Монгол царайтай, Монгол-Турк-Перс холилдсон хэлээр ярьдаг, мал аж ахуй, газар тариалан эрхэлж амьдардаг, өөрсдийгөө эзэн Чингисийн удам гэж бахархдаг Хазара монголчуудын төлөөлөл болсон 15 оюутан өдгөө Улаанбаатарт суралцаж байна.
Монгол нутгаас 700 жилийн өмнө гарсан Хазара монголчуудыг Чингис хааны нэгэн мянгат цэргийн үр сад болов уу гэж түүхчид бичдэг.
Хазара монголчууд XIX зууны үед Афганистаны хүн амын 50 хувийг бүрдүүлж, тэр хэрээрээ хүчтэй байж. Харин англичууд Афганийн гар хөлөөр дамжуулан 2-3 сая Хазара иргэдийг аймаглан устгаж, улмаар тэдний сүр хүч үгүй болсон гэж түүхэнд үлджээ. Дэлхийд тархсан монголчуудын нэг хэсэг Хазара монголчууд Чингисийн Монголын өлгий нутагт ирэхийг ихэд хүсдэг аж. Тэдний төлөөлөл болсон Казим Резай гэж эрхэмтэй таарч, цөөн хором ярилцсан юм.
- Таныг Монгол нутагт анх удаа ирж буй гэж дууллаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу бидэнтэй?
- Хазарачууд бид Монголоосоо гараад 700 жил болж байна. Бид Монгол цустай ард түмэн. Тиймээс би өвөг дээдсийнхээ нутагт ирж үзье. Монголчуудаа, Монгол газар нутгаа харъя гэж ирсэн юм. Ирээд монголчуудтайгаа уулзахад үнэхээр сайхан байна. Үнэндээ Монголд ирж үзэх нь миний энэ насны мөрөөдөл байсан юм.
Хазара гэдэг үгийг Монголоор орчуулбал Мянга, Мянгат гэсэн утгатай. Нэгэн Мянгатын үр сад болсон хүмүүс бид өдгөө Афганистаны Хазарагийн нутагт амьдарч байна. Миний хувьд оюутнуудаа эргэхийн зэрэгцээ Монгол ахан дүүстэйгээ танилцах, Монгол орны өнөө цагийн хөгжил ямар байна. Монголчууд хэрхэн амьдарч байна вэ гэдгийг мэдэх, улмаар Хазарагийн ард түмэндээ сайн мэдээ дуулгах зорилготой ирсэн юм.
- Тэгэхээр Та бүхэн бидний амьдралыг мэдэхийг хүсч байгаа шиг, бид ч бас өнгөрсөн 700 жилийн туршид Та бүхнийг хэрхэн амьдарч ирсэнийг мэдмээр байна л даа?
- Дэлхийн талыг эзэлсэн хүчирхэг өвөг дээдсийн үр удам болох мянган хүн тэр нутагт үлдсэн. Хазарачууд бид сүүлийн 700 жил Афганистаны ард түмний дунд цөөнхийн амьдралаар амьдарч ирсэн. 40-хөн жилийн өмнө Хазара хүн сургуульд сурч, боловсрол эзэмших эрхгүй байлаа. Хазара түмэн Афганистаны төв нутагт, уулын дунд хавчигдсан байдалтай, маш их хүйтэрдэг, эсвэл их халдаг, байгалийн эрс тэс уур амьсгалтай нутагт амьдардаг. Гэхдээ бурханы авралаар Хазарагийн ард түмний дунд зоригтой, боловсролтой, ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс маш олон байна. Хазарагийн ард түмний төлөөлөл болсон элит, эрдэм боловсролтой хүмүүс дэлхий даяар тарсан гэж болно. Америк, Европ, Австри, Австрали, Герман гэхчлэн олон оронд бий. Тэр хүмүүс маань Хазарагийн ард түмэндээ чадах хэрээрээ дэм тус болж байна. Тухайлбал, одоо Монголд сурч байгаа, Хазарагийн анхны элч төлөөлөгчид болсон оюутнууд маань ч Монгол хэл сураад, Монголчуудын түүх, соёл урлагийг судлаад Хазара Монголчууддаа сайн мэдээ хүргэх байх. Мөн Монголын Засгийн газар, Монголын ард түмэн Хазарагийн ард түмнийг хүлээж авах байх. Монгол нутагт ажиллах, бизнес эрхлэх, түр оршин сууж амьдрах боломж бид нарт олдох байх гэж найдаж байна.
