Monday, October 26, 2009

Дэлхий даяар 18 сая хөх толбот “Монгол үндэстэн” амьдарч байна



Монгол гэхээр л бид зөвхөн Монгол улсад амьдран байгаа хүмүүсийг ойлгодог. Тэгвэл Их Эзэн Чингис хааны минь үр сад, нүүдэлчин удамтай монгол түмний тасархай дэлхий даяар тархан суурьшиж амьдарч байна. Дэлхийг эзэлсэн Эзэн Чингисийн байлдан дагууллын үеэс түүний үр удам, үндэс угсаа дэлхийд тархжээ. Уртын дуугаа уянгалуулж, элгэн саднаа санагалзан суух хөх толботой, босоо бичигтэй, эсгий туургатай монгол үндэстний суурьшин байгаа муж, тосгоноор явж судалгааны ажил хийж буй "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн Ц.Санчиртай уулзаж ярилцлаа.


Хэдийгээр тэд орших газар тусдаа ч огших зүрх нэгтэй, монгол үндэстний мах цусны тасархай гэдгийг судлаач бүсгүй ард түмэндээ ойлгуулахыг зорьсон байна. Судлаачдын баг дайн самуун дэгдэж буй Афганийг хүртэл зорьж "Хазара" хэмээх монгол үндэстнүүдтэй уулзаад иржээ. Чингис хааны байлдан дагууллаас хойш ерөөсөө сэргэн мандалт болоогүй, төмрийн зэв, хүний яс хаа сайгүй байх тэр газар очиход хэдэн зууны тэртээ энэхүү газрыг сэрээсэн морин төвөргөөн, уухайн дуу чихнээ хадах шиг санагджээ. Мөргөлдөөн самууны дунд хазара эмэгтэйчүүдийн ядарсан царай, гунигтай харц, дарамт шаналал нь урьд өмнө нь очиж байсан монгол үндэстнүүдээс илүү зүрх шимшрэм байсныг ч хуучилсан юм. Юутай ч Чингисийн байлдан дагууллаас хойш 785 жилийн дараа монгол морьдын туурай тамгалсан газар шороон дээр гишгэж монгол цэргүүдийн уухай хоногшсон хэрэм туурьд хөл тавьж, буурал түүхийн жимээр аялж, богц дүүрэн ирсэн судлаачдын аян замын тэмдэглэлийг хуваалцлаа. Түүхийн гашуун үнэний гомдлыг тайлахаар гологдож гээгдсэн нэгэндээ “хайртай" хэмээн хэлэхийг хүсч буй судлаачдын багт амжилт хүсье.

-Судалгааны ажлаа хэзээнээс эхэлсэн бэ. Энэ бол монголчуудын хувьд цоо шинэ зүйл юм шиг ээ. Яагаад гэвэл өмнө нь ингэж газар дээр нь очиж баримттайгаар гаргасан зүйл гараагүй санагдана?

-Тийм ээ. Энэ бол монголчуудын хувьд цоо шинэ сэдэв. Урьд өмнө нь түүхийн ном судраас л янз бүрийн мэдээлэл олж сонсдог байсан. Бидний энэ судалгаа бол газар дээр нь очиж, монгол үндэстнүүдтэй биечлэн уулзаж, тэдний санаа бодол, сэтгэгдлийг нь хуваалцаж, баримтжуулан гаргаж буй гэдгээрээ олон хүний анхаарлыг татаж байна. Энэ бол ганц хоёр жил, ганц нэг удаагийн ажил биш. Нэг удаа очоод энд монгол байна гэж хэлэхийг хүсээгүй, олон удаа очсоны дараа жинхэнэ баталгаа, баримт, домог түүх яриаг олж судалж цуглуулсан байгаа. Олон удаа очиж, олон судалгаа баримтын үндсэн дээр тэр хүмүүсийн хууч яриаг сонссоны дараа тэд монголчууд байна гэж хэлэхийг хүссэн. Долоон жилийн туршид судалгааны ажлаа үргэлжлүүлж байна. Энэ хугацаанд Ойрхи Дорнод, Дундад Ази, Хятад гэсэн чиглэлээр торгоны замын дагуу, Чингис хааны очсон тосгон, тулалдаан болсон газар бүрт болж өгвөл тухайн явсан он дарааллын дагуу судлахыг хичээдэг.

