Tuesday, October 20, 2009

Гулам: Бид Монголд хөл тавьсан анхны хазара оюутан


Өнөөдөр сонинд Хазара оюутануудын өгсөн ярилцлагыг энд орууллаа.
Э.ЭНХ (2009-10-03)


Гулам Аббас, Мэгдад Салехи, Захра Хуссейн нар Монголд сурч байгаа анхны хазара оюутнууд. “Цахим өртөө сүлжээ” төрийн бус байгууллагаас хазара залуусын дунд зарласан тэтгэлэгт хөтөлбөрийн ялагчаар тодорч, МУИС-д сурах эрх авсан адтай залуус.


“Хазарачууд XIII зуунд Афганистанд суурьшсан Монголын байлдан дагуулагчдын үр удам. Хүн амын тоогоороо улсдаа гуравдугаарт ордог энэ угсаатны бүлгийнхэн тажик хэлний онцгой аялга болох хазарачи хэлээр ярина” хэмээн Афганистаны Ардын ардчилсан намын Төв хорооноос гаргасан товхимолд дурдсан байдаг аж.

Чингис хааны байлдан дагууллын үед ертөнцийн нөгөө хязгаарт орхигдсон монгол угсаатныхаа үр хойч болох залуус үндэс угсааныхаа түүх соёл, орчин үеийн боловсролын ёроолгүй далайгаас сувд шүүрдэхээр сурч байна. Буун дуу, дэлбэрэлт, алан хядлагын түгшүүр дунд амьдардаг гэж бидний ойлгодог Афганистан улсын харьяат хазара залуустай ийн ярилцлаа.

-Та гурвыг Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах болсонд баяр хүргэе. Хичээлдээ ороод сар гаруй болжээ. Манай орон ямар санагдаж байна даа?

-Гулам: Баярлалаа. Юуны түрүүнд биднийг МУИС-д сурах боломж олгосон БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, “Цахим өртөө сүлжээ”-нийхэндээ баярлаж байгаагаа танай сониноор дамжуулан уламжилъя.

Бид үндэс угсаа нэгтэй ард түмэн. Хазарачууд монголчуудтай холбоо харилцаагүй байсан. Найман зууны турш тасарсан энэ холбоог сэргээж, элэг нэгт ах, дүүсийнхээ найрамдлыг бэхжүүлж, холбох гүүр болно гэж өөрсдийгөө ойлгож байна. Бид эзэн Богд Чингисийн нутагт хөл тавьсан анхны хазара оюутнууд болсон байх аа. Монголын тухай анхны мэдээллийг интернэтээс авсан. Монголын газар нутаг, уулсыг хараад эх орондоо ирсэн мэт мэдрэмж төрсөн. Гадаадад ирлээ гэж ер бодоогүй.



-Та нар Монголд суралцуулах тухай мэдээллийг яаж авсан бэ?

-Мэгдад: Тэтгэлэгт хөтөлбөрийн тухай мэдээлэл интернэтээр цацагдсан. 30 гаруй хүүхдээс бид гурав шалгарсан.

-Та гурав Афганистанд төрсөн үү?

-Гулан: Мэгдад Кабулд, Захра Бамианд, би Пакистанд төрсөн.

-Афганистаныг дайн байлдаантай тайван бус орон гэж олонх хүн ойлгодог. Монголоос энхийг сахиулагчид очиж байсан.

-Гулам: Тийм ээ, Афганистан 30-35 жил иргэний дайнд нухлагдсан. Дайны үед бид хүүхэд байсан болохоор энэ талаар сайн мэдэхгүй. Тэр үед олон хүн эх орноо орхин дүрвэсэн. Хазарачууд гадаадад 10 гаруй жил амьдарсан. Мэгдад 2001, Захра 2003, би 2006 онд л эх орондоо ирсэн. “Талибан”, “Аль-Каида”, “Жихад” бүлэглэлийн өдөөсөн дайны уршгаар хүнд байдалд орсон. Харин 2001 оноос америк цэргүүд ирж, энх тайвныг тогтоож, улс орныг маань төвхнүүлж байгаа. Монголын энхийг сахиулагчдыг очиход манай хазарачууд их баярласан.

-Афганистанд хазарачууд олон уу?