- 6-7 сая Хазара монголчууд бий гэсэн тоо байдаг. Энэ хэр бодитой тоо бол?
- Дэлхий дээр Хазара гаралтай 8 сая монголчууд байна гэж үздэг. Хүйтэн дайны үед, дотоодын тэмцлээс үүдсэн Иргэний дайны үеэр 1 сая Хазара Монгол хүн Пакистан руу дүрвэсэн. Мөн Кувейт, болон эргэн тойрны орнуудад цагаачилж гарсан, дэлхийн олон оронд боловсрол эзэмшихээр явсан Хазарачууд байна. Ерөнхийдөө Афганистаны хүн амын 20 хувь буюу 8 сая Хазара Монгол байдаг гэсэн тоо бий.
- Таныг бас нутгаасаа гарсан Хазарачуудын нэг гэж ойлгож байна. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
- Миний нэрийг Казим Резай гэдэг. Архитекторч мэргэжилтэй. АНУ-ын Техас мужид ажиллаж, амьдардаг. Олон улсын импорт, экспортын худалдаа эрхэлдэг. Бизнесээ эрхлэхийн хажуугаар Хазарагийн ард түмэндээ туслахыг хүсдэг. Афганистан дахь төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, олон нийтийн ажил хийж Монголд суралцаж байгаа оюутнуудаа дэмждэг юм. Оюутнуудаа Монголд анх ирэхэд нь дэмжиж байсан. Одоо ч дэмжиж, урам зориг өгөөд явж байгаа юм.
- Тань шиг оюутнуудаа эргэж тойрдог хүмүүс өөр бий юү?
- Сэтгэл зүрхнийхээ угаас хэлэхэд миний хувьд маш их баяртай байна. Над шиг олон хүн байгаа байх. Би буцаж очоод найз нартаа хэлнэ. Монгол ахан дүүс маань намайг Монголд буусан өдрөөс эхлээд халуун дулаанаар хүлээж авч байна. Анх Монголд гурван Хазара Монгол оюутан ирж МУИС –д орсон. Дараа нь MIU сургуулиар дамжин 12 оуютан ирж, одоо 15-уулаа болоод байна. Тэгэхээр эдгээр оюутнуудыг дагаад, мөн миний өгөх мэдээллийг дагаад бүгдээрээ Монголд ирж үзэхийг хүсэх байх. Тиймээс цаашдаа Монголчуудтайгаа хамтарч ажиллах, залуучуудаа сургах, хоёр ард түмнийг хооронд нь шашин, урлаг, хэлээр нь ойртуулахын төлөө бид зүтгэнээ.
- Та Ану хатны тухай жүжгийг үзэх гэж байгаа юм байна. Ану хатны талаар хэр мэдэх вэ?
- Үнэнийг хэлэхэд бид Ану хатны тухай мэдэхгүй ээ. Монгол хэлийг ойлгохгүй ч гэсэн Монголын түүхэнд мөнхөрсөн домогт Ану хатны тухай жүжгийг үзье. Урлагийн бүтээлээр дамжуулаад түүхийн нэг хэсгийг ойлгоё, мэдэж авъя гэж бодож байна.
Бид Хазарагийн ард түмэндээ монголчуудын тухай аль болох сайн сайхан, олон мэдээлэл аваачих зорилготой байгаа юм. Тиймээс түүхийн холбогдолтой энэ жүжгийг үзэж байна.
- Танд баярлалаа. Монголд дахин ирээрэй.
http://www.mglradio.com/newforum/index.php?document_srl=738202
No comments:
Post a Comment