэн уугуулууд гэдэг нь Монголтой холбоогүй гэсэн үг биш.



1221 онд Цагаадайн хүү Мүтүгэн Бамиян хотын дэргэд тулалдааны явцад эрсэджээ. 1229 онд Жэлал-ад-Динийг нэхэн хөөсөн Монголын цэргүүд ирж байв. 1257 онд Хүлэгү Ил хаадын улсаа байгуулж, Афганистанд ноёрхлоо тогтоов. Цагаадайн, Алтан Ордын улстай байнга булаалдан тэмцэлдэнэ. Алтан Ордны Бэрх хааны тушаалаар Нэгүдэр жанжин цэрэглэн ирээд тулалдаж байсны гэрч болж, нэгүдэр овог хазаруудын дунд үлдсэн аж.

1337 онд Ил хаант Монгол улс задрахад, Цагаадайнхан халааг нь авч, эзэмшлээ тготоов. 1380 онд Төмөр хаан байлдан дагуулж захирав. 1447 онд Төмөрийн Монгол Улс бутарсан бөгөөд, XVI зууны эхээр түүний ач хүү Барс хаан (Бабур) Их Монгол улсаа байгуулж, Афганистаныг түүндээ нэгтгэхэд хазар гэж өөрийгөө нэрлэх түмэн үүссэн байж. Ший шашинтай, пэрс, монгол, түрэгийн холимог - хазар хэлээр ярьдаг, монгол төрхтэй ажээ. Тэднийг монгол гаралтай гэж их төлөв бичдэг ч түрко-монгол гаралтай гэх нь буй. Үүнийг манайхан “түрэг болон монголоос үүссэн” гэж хөрвүүлсэн нь их байх юм. Түрко-монгол гэдэг нь түрэгжсэн монгол буюу монголыг л хэлсэн хэрэг шүү дээ.

Барс хааны улс мөхсөний дараа, Хазарууд Афганистаны нутгийн ихэнхийг эзэлсэн Хазаражат улсаа төвхнүүлэн суутал, янз бүрийн шалтгаанаар бусдад шахагдан түрэгдсэн нүүдэлчин овог аймгууд тал бүрээс нь довтлон сулруулав. 1747 онд паштуны Дуррани Пэрс, Энэтхэгийн хоорондхи олон үндэстний улс, ханлигуудыг түрэмгийлэхэд Хазаражат захиргаанд нь нэр төдий оров. 1818 онд Дурраний байгуулсан улс задарч, хазарууд эрх чөлөөтэй болов.

1892 онд паштуны Абдуррахман гэгч Афганистаныг ахин нэгтгэхийн өмнө, Хазаражат хүчтэй эсэргүүцэл үзүүлж байсан юм. Чингэхэд Абдуррахман буруу номтон, эцэг өвгөдийн маань алуурчдын хойчсыг устгая гэж уриалснаар, тажик, үзбэк, балуч зэрэг бусад ард түмнийхэн ч уулгалан дайрч, улсыг мөхөөжээ. Үүнээс хойш, хазарыг ялгаварлан гадуурах нь ӨАБНУ-ын апартэид шиг, Афганистаны нэгэн гол үзэл суртал, төрийн том үйл ажиллагаа болов.

Хазарууд дарлал боолчлолыг хүлцэлгүй, олонтаа босч тэмцсэн ч давуу хүчинд дарагдаж, улам ч харгислуулна. Абдуррахман хаан болон шашны тэргүүн нь тэрс номтон хазарын амийг тасалбал буян болно, диваажинд заларна гэж зарлаж байв. Мөн хазаруудыг боолын статустай болгон хуульчилж, хүзүүнд нь боолын хонх зүүв. Хазаруудыг яаж ч дарлаж доромжилж, харгислаж хядаж байсан, ямар ч шийтгэлгүй өнгөрдөг байлаа. Ийнхүү хазарын гэноцид эхэлсэн.

Армянуудыг сая саяар нь устгасан түркүүдийн ялт хэрэгт дэлхий цочирдсон ч, хазаруудыг сая саяар нь хядахад “анзаарсангүй”!

1892 онд Афганистаны мэдэлд бүрэн орсноос хойш хазарууд иймэрхүү л байдалтай аж төрж ирсэн юм. Цэрэгт тэд торгуулийн батальон, сапэрийн ангид өөрсдийн зардлаар алба хаана. Зөвхөн хамгийн дорд муу ажлуудыг л хийж болно. Хэл соёлыг нь ч устгахыг завдсан.

1919 онд зөвлөлтийн дэмжлэгтэй Аманулла хаан үндэсний тэгш эрх гээчийг тунхагласан ч, амьдрал дээр төдийлөн хэрэгжсэнгүй. 1929 онд британий дэмжлэгтэй Надир хаан урьдын геноцидийг сэргээв.

Байнга зэвсэглэн тэмцэж ирсэн хазаруудын 1950-аад оны бослогын дараа нийслэлийг нь газартай нь тэгшилж (ахин сэргээгдээгүй), ямагт танагдсаар ирсэн Хазаражатыг нь устган, хазаруудыг олон мужид цөөнх байхаар болгов. Гагцхүү Бамиян гэдэг урьдын бөглүү жижиг муж, хот л хазарын “мэдэлд” үлдлээ.

Афганистан түүхийнхээ туршид их гүрнүүдийн тоглоом байсан гэхэд болно. ЗХУ 1973 онд хаант засгийг нь унагаалгаж, дараахь удирдагчдыг нь хороож хөнөөснөөр, 1979 онд шууд түрэмгийлэн, 10 жил коммунист дэглэм тогтоов. Гэвч социалист интэрнационализм ярьдаг тэд хазаруудыг дарлах явдлыг зогсоогоогүй.

Тиймээс ч хазарууд булаан эзлэгчдийг шийдвэртэй эсэргүүцэж, хориуд нь зөвлөлт-афганы хамтарсан хүчний хатуу ширүүн цохилт, харгислалт, хэлмэгдүүлэлтийг амсч байв.

1989 онд ЗХУ-ын цэрэг гарсны дараах Раббаний засаг аанай ахан дүүсийг маань хавчин гадуурхаж байтал, шашны хийрхэгч талибуудын бурангуй дэглэм тогтлоо. Тэд хазаруудыг устгахыг нэг гол зорилгоо хэмээн зарлав. Талибууд гэмгүй хазаруудыг мянга мянгаар нь алж хороож байл аа. Хазарууд ч зэвсэг агсан сөрлөө.

2001 онд АНУ тэргүүтэй антитэррорист эвсэл, паштун бус түмнүүдийн хүч нэгдэж нийлэн, талибийн дэглэмийг унагав. Хазарууд ахин тэгш эрхтэй гэж зарлагдаж, парламэнт, ЗГ-т орж, муж захирч үзэв.

Харамсалтай нь тэдний хувьд бүх юм аажим аажмаар хуучин хэвэндээ орж байна. Хазаруудыг алж хороож, албан тушаал, ажил төрлөөс нь шахан зайлуулж, гадуурхаж байна. Тэд “ардчилсан” ерөнхийлөгч Карзайгаа фашист гэх болжээ. Өрнөдийнхөн, олонх болох паштунчуудын дэмжлэгийг алдчих вий гээд таг.

Гадаадын цэрэг гарахаар яана даа гэж хазарууд айн түгшиж суудаг аж. АНУ цэргээ ойрын үед татна гэж мэдэгдсэн. Өнөөгийн харьцангуй эрх чөлөөтэй байдал нь тэдний хувьд үүлэн чөлөөний нар.

Афганистан бол бяцхан импэрэрхүү улс. Хүн амын 40 хувийг нь паштун, 25-ыг тажик, 15-ыг хазар, 10-ыг үзбэк, үлдсэнийг балуч зэрэг эзэлнэ. Паштун нь ноёрхох эрмэлзэлтэй, бусад нь дарлагдах хүсэлгүй. Югославын хувь заяа Афганистаныг хүлээж буй.

Хазарууд ч тусгаарлах санаа цухалзуулах болсон. Тэгтэл харин бусад нь “Бид бол өөр хэрэг. Харин та нар Монголоос ирж, эцэг дээдсийг маань хүйс тэмтэрч, хөгжил соёлыг маань устгаж, ариун шашин шүтээнийг маань доромжилчихоод нутгаас маань тасдаж авах санаатай юу. Яасан ч бид тийм явдал гаргуулахгүй. Ирсэн замаараа зайлцгаа, тонилцгоо!” гэдэг аж.

Тэднийг ямар хувь заяа хүлээж байна вэ? Тэд хаачих вэ? ММХ.XII.I





2. Хазар монголчуудыг хядсан афган хаад Хитлэр, Сталин, Маогийн багш



1980-аад онд Хазар Монгол түр ч гэсэн тусгаар тогтнож чадсан



Хазар монголчууд XIX, XX, XXI зууны турш эрх чөлөөнийхөө төлөө эрс шийдэмгий, хатуу ширүүн тэмцлийг өрнүүлж ирэв.

Паштун түрэмгийлэгчдэд эх нутаг нь эзлэгдсэний дараа, тун удалгүй Хазарын Төмөр шахын удирдсан бослого гарч дарагдав. Хазарын анхны их харгислал эхэлжээ. Гэвч дайчин цустай ахан дүүс маань ахин бослоо. Афганы төр шашны удирдагчид хазарууд бол хүн бус буг чөтгөрүүд, тэднийг хэдийчинээ алж зовооно, төдийчинээ буян болно гээд сунна шашинтнуудыг уриалан, ариун дайн-Жихадаа зарлаж байж хазаруудыг дардаг асан. Энэ нь хазаруудын зоригийг мохоодоггүй байв. Гурав дахь удаагаа зэвсэг барин босов. Ташрамд, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг таашаадаггүй Англи, Зөвлөлт зэрэг импэриалист гүрнүүд сунна нарыг дэмжиж, ашиг хонжоо эрэлхийлэв. Давуу хүчний өмнө босогчид аргагүй л мөхөсдөн, дийлдсэн юм.

Хожмын гэсгээн цээрлүүлэлт аймшигтай байлаа. 1880-1893 онуудад гарсан гурван бослого, хазар холокостын дүнд энэхүү зовж зүдэрсэн ард түмний 60 гаруй хувь нь эрсдэж үрэгдсэн. Армянуудыг хядсан султан Абдул Хамид, Энвэр-Паша, еврэйчүүдийг хүйс тэмтэрсэн Хитлэр, цөөнх үндэстнүүдийг хиаруулсан Сталин, Мао нарын багш нар чинь тухайн үеийн Афганы Абдуррахман, Хабибулла, Надир зэрэг хаад. Үүнийхээ төлөө тэд шударга өшөө авалтаас айж бэмбэгнэн өдөр хоногийг өнгөрүүлэх хувьтай болсон агаад, нэг нь хазар монгол баатрын гарт амиа алдсан.

1919 онд Аманулла гэдэг хаан харгислалыг зөөлрүүлсэн ч (гэхдээ тэр зөвлөлт маягийн харгислал үйлдэж байсан учир хазарууд босч эсэргүүцсэн), төрийн эргэлтээр хаан болсон Хабибулла, Надир нар бүгдийг хуучин хэвэнд нь орууллаа. Сэхээтнүүдийг нь онцгойлон алж хядаж, хорьж харгислаж, түүх соёл, эх хэлийг нь хорьж, паштунчуудыг олноор нүүлгэн ирүүлж, газар усны нэрийг паштун үгээр сольж, хазаруудыг Англи, Зөвлөлтийн өдөөсөн дайн, мөргөлдөөнүүдэд бамбай болгон ашиглаж байв. Хабибулла, Надир нарын эсрэг хазарчууд бас л эрх чөлөөг эрхэмлэгч, эрэлхэг баатар ард түмэн гэдгээ харуулж, зэвсэгт тэмцлийг өрнүүлж байсаан.

Дэлхийн дайны дараахан, 1950-аад онд Хазаражат-д хүчирхэг ардын бослого гарлаа. Ибрахим Гаусвар зэрэг цогт эх оронч хөвүүдээр удирдуулсан бослогыг харгис хэрцгийгээр нухчин дарав. Үндэсний муж Хазаражатыг устгаж, бусад мужид нэгтгэн, бутлан жижиглэж, нийслэл Панжабыг (Таван гол гэсэн үг, тэр үед ийм нэртэй хоёр том хот байлаа, нөгөөх нь Энэтхэгт буй) газартай тэгшлэв. Ийнхүү Хазаражат албан ёсны засаг захиргааны нэгж байхаа болилоо. Хазаруудыг бусад үндэстний дунд холилдуулан тараах, уулархаг нутагт шахан цөлөх арга хэмжээ авав.

1979 онд, Иранд хувьсгал гарч, Аятолла Хомэйнигээр удирдуулсан шиа шашны дэглэм тогтсон, зөвлөлтийн түрэмгий цэрэг Афганистанд цөмрөн орж ирсэн гэсэн, хоёр чухал үйл явдал боллоо. Иран шашин нэгтнүүддээ тусална гэж хутган үймүүлж асан ч, мөн чанартаа расист хандлага гаргаж, паштун, тажик, үзбэк нарын тэмцлийг л голлон дэмжив. Хазаруудад зэвсэг, мөнгө, бусад тусламжийг илгээхдээ тун хойрго байсан хийгээд, өгснийг нь замаас нь сунначууд авчихдаг байлаа. Тэгсэн хэрнээ, харь буруу номтон шиачуудтай сүлбээцэлдлээ гэж тэд хазаруудад өсөрхөнө.

Дайснуудтайгаа эвлэрдэггүй хазарчууд Афганистаны бусад үндэстнээс ялгаатай нь Зөвлөлт-Афганы хүчтэй ач тач, амь бие хайргүй тулалдаж, нутаг орноо чөлөөлж, улсаан байгуулж байв. Хичнээн их тэхник, зэвсэгтэй гээд зөвлөлтийн арми уулархаг нутагт нэн мөхөсдөж асан хэрэг.

Хазаруудын хамгийн хайрлан хүндэтгэдэг баатар жанжин, үндэсний удирдагч нь болох Баба Мазари тодров. Баба гэдэг нь эцэг хэмээх үг. Мазари нар Исламын нэгдлийн намыг байгуулсан нь хазаруудын үндэсний нам байв.

Тэрбээр Афганистаныг үндэсний улсуудын эрх тэгшээр, чөлөөтэйгээр эвлэлдэн нэгдсэн холбооны улс болох ёстой гэх үзлийг дэвшүүлэв. Чөлөөтэйгээр гэдэг нь холбооноос гарах эрхтэй гэсэн үг шүү дээ. Халили, Мохакик, Касими, Асиф гээд олон хазар баатрууд зөвлөлтийн болон талибийн эсрэг тэмцлийн үед тодорсоон.

Зөвлөлтийн цэрэг гарсны дараа тажикуудын (Ираны дэмжлэгтэй) дэглэм тогтож, аанай анти-хазар бодлого явуулж асан ч, төдийлөн удалгүй, паштунуудын Талибан хэмээх шашны хэнээрхэгч хүчин үндэсний ноёрхох байр сууриа сэргээх гэж дайн өдөөв. Тэдэнтэй бусад үндэстнүүдийн хүч, эвсэн тэмцэлдэж болох байтал, 1995 онд тажик улс төрчид Баба Мазари нарын 10 хазар удирдагчийг хэлэлцээр хийнэ хэмээн талибуудтай хуйвалдан урьж залж ирүүлээд, итгэл эвдэн баривчилж, эрүүдэн тамлаж байснаа, нисдэг тэрэгнээс шидэж хороосон юм.

Энэ нь тэдний хазарыг үзэн ядах байр суурь, Мазарийн хүч Кабулыг эзэлсэн (Уг нь хазаруудын нутгийн нэг зах нь Баруун Кабул), хэрэв холбооны улс байгуулагдахад хүрвэл хазаруудаас булаасан нутгаа буцааж өгөхөд хүрнэ гэж болгоомжилсон зэргээс үүдэлтэй.

Уг нь тэр үед Кабулын төлөө хазар, тажик, талиб гурав талцан байлдаж байж. Хэрэв тажикууд дайсан талибуудынхаа талд урваагүй бол (бусад үндэстэнтэй нийлж талибийн эсрэг тэмцэх төлөвтэй асан), дайчин хазарууд Афганистанд хяналтаа тогтоон ноёлж, улмаар Мазарийн холбооны улс байгуулах шударга төлөвлөгөө хэрэгжих байв л.

Мазарийг алагдсаны дараа, хазаруудын тэмцэл эв нэгдэлгүй болж, амжилт олохоо байжээ. Гэноцидийн шинэ үе шат хэрэгжив. Ийнхүү Хазарын эрх чөлөөний гэгээ мөхөх дөхөв.

2001 онд ахин гэгээ тодорлоо. АНУ тэргүүтэй антитэррорист хүч, паштун бус үндэстнүүдийн “Хойдын альянс” талиб дэглэмийг түлхэн унагав. Эрх чөлөө ирэх нь үү гэсэн горьдлого төрж байв. Харамсалтай нь, “ардчилсан” Афганистан ахин бурангуйжсаар.

Өрнөдийн “хүний эрхийг хамгаалагчид” хазаруудыг өмгөөлөх байтугай, харин буруушаасан удаатай. Эх нутгаа чөлөөлөх явцыг нь тэд паштуныг гэноцидлэв гэж “харжээ”. Манайхныг фашизм нацизм гэж “харсан” шигээ л.

Бусад үндэстэн ахин хазарууд руу дайрч давшлах болов. Паштуны күчи ястан хазарын нутаг руу өнгөлзөж, цуст мөргөлдөөн өдөөж, дэлхийг цочирдуулав. Ерөнхийлөгч Карзай күчи нарыг далдуур дэмжиж, зэр зэвсэг сэлтээр хангасан гэх.

2001 оноос хойш хэдхэн жил үргэлжилсэн (хэдхэн жил “хүлцээд” л хазаруудыг хавчин гадуурхаж, харгислаж эхэлснийгээ шатлан өргөжүүлж буй), үүлэн чөлөөний нар шиг хагас хугас эрх чөлөө нь хазаруудын хувьд үгүй болох нь ээ. Тэд ахин зэвсэг атган босохоос өөр замгүй болж байна. ММХ.XII.XX





3. Дэлхийн монгол туургатны бөхийн холбоо

хазар бөхчүүдийг хүрээндээ хамруулаасай



Хазараар хайр гэхийг хайру гэдэг



Хазарууд болон бидний төсөрхөх зүйл нь юуны өмнө гадаад төрх. Хүрээлж буй паштун, тажик, үзбэк, балуч бүгд европ төрхтэй байдаг нь оньсого мэт. Хүннүгийн үеэс өвөг дээдэс маань нүүж очсоор иймд хүргэсэн гэдгийг мэдэх бидний хувьд бол оньсого биш ээ.

Сэтгүүлч Санчирмаа Афганистаны нийслэлийн хазар дүүргээр явж байхад ахтай нь адилхан хүн, хаана харлаа гэж эргэлзмээр царайнууд ч үзэгдэж, хувцас, орчин өөр болохоос, монголчуудын дунд байгаа мэт сэтгэгдэл төрсөн гэсэн. Кабулыг хазарууд байгуулсан, Кабул гэдэг нь хазар үг гэх яриа их буй. Өдий хүртэл тус хотын нэрний учир тайлагдаагүй. Хотын баруун хэсэгт эртнээс олон тооны хазарууд нэг дор суудаг, оршин суугчдынх нь 30-40 хувь гэлүү дээ.

Урьд Кабул нь хазар нутаг дунд оршиж байсан юм билээ. Ер нь Афганистан бүхэлдээ шахуу хазаруудын нутаг байжээ. Гэтэл энэ зон олны найрсаг зангаас ч болсон юм уу, Пакистанаас паштунууд гэхчлэн, янз бүрийн нүүдэлчид цагаачлан ирсээр, бүсэлж аваад, хойноос ирээд хот манайх гэгчээр, нутгийн эздийг төвийн уулархаг, үржил шим муутай бүс рүү шахсаар өдий хүрсэн аж.

Гэхдээ л, тавиад оны ардын бослого хүртэл, энэ оронд үндэсний Хазаражат гэж том муж байсан. Надад байдаг 1939, 1956 оны атласуудад тодорхой үзэгддэг юм.

Монголчуудаас буюу, Өлзийт хааныхны сонголтоос болж, хазарууд шиа шашинд орсон юм. Хазар нутагт Цагаадай гэдэг хот байдаг гэсэн.

Эртний овог аймгийн бүтцээ хадгалсан. Боржигин, Бэсүд, Барлас, Жалайр, Жадран, Найман, Хасар, Тулуй хаан, Нэгүдэр, Чахар, Хулбарс, Харбаатар, Их Чонон, Аймаг, Болод гээд, 40 гаруй овог аймаг дотор нь монгол овог аймаг цөөнгүй байна. Тэдгээр нь илүү монголлиг ч байдаг шиг. Гэхдээ үүгээр ялгаварлан үзэж болохгүй мэт. Ташрамд, хазарууд овог аймгаараа тархай бутархайдуу байсан нь ялагдал, эмгэнэлийн шалтгаан болж асан. Одоо ч эргэн тойрны бусад шигээ эв нэгдэлтэй болж чадаагүй.

Хэлний хувьд тэд пэрсэжсэн. Үгсийн сангийнх нь 10-15 хувийг монгол үгс эзэлнэ гэх ойлголт байсан бол, энд ирсэн хазар оюутнууд 20-30 хувь шиг байна гэж буй билээ. Оюутан Аббас Даяар (энд ирээд Даяар гэх монгол овог авсан) “хүний биеийн эд эрхтэн, хэсэг бүрийг манайхан монголоор хэлдгийг энд ирээд мэдлээ” гээд бидэнд нэрлэн тоочиж байсан. Хазар, монгол хэлийг харьцуулан шинжилбээс, тун сонирхолтой судалгаа гарна бий вий.

Абу, абга, агай (авгай), алгаа (алга), баатар, була (бүл), габчи (хавчих), гачар (хацар), гижий (гилжийх), гоол (гол), горияа (хороо), дала, көнжила, котоо (хотон), корууд (хурууд), нилга (нялх), нома, нагаци, оочи (оочих), сандал, таяаг, толгай, украа (ухархай), улаан, улус, хабиргаа, хайру (хайр), хайчи, хатуу (хатан), хориях (хорих буюу уулс), хурхуйр (хурхирах), чабчи (цавчих), чигэн (цээж), чимкхи (чимхэх), шигай, элчи, яаса (ёс) гээд л хазараги хэлэн дэх олон монгол үгийг дурдаж болох байна.

Хазарууд урьд нүүдлийн МАА голлон эрхэлж байхдаа гэрт амьдардаг, манайхтай их ойролцоо ахуйтай байжээ. Хожим уулархаг нутагт шахагдсан тул, суурьших болж зан заншил, уламжлал нь ихээхэн өвөрдсөн аж. Гэхдээ биднийхтэй ойролцоо зүйл багагүй. Цагаан идээнд дуртай, шагай наадна, есийн тоог эрхэмлэн бэлгэшээнэ гээд л.

Хамгийн гол нь эрийн гурван наадам хийдэг аж. Цээж нүцгэн, өмдтэйгээр барилдана. Афганистаны бөхийн шигшээг тэд л бүрдүүлдэг. Ташрамд, Дэлхийн монгол туургатны бөхийн холбоо маань хазаруудыг үйл ажиллагаандаа татан оролцуулах нь зүйтэй байна. Монгол түмнүүдийг дуртай спорт бөхөөр нь нэгтгэн нягтруулна гэдэг тун зөв үүсгэл санаачлага юм.

Хазарууд мөн морь, тэмээгээр уралдаж, буудаж (саяхан болтол харвадаг байжээ) цэц мэргээ сорьдог. ММХI.I.XXIV





4. Чингис хаан хазар нутагт Чанчун Бумбатай сэцлэн өвөлжсөн



Манай төр “за” л гэвэл хазарчууд ирэхэд бэлэн байна



XIX зууны төгсгөл, ХХ зууны эхээр эрдэмтэн Бартольд, Владимирцов, Рамстэдт, Габлэнц нар Афганистанд иранжсан монголчууд байна гэж удаа дараалан мэдэгдсэн юм. Чухам хазаруудын талаар дэлхий даяар тэгэхэд л мэдсэн юм шүү. Энэ нь моголчуудын талаарх асуудал биш. Могол бол монгол гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тэр үед монгол хэлээр ярьж байсан ч гэдэг.

Тэдгээр эрдэмтдийн таньж мэдэж байх үед хазаруудад монгол шинж өнөөг бодвол хавьгүй их байжээ. Харин 100 жилийн харгислал хэрцгийлэл монгол шинжийг нь нэлээн алдагдуулсан.

Зөвлөлт улс үүсэн байгуулагдсан үеэсээ л Афганистаны дотоод хэрэгт зүй бусаар маш их оролцож, хутгалдаж ирсэн ч, хазаруудын тухай бүх мэдээллийг нуун дарагдуулж байв. Янз бүрийн шалтгаан байсны нэг нь панмонголизм юм. Монголчуудаас ялангуяа онцгой нууцалж байв шүү. “Большая советская энциклопедия”-гийн олон ботийг нэвтэрхий уншсан хүн л хазарууд монгол гаралтай ард түмэн гэсэн үгүүлбэрийг олж үзэх, ганц л боломж байсан гэхэд хилсдэхгүй.

Судлаач Бэсүд Ч.Эрдэнэ Монголоос өмнө зүг рүү (Афганистан руу гэхэд болно) хүн зон нүүдэллэдэг уламжлал эрт дээр үеэс байсан гэдэг. Афганистан тивийн эрс тэс уур амьсгалтай тул манайханд зохистой байсан байж болох, өөр ч олон шалтгаан буй байх л даа.

Чингис хаан Хазарт очиж байсан гэж бодном. Кабулаас хойхно, Гиндүкүшийн бэлд Чанчун бумбатай сэцлэн өвөлжсөн шүү дээ. Кабул ч, Кабулын ойр хавь ч хазаруудын нутаг. Магадгүй төрөл садан түмэн болохоор нь, чухам тэдний дунд өвөлжсөн байж болох.

Төмөр хааны ач, Их Монгол (Могол) улсыг үндэслэгч Барс хаан Кабулыг гүрнийхээ нийслэл болгож асан (Ташрамд түүнийг пакистанчууд үндэсний баатраа гэж тооцдог агаад, саяхан холын тусгалт пуужингаа “Бабур” гэж нэрлэсэн). Хазаруудын дунд, хойд зүгт маш дайчин хүчирхэг садан төрөл, ахан дүүс маань байдаг гэх ойлголт эртнээс төлөвшиж иржээ.

“Монголчууд биднээс гаралтай” гэх үзэл ч зарим хазаруудын дунд байдаг гэнэ (Манийгаа монгол хазар ч гэдэг юм байх). Манай нэг судлаач: “Одоогийн Афганистан улс оршин байгаа тэр нутгаас наашаа, Монгол нутаг руу чиглэсэн соёлын хэд хэдэн давалгаа байсан юм. Энэ бол бурхны шашин хамгийн анх дэлгэрсэн газар” гэж үгүүлсэн байдаг. Сонин сонин зүйл ч их байна шүү.

Зарим хазар улс төрч “бид Монголтой ямар ч хамаагүй, эндхийн уугуул биеэ даасан ард түмэн” гэдэг нь юуны өмнө гэноцидээс сэргийлэх арга хэмжээ гэнэ. Хилийн чанадад очих, монгол хүнтэй уулзах зэрэг үед, дороо тэр байр суурь нь өөрчлөгддөг гэнэ билээ.

ДНХ-ийн судалгаагаар хазар, монголчууд маш ойр, нэг ард түмэн гэж болохоор дүн гарсан.

1979 оноос хойш ЗХУ капитализмыг алгассан Монголын туршлага гээчийг Афганистанд их сурталчилж, тэр талаархи ном товхимол, Ю.Цэдэнбалын түүврийг хэвлэж, түгээж байв. Монголын тусламж гээд жаал жуул юм ч очно.

Хазаруудаас Монголын талаар нуух боломж байсангүй. Ямар “та нар капитализмыг алгасч болохгүй” гэлтэй нь биш. Зөвлөлтөд суралцсан хазарууд Монгол орны талаар мэдлэгтэй болоод ирнэ. Афганд алба хаасан халимаг, буриадууд ч хазаруудад монгол яс угсаа, Монгол орны тухай ярьж өгнө.

Энэ бүхнээс болоод хазаруудад Монгол гэдэг капитализмаас ч дээгүүр өндөр хөгжилтэй улс орон байдаг, тэнд ахан дүүс маань бий гэх ойлголт төржээ. Гэвч Монгол-Хазарын харилцаанд зөвлөлт “нөхөд” саад учруулж байсан юм.

80-аад онд Афганистаны нам засгийн төлөөлөгчид Монголд айлчлав. Намын дарга ¹1 хүн Б.Кармаль ёс ёмбогор, төр төмбөгөр гэгчээр албархаж явахад, ерөнхий сайд буюу ¹2 хүн Султан Али Кэштманд маш элгэмсүү дотно байдал гаргаж, дээл өмсөх, сур харвах, морь унах зэрэгт нэн дуртай хандаж, түүх соёлыг маань ихэд сонирхож, монголчуудын дунд ороод л бужигнуулаад байсан гэдэг. Тэгэхдээ би монгол хүн, харин хэнд ч битгий хэлээрэй гэж шивнэж амжсан гэдэг. Хазаруудыг Афганд нь ч хавчдаг, зөвлөлтийн зөвлөгч нар ч Монголд очоод хазар мазар гэж ам ангайваа гэж хатуу анхааруулсан болохоор тэгээ биз ээ.

Талибын дарлалын дараа Монголын дипломат Кабулд очиход хазар хүн үйлчлэн явж, танил талаараа дамжуулан дэд ерөнхийлөгчтэйгээ ч уулзуулжээ. Харин тэр хүн “Биднийг түмэн зовлон үзэж байхад ахан дүүс монголчууд туслаагүй. Бидэнд хэн ч тусалдаггүй” гэж дахин дахин гомдоллож байсан гэнэ.

Манай дипломат, тусламж гэж эм тариа, хөнжил гудас гэхчилэн зүйлийг авчирсан байж. Өөрөө ч монгол туургатанд элэгтэй хүн. Санаа зовсондоо болоод “Манайх өөрсдөө их бэрхшээлтэй байдаг. Харин одооноос чадах чинээгээрээ туслаж байх болно. Үүнийг та нарт авчирсан юм” гээд хазаруудад тусламжаа өгчихсөн гэнэ. Цаадуул нь ч жигтэйхэн их баярлажээ.

Монголын их бууны багш нарт ч хазарууд тиймэрхүү зүйл ярьдаг аж. Тэд монголчуудыг өөрсөдтэйгээ адил гэж төсөөлдөг, Монгол улсыг жаргалын орон гэж боддог гэнэм.

“Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн Санчирмаа: “Афганы хазаруудын дийлэнх нь өөрсдийгөө монгол гэж үздэг. Зарим нь “Би монгол, Чингисийн хойчис” гэнэ. Зарим нь “Бид та нартай төрөл саднаасаа болж, олон үеэрээ адлагдаж зовж байна” гэж гомдоллодог. Монголтой холбоотой үг дуугарахаас ч эмээх хазар бий. Нэлээд хэдэн хазар айлд би очиж байсан. Намайг очихлоор эмэгтэйчүүд нь гивлүүрээ аваад “бид адилхан монголчууд” гээд жаргал зовлонгоо ярьж, уйлдаг байв. Уг нь, Афганистанд гадны хүний дэргэд гивлүүрээ авах байтугай, гэрт нь очиход хоол цай зөөхөөс бусдаар үзэгдэх ёсгүй” гэж ярьсан.

Сэтгүүлч Н.Болормаа Пакистаны хазаруудтай нэлээд уулзаж харилцсан нэгэн. Тэд харин монгол үүсэл гарлаа чөлөөтэй, бахдалтай ярьж, Монголтой өргөн харилцах боломжийг их сонирхож байжээ. Тэндхийн цэргийнхэн дунд хазарууд байр суурь сайтай аж. Энэтхэгтэй дайтахад пакистаны армийг Мохаммэд Муса Хан гэдэг хазар хүн командалж ( жанжин штабын дарга ) явж. Өдгөө нисэх хүчний маршал нь Шарбат Чангази (Чингис) гэдэг хазар хүн.

Тэрбээр монгол гарал үүслээ мэдэж мэдрэн, Чингис гэдэг овог авчээ. Ер нь Пакистаны хазаруудын дунд монголын үзэл санаа дэлгэрч, монгол овог нэр авах явдал цөөнгүй болж. Тиймээс ч Н.Болормааг очиход нэр нөлөөтэй хүмүүс нь хөл хөөрцөг болон уулзаж, бүр хазар-монголын харилцааны талаар тусгай хурал зохион байгуулжээ.

Ш.Чангази тодорхой хэмжээнд судалж үзээд Монголын азарга (хазараар азарги) гэх үгнээс хазар (хэлийг нь хазараги гэдэг) үүссэн байж магад гэх хувийн таамгаа дэвшүүлсэн аж. Тэр, Монголд өөрөө ч очмоор байна, олон хазаруудыг ч аваачмаар байна, даанч визний асуудал хүндрэлтэй байх юм, хазарууд олонтой газар консулын газраа нээгээч ээ гэж хэлж байжээ.

Монголд очиж суурьшин амьдрах хүсэлтэй хазар хүн ч олон агаад, даанч хэрхэн хэрэгжүүлэх талаарх мэдээллийг хаанаас ч олж авч чаддаггүй аж. Пакистаны хазаруудын нэгэн удирдагч Сардар ч хазарууд Монголд суурьших асуудлыг хөндөн дэвшүүлжээ. Тэнд Хазар монгол залуусын байгууллага (Organisation of Youth Hazara Mongols) гэдэг монгол чигтэй байгууллага үүсчээ. Монголын төр л “За” гэвэл, ахан дүү хазарууд ирэхэд бэлэн байна шүү.

Амэрик, Австралийн хазарууд монголчуудтай тун найрсаг харилцаатай, баярууддаа бие биенээ урьдаг, уулзалт, ярилцлага зохион байгуулдаг юм билээ. АНУ-д ажиллаж амьдардаг нэг монгол залууг паштун хүн хазар гэж эндүүрээд, сурсан зангаараа дарлаж дээрэлхэх гэжээ. Харин манай иргэн болохыг мэдээд хулхи нь буусан агаад, удалгүй монгол залуу өөрөөс нь дээгүүр шатанд гарч дэвшихэд бүр шалдаа буусан гэдэг.

“Монгол үндэстний сүлжээ” хэмээх сайтад хазар залуус хандан, монголчуудтай харилцаж, хэлэлцэж байдаг.

Ташрамд, манай дарга нар чинь үндэсний нарийн мэдрэмжтэй юм байна шүү. Афганы хазаруудын монгол цустайг олж мэдчихээд, виз миз ч олгодоггүй, арай гэж ирэхэд нь бүх ажлыг нь нураагаад, хөөгөөд явуулдаг гэнэ билээ. Тэгсэн атлаа, монгол л биш бол хэнтэй ч сүжирнэ шүү. Хазар монголчуудыг харгислагч ерөнхийлөгч Карзайгаас манай нэг өндөрлөг маань салж хагацаж өгөхгүй л, хэлхэлдээд явсан тал бий. Тэгээд бас тэр хурал нь Эвсэлд үл нэгдсэн орнуудын ч билүү, манай улс оролцох ёсгүй хурал байж таараад, онигоо болоод байсан санагдана.

Хазарууд Монголд аялал, ажлаар их ирэх болжээ. Үндэсний хөдөлгөөнийх нь нэг нэрт зүтгэлтэн зун Дэлхийн монголчуудын холбооны даргатай уулзах гэхчлэн баахан чухал ажил төлөвлөж ирсний ихэнх нь бүтээгүй. Ахин ирээд ч мөн адил. Монголоос мах авах гэсэн хазаруудыг дарга нар маань бас мухардуулсан. Өвөр монгол, түвдүүдийг даралцдаг манай эрх баригчдад хазаруудыг дарах шинэ ажил гарч ирсэн бололтой. Хэвлэл мэдээллээр хазарын эсрэг кампани өрнүүлээд эхэлсэн бөгөөд, бүр сэтгүүлийн тусгай дугаар гаргасныг нь хазарын хүндэт зочин бариад явж байхаар нь ичсэн ч, жигшсэн ч.