-Одоогоор хичнээн газраар яваад байна вэ. Хичнээн улс оронд хичнээн монгол үндэстэн амьдарч байна вэ?

-Манай монгол улсын хүн амын тоо хоёр сая 7004-аад мянга гэсэн тоо гардаг. Энэ бол зөвхөн Монгол улсад байгаа монгол хүмүүсийн тоо. Харин дэлхий дээр яг монгол гэж нэрлэгддэг, монгол хэлээр ярьдаг монгол үндэстэн олон байна. Тэдний тоо 11 сая 500 мянга. Монгол гэдэг үндэстний тоонд багтаж болох Дагур, Бао-Ань, Ёгар, Дүнсиань гээд үндэстнүүдийг оруулах юм бол 18 сая гэдэг тоог судлаачид хэлдэг.

-Ихэвчлэн аль оронд монгол үндэстэн олноор амьдарч байна?

-Ерөнхийдөө тархан суурьшсан монголчууд дөрвөн хэсэг газар байгаа юм. Тархан суурьшсан монголчууд гэхээр 1990 онд Солонгост очсон монголчуудыг хэлээгүй шүү дээ. Харин түүхийн улбаанд, монгол хаадын угсаанаас, монгол цэргүүдийн удмаас, 10-т, 100-т, 1000-таараа тухайн нутаг оронд галаа сахиж үлдсэн, эсвэл шархдаад үлдсэн монгол цэргүүдийн удам угсааны тухай юм. Нэг тосгонд 200 мянгаараа ч юм уу, нэг аймагт 500 мянгаараа амьдарч байгаа энэ хүмүүсийн тухай яригдаж байгаа юм.

-Монгол үндэстэн ямар дөрвөн газар тархан суурьшиж байна гэдгийг тодруулбал...

-Нэгдүгээрт мэдээж Монгол улс гэдэг газар нутаг орно. Хоёрдугаарт БНХАУ. Энд 5 сая 900 мянга орчим монголчууд амьдарч байна. Дараа нь ОХУ. Халимаг, Буриад, Тува, Алтай гэдэг дөрвөн угсаатан бий. Үүний дараа Ойрхи Дорнод гэж нэрлэдэг Афганистан, Иран, Ирак, Пакистан, Энэтхэг улсууд. Энд Хазара, Аймак, Могол үндэстнүүд байдаг.

-Тархан суурьшсан монгол үндэстнүүдийг энэ яг монгол үндэстэн мөн гэдгийг юугаар, яаж нотолж байна вэ гэдэг нь уншигчдад сонирхолтой байгаа...

-Бид нарын судалгааны хэсэг маань яг 800 жилийн өмнөх байлдан дагууллын дараа түүх хэрхэн үргэлжилсэн бэ. Үүнийг бүгдээрээ мэдье, бодитойгоор хүмүүсийн ярианаас, ахуй байдлаас харъя гэж үзсэний үндсэн дээр тухайн улс орнуудад явж өөрийн биеэр судалгаа шинжилгээ, уулзалт ярилцлага хийж баримтжуулж байгаа юм шүү дээ. Миний хувьд яг таван жилийн турш энэ ажил дээр дагнан ажиллаж байна. Би өөрөө урлаг судлаач мэргэжилтэй учраас хүмүүсийн хувцас хэрэглэлээс маш олныг анзаардаг.

Хамгийн анх таван жилийн өмнө Цагаанмонгол гэдэг үндэстэн дээр очихдоо энэ ажил дээр тууштай зогсъё гэж бодсон. Бид хийхгүй юм бол хэн хийх юм бэ. Америк, Японы монголч эрдэмтэд энэ Афган, Иран, Хятадад очиж судалгаа хийхээсээ илүү үндэс угсаа нэгт бид өөрсдөө очиж. талхыг нь. төмсийг нь "очиж, талхыг нь, төмсийг нь" хувааж идэнгээ түүхийн улбаагаа бодитойгоор, баримттайгаар мэдэж авсан нь илүү үр дүнтэй, ач холбогдолтой шүү дээ.

-Та бүхнийг очиход тэр хүмүүс хэрхэн хүлээж авч байх юм?

