Tuesday, October 20, 2009

ПАКИСТАНЫ ХАЗАРУУД: ХОЛБОО ТОГТООМООР БАЙНА...

Монгол сэтгүүлч Н.Болормаагын Даяар Монгол сэтгүүлд нийтэлсэн сурвалжлагын тэмдэглэлийг та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна.


Күетта руу явах өмнөх орой онгоцны тийзээ автал Балучистан мужид онц байдал зарлачихав. Гэлээ ч дотор хүнээ чагнаж байгаад нисчихлээ. Балучистан нь Пакистаны баруун хэсэгт Афганистан, Ирантай хил залган оршдог энэ улсын хамгийн том муж . Нийслэл нь миний зорих гэж байгаа Күетта хот. Сүүлийн саруудад энэ мужид улс төрийн байдал нилээн ноцтой тогтворгүй болж ээлж дараалсан аллагууд гарч, үймээн самуун дэгдээд байгаа. Энэ удаа Балуч үндэстний 3 удирдагчийн амь насыг санаатайгаар хөнөөсөн явдал байлаа. Өөрөөр хэлбэл “захиаллагат аллага” гэсэн үг л дээ.Энэ тухай эргээд өгүүлэх тул түр орхие.





Зураг дээр: Эрдэмтэн Ниазын \зургийн цомог харж байгаа нь\ гэрт

Ингээд Күеттад газардаж, 2 сарын турш имэйлээр харилцаж эчнээ танил болсон хамтран ажиллах багийн гишүүд маань миний нэрийг хуудас цаасан дээр бичээд барьчихсан ирэгсдын танхимд зогсож байлаа. Тэд бол www.hazaranation.com цахим хуудсыг ажиллуулдаг Алтаф, Мухтаар, Хажи нар юм. Тэдний нүүр царай цаанаа л нэг монголжуу төрхтэй харагдана.

Онгоцны буудлаас бид шууд Фокир Хуссэйных руу хөдөллөө. Миний зочлох гэж байгаа анхны хазара айл. Фокир Хуссэйн Күетта хотын Цагдаагийн Газрын даргаар ажилладаг. Аюулгүй байдлыг бодолцож хамгаалалтын 2 тэрэг, цагдаа нарын хамт онгоцны буудал руу илгээж манай багиинханд тусалжээ.

Күетта нь хуурай шар шороон хөрстэй, хадархаг уулсаар хүрээлэгдсэн ерөнхийдөө бол манай говийг санагдуулам байгалийн тогтоцтой газар байлаа. Буу шийдэм үүрсэн цэрэг,цагдаагаас өөр харагдах хүнгүй, дэлгүүр хоршоо гээд бүхий л байшин сав хаалгаа барьсан харагдана. Хотын төв хэсэгт жагсаал цуглаан болж үймэлдэж байна гэж дуулдав .

Фокирийн гэрийн гадаа ирэхэд тэрээр бидний ирэхийг хүлээгээд зогсож байлаа. Удаан уулзалдаагүй эртний танилууд шиг мэндэлцгээж гэрт нь орлоо.Гэрийн эзэгтэй хэдийн хоол унд бэлдчихсэн чанга тэврэн угтлаа. Үдийн хоол хамт идэнгээ хазара, монголын түүх, одоогийн байдал, гэр бүлийнхээ тухай гээд хуучлах зүйл юун эс мундахав.
Зураг: Манай багийнхан


Ингээд арын ажлууд маань шил дараалан хүлээж байгаа тул Фокирийнхээс хөдлөх тийш хандав. Миний очсон айл бүр, уулзсан хүн бүр халуун дулаан сэтгэлээр угтаж эрчүүдтэй нь гар барин, эмэгтэйчүүд нь чанга тэврэн байлаа. Хазарууд бол лалын шашинтай хүмүүс. Лалын ѐсонд эрчүүд нь эрчүүдтэйгээ, хүүхнүүд нь хүүхнүүдтэйгээ л тэврэлдэн мэндчилнэ. Ингэхдээ гурван удаа үнсэнэ. Уулзсан хүн бүр л анх удаа монгол хүн “амьдаар нь” харж байна гэнэ. Зарим нь тас ширтээд зогсчихно.Тэгснээ чи яг л хазара эмэгтэй шиг байна гэнэ.


„Tanzeem Nasl-e Nau Hazara Mughal“ нэртэй түүх, соѐл, боловсролын чиглэлээр ажилладаг байгууллага Хазара хороололд байдаг. Энэ байгууллагыг үндэслэгч Гулам Али Хайдарын 9-р ангид байхдаа Иран,Иракт хийсэн аялал нь түүнд мартахын аргагүй дурсамж үлдээжээ. Энэ нь хэн нэгний түүнд “Өө зэрлэг хүн” хэмээн хэлсэн ялгаварлан гадуурхсан үг байж.

Түүнээс хойш “ Би хэн юм бэ?, Миний бие хүнийг тодорхойлдог хазара гэдэг үг хаанаас бий болсон юм бэ?, Түүхэнд хаанаас тогтсон үг вэ? “ энэ асуултууд амьдралын минь туршид дагалдсаар 1960аад оны үед энэ байгууллагыг байгуулахад хүргэсэн билээ гэж Гулам өгүүлсэн байдаг. Күеттагийн гудамжинд Хазара гэгдэх мартагдсан тэр хүмүүст энэ байгууллагын нэр удалгүй танил болж, Монгол гэдэг нэрийг тэдний сонорт анх хүргэж, үүх түүхийг нь сануулж өгсөн байна. Өнөөдөр Күеттад Монгол, Чингис гэсэн нэрийг мэдэхгүй хазара хүн үгүй болжээ.