Мэгдад: Дэлхий дээр 10 сая гаруй хазара үндэстэн байдгийн найман сая нь Афганистанд амьдардаг. Харин Кабул хотын иргэдийн 60 хувь нь хазара. Хүн амын боловсролтой хэсэг нь Кабулд оршин суудаг.

-Танай гэр бүлийнхэн аль хотод нь байгаа вэ. Тэндхийн хүмүүс юу хийж амьдардаг бол?

Гулам: Манайх Кабулд байдаг. Хазарачуудыг 1980 оны дунд үе хүртэл дээд сургуульд оруулдаггүй хуультай байсан. Тиймээс ихэнх хазарачууд хөлсний ажил хийж амьдралаа залгуулдаг. Манай аав Пакистанд жимс худалддаг. Харин Захрагийнх Бамианд хүнсний жижигхэн дэлгүүртэй. Мэгдадын аав нас барсан.

Иранд нэг сая хазара үндэстэн байдаг. Тэд ихээхэн хүнд хэцүү нөхцөлд амьдардаг. Ираны цагдаа нар хазара хүнийг барьж аваад зодох юу ч биш. XIII зуунд Чингис хаан бидний өвөг дээдсийг хүйс тэмтэрч байсан гээд тэр.

-Бамиан Афганистаны хот уу?

-Захра: Хазаражат бол хазарачуудын амьдардаг бүс нутаг. Афганистаны төвд байдаг энэ хэсэг одоо хамгийн тайван газар болсон. Яагаад гэвэл энхийг сахиулагчид тэднийг хамгаалж байгаа болохоор. Харин Бамиан Хазаражатын соёл урлаг, нийгмийн төв нь. Бамианы амбан захирагчаар Афганистаны түүхэнд анх удаа эмэгтэй хүн сонгогдсон, тэр нь хазара хүн. Афганистанаас анх удаа олимпийн медальтан төрсөн. Тэр нь бас хазара хүн байсан. Бээжингийн олимпоос дөрвөн монгол хүн медаль авахад бид их баярласан.

-Хазарачуудад сурах бололцоо нээгдсэн биз дээ?

-Гулам: Нээлттэй болсон. Дээд сургуульд элсэхийн тулд уралдаант шалгалт өгдөг. Шалгаруулалтын эхний 10 байрт хазарачууд ороод эхэлсэн.

-Та гурав монгол хэл хэр сурч байна?

-Сурч байгаа. Хичээл дээр өдөр бүр “пөөх” гэж дуу алддаг.

-Яагаад тэр вэ?

-Хазара үгтэй ижил утга, дуудлагатай монгол үг гараад ирдэг байхгүй юү.

-Тийм үү. Ойролцоо утга, дуудлагатай ямар үг байна?

-Жишээ нь, цай оочих гэсэн монгол үгийг хазарачууд “очи” гэж хэлдэг. Хотон шувууг “хоту” гэдэг. Бидний үгийн өргөлт эртний монгол дуудлагатай, баруун монголчуудынхтай адилхан аялгатай. Нэг удаа бид нэгэн зоогийн газраас гараад буцах замаа олохгүй төөрчихлөө л дөө. Тэгээд таксины жолоочид учраа хэлсэн. Жолооч англи хэл мэдэхгүй байсан ч яаж ийгээд ойлгуулсан. Биднийг хазара оюутан гэхэд маш эелдэг хүлээн авч, сургуульд хүргэж өгсөн. Ийм тохиолдол цөөнгүй гарсан. Хазара гэхээр хүмүүс сайхан хүлээж авдаг.

-Та нар гэр рүүгээ холбоо барьж байна уу?

-Интернэтээр холбоо барьдаг, долоо хоногт нэг удаа утсаар ярьдаг юм аа.

Тэд гурвуул 20 настай үе тэнгийнхэн. Захра охин МУИС-д сүлжээний инженер, Мэгдад нийгмийн ухаан, монгол хэл судлал, Гулам түүх, сэтгүүл зүйн чиглэлээр суралцахаар мэргэжлээ сонгожээ.

Мэдээлэлийн эх сурвалж http://www.mongolnews.mn/unuudur.php?n=41607

No comments:

Post a Comment