Эх оронч сэтгэлтэй монголчууд маань найман хазар оюутныг Монголд сургах ажлыг зохион байгуулсан нь үнэхээр сайшаалтай. Эхний гурван оюутан эссэний уралдаанд ялж, сурах эрхийг олсон. Уралдаан ч их өрсөлдөөнтэй болсон гэнэ билээ. Монгол-Хазарын хэлхээ холбоог хэр мэдэх вэ гэсэн чигтэй эссэ бичих байж л дээ. Тэр гурвын ярианаас эшлэсү.

Захра: “Монголд харь оронд байгаа гэх сэтгэгдэл огт төрдөггүй. Бээжингийн олимпод монголчууд 4 мэдал авахад би маш их баярлаж байсан” гэжээ.

Магдад: “Би монгол угсаа гарвальтайгаа ойлгосон нэгэн. Хэлээ сайжруулах гээд огт нутаг буцахгүй байгаа. Энд л эрх чөлөөг мэдэрч байна, монгол туургатан гэдгээрээ ч бахархаж байна. Дэлхийд 10 сая хазар байдаг, найм нь Афганистанд буй, Кабулын хүн амын 60 хувь нь хазар. Иранд нэг сая хазар байдаг, тэд расист, апартэид бодлоготой улсуудад нэгрүүд ямар байдаг в, тиймэрхүү л байдалтай байдаг” гэжээ.

Гулам: “Эх орондоо л ирэх мэт мэдрэмж төрсөн. Монгол хазаруудад адил төстэй зүйл ямар их болохыг хараад өдөр бүр л дуу алдаж явдаг. Хазар бид өөрсдийгөө монгол угсаатай л гэж ярьцгааж байдаг. Монголын энхийг сахиулагчид очиход, ахан дүүс маань хамгаалахаар ирэв гэж хазарчууд маш их баярласан. Миний бие монгол бүсгүйтэй гэрлэж, Монголд амьдрахыг үгүйсгэхгүй” гэжээ.

Дэлхийн хамгийн их зовж зүдэрсэн ард түмний нэг болох хазарчууд хойд зүг рүү, дэлхийг тэжээж буй ахан дүүс рүүгээ саравчлан харсаар суунам. ММХI.I.XXVI





5. Хазарчууд гагцхүү Монголд л аз жаргалтай байна хэмээн итгэдэг



Паштун нь монголын баатар гэх үгнээс үүссэн



Хазар түмний зовлон паштун гэх нүүдэлчид Пакистанаас уулгалан ирэх болсноос үүдэлтэй. Тэдгээр нь казак, чэчэн зэрэг шиг их дайчин, цэрэг-ард түмэн болой. Паштун-валай гэх үндэснийх нь гол бахархал, баримтлал буй, сайн дайчин болох, дайтах байлдах, баатарлагаар эрсдэхийг хамгийн их буян, гайхамшиг гэнэ. Паштун нь уг нь пахтун гэх нэр агаад, бахадур буюу монголын баатар гэх үгээс гаралтай. Юм гэдэг ийм л сонин.

Барс (Бабур), Жахангир зэрэг Их Монгол (Могул, Могол)-ын хаад паштунуудыг дарж номхруулж асан нь угийн расист тэдний монгол төрхтнийг хялайдаг авирыг нь улам гааруулж өгсөн гэх.

Бараг бүхлээрээ хазаруудын нутаг асан Афганистанд орж ирэхдээ эхнээсээ л тэднийг устгах зорилго тавьж байжээ. Үүний тулд тажик, үзбэк, балуч нартай холбооцож, шанд нь газар нутаг, элдэв зүйлийг амлаж, хазаруудыг бүсэлж аваад, шахан түрсэн аж (Дост Мухаммэд Хан).

1880 оноос Абдуррахман гэдэг паштун хаан хазарын эсрэг өргөн түрэмгийлэл, харгислал үйлдсэн. 1893 он хүртэл хазарын гурван том бослого гарсан агаад, давуу хүчинд бүслэгдсэн, шашны ариун дайнд оролцож буй гэдэгтээ итгэн улайрсан хийрхэгчдийн довтолгоонд өртсөн тул дарагдаж, хайр найргүй хөнөөгдөн хэрцгийлүүлж байв. Үр дүнд нь, нийт хүн ам нь 60 хувиар цөөрсөн бөгөөд, одоо л тэр үеийн тоондоо хүрч буй ч гэдэг. Монгол туургатны түүхэнд, Манж Чингийн үйлдсэн Ойрадын, Зөвлөлтийн үйлдсэн Халимагийн, Паштуны үйлдсэн Хазарын гэх гурван хамгийн аймшигт гэноцид тохиолдсон юм.

Тэрхэн үед зэрэгцсэн, Түркийн үйлдсэн армяны гэноцидийг дэлхий даяар зэмлэн буруушааж, хэрэв үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй бол наад зах нь Европын холбоонд элсүүлэхгүй, цаашлаад хатуу чанга арга хэмжээнүүдийг авна хэмээн чичрүүлсээр ирсэн. Гэноцид бол дэлхийн дайн өдөөсөнтэй эн зэрэгцэх шахуу, хүн төрөлхтний эсрэг хамгийн том гэмт хэргүүдийн нэг юм. Үүний төлөө улс үндэстнээрээ хариуцлага хүлээж, гэноцидийн үр дагаврыг арилгахын төлөө асар их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог. Хэрэв гэноцид тохиогоогүй бол ямар байх байсан, тийм байдалд тухайн ард түмнийг аваачин, гэмт хэргийнхээ хор хөнөөлийг арилгахад чиглэсэн үйл хэрэг өрнүүлэх болдог билээ. Тийм ч учраас эдийн засгийн хувьд ч, ёс суртахууны хувьд ч дунд зэргийн хөгжилтэй улс болох Түрк гэноцидийг зөвшөөрөхгүй хэмээн гүрийж ирсэн бол, бусад улсууд армянуудад ихээр тусалдаг.

Энэн шиг л дэлхий нийтээр хазарын гэноцидийг хүлээн зөвшөөрч, буруутнуудыг яллан шүүх хэрэгтэй байна. Ерөөс хүн төрөлхтөн монгол туургатны цуврал гэноцидийг хүлээн зөвшөөрөхгүй аваас хүн төрлийнхөө хувьд ч шившиг, гутамшиг болж, хүн бус, хүн дүрст бичнүүд гэж өөрсдийгөө харин хүлээн зөвшөөрч, хүний эрх хэмжээнээсээ татгалзахад хүрэх юм шүү дээ.

Миний бие, Гэноцидийн (хүйтөрөлгүйтгэл, төрөлгүйтгэл) тухай хуулийн төслийг санаачилж, монгол туургатныг устгаж ирсэн харийн үйл ажиллагаануудыг манай төр гэноцид гэж зөвшөөрөх, бусдаар зөвшөөрүүлэх гэж чармайх учиртай хэмээсэн. Энэ нь бусад улстай дайсагнах бус, ойлголцох, найрамдахын тулд хийгдэх ажил юм.

Монгол улс маань бүхий туургатны гэноцидийг бүрнээр бус гэхэд, хэсэгчлэн хүлээн зөвшөөрч болно. Хазарын гэноцидийг хүлээн зөвшөөрвөл (уг нь энэ бол сайн дурын үүсгэл санаачилга бус, нэгдсэн үндэстнүүдийн өмнө хүлээсэн, шударга ёсыг эрхэмлэн дээдлэхэд чиглэсэн үүрэг) энэ алхмыг хийсэн анхны орон болно. Дотоодын болон, гадаадын тавцнаа өрнүүлэх шударга ёсны аяны эхлэл ч болно оо!



Монгол гэдэг нэг нэр…



Абдуррахманы (Абдул Рахман, Абд-аль-Рахман) үед аллагаас гадна төрөл бүрийн харгислал гаарч байв. Хазаруудыг боол-ард түмэн гэж зарлаж, чөлөөтэй худалдаж дарлана. Хүзүүнд нь тусгай доромжилсон хонх зүүхийг зарлигдаж байсан. Найман эр хүйстэн бүрээс нэг цэрэг гарга, бусад нь бүх зардлыг нь даа, үхвэл тэр наймтаасаа нөх гэнэ. Торгуулийн батальоныхоо ч өмнө бамбай болгох, сапёрын алба хаалгах, дайсныхаа анхаарлыг хүссэн зүг рүүгээ чиглүүлэх амьд бай болгох гээд л аль болохоор л үхүүлэх арга сүвэгчилнэ. Өндөр татвар оногдуулж, төлөхгүй бол газар, өмчийг булаана. Хөөж туун, дүрвүүлнэ. Эмс охидыг дураар хүчиндэн доромжилно. Алж тамлахыг бодвол энэ нь арай гайгүй хэрэг мэт зарим хүнд санагдаж болзошгүй. Тэгвэл эр нөхөр нь ч хардаггүй, хүрдэггүй шахуу ёстой газарт бол аймшгийн дээд бөгөөд, тийм доромжлолын дараа олон эмэгтэй амиа хорлодог, солиорч галзуурдаг байжээ.