-Анх цагаан монголчуудтай уулзахад "780-аад жилийн турш та нарыг хүндэлсээр ирлээ. Бид монгол хүмүүстэй уулзах хувьтай хүн байжээ" гэж их сайхан хүлээж авч, сэтгэлээ уудлан бидэнтэй ярилцсан. Тэдний амьдрал их хүнд л дээ. Шинийн 15 хүртэл гахайны махтай шөлтэй хоол иддэг. Хамгийн боломжтой хоол нь энэ. Бид тэдэнтэй уулзаж, ярилцаж байхдаа зүрх шимширмээр, өрөвдмөөр түүхийг харж байсан. Хэд хэдэн удаагийн уулзалт, судалгаагаар бид энэхүү баримт түүхээ монгол түмэндээ хүргэх нь бид нарын үүрэг юм байна гэж мэдрээд, одоо эхнээс нь ард түмэндээ сонирхуулж байна. Монголчууд маань маш өндөр сэтгэгдэлтэй хүлээн авч, бидэнд урмын үг хайрлаж байна.

-Тэрхүү монгол үндэстнүүд маань өөрсдийгөө монгол үндэстэн гэдгээрээ үнэхээр бахархаж байна уу. Монгол гэдэг улсын тухай ямар мэдээлэлтэй байна вэ?

-Хазара хүмүүс зургаан сая. Тэдний зарим нь "бид монгол биш" гэдэг. Яагаад гэвэл монголчуудын байлдан дагуулал, хүчирхэг байдлаас болоод бид 800 жилийн турш хүмүүсийн дарамтлал дор амьдарч байна гэдэг бол зарим нь бид монгол үндэстэн мөн, бид хаадын удам гэдэг. Дээд монгол үндэстнүүдийн хувьд боловсрол өндөртэй. Бараг бүгдээрээ их, дээд сургууль төгссөн тийм хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн хувьд монгол гэдэг нэрээр үнэхээр бахархдаг юм билээ. Тэд монголын бахархал болсон Чингис хаанаас эхлээд хар чоно, Чингисийн баатруудын зураг гээд монголын холбоотой бүхий л мэдээ мэдээллийг цуглуулдаг. Тэр бүү хэл, монгол дуучдын хамгийн сүүлийн үеийн CD хуурцгийг хүртэл монголоос өндөр үнээр захиж авчруулдаг. Харин Цагаан монгол, Дагур, Бао-ань, Ёгар, Салар үндэстнүүдийн хувьд үнэхээр монгол гэдэг үндэстэн байгаа болов уу, байхгүй болов уу. Хэрэв байгаа бол морио унаад, сэлмээ бариад явж байгаа байх даа гэж боддог. Афган хүмүүсийн хувьд дайн байлдаан болж байна. Тэнд мусулман шашин илүү давамгай. Дайн самуунтай байгаа

газар буй хүмүүс монгол гэдэг үндэстэн байгаа болов уу, очиж үзэх юмсан гэхээсээ илүү зүгээр л амьд мэнд, хоол ундтай байх юмсан гэдэг л тэр хүмүүсийн хамгийн том хүсэл, мөрөөдөл шүү дээ. Ер нь бол тухайн үндэстний боловсрол, өв уламжлалаа хэр зэрэг хадгалагдаж үлдсэнээс л шалтгаална.

-Хазара хүмүүсийг монгол үндэстэн гэдгийг нотлох зүйл нь юу вэ?

-Бид Чингис хааны очсон тосгон, хот бүрт очсон болохоор тэндээс үлдсэн туурь бодит байдлууд, мөн нутгийн ахмадуудын хууч ярианаас сонсоход үнэхээр монголчууд гэдэг нь нотлогддог. Хазара хүмүүсийн хувьд дари хэлээр ярьдаг боловч шагай гэх зэрэг зарим үгээ монголоор хэлнэ. Царай зүсний хувьд яг л монгол төрхтэй. Афганистанд Узбек, Тажик, Балуч, Пашту, Хазара гэсэн таван үндэстний хамгийн дор хүнд байдалтай байгаа үндэстэн нь Хазара. Пашту, Тажик, Балуч үндэстнийг ажиглахаар оросжуу ч юм шиг яг Узбекстанд очсон юм шиг сэтгэгдэл төрдөг. Ерөнхийдөө Дундад Азийн нийтлэг төрхийг хардаг. Харин гудамжаар явж байгаад энэ хазара үндэстэн байна даа гээд өөрөөс нь асуухад, эсвэл хүнээр асуулгахаар тэр хүн яг л хазара хүн байдаг. Манай ахтай адилхан ч юм шиг, эсвэл манай найзын аавтай ч адилхан юм шиг яг л монголжуу царайтай, хонин бор нүдтэй, намхан нуруутай, навтгар хамартай тийм л хүмүүс байдаг.