Энэ байгууллага дээр очиход онц байдал зарласан тул хичээлийн анги танхимууд нь хоосон байв. Харин хэл шинжлэлийн эрдэмтэд цуглараад Хазараги хэлний талаар семинардаж байлаа. Хазарууд Перс хэлний аялга болох хазараги хэлээр ярина. Хазараги хэлний үгсийн сан перс, монгол, турк үгнээс бүрддэг. Тэндээс би алга, дал, хавирга, хацар, ухархай, хайч, авга,аав,нагац, авгай, хатан,нялх, цээж,чанх, бэр, хөнжил ,шагай... гэх зэрэг нилээд хэдэн монгол үг олж мэдлээ. Харин тэд хуучны монгол хэлний аялга тодруулбал монгол бичгийн дуудлагаар хэлж байсан юм. Шагай гэснээс профессор Назир Хуссэйн яриа сонирхол татав. Тэрээр түүнийг бага залуу байх үед хазара хүмүүс шагайгаар тоглодог байсан талаар хуучлаад энэ талаар судалж үзэхэд тэдний хөрш зэргэлдээ орны хүмүүс тэр байтугай Афганистаны бусад үндэстнүүдээс эрээд олоогүй. Харин монголчууд шагай тоглодог гэдгийг судалж мэдсэн гэлээ. Тэрээр бас нэгэн шагайн тоглоомын талаар ярихаас үзэхүйд “шагай харвалт” хэмээх манай үндэсний спортын төрөл болж таарав. Одооны хүүхдүүд телевизор, компютер гээд шагай тоглох манатай болсон байна гэлээ. Монголд ч ялгаагүй. Намайг хүүхэд байхад айл болгон шахуу шагай цуглуулдаг байсансан. Шагайг хазараги хэлээр шигай гэнэ.

Ингээд Мухтаарын эгч Гулийнд буулаа. Миний хэд хоног байх айл. Манай хэд аюулгүй нь дээр гээд надад зочид буудалд байхыг санал болгож байсан ч заавал хазара айлд буудаллана гэж зөрсөн нь тэр. Нөхцөл байдал тогтворгүй байгаа ийм үед гадаад хүн, бүр сэтгүүлч энэ тэр гэвэл юу ч тохиолдож мэдэх тул тэд бага зэрэг “эмээж” байсан юм. Тэгээд ч хазара эмэгтэйгээс ялгарахгүй нүүр царайндаа найдаж байлаа. Күеттагийн хамгийн тайван газар бол миний сурвалжлага хийж байгаа хазаруудын Марри Абад хороолол гэдгийг ч дуулж мэдсэн байв. Үнэхээр ч тийм байсан. Сургууль, коллежоос бусад дэлгүүр хоршоо, зоогийн газрууд хэвийн ажиллаж, хүүхдүүд бужигналдаад л, хүмүүс тайван алхацгаана. Харин нөгөө нэг хороолол нь 1990ээд онд суурь нь тавигдсан Хазара Хотхон нэртэй. Афганистанд Талибуудын дэглэм тогтож байх үед Хазарууд тэдний дарамт шахалтаас зугатан дүрвэн ирснээр энэ хотхон бий болжээ.

Залгаастай шавар хашаа бүхий нарийхан гудамжууд, хавтгай дээвэртэй ихэнхдээ 2-3 өрөө дан байшинд амьдарцгаана.Хүн бүр л хашаа хороогоо цэвэрлэж байгаа нь харагдана. Гэртээ заавал гутлаа тайлж орно. Цэвэрхэн аж төрдөг хүмүүс ажээ. Цэвэрч байдлаараа зэрэгцэн амьдрах бусад үндэстнүүдээсээ ялгарна.

Гулийн бэлдэж өгсөн өрөөнд ороод чемдаан саваа цэгцлээд хэсэг хугацааны дараа гарч иртэл гэр дүүрэн зочид ирсэн байв. Монголоос ирсэн зочныг харах гэж Гулийн хамаатан садан бас хөрш айлын хүмүүс цуглажээ.Тэдний хувьд би өвөг дээдсийнх нь уугуул нутгаас ирсэн “зочин” байхад, миний хувьд тэртээ 800 жилийн өмнө нутгаасаа гараад хэзээ ч иргэж ирээгүй монгол цэргийн үр садтай танилцаж яваа нь энэ билээ.

Хазарууд бол Чингэсийн хот хамгаалуулахаар үлдээсэн мянган цэргийнх байна уу, Цагаадай ,Хүлэгийнх ч байна уу ямарч гэсэн монголын байлдан дагууллын үед тухайн нутагт суурьшин үлдсэн монгол цэргүүдийн үр удам гэсэн дүгнэлтэнд ихэнх эрдэмтэн судлаачид хүрсэн байдаг. Зарим нь монгол түрэг холимог угсааны хүмүүс гэдэг. Күеттагийн хазаруудын заримынх нь царайны төрх тийм байх гэсэн бодол төрүүлж байлаа. Хазара гэдэг нь перс хэлээр мянга гэсэн үг


Одоогийн Афганистан улсын хойд хэсэг уулархаг нутаг Хазаражатад Хазарууд 1880 он хүртэл бие даасан байдалтай оршиж байсан байна. Пуштунууд хаан ширээнд сууснаар тэдний амьдрал орвонгоороо эргэжээ. Пуштунуудын овог отгын хязгаарлагдмал үзэл бодол,ертөнцийг үзэх үзэл нь шашны мухар сүсэгт хэт автсан байдал нь хазаруудыг ялгаварлан гадуурхах харгис бодлогынх нь гол шалтгаан байсан. 1880-1901 он хүртэл хаан ширээнд суусан Абдул Рахманы явуулсан бодлогын уршгаар мянга мянган хазара эрчүүд алуулж, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэн, хазаруудыг боол болгон худалдаж ,орон гэрийг нь дээрэмдэн тонож газар нутгийг нь эзэлжээ. Үүгээр зогсохгүй өөртөө хүч нэмэгдүүлэхийн тулд мухар сүсэгт автсан Тажик, Үзбекүүдийн эмзэг мэдрэхүйгээр нь тоглож хазаруудын эсрэг турхиж амжсан байна. Дээрээс нь Британуудын зүгээс үзүүлж байсан зэр зэвсгийн хангамж Рахманыг хүслээ гүйцээхэд нь дэмжлэг болсон нь дамжиггүй. Тэр үед Британи Оросын харилцаа сайнгүй тэдний дайсагнал олон жил үргэлжилсэн билээ. Энэ хоѐр улсын геополитикийн хавсарга болж байсан одоогийн афганистан улсад Британичууд хараа хяналтаа тогтоон барьж байхын тулд пуштуны хаан Рахманыг хүүхэлдэйгээ болгож байсан нь түүхэнд үлджээ. 1893 он гэхэд хазара хүн амын 60 хувь нь хядуулж, туйлдаа хүртлээ үгүйрч хоосорсон, хоцрогдсон хүмүүс болж хувирав. Амьд мэнд үлдэхийн төлөө хэдэн зуун мянгаараа хөрш зэргэлдээ орнууд руу оргон гарч байлаа. Тэдний нэг хэсэг бол одоогийн Пакистаны Хазарууд юм.