1919 онд Аманулла аллага, боолчлол, хүчирхийллийг зогсоосон ч паштунчлах, сунначлах бодлогыг хүчтэй явуулсан тул хазарын бослого дэгдэж, нухчин дарагдаж байв. Мангал, жадран зэрэг овог аймгийнхан бослогыг толгойлсон. Мангал нь монгол гэх үгнээс гаралтай байж болзошгүй гэдэг.

Хабибулла хаан, Надир шах, Закир шахын үед ч апартэид бодлого үргэлжилсэн. Закир шах (Монгол улсад айлчилж асан) хазаруудаас авах татварыг ялгаварлаж гадуурхан нэмэгдүүлж, арван малаас нэгийг гэж тооцоолон хураамжлах, гэр бүл бүрээс 70 кг тос, бас хазар угсааны тусгай татвар авах зэргээр ихэд доройтуулсан тул, том бослого гаргасан. Далим олдов хэмээн үлэмж хэрцгийлэн дарж, үндэсний мужийг (газар нутгаараа Афгандаа нэгдүгээрт орж байв) нь цуцалж, нийслэлийг нь юу ч үгүй болтол сөнөөсөн.

Зөвлөлт, тажикийн ноёрхлын үед ч хазаруудыг онцгойлон хавчиж байсан. 1993 онд Раббани, Масуд нар 24 цагийн турш хазаруудыг алж хядаж байв.

Гэтэл түүхийн тавцнаа паштуны хонзогногч талибан гэх хүч гарч ирлээ. Тажикийн алсын хараагүй удирдагчид тэдэнд хүчээ нэгтгэн хазартай тэмцье гэх санал тавьж, хамтран ажилласан. Баруун Кабулд үйлдсэн харгислалд нь мянга мянган хазар хүн эрсдэв. Талибууд тажикуудыг ялсныхаа дараа, хазарчуудыг устгах нь нэг гол зорилго хэмээн, хэрэгжүүлж эхлэв.

Тэд тажикийн хүч ухарсны дараа хоёр удаа эмэгтэйчүүдийг нь олноор нь доромжилсон, хөнөөсөн хэрэг өдөөсөн гэж их яригддаг. Тажикууд ч үүнийг хэзээ ч өршөөхгүй хэмээн өсөрхөж байдаг. Тэгвэл хазаруудын эсрэг, бүх талаараа өчнөөн дахин илүү гэмт хэргүүдийг үйлдэж асан. Мазари-Шариф-д 1997 онд 15 мянга, 1998 онд найман мянган хазар хүнийг хүйс тэмтрэв. 1998 онд Бамиянд, 2000 онд Робатакид, 2001 онд Якауланг-д олон хазар хүнийг бөөнөөр нь алж байжээ.

Хазаруудад яс үндсийг нь “монгол” гэж бичсэн паспорт олгосон агаад харамсалтай нь энэ нь харгислуулахыг нь гэрчилсэн баримт бичиг болж байв. Монгол гэсэн нэрээс болж, өчиггүй алуулж зүйл бүрээр тамлуулж, дарлуулж байна гэдэг…!

Эртнээс нааш хазарчуудыг хоолойг нь хэрчих, цавчих, модноос дүүжлэх, автомат пулемётоор шүрших, дэлбэлэх, галдан түймэрдэх, морь малаар татуулж тасчуулах, тэлж уян хатаах, өлсгөлөн нохдод идүүлэх, том төмөр дээр хэвтүүлэн шарах, улайссан чулуугаар төөнөх, битүү газар хийж бүтээх зэргээр бөөнөөр нь хөнөөж байв. Хазар хүнийг их зовоох тусам буян болно гэдэг байсан учраас л бүгдийг нь толгой дараалан алж дуусгачихаагүй байгаа юм шүү.

Харгис язгууртныг хөнөөсөн Малик баатрын гар, хөл, хэл, уруул, чих, хамар, зовхийг огтлон үзэшгүй муухайгаар тамлан нөгчүүлжээ. Эмэгтэйчүүдийг хүчиндэж, хүүхдүүдийг зодож ална. Нэгэн хааны үеэл, хазар удирдагчийн эхнэрийг 33 цэрэгтэй ирж, харгис хэрцгий авирлан хүчиндэж үхүүлжээ.

Тариалан, хүнс, байшинг нь шатаах, хүнд хэцүү нөхцөлд ажиллуулах, эмнэлгийн тусламжгүй болгох зэргээр ч амьдрах аргагүй болгоно. Энэ бүх зовлон тарчлангийн шалтгаан нь монгол цусыг үзэн ядахаас л үүдэж шүү дээ!



Паштун байхгүй газарт буюу, Монголд л хазарууд жаргана



Хазарууд Афганы харъяанд орсноос хойш боолын боол, босгоны зарц л байж иржээ. Паштун нар “Хазар болж төрснөөс, илжиг болж төрсөн нь дээр. Илжгийг эзэн нь тэжээнэ, нөмөр нөөлөг нь болно. Хазар хүнд ямар ч аврал байхгүй. Илжиг үхэхэд эзэн нь харуусна, хазар үхэхэд хэн ч харуусахгүй шүү дээ. Бурхан илжгийг бүтээхэд хазар хүн гашуудсан гэдэг, учир нь хийх ажилгүй, амьдрах аргагүй болсон” гэхчлэн ярилцдаг гэнэ.

Паштун, хазарын хооронд гагцхүү эзэн, боол гэсэн л харилцаа байсан, одоо ч байдал төдийлөн өөрчлөгдөөгүй гэнэм. Боолын худалдааны үед хазар хүн илжигнээс хямд байсан агаад, унаад явж болохгүй, өвс идэхгүй энэ яршигтай амьтан хямдхан байхаас ч биш яахав гэлцдэг байж. Хямд тул хазаруудыг олноор нь худалдан авч, үхтэл нь, өлбөртөл нь боолчилж дуусгачихаад л, дахиад хэдийг л бол хэдийг авдаг байж дээ.

“Машины осолд хазар хүн өртвөл огт тоодоггүй. Өнөөдөр Афганы боловсролгүй, ажилгүй, орон гэргүйчүүдийн ихэнх нь цөөнх хазарчууд” гэж судлаач Санчирмаа ярьсан. Талибын дэглэм унаснаас хойш 200 гаруй хазар хүн яс үндсээсээ болж алагдсан агаад, ихэнх нь сүүлийн хоёр жилд эрсэдсэн, онцлог нь аль сайн сайхныг нь сонгож хорлодог болсон. Хазарын ардчилсан намын дарга Али Юсүфи, сайд, дэпутат Саед Касими нарыг хөнөөсөн нь их шуугиан дэгдээж байсан.

Абдуррахманы гэноцидийн үеэс хазарууд олноороо Иран, Пакистан руу дүрвэсэн. Ираны хазарууд апартэидийн үеийн ӨАБНУ-ын хар арьстнууд шиг л хавчигдан гадуурхагддаг агаад, Иран-Иракийн дайнд тэднийг амьд бамбай, “их бууны мах” болгож байжээ. Пакистанд маш олон (Афганыхаас ч хавьгүй олон шүү дээ, Британи нутгийг нь эзлээд Энэтхэг колонидоо нэгтгэчихсэнээс үүдэлтэй) паштун байх агаад хазаруудтай үргэлж тэмцэлдэнэ. Амэрикад хүртэл эд хоорондоо зөрчилдөж, хазарууд болгоомжлон, яс үндсээ нууж явдаг гэсэн. Паштун байхгүй газарт л тэд сая уужим амьсгаа авна (Тэр нь Монгол л юм даа).

Өнөөдөр Афганистанд, хазар түмнийг ялгаварлан гадуурхах дэлхийд хосгүй шахуу үндэсний дарлал оршиж байхад, ардчилал, хүний эрхийг дээдлэгч гэх өрнөдийн гүрнүүд нүдэн балай, чихэн дүлий оргин суугаа нь хачирхалтай. Монголыг эс мэдэхүй, үгүйсгэхүй гэж бүр өвчин байдаг гэлтэй. Хилийн чанадын болон манай орны монголчууд эрх нь зөрчигдөж, төрөл бүрийн дарангуйлал, төрөлгүйтгэлд өртөж байхад ч мөн чингэдэг. Хазарын нөхцөл байдал хамгийн хүнд нь болой. Өдгөө дэлхий даяар, урьд ӨАБНУ-ын апартэидийг эн тэргүүний асуудлуудын тоонд оруулан шүүмжилдэг, буруутгадаг байсан шигээ л түүнд хандах ёстой.