-Тархан суурьшсан монгол үндэстнүүдийн үндэснийхээ өв соёлыг хамгийн их хадгалж үлдсэн нь. Яг эх хэлээрээ ярьдаг юм уу...

-Сэтгэл догдолмоор, зүрх шимширмээр зүйл их харагддаг. Тэр хүмүүсийн монголоо гэсэн сэтгэлийг мэдрээд зүрх шимшрэхгүй байхын аргагүй. Дээд монголд очиход бага сургуулийнх нь музей бүгд монгол ахуй амьдралтай холбоотой байхыг харсан. Бүх ном судар нь монгол бичгээр бичигдсэн. "Нүүдэл суудал", "Лу", "Алтантовч", "Гэсэржангарын тууж, "Нууц товчоо", "Мандухай хатны түүх", "Батмөнх даян хааны түүх" гээд бүгд монголоор. Гэтэл манай залуус "бид монгол, бид монгол" гээд л яриад байдаг. Харин бид түүх соёл, өв уламжлалаа хэр авч үлдэж байгаа билээ. Ялангуяа залуучууд. Үнэхээр цээжээ дэлдэж байгаа бол яг түүн шигээ ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй байх аа. Ялангуяа монгол бичгээ чөлөөтэй хэрэглэдэг болчихвол маш гайхамшигтай. Монголоос 4000 км-ын хол, далайн түвшнээс 3800-5800 метрийн өндөрт байдаг. Уул толгод, гол мөрөн, нутаг ус нь бүгд монгол нэртэй. Бүх ерөөл магтаал, хоол унд, хувцас зүүсгэл, хөсөг тэрэг, эсгий үүд гээд монгол өв соёл тэнд илүү байна.

-Танд ер нь ингэж судлах санаа анх хэрхэн төрсөн бэ?

-Манай нэвтрүүлгийн дараа хүмүүс намайг олон төрлөөр хэлсэн. Зарим нь бараг хөдөө явж үзээгүй байж юу судлаад байгаа юм бэ гээд л. Би Улаанбаатарынх л даа. Монголын нийслэлийг дэлхий Хархорин гэж мэддэг байх гэж боддог юм. Хархорин гэдэг газар би арав гаруй жил амьдарсан. Тэнд амьдарч байхдаа л Монголын эзэнт гүрэн энэ л газраас эхэлсэн шиг, Монголын эзэнт гүрний нэр энэ газартай салшгүй холбоотой шиг яагаад энэ газраас судалгаа эхэлж явж болохгүй гэж бодсон. Энэ нь илүү зөв байх аа гэж бодсон. Миний мэргэжил, миний амьдарч байсан газар үүнд илүү нөлөөлсөн гэж боддог юм. Монголын жирийн нэг залуус, монголын төлөө цохилох зүрхтэй, мэдлэг, чадвартай залуус яагаад явж болохгүй гэж.

-Судалгааны ажил цааш хэдий болтол үргэлжлэх бол?

-Мэдээж судалгааны ажил цааш үргэлжилнэ. Улам илүү баялаг, өргөн хүрээтэй, шинэ содон, ховор мэдээллүүдийг авчирах болно. Манай багт эмч, багш гээд янз бүрийн мэргэжлийн хүмүүс явдаг. Заримдаа би ганцаараа ч явах нь бий. Зарим нь дайн самуунтай, хаалттай дэглэмтэй тийм газрууд учраас тийм гоё баян аяллаар, тухтай аяллаар ерөөсөө аялж үзээгүй гэхэд болно. Удахгүй би Иран, Ирак гэдэг газар луу явах гэж байна. Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин байсан гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл Монголын эзэнт гүрний баруун нийслэл Ираны Табриз гэдэг хот байжээ. Энэ газар луу очихын тулд нэлээн удаан оролдож байна. Явахыг их хүсч байна. Миний зорилго бол Чингис хааны очсон бүх газар очно гэж боддог. Очно гэдэгтээ найдаж байна. Иран, Ирак руу явчих юм бол ерөнхийдөө Чингис хааны очсон улсууд дуусч байгаа. Цаашлаад муж, хотууд руу очих юм.
-Танд ажлын амжилт хүсье.
Г.Мянганцэцэг
Мэдээлэлийн Эх Сурвалж энд дарна уу

No comments:

Post a Comment