“1935 онд Күеттад болсон газар хөдлөлтөөс өмнө тэд нэн ядуу дорой амьдралтай, мэдлэг боловсролгүй , мэргэжилгүй, нийгмээс алслагдсан хүмүүс байлаа. Газар хөдлөлтөөс хойш бий болсон бүтээн босгох ажилд оролцож хөдөлмөр эрхлэх, мэргэжил эзэмших боломж гарсан. 1962 онд тэднийг Пакистан улсын иргэд хэмээн албан ѐсоор зөвшөөрч энэ улсын иргэдийн адил эрх эдлэх болжээ. Эдүгээ тэд дээд албан тушаалтнаас эхлээд янз бүрийн салбарт ажиллаж байна. Хазарууд бол маш эв нэгдэлтэй хүмүүс. Өнөөдрийн энэ амьдралаа тэд өөрсдөө бүтээсэн . Тэд бол ажилсаг, авьяастай хүмүүс” гэж хазаруудын талаар тухайлан судалсан пакистаны судлаач бичжээ.

Пакистан дахь Хазаруудын түүх бол богинохон, тэдний армид үзүүлсэн үйлчилгээ болон Пакистан улсыг бий болох зэрэг хэдхэн үйл явдлын хүрээнд эргэлддэг . Афганистанд Паштунуудын хаант засаглал тогтохоос өмнө Пакистанд цөөн тооны хазара хүмүүс амьдарч байсан байна. Амир Абдул Рахман хааны тэдний эсрэг явуулсан дарамт дарангуйллын үеэс эхлэн Күеттад олноороо дүрвэн ирцгээх үед Энэтхэг Пакистан нь нэг улс байсан хийгээд Энэтхэг нь Британийн колоничлолд байлаа.

Хазара дүрвэгсдийг ирэхэд Британичууд тэдэнд найрсаг ханджээ. Тэр үед Балуч хаан Британичуудад Күетта дахь газар нутгаа лизингээр зээлдүүлсэн байсан тул хазаруудын одоо амьдарч байгаа энэ нутаг Британуудын мэдлийнх байж.

Британийн армийн офицерууд Хазаруудын цэргийн хэв шинжтэй амьдрал, цэргийн авхаалж самбаа ур чадварыг олж харснаар тэд Энэтхэг-Британийн армид алба хаах болжээ.1900 оны эхээр Британийн офицер Жэкоб, сүүлд фелд-маршал болсон, зөвхөн хазаруудаар бүрдсэн морин цэргийн хороо байгуулсан нь “Хазара Пионерүүдийн 106-р хороо” хэмээн түүхэнд алдаршжээ. Энэ хороо Афган-Британийн дайн, Дэлхийн 1, 2-р дайнд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Хазара офицерууд цэргүүдээ зөвхөн дүрвэгсэд дотроосоо бус, бүр Афганистан,Ираны хазаруудаар бүрдүүлдэг байж . Тэд дайны үед зам гүүр барих, усны суваг шуудуу татах зэрэг хүнд хүчир газар шорооны ажлыг хийдэг байсан байна.

Дайны төгсгөлд Хазарууд энгийн амьдралд өргөн хүрээтэй оролцох болсноор өдрөөс өдөрт мэргэжил боловсролоо ахиулсаар байлаа. Цэрэг дайны амьдралаар амьдраад сурчихсан дээрээс нь энэ талын төрөлхийн авьяас, дур сонирхол нь энгийн амьдралд шилжихэд нь тэдний хувьд хүчтэй саад эсэргүүцэл болж байсан гэдэг.

Нөгөөтэйгүүр Пакистан гэсэн шинэ улс бий болсон нь хазаруудын өмнө шинэ боломж бололцоо нээгдэв. Энэтхэг-Пакистаны дайнд Хазарууд өчүүхэн хэсэг байгаагүй . Энэ дайнд Пакистаны арми хазара эр, генерал Мохаммед Муса Хааны удирдлаган дор тулалдсан нь баримт юм . Дараа нь тэрээр Пакистаны армийн ерөнхий командлагч, мөн Балучистан мужийн захирагч болсон .Түүнчлэн энэ дайнд тулалдааны зарим фронтод хазара офицерууд байлдааны ажиллагааг удирдан явуулж байжээ. Пакистаны Баатар хэмээн хүндлэгдсэн олон дайчид төржээ.

Би тэдний нэг цэргийн нисэх хүчний маршал Шарбат Али Чингэзитэй Күеттад хувийн ажлаар түр ирсэн байхтай нь таарлаа. Маршал Чингэзи хошин зантай, энгийн нээлттэй нэгэн байв. Надаас Хазара гэдгийг монголоор юу гэж хэлдгийг асуухад би мянга гэлээ. Миний хэлснийг дуурайн хэлээд за тэгэхээр хүүхээ гээд Чингэс хааны үлдээсэн тэр мянгат цэргийн тактик , зохион байгуулалтын талаар тайлбарлан , бид монголын түүхийн талаар бага зэрэг хуучиллаа. Ер нь бол тэр маш их уншдаг хүн болох нь мэдэгдэж байлаа. Чингис гэдгийг хазараги хэлээр Чингэзи гэж дуудна. Шарбат Али бол хазарууд дундаас энэ нэрийг гэр бүлийнхээ нэрээр сонгосон анхны хүн юм. Би түүнээс энэ талаар асуухад “ Энэ их энгийн. Хазара Монгол байх гэдгээрээ бахархах гэсэн хүсэл маань энэ шийдвэрт нөлөөлсөн юм. Хазара гэж дуудуулах нь ичгэвтэр, гэмт хэрэг мэт байсныг чи бидний түүхээс олж мэдсэн байх. Надад бол харин ч хүн болгонд нэрээ хэлмээр санагдаж байсан, тухайн үед би цэргийн сургуулийн сонсогч байлаа” гэсэн юм. Өнөөдөр Пакистаны Балучистан дахь армийн офицеруудын ихэнх нь Хазара эрчүүд. Тэдний олонхи нь Чингэзи нэртэй.
Маршал Чингэзигээс Монголтой ямар нэгэн харилцаа холбоо байдаг эсэх, энэ талаарх бодлыг нь сонирхвол “Бид чинь угаасаа л холбоотой хүмүүс шүү дээ. Чи надад онгоцны тийз өгчихвөл би хазаруудыг бөөнөөр нь аваад очье” хэмээн хошигнон хэллээ.