Саявтар паштуны күчи омгийнхон хазарууд руу халдан довтолсон цуст хэрэг гарсан. Газар нутгийг нь булааж шахах уламжлалаа л аанай үргэлжүүлж буй нь тэр. Ерөнхийлөгч, паштун Карзай тэдэнд зэвсэг, мөнгөөр тусалсан гэнэ. Өрнөдийнхөн хүлцээд л өнгөрөв. Өөрсдийг нь түшиглэх гэж тал засч буйг нь мэдээд зарим улс төрч бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр авирлах болсон. Дэд ерөнхийлөгч Зиа Ахмад Масуд нь 52 сая долларын авлига авах явцыг америкчууд мэдээд бүр top secret болгон нууцалж, толгойг нь илэв гэнэ шүү…

Хазарчуудад үнэхээр ямар ч нөмөр нөөлөг байх ёсгүй юм гэж үү? ММХI.I.XXXI





6. Хазарууд дорно зүгээс морьтон баатрууд ирж аварна гэж итгэдэг



Хазар нь хязгаар гэх монгол үгнээс гаралтай



Хазаруудын үндэсний далбаан дээрх бэлгэдэл дүрс соёмботой маань төстэй гэмээр, нүдэнд дулаахан харагддаг юм (цэнхэр дэвсгэр дээр шараар байдгийг ч хэлэх үү). Зарим хүн, хазар нь пэрсийн хэзара-гаас бус, монголын хязгаар, газар зэрэг үгнээс үүссэн ч гэдэг. Газрыг хазар хэлэнд хазар (угсаатны нэршил нь хазара гэж ялгагдах юм болов уу) гэдэг хэмээн бичсэнийг үзсэн.

Шовинист удирдагчид өдгөөгийн Хазар нутагт орчин үеийн соёл, боловсрол, эдийн засаг, шинжлэх ухаан-тэхник юу ч байхгүй гэхээр болгожээ. Бичиг үсэггүйдэл хавтгай. Өвчин зовлон, ядуурал дүрвэгч, хямрал, сүйрэл, нийгмийн сөрөг үзэгдэл бүгд л тэнд байна. Бараг Дундад зууны төвшний Афганистан дахь хамгийн дарлагдсан, сүйрсэн, бөглүү хэсэг нь гэхээр ямар байхав. Гэрэл цахилгаан, засмал зам, холбоо харилцаа гээд наад захын бүтэц ч ховор зэвэр. Талибийн дараахи цаг үед Афганистанд улс орноо сэргээн босгох, хөгжүүлэх ажил нэлээд хийгдсэн, гадаадын тусламж ч их ирсэн. Тэр бүгд нь хазаруудыг тойрно.

Бурангуй талибчууд түлхэн унагагдсаны дараа, Афганистаны дэд ерөнхийлөгч нь А.Халили гэх хазар хүн болж, парламэнтынх нь 20 хувийг хазарын төлөөлөл эзэлж, Афганистаны анхны сайд ( Сима Самар ), анхны мужийн захирагч эмэгтэйгээр хазар улс төрчид тодорч асан нь даруй эсрэг нөхцөл байдлаар солигдсон. Х.Карзай талибуудыг болон лидэрүүдийг нь эвлэрье, эвсье, бодлогоо зохицуулан уялдуулж, хамтран ажиллацгаая гэж уриалсан. НҮБ дахи АНУ-ын элчин Залмай Хализад гэж (паштун хүн) хазарын асуудлыг нуун дарагдуулдаг, өөрийгөө заримдаа Паштунистаны элчин гэж андуурчихдаг нэгэн гарав гэнэ.

Өнөөдөр Афганистаны паштун, тажик, үзбэк, балуч нарыг хилийн чанадын угсаа нэгтнүүд нь (паштунчуудыг бол дэлхий дахин, Монгол улс ч гэсэн) дэмждэг. 42 сая паштуны (дорнод паштунчууд болон пэрсүүд пахтун гэдэг) 12 сая нь, 22 сая тажикийн 8, 29 сая үзбэкийн 3, 9 сая балучийн 0.6 сая нь л Афганистанд байдаг.

Зарим хүн, хазарчуудыг шашин нэгт Иранаас их тусламж дэмжлэг авдаг, бидний анхаарал халамж хэрэггүй гэж үздэг юм билээ. Тэхраны үе үеийн ноёлогчид Афганистаныг хагалж бутаргаж, нөлөөний хүрээгээ бэхжүүлэх л гэж “хазарыг дэмжнээ” гэж чанга дуугардаг гэнэ. Ингэхлээр бусад нь, тэрс номтон Ирантай сүлбээцэлдэв гээд буруутгадаг, гэтэл баруун хөрш нь тэднийг хазаруудын эсрэг л турхирч суудаг аж. Өөрсдөө бол, арьсны үзэлтэйн тул хазар “нөхдөө” дорд гаралтай хэмээн хялайдаг. Өрнөдийн орнуудад л расизм байсан, тэр нь дарагдсан гэж санах нь буруу. Лалын ертөнцөд расизм, апартэид түгээмэл бөгөөд, биесээ жинхэнэ арийчууд гэх Иранд (арийг пэрсээр иран, энэтхэгээр харян гэдэг) ямар төвшинд орших нь ойлгомжтой. Хитлэр бараг албан ёсоор бахархан дууриах шүтээнийх нь тоонд багтдаг орнуудын нэг болох Иранд, манай аугаа арийн соёл хөгжлийг танай монголчууд л ганц балласан гээд басхүү хазаруудыг буруутгана.

Пакистан бол хазаруудынхаа тоогоор гуравдугаарт ордог. Гэтэл тэд Квэтта хот, орчмынх нь нутгуудад голлон суух агаад, түүхэн сөргөлдөгч паштун (Пакистанд 28 сая), балуч нарын дунд хаданд хавчигдсан халиуны зулзага шиг байдаг. Энгүй мэт орчлонд гишгэх газаргүй л болсон хүмүүс юм.

Афганистанд та нар монгол гээд харааж зүхэх атлаа, монгол мөн чанарыг нь арилгах устгахын төлөө бүх боломжийг ашиглаж ирсэн. Хазаруудын дунд, дорно зүгээс морьтон баатрууд ирж биднийг аварна, эрх чөлөө өгнө гэх домог амь бөхтэй хадгалагдан үлдсэн ажээ. Манай энхийг сахиулагчид Афганд очиход домог биелэх нь энэ үү хэмээн баясах, гайхах зэрэгцэн байж. Бусад алслагдсан монгол туургатанд ч тийм домог, аврагч (мэссиа) ирнэ гэх итгэл буй аж. Гэвч…



Бүх туургатнаа, еврэйчүүд шиг нэгтгэх боломж бидэнд 100% бий



Хазаруудыг аврах олон арга зам байна.

Тэдэнтэй тал бүрээр хамтран ажиллаж болно. Монголоос мах, түүхий эд авах, Монголд жимс, тариалангийн аж ахуй эрхлэх хүсэлтэй хазарууд байдаг, ирдэг юм билээ. Манайд үйлдвэр байгуулах (лалынханд тохирох махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эд боловсруулах) хүсэлтэй нь ч буй. Хазарууд чамгүй хүн амтай (гэхдээ бүгд монгол чигийн мэнталитэттэй биш л дээ), Афганаас өөр орнуудад ч суух тул гайгүй ажил үйлстэй нь цөөнгүй. Тиймээс туслах, мэргэжил мэдлэгээ зааж сургах, хөрөнгө оруулах гэсэн эрмэлзэлтэй нь ч байгаа бөгөөд, тэд нь хамгийн түрүүнд нааш ирдэг шиг.

Ирээдүйд Монголд уул уурхайн аварга төслүүд хэрэгжиж, гадаадын ажиллах хүч ихээр шаардагдах төлөвтэй. Ийм нөхцөлд, монгол туургатнаасаа, зовж зүдэрсэн хазаруудаасаа ажиллах хүч бүрдүүлэх нь зүйтэй. Ямар ч мэдлэг чадваргүй, Монголд өчүүхэн төдий элэггүй, сэтгэлгүй харийн ядуусыг мянга мянгаар нь авчирч “ажиллуулаад” л байгаа биз дээ. Тэднээс хазарууд бүх талаар дээр байх нь ойлгомжтой.

Монгол туургатны байгууллагууд, арга хэмжээнүүдэд хазаруудыг хамруулах талаар анхаарах цаг болсон. Дэлхийн монголчуудын холбоондоо элсүүлж, барилдаандаа бөхчүүдийг нь хүч сориулж, миссийн тэмцээндээ гоо бүсгүйчүүдийг нь өрсөлдүүлэх гээд л.

Монгол-Хазар, Хазар-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийг олноор байгуулах, хамтран ажиллуулах шаардлагатай. Монгол-Татарстаны гэхчлэн, бүрэн сүвэрэн бус улс түмэнтэй найрамдах нийгэмлэг байж л байдаг шүү дээ. Яагаад олноор гэж хэлэв гэхлээр, түүхэн нөхцөл байдлаас болж, Афганы, Пакистаны, Ираны, Амэрикийн гэхчлэн хазарууд, Төв, Өмнөд, Буриад, Халимаг, Тува болон бусад монголчууд салангид сарнинга байдалтай байгаа. Тэр бүхэн хоорондоо найрамдах байгууллагатай болох учиртай. Ташрамд, хазар, заха, татар, казах, нохай зэрэг ойр садан ард түмэнтэй, ах дүү-хотууд гэдэг шиг ах дүү-ард түмнүүд болох нь маш их ач холбогдолтой юм.

