Sunday, October 18, 2009

Хайлж буй Хазара Монгол

Хазара хүмүүстэй нүүр тулж уулзсан монгол хүмүүс блог дээрээ маш сонирхолтой бичлэг оруулсан байдаг.
Отгонпүрэвийн энэ бичлэгийг Хазара блогт нийтэлж байгаадаа би их баяртай байна.

Мэдээлэлийн эх сурвалж http://www.otgonpurew.com


Бараг жилийн өмнө байх аа Хайлж буй Дээд Монгол гэсэн гарчигтай сэтгэл шимшрүүлж нэгийг бодогдуулам судалгааны тайлан/нийтлэл нетээр цацагдаж байж билээ. Түүнтэй төстэй ч гэмээр юм шиг нэг зүйл саяхан хүний амнаас сонссоноо бичмээр санагдлаа. (Минийх гэхдээ Шинжлэх Ухааны үндэстэй ямар нэгэн судалгаа шинжилгээ байхгүй зүгээр л бодрол гэдгийг анхаараарай)

Төсөрхөн Пүне хотоор маань сүүлийн үед Ойрхи Дорнот зүгийн болов уу гэмээр царай зүстэй, нутгийн “Индиан”-уудаас маань арай ондоо нөхдүүд мэр сэр үзэгдэх болсон юм. Шороон түмэн Энэтхэгүүдээс ялгарах гадаадууд нэг нэгэнтэйгээ дороо дотночилж танилцдагийг хэлэх үү нэг л мэдэхэд Афганистанаас ирсэн гэх тэдний нэлээдтэй нь мэндийн зөрүүтэй болоод амжсан юм даг. Нэг өдөр танилаа хүлээх завсараа Афганууд дотроосоо арай Монголжуу царайтай 30 нилээн гарсан болов уу гэмээр эртэй буу халж суув. Мань эр ч МВА (бизнесийн удирдлагын магистр) хийх гэж ирсэн түүх, улс төр нэлээд сонирхдог нэгэн болж таарав. Түүний ярианд Чингис хаан гэх үгс Монголтой холбоотой сэдэв болгон дээр нь гарч ирж үүнийгээ нэлээн бахархангуй өнгөөр хэлж байж билээ. Өмнө нь Афганистанд байдаг Монгол үндэстэн Хазара хэмээн бишгүй дуулж байсан ч ингээд яг нүүр тулж уулзах юм чинээ санасан ч үгүй.

Афганууд Перс хэлээр ярьдаг (Одоогийн Ирануудын хэл. Гэхдээ Афганууд Ирануудаас арай ондоо аялгатай ярьдаг юм гэсэн) Бид хоёрын яриа яагаад ч юм Перс хэлний зарим үгсээс эхлэв. Ярилцах тусам бид хоёр хэн хэний маань хэлэнд ижил төстэй үгс маш их байгааг анзаарч эхлэв. Тухайлбал Монголоор бид сандал гэхийг тэд сандали гэж хэлнэ. Цээж-Чээжи, Хайч-Хайчи гэх мэтчилэн цөөнгүй үгс олдох нь тэр. Эндээс хамгийн сонирхолтой санагдсан зүйл гэвэл мань эрийн овгоо хэлсэн явдал байлаа. “Хазара гэдэг нь Персээр минга гэсэн утгатай” хэмээхэд нь миний толгойд цахилгаан цахих шиг болж “Минга гэж юу гэж байгаа юм?” хэмээн шууд асуухад “Оne thousand” (нэг мянга) гэж тэрээр хариулав. Хазара хэмээх үг нь ч одоогийн Хинди, Урду, Марати хэлэнд мянга гэсэн утга илэрхийлдэг. Үүнээс бид хоёрын дүгнэсэн дүгнэлт гэвэл Чингис хааны нэг мянгат цэрэг одоогийн Афганистан хавьцаа үлдээд л өнөөгийн Хазара үндэстнийг бүрдүүлж өгсөн юм болов уу гэсэн таамаг байлаа.

Мань эрийн ярьж байгаагаар бол Хазара нь Афганистандаа үндэстний цөөнх, ихэнх нь Буддын шашинтай учир багагүй хавчин гадуурхагддаг аж. Бараг зуу гаран жилийн настай Афганистаны дотоод хямралд хамгийн ихээр нэрвэгдсэн нь Хазара нар бололтой. Тэрээр ярихдаа “...Наяад оны сүүлээр ЗХУ-ыг бид хөөж гаргаад эрх чөлөөгөө эдлэн тусгаар улс боллоо хэмээн хөөрцөглөж байсан. Гэтэл ЗХУ-тай цуг бид хамаг боловсролтой гэсэн нийгмийг урагш хөтлөх хэсгээ бас устгачихсан юм. (АНУ-ын оролцоотойгоор)… Ойрхи Дорнотын зүрхэнд нь орших геополитикийн ашигтай байрлалаас нь болж Афганистан байнга л том гүрнүүдийн хоорондох тоглоом болж ирсэн. Энэ удаад ч мөн ийм л явдал тохиолдож Оросуудыг хөөж гаргамагц Саудын Араб гаралтай Талибанууд төрийг атгах болсон (бид өөрсдөө төр барих Афгануудаа устгачихсан юм чинь)… Талибуудын хувьд хамгийн хорсолтой нийгмийн бүлэг нь бид Хазара нар болж байсан. Бид тэднээс өөр зүс царайтай, өөр шашинтай, өөр соёл заншилтай нь үүнд голлон нөлөөлсөн биз. Дараа нь Америкчууд дахиад л ирсэн. Хэдэн жил үргэлжилсэн дайны эцэст Афганистан ердөө л балгасан дунд үлдсэн. Одоо АНУ-ын дэмжлэгтэйгээр сэргээн босголт явагдаж том гүрнүүд, олон улсын байгууллагууд буяны гараа сунгасаар л байна. Гэхдээ л бид Хазара нар нийгмийн цөөнх гэдэг утгаараа эдгээр тусламж, тэтгэлгээс хол хоцорч би гэхэд л сая Энэтхэгийн засгийн газрын тэтгэлэгт (манай Монголчуудын бас хамрагддаг тэтгэлэг) хамрагдах гэж овгоо нуух хэрэг гарсан …” хэмээж байлаа.

Танил маань ч гарч ирж би хөдлөх болоод бидний яриа өндөрлөлөө. 800 жилийн тэртээгээс холдсон “хамаатан”-тайгаа салах ёс хийгээд оюутны дотуур байрнаас гарч ирэхэд толгойд минь “Бидний мэдэхгүй ертөнц мөн ч их байна даа” хэмээх бодол эргэлдсээр л байж билээ.