Цэргийн нисэх хүчний генерал Шаукат Чингэзи монголчууд “үндсэрхэг” хүмүүс тийм үү... хэмээн инээд алдсаар яриа дэлгэв. Хүүхдүүдийнх нь нэр Алтан, Баян, Өүлэн . Намайг байхгүй болсон үед үндэс угсаагаа санаж явцгааг гэж монгол нэр өгсөн гэлээ. Монгол Хазара хүмүүс холбоотой байх хэрэгтэй. Тэр цаг нь болсон гэж бодож байна гэж генерал Чингэзи ярианыхаа үеэр онцолж байлаа. Дашрамд дурдахад Хазарууд хүүхдүүддээ монгол нэр өгөх нь элбэгшиж байгаа гэсэн.

Түүнчлэн дээр өгүүлсэн генерал Мусагийн ач хүү Хассан Мусатай хуучилж байх үед тэрээр нэгэн явдлыг ярилаа.. Англид сурч байхад нь Оксфордын эрдэмтэн түүнээс генийн шинжилгээ авахыг хүссэн байна. Хариу нь монгол хүнийхтэй 75 хувиар тохирчээ. Үүгээрээ тэр ихэд бахархдаг гээд Монголд заавал очно гэсэн юм. Хассан надаас Чингэс хааны төрсөн нутгийн талаар тухайлан асуун сонирхож байлаа.

Энэ мэтчилэн янз бүрийн салбарын өөр өөр ажил мэргэжлийн олон хүнтэй ярилцав. Хүмүүс надаас нийтлэг нэг зүйлийг асууж байсан. Монголд зорчих дурэм журам, виз хаанаас авдаг, консулын газраа Пакистанд нээж болох эсэх, шилжин нүүх хөдөлгөөний тухай хууль дүрэм, монголчууд хазаруудын талаар ямар бодолтой байдаг тухай юм. Хазара хүмүүс надаас ийм зүйлийг голлон асуух юм гэж үнэндээ бодоогүй байлаа.

Цахим Өртөө Холбоо ТББ-аас зарласан Монголд Хазара оюутан сургах тэтгэлэгт хөтөлбөрийн тухай олоод мэдчихсэн залуустай ч таарлаа. Энэ бол сайхан мэдээ, хазара залуус олноороо Монголд очиж ялангуяа түүх, соѐлын чиглэлээр суралцах хэрэгтэй гэж байв.

“Бид нэг уулзчих хэрэгтэй байна, нэг ярилцах хэрэгтэй байна. Монголд айлчлал зохион байгуулмаар байна” гэж хариуцлагатай өндөр албан тушаалын хүмүүс хэлж байлаа.

Одоогийн байдлаар Пакистанд 500 гаруй мянган хазарууд амьдардаг. Өнөөдрийг хүртэл хазарууд Афганистанаас дүрвэн ирсээр л байна. Хэдийгээр Хазара хүн толгой өөд явах болсон ч гэсэн Афганистан дахь Хазаруудын хувьд анхаарлын гадуур хаягдсан, хоцрогдсон үндэстэн хэвээрээ л байгаа.

Афганистан, Ираны хазаруудыг бодвол Пакистаны хазарууд амьдрал ахуй нь хавьгүй дээр, хамгийн гол нь боловсролтой. Цаашлаад Пакистанд тэд өндөр боловсролтой хүмүүст тооцогддог.Лалын ертөнцөд эрчүүд давамгайлсан байдаг ч Хазарууд хүйсийн тэгш байдлын төлөө хазайж байгаа гэсэн.Эмэгтэй хүн мэдлэг боловсрол эзэмшиж нийгэмд байр суурь эзлэх ѐстой гэж бодох болжээ.Охидын сургуулийг олноор нь байгуулж.

Гудамжинд эмэгтэйчүүд нь нүүрээ ил гаргаад толгой , биеийнхээ хэсгийг далдалсан алчуур нөмөрч явна. Зарим нь нүүрээ хагас далдалсан харагдана.Зураг авах үед дурангаас зайлсхийнэ. Ер нь дургүй. Би алчуураа толгойдоо бус мөрөндөө тохчихоод алхаад байлаа.Зөрөх хүмүүс над руу том харна. Хазара гэж бодоод байгаа нь илт. Зарим нь ч тэссэнгүй үг хаяж байна.

Хижээл эмэгтэй: “ Яадаг хүүхэд вэ, толгой нүцгэн явж байх чинь”

2 өвгөн: “Бурхны ном зөрчөөд.. Гэхдээ яахав чамайг бурхан өршөөг”

2 залуу: “Хөөх алчуургүй явж байна.”

Зураглаач маань инээсээр, хазара бишээ хэмээн тайлбарласаар...

Хазаруудын амьдрал ахуй, зан үйл гээд монголчуудтай адил төстэй зүйл олон байгааг ажигласан. Элэгсэг, шооч, ѐжилж тоглоом хийх дуртай. Заримдаа түргэн огцом зан гаргана. Эрх чөлөөнд дуртай тайван хүмүүс. Энэ бүх чанар надад нэг л “танил” санагдаад байв.

Монголын ѐс заншил, соѐл тэдний сонирхлыг илүүтэй татдаг нь илт. Нэгэн ярианы үеэр нэг залуу баримтат кинон дээрээс монгол хүн хол явж байгаа хүний араас сүү өргөж байсныг яриад харин Хазарууд ус өргөдөг гэлээ. Тэгэхэд би, монголд ус өргөвөл муу яваарай гэсэн хэрэг болно гээд инээлдэв. Гэтэл хажуунаас нэг нь бидэнд монгол шиг тийм их мал сүрэг байхгүй, тэгээд л сүү нь ус болсон байх гэлээ. Бас нэг нь монголчууд модноос өнгө өнгийн даавуу уяж байхыг харсан . Хазарууд бас адилхан гэв. Монгол бүжгийн талаар сонирхон асууж байлаа.

Тухайн үндэстнийг бусад үндэстнүүдээс ялгадаг зүйл бол зан заншил. Ялангуяа үхэх, төрөхөд үйлддэг зан үйл. Энэ талаар Хазаруудаас олж харснаа товч дурдвал,

Шинээр төрсөн хүүхэдтэй айлд ойр дотны хамаатан л биш бол тухайн хүүхдийг 40 хоног өнгөртөл хүмүүс зочилдоггүй. Нэр өгөхдөө ойрын төрөл саднууд цуглаад хэлэлцэнэ.Эрэгтэй хүүхэд төрвөл хонь гаргаж найр хийнэ.


Хазарууд сүсэг бишрэлийн хувьд, тэд энэ ертөнц буг чөтгөр, муу ѐр, сүнс, хар ид шидний увдас зэрэгт хамаатай гэдэгт итгэнэ. Үүнтэй холбоотой зан үйл олон. Хэцүү байдалд орсон үедээ өргөл барьц өргөх нь элбэг. 9-ийн тоог бэлэгдэнэ.

Оршуулганд оролцоод ирж байгаа хүмүүсийг угтаж замд нь утаа уугиулсан байхыг харлаа. Хүмүүс хажуугаар нь өнгөрөхдөө утааг гараараа бие рүүгээ чиглүүлэн сэвж байв. Шарилын газраас ирж байгаа тул биеэ муу ѐрын сүнснээс зайлуулж ариутгаж байгаа хэрэг гэнэ. Монголчууд аргал хомоол хэрэглэдэг бол тэд арцны үнэртэй төстэй негра хэмээх мод хэрэглэнэ. Энгийн үед ч орон гэр, биеэ неграгаар байнга утаж ариутгана.

Хүнээ алдсан айл дараагийн нэг жилдээ элдэв зугаа цэнгэл, найр наадамд очихгүй. Баяр тэмдэглэхгүй. Буяны ажлыг жилийн турш үйлдэнэ.

Мухтаар 4 хүүхэдтэй, хамгийн бага нь охин, 7 сартай. Нэгэн орой охиноо гадаа салхилуулахаар гэрээсээ гарахаасаа өмнө нь хамарт нь хөө түрхэж байлаа. Учрыг асуувал эхнэр нь “чөтгөр харчихна” гээд инээлээ. Хүүхдүүдийнхээ хамарт хөө түрхдэг байснаа би саналаа.

Хазара хүмүүс хооллохдоо сандал ширээ хэрэглэдэггүй.Явган сууцгаана. Тэдний үндэсний хоолны төрөлд борц, ааруул, аарц, монгол гурилтай шөл гээд бидний мэдэх хоол бүр амт үнэрээрээ байна лээ. Борцийг кадеед, аарцыг аарчи, ааруулыг хурууд гэнэ.

Алтафийн гэр бүлийнхэнтэй хамт ундаллаа нэг удаагийн ээлжинд. Түүний үеэл Али Мохаммед хэмээх алиа хошин зантай нэгэн бас зочилж ирсэн байв. Тэрээр монгол үг заавал олно гээд хэд хэдэн үг хэлж заримыг нь үйл хөдлөлөөр үзүүлж ихээхэн хичээл зүтгэл гарган бөөн инээдэм болцгоов.Үүний дүнд чимхэх-чимкху, хурхирах-хурхуйр, гижиг-гижийх, цавчих-чавчи, хавчих-габчи, эвшээх-эвша, сүүж-сөжи, төвөнх-төбунх, янцгаах-янкраах гэсэн үгтэй болцгоолоо.

Хазаруудын хэл,соѐл, зан заншлын талаар тухайлан судлах эрдэмтэн, судлаачид их зүйл олно гэдэгт эргэлзэхгүй байна.

Пакистаны хазарууд Күеттад суурьшаад 100 гаруй жил өнгөрсөн байхад өөр үндэстнүүдтэй гэрлэж холилдоогүй өдий хүрсэн байх юм. Учир нь Күеттагийн иргэдийн ихэнх нь сүнни урсгалыг сүсэглэдэг. Лалын шашны сүнни, шиа урсгал хэзээд саланги зөрчилтэй байсаар ирсэн. Нөгөө талаар хазара хүн хазара хүнтэйгээ суух, гэр бүлийн уламжлалт харилцааг хатуу мөрддөг нь генээ хадгалж үлдэхэд нь нөлөөлжээ.

Ингээд Пакистанд болж байгаа үйл явдлын эргэн тойронд эргэлдээд үзье.

Өнөөдөр Пакистан улс дэлхийн хамгийн халуун цэгийн нэг болж байна. Дэлхийн нийтийн анхаарлын төвд байлгадаг ганцхан зүйл нь энэ улсад байгаа цөмийн зэвсэг. Дээрээс нь юу ч хийж мэдэх террористууд гэгдэх сэтгэхүйн доройтолтой хүмүүс эргэн тойронд нь эмх замбараагүй байдал үүсгэж байдлыг улам аюултай болгож байна.

Тэртээ цагт Пакистаны нууц албаныхны бүтээсэн “франкенштейнууд “ болох Талибууд эргэж амилаад амар заяа үзүүлэхээ болиод удаж байна. Талибуудыг бүтээхэд Америкууд гүнзгий гар бие оролцож тусалж дэмжин цагтаа “найз” явцгаасан улс. Афганистанд социализм байгуулахаар орж ирсэн зөвлөлтийн цэргийн эсрэг ашиглах гэж. Коммунизм ч ганхлаа, зөвлөлтийн арми ч гарлаа. Америкууд ч санаа нь амраад хэргээ бүтээгээд гараад явлаа. Тэд аймаар том мангас бүтээснээ тооцоолоогүй хаячихсан. Хүн гэдэг амьтны хувиа хичээсэн натур чанарын бодит жишээ. Одоо зуурсан жонхуугаа янзлах гээд тал талдаа зүдэрцгээж байна.

Миний уншиж мэдсэнээр бол Пакистан улс ардчилалын тухай 1970аад оноос эхлэн ярьжээ.Өнөөг хүртэл энэ улсын ардчилал руу орж өгдөггүй, хөгжилд нь саад болоод байдаг зүйлийн тухай бодож олох гээд тархиа гашилгах хэрэггүй. Шалтгаан нь ерөөсөө л феодалын ёс, авилга хээл хахууль. Улс төрчид нь бүгд өөр өөр юм ярина. Хоорондоо нэгдэнэ гэж байхгүй. Хэдхэн гэр бүл энэ улсыг захирдаг.

Тийм ч учраас Пакистаны баруун хойд мужид \Swat Valley\ талибууд хяналтаа тогтоогоод амжсан.

Талибууд лалын шашны хууль Шариагийн хамгийн харгис тайлбарыг хүчээр бий болгосон байдаг. Пакистаны засгийн газар байдал намжих болов уу гэсэн горьдлогын үүднээс тэдэнд шариатын хуулийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөд гарын үсэг зурчихсан. Нөгөөдүүл нь маргаашнаас нь амьтан хүн ташуурдаж эхлээд байдлыг улам дордуулж орхилоо. Айж цочсон нутгийн ард олон хэдэн мянгаараа дүрвээд ѐстой нэг холион бантан болж байна энд. Пакистаны цэрэг цагдаагийн арми болон талибуудын хооронд болж байгаа “дайн” одоо хурц хэлбэрт шилжиж байна.

Талибуудад эзлэгдсэн тухайн бүс нүтгаас одоогийн байдлаар хагас сая хүн дүрвээд байна. Цагдаад халдах, дипломатуудыг барьцаалах, гадаадынхныг буудах , нутгийн хүмүүсийг дүүжилж хороох явдал байнга гаргана. Тэд 200 гаруй сургуулийн барилгыг устгаж үгүй хийсний ихэнх нь охидынх. Эмэгтэйчүүд нь нүүрээ бүтээж явах болсон нь өмнө нь энэ нутагт хэзээ ч байгаагүй явдал.

Хэт үндсэрхэг үзэлтэй, дээрээс нь шашны хэт үзэлтэй тэдэнд АНУ-ын Обамагийн засаг захиргаа хүндэтгэлтэй хандах нь юу л бол. Гэхдээ орчин үежсэн Талибуудтай ярилцана гээд энхийн арга зам эрэлхийлсээр байгаа. “Орчин үеийн үзэл бодолтой” талиб гэж бараг олдохгүй байхаа. Талибуудын эрх мэдэл тогтоно гэдэг бол товчхоноор хэлэхэд орчин үеийн амьдрал гэж байхгүй болно гэсэн үг.

Талибан гэдэг нь арабаар “шашны сурагч” гэсэн утга илэрхийлнэ. Шашны сургуулийн хөвгүүдэд Талибуудын заадаг хичээл бол Калашников бууг хэрхэн эзэмших, амиа золиослох халдлагад яаж бэлдэх , Куран судрыг ойлгох үгүй нь хамаагүй заавал цээжлэх. Охидыг сургуульд сурахыг хориглож, эмэгтэй хүн эмгэн болтлоо гэртээ суух ѐстой. Амьдралынхаа төгсгөлд л австайгаа хамт гэрээсээ гарна.

Ядрахад яр гэгчээр Балучистан муж Пакистан улсаас салан тусгаарлах тухай нилээд дээр үеэс бий болсон хуйвалдагч бүлэглэлүүдийн санаархал хурцдаад эхэллээ. Энгийн гэмгүй иргэдийг онилсон санаатай аллагууд үе үе гарч байна. Энэ мужид Балуч, Паштун, Панжаб, Хазара үндэстнүүд зэрэгцэн амьдардаг. Хамгийн аймшигтай нь зүв зүгээр бизнесээ хийгээд,эсвэл гудамжинд алхаж яваа энгийн иргэдийг алуурчид мотоцикльтой давхиж ирээд буудчихаад арилаад өгдөг. Энэ хавраас эхлээд Хазарууд руу чиглэсэн аллага ойр ойрхон гарч байна. Тэдний дунд цагдаагийн газрын дарга Хассан Али, Хазара Ардчилсан Намын дарга Хуссэйн Али Юүсэфи нар захиаллагат аллагад өртлөө.Энэ аллагыг лалын сүнни урсгалын хэт даврагч бүлэглэл Лашкар-и-Жангви зохион байгуулсан гэгддэг. Энэ бүлэглэлийн үйл ажиллагааг Пакистанд хориглосон байдаг. Өнгөрсөн жил энэ бүлэглэлийн толгойлогчид болох онц ноцтой алан хядагч болох 2 этгээд дээд зэргийн өндөржүүлсэн хамгаалалттай шоронгоос оргож амжсан.


2003 онд энэ алан хядагч бүлэглэл Хазаруудын сүмд бөмбөг дэлбэлснээс 53 хүн амь үрэгдэж,150аад хүн шархаджээ. Хазарууд лалын шашны Шиа урсгалыг дагадаг. 100 гаруй жил үргэлжилсэн хэлмэгдэл д өртөж, үндэстнээрээ мөхөх аюулд хүргэсэн гол шалтгаан бол тэдний шашин шүтлэг, үндэс угсаа юм.

Би зарим нэг хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзлаа. Гурилын үйлдвэрийн ажилчин Али Дауд бусад 4 хүний хамт ажил руугаа машинд суугаад явж байхад нь 2 мотоцикльтой алуурчид гэнэт гарч ирээд тал талаас нь буугаар шүршжээ. Тэд газар дээрээ нас барсан хийгээд бүгдээрээ хазара байжээ. Энэ хэрэг энэ оны 3-р сард гарсан.

“Яагаад ийм зүйл тохиолдов, шалтгааныг нь та юу гэж бодож байна ?” Даудын эхнэр Мариамаас асуухад,

“Надад мэдэх юм юу ч алга. Хазара гэдэг нь алуулах шалтгаан болсон байх” гэж Мариам хэллээ.

Би: “Алуурчдыг олсон боловуу?”

Мариам: “Олоогүй”

Тэднийх охин, хүү 2 той. Охин нь 13 настай , би түүнээс ганц нэг зүйл асуухыг оролдсон боловч тэрээр юм хэлж чадахгүй уйлаад л байлаа. Амьжиргаа залгуулдаг байсан ганц хүнээ алдсанаас энэ айл санхүүгийн хүнд бэрхшээлд унажээ. Охин нь сургуульдаа явж чадахаа больсон байна. Гэхдээ Мариамын үеэл Алидад охиныг сургуульд буцаж ороход тусална гэж байлаа. Даудынх талибын дэглэмийн үед Афганистанаас дүрвэж иржээ.

Бизнес эрхлэгч Хажи Саки том хүү Али Асхаарынхаа хамт амь үрэгджээ. Дэлгүүрт нь алчуурчид орж ирээд буудсан байна. Хажи 5 охин, 2 хүүтэй байж. Амиа алдсан том хүү нь 22 настай, дөнгөж сүй тавьсан байжээ.

Түүний эхнэрт ярих тэнхэл үнэхээр байхгүй байлаа. Ингээд хүргэн Абдул Халидтай ярив.

“Яагаад ийм зүйл тохиолдов?” гэж асуухад

“Ёстой хэлж мэдэх юм алга. Бид одоо хүртэл шокноос гараагүй л байна. Хазара байсан учраас л аллагад өртсөн гэж бодож байна” гэж Абдул хэллээ.

Би:“Алуурчдыг олсон уу?”

Абдул: “Олоогүй”

Энэ айлын бизнес зогсчээ. Лалын шашны уламжлалаар бол эмэгтэйчүүд ажил эрхэлдэггүй. Бэлэвсэрч хоцорсон эмэгтэйчүүдийн хувьд энэ нь хамгийн хүндрэлтэй асуудал байх шиг санагдсан.

2001 оноос хойш 200 шахам хазара санаатай аллагад өртөж амь насаа алдан, шархагдагсдын тоо 300 давжээ. Үүний ихэнх нь сүүлийн 2 жилд болжээ.

Одоогийн байдлаар аллагыг зохион байгуулсан, үйлдсэн гээд нэг ч хүн шүүхээр шийтгүүлээгүй байна. Салан тусгаарлагч хуйвалдагч бүлэглэлүүдийн явууллага эрчимжиж мужийн Засгийн газар дахь төвийг сахисан,шударга байдлыг эрхэмлэдэг улс төрчид, армийнхнийг онилсон захиаллагат аллага, барьцаалах явдал газар авч байна. Нөгөө талаар энэ муж Энэтхэг Пакистаны зөрчлийн голомт. Пакистаныг салган хуваахын тулд Энэтхэгийн аюулгүйн алба хуйвалдагч бүлэглэлүүдийг зэр зэвсгээр хангаж санхүүгийн дэмжлэг үзүүлж байна гэж Пакистаны тал үздэг. Энэтхэгчүүд болохоор тэд энэ хэрэгт ямар ч холбоогүй гэж мэлздэг.

Балучистанд талибуудын тоо өссөөр байна. Тэдний гол нуувчууд Күеттагийн эргэн тойронд байна. Тэр байтугай талибийн удирдагч Мулла Омар энэ хотод нуугдаж байгаа гэж үздэг. Хэн ч тэдэнд энэ мужид хөл тавь гэж зөвшөөрөөгүй байхад чадаж байгаа нь хачирхалтай. Бодоод үзэхүйд энэ мужид тогтворгүй байдлыг бий болгоод байгаа “үл үзэгдэх хүчнүүдэд” талибууд хэрэгцээтэй хоол болдог байх. Балучистан нь байгалийн баялагаар баян. Алт,зэс,нүүрснээс гадна дэлхийд томоохонд орох байгалийн хийн нөөцтэй.Тэгсэн хирнээ Пакистаны хамгийн ядуу, анхаарлын гадна орхигдсон . Энэ муж 2 дахь Swat Valley болох зам руугаа явж байна. Салан тусгаарлах тухай асуудал дээр Хазарууд эсрэг байр суурьтай, дэмждэггүй, Пакистан гэсэн нэг л улс байх ѐстой гэж үздэг юм байна.

Ажилсаг хөдөлмөрч , авьяастай, цэвэрч, эв нэгдэлтэй гэсэн тодорхойлолт бол Хазаруудын имиж. Зэрэгцэн амьдарч байгаа бусад үндэстнүүдтэй ахан дүүсийн харилцааг эрхэмлэдгээс гадна шударга ѐс, тэгш эрх, эрх чөлөөтэй байхын чухлыг илүү их мэдэрдэг хүмүүс шиг санагдаж байлаа. Ялангуяа туулж өнгөрүүлсэн зовлон бэрхшээл нь тэдэнд эв нэгдэлтэй байхын чухлыг ойлгуулсан гэлтэй.

Хазара овгийн удирдагч Сардаар “Пакистаны 250 мянга гаруй хазара иргэд хилийн чанадад дүрвэн амьдарч байна. Хамгийн гол нь аюулгүй тайван орчинд амьдрахыг хүссэн нь тэдний дийлэнх нь. Энд байдал ширүүн болж байна. Хэзээд юу ч болж мэдэхээр байгаа. Бусад оронд хөрөнгө оруулалт хийгээд амьдарч байгаа маш их мөнгөтэй олон хүн бий. Би нэг зүйлийг мөрөөдөж байна. Биелэх эсэхийг нь мэдэхгүй юм. Хэрвээ монголчуудтай холбоо тогтоож хамтран ажиллая гэх юм бол тэдгээр хазара хүмүүс Австрали, Канад ...гэхээсээ илүү Монголыг сонгох болно. Үүнийг л би мэдэж байна. Бид чинь монголчуудын нэг хэсэг шүү дээ.Хазарууд ХАА-н салбарт мэргэшиж дадлагашсан хүмүүс. Уул уурхай,газар шорооны ажилд асар их туршлагатай. Дэлхийд томоохонд тооцогддог Балучистаны нүүрсний уурхайн ажилчдын 70 гаруй хувь нь хазарууд байдаг. Хазарууд Афганистан руу буцаад явах болов уу гэж чи асууж байна, очоод агуйд амьралтай биш дээ. Талибануудын өндийлтийг чи харж байгаа. Тэд хэзээ л бол хэзээ Афганистанд хүчээ авахаар болчихлоо. Балучистаны ирээдүй дайны ирмэг дээр байна” гэж ярилаа.

Дараа нь Сардаар гуай “ Би нэг зүйлийг асуумаар байна . Чи юу гэж бодож байна, Монголчууд биднийг хүлээн авах болов уу?” гэсэн юм.

800 жил өнгөрч бидний хооронд алд дэлэм өөрчлөлт, ялгаа гарсан нь мэдээж. Зөндөө бэрхшээл тулгарна.Тэвчээр л бүхнийг шийдэх байх. Гэхдээ миний бодлоор тэд Монголчуудын маань хэсэг хэвээрээ л байгаа.



Бид тэднийг хүлээж авч чадах болов уу? Хариултыг уншигч танд бас үлдээе.



Эцэст нь та бүхэнд “Монголчууд та нартайгаа холбоо тогтоомоор байна” гэсэн Хазаруудын чин хүслийг уламжилж байна.

Намайг Күеттагаас явах үед онц байдал цуцлагдсан байлаа. Балуч үндэстний лидерүүдийн амийг хороосон явдлыг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр 10 гаруй хүн амь насаа алдаж,хэдэн арваараа шархдан, сая саяар хэмжигдэх рупиний эд зүйлийг эвдэлж хэмхлэн галдан шатаажээ.

Сурвалжилсан сэтгүүлч Н.Болормаа

Пакистан. Күетта хот.

Жич: Уншигч та санал хүсэлтээ мөн англи хэл дээр www.hazaranation.com, altaf_za@yahoo.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it хаягаар илэрхийлээрэй.

Зураг: Зохиогч хазара багш эмэгтэйн хамт.



Мэдээлэлийн Эх Сурвалж энд дарж авна уу

8 comments:

  1. Маш их сонирхолтой байлаа. Телевизээр хагас дутуу үзэж байсан.Энд харин гүйцээгээд харчихлаа

    ReplyDelete
  2. tv nevtruulgiig olj uzekh yumsan.
    hazaranation.com deer ene tukhai Pakistan dahi Hazara nar english deer bichsen baina lee.
    ter english huvilbariig ni mongolruu horvuulj hazarachangezi blogt oruulna ,harin hazaranation deer Setguulch bolormaagiin ene niitleliig english deer bolgoj tavikhaar bolson.

    zurguudiinkh ni link
    http://www.hazaranation.com/HN-Semenar-April17.htm
    niitlel ni ene page deer baigaa guilgeed haraarai
    http://www.hazaranation.com/News-Archives.htm

    ReplyDelete
  3. Их баярлалаа хө үзлээ. Уг нь үндэсний ТВ-гээр тэр нэвтрүүлэг саяхан л гарсан юм сан. NTV сувагаар бас << Монголоо хайсан Монгол >> нэртэй Буянбадрахын Афганистанд очиж Хазара хүмүүстэй уулзсан тухай нэвтрүүлэг гарсан. Холбоотой байх гэж янз бүрээр үзээд л байгаа юм шиг байгаам манайхан. Тухайн телевизүүдийн сайтуудаар нь ороод хүсэлт тавиад үзээч хө. Энэ Блогтоо тэр нэвтрүүлгүүдийг оруулчихвал зүгээр л юм байна

    ReplyDelete
  4. oldokh bolov uu ?
    NTV giin promo l oldoj baisan , belen nevtruulge ni tiim amar oldokhgui baihaa oldvol ch shuud l blogt update hiine l dee.
    Ene Tsahim ortoo baiguullaga, NTV, Setguulch Bolormaa geed saikhan khumuus baina. Unekheer hundelj bishirmeer , ter humuus oorsdiin chadakh bukh zuiliig hiij baina.
    Ter humuusiin araas bi ch bas orchikhson blog hotlood yavj baina shuu dee.

    ReplyDelete
  5. "webmaster@ntv.mn хаягаар бичиж ирүүлнэ үү" гэнээ.
    NTV рүү имэйл бичиж байгаад холбогдоод үзээч хө

    ReplyDelete
  6. udakhgui blogiin medeeleliin tsar huree orgojood web bolokh ter uyed l zahia bichikh bodoltoi baigaa.

    ReplyDelete
  7. энэ асуудлаар бүх нийтийг хамарсан санал асуулга явуулах хэрэгтэй байх. minii huwid demjij bn. ene humuusiig manai Mongoloos oor hun gesen utgaar ni tednees yu ch nehelgui ashig haralgui hun gesen utgaar ni harj tuslah todorhoi huch Mongoliin zasgin gazraas oor baihaargui sanagdjin. arab yertonts ter chigeer n tedniig ustgahiig husjihad ah duus ni tuslahgui bol hen tedend tuslna gj. busad ali ch ulsiin erh ashig tend baihgui bolhoor hamgaalahgui tooh ch ugui biz. ENE ASUUDLAAR BUH NIITIIN SANAL ASUULGA YAWUULII

    ReplyDelete
  8. ta nadruu emailee yavuulna uu ?
    emaileer iluu todorkhoi medeelel soliltsoyo

    ReplyDelete