Уугуулшуулал (монгол туургатныг нүүлгэж ирүүлэх), элэгшүүллийн (монгол туургатанд давхар иргэнчлэл олгох) замаар хазарууддаа энэрлийн гараа сунгаж болно. Сүүлийн үед манайд давхар иргэнчлэлийн тухай дахин ярих боллоо. Гэхдээ үүнийг, Монгол Улсын иргэнийг давхар гадаадынх болгох чиглэлээр л хэлэлцээд байх юм. Монгол туургатныг өөрийн иргэн болгох чиглэл нь зүйрлэшгүй их өргөн хүрээтэй, ирээдүйтэй юм шүү дээ. Хазаруудыг ирүүлэх нь стандарт рэпатриаци мэт болох тул, олон улсын зөвшөөрөл, дэмжлэгийг хүлээх учиртай.

Давхар иргэнчлэл - манайд бараг хэрэгжчихсэн асуудал. Уг нь тухайн улстай гэрээ байгуулсан цагт л бүтэх учиртай гэдэг. Үүнийг манайд байтугай, хууль цаазаа ягштал баримталдаг өчнөөн төчнөөн оронд төдийлөн дагаж мөрддөггүй. Монгол улс хоёрдмол харъяаллыг зөвшөөрдөггүй гэнэм. Бодот байдал дээр бол 90 мянган казах хүн Казахстаны харъяат болсон атлаа, манай харъяаллаас гаралгүй (15 мянган л казах хүн гарсан) хоёрдмол харъяалал үүсгэсэн. Н.Назарбаев Н.Энхбаяр нар уулзахдаа энэ асуудлыг хэлэлцэж, “стандарт бус шийдэл”-ийн хүрээнд хэвээр байлгая гэж тохиролцож асан. Ийнхүү практик дээр хэрэгжчихсэн ажил, хүрээг нь монгол туургатнаараа тэлэх л хэрэгтэй байна. Хазаруудыг ЗГ-тай нь тохиролцсон байлаа ч, үгүй ч, иргэнээ болгож хамгаалах хэрэгтэй юм. Тэндээ үлднэ үү, энд ирнэ үү, өөр улсад очно уу, хувийнх нь хэрэг, монгол туургатнаа өмгөөлөх нь л төрийн маань нэг гол үйл хэрэг байх учиртай.

Дүрвэгч авах бол хазаруудыг аврах нэг арга зам агаад, дэлхий нийт ч үүнд тал бүрээр тусална. Хазар дүрвэгч, өнчин хүүхэд авъя гэж миний бие 2001, 2007, 2009, 2010 онд бичиж дэвшүүлж ирлээ. Гэтэл нам засгаа зөв юм хийнэ гэж бодох нь бараг нүгэл хилэнц болчихож үү дээ. Хойд Солонгосын дүрвэгч авах төслийн талаар л олон жил хөөцөлдөж байна гэнэм. БНАСАУ-д дарга нар маань нууцаар очиж хор найруулдгийнх нь дотор энэ асуудал хөвж явдаг аж. БНСУ ч балиашиглаж, олон улсын тавцанд лобби хийж өгч байгаа гэдэг. НҮБ-ын дүрвэгчдийн конвэнцид нэгдэж ороод л, солонгос, хятад дүрвэгч авчирч, дундаас нь юм унагах зүйл сэтгэдэг гэх. Харин монгол туургат дүрвэгч авчрах байтугай, тэдний хувьд Монголыг хаалттай орон болгож, виз ч олголгүй ялгаварлан гадуурхдаг аж. Хаанахын ямар төр вэ?

2001 онд Монгол улс “антитэррорист эвсэл”-ийнхний үйлсэд бүх талаар оролцоход бэлэн байна гэж мэдэгдсэн, нэг үр дагавар нь Афганистан дахь манай энхийг сахиулагчид. Тэгэхэд, манай төр ч ингээд мэдэгдчихсэн, дайны хөлөөс дайжсан олон дүрвэгч буй болсон, хазар ахан дүүсийг авчрах “хувьсгалын тохироо” сайхан бүрдсэн. Даанч, “бүх талаар, гэхдээ монгол туургатны талаар л биш” гэсэн байр суурьтай байсан юм билээ л дээ. Антимонголизм, анмонголизм бол 90 оноос хойшхи төрийн маань гол бодлого байж ирлээ дээ, хөөрхий. Уг нь сэргэн мандсан жинхэнэ монгол төрийн маань туг панмонголизм байсансан.

Цагаач авах нь бас нэг арга зам. Өнөөдөр хазарууд лалын болон, өрнөдийн орнуудад цагаачилж, амь насаа аварч, аж амьдрал зохиож байна. Гэхдээ тэдгээр улс руу цагаачлах нь Монгол руу цагаачлахаас л арай гайгүй бөгөөд, маш хэцүү юм. Манай улсад амьдрах ажиллах нь бүх монгол туургатан ахан дүүсийн маань хууль ёсны эрх байх ёстой. Тус эрхийн хэрэгжилтэд дөхөм үзүүлэхийн тулд наад зах нь виз олголтыг саадгүй шуурхай болгож, монгол туургатны олноор байгаа газар бүрт, тухайлбал хазаруудын хувьд Бамиян, Квэтта, Тэхранд консулын газраа байгуулах хэрэгтэй.

Манай улс Афганистанаас өнчин хүүхэд авчран, хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэж асан нь социализмын үе. Тэгвэл одоо өнчин юм уу, ядуу айлын үрсийг улс ч, ТББ, хувь хүн ч асрах, үрчлэх явдлыг зохион байгуулах цаг болжээ. Хазар болон монгол залуус гэр бүл болохыг ч өөгшүүлэн дэмжвэл зохино.

Хазарын асуудалд мэдээж хэрэг, маргаангүй монголчууд болох хэдэн түмэн могол (мугал)-уудаа хамруулан авч үзэх ёстой. Анх угсаатны шинжлэх ухааны хувьд нээгдэх үедээ тэд эртний монгол хэлээр ярьж байсан бол өдгөө хазаруудад ууссан аж. Хазаруудад хамруулж үзэх учиртай чараймак (дөрвөн аймаг) зэрэг ястан буй. Могол ч, чараймак ч мөн адил монгол төрхтэй, хазаруудтай ураг төрлийн холбоотой тул адил зовлонг үзэж ирэв.

Элгэн саднуудад маань тохиолдсон гэноцидийг хүлээн зөвшөөрөх, дэлхий нийтээр зөвшөөрүүлэх, таслах зогсоох нь Монгол улс үндэстний үүрэг. Эрх баригчид маань хоёр Солонгосын асуудлыг зохицуулахад оролцоно гэж байна. Хазарын асуудлыг зохицуулахад оролцох нь хавьгүй илүү утга учиртай.

Зарим хүн өөр хэл ус, соёл, шашин, үндэсний ухамсартай харийн иргэдийг олноор нааш шилжүүлэн суурьшуулах нь осолтой гэдэг. Нэгдүгээрт, том улсуудын гол үндэстний төлөөлөгчид олноор орж ирэх нь илүү аюултай, сэрэмжлэх арга хэмжээ хэрэгтэй, хоёрдугаарт, хазарууд бол бидний элгэн садан, монгол туургатан, өөр гүрний хэл соёлд ууссан ахан дүүсээ бид монгол биш гээд ад үзээд байдаггүйн жишээ олон буй, гуравдугаарт, тэд бүхий монгол туургатны адилаар шашин, сурталд хийрхэн автдаггүй, хэт даврагч үйл ажиллагаа өрнүүлдэггүй, аядуу тайван түмэн, дөрөвдүгээрт, манай оронд монгол биш үндэстэн иргэд (бас лалын шашинтай) бусадтайгаа эв найртайгаар нэгэн улс гэрт багтан амьдарч, нэгэн аж төрлийг цогцлоогоод болоод л байгаа биш үү.

Уугуул нутагтаа хэдхэн түмэн жүүд үлдсэний ихэнх нь үндэсний хэлээрээ ярьдаггүй, бусад сая сая нь дэлхийн бараг хамаг оронд тархаж, тухайн харь төрх, хэл соёлуудад ууссан нөхцөл байдалтай асан еврэйчүүд бөмбөрцгийн өнцөг булан бүрээс цуглан, мөхмөл хэлээ сэргээн, өдгөө долоон сая хүн амтай хүчирхэг улс болоод байна. Цэвэр өөр үндэстнийхэн гэр бүлээ дагаж ирсэн нь сая гаруй байдаг шиг билээ. Тарж бутарсан, хуваагдаж салгагдсан үндэстэн ингэж цугладаг юм. Бид хүн мөн л юм бол, асар их баялагтай байж, яагаад үндэстнээ нэгтгэж, хүний хийдгийг хийж болохгүй, чадахгүй байх билээ.

Энэ нийтлэл хазаруудын тухай юм.

Зөвхөн хазаруудыг бус, даяар монгол туургатнаа бүхий арга хэрэгслийг ашиглан нэгтгэж нягтруулах нь монгол хүн бүрийн чин эрмэлзэл, зүтгэл тэмцэл байх ёстой.



Ч.Мөнхбаяр

ММХI.II.XV
http://moenhbayar.blogspot.com/2011/02/blog-post_5011.html#more