Wednesday, January 11, 2012

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монголчууд олуулаа болох уриалга ажил хэрэг болох ёстой

Өнөөдөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд дэлхий даяар тархан суугаа монгол иргэд, угсаатнуудыг оролцуулах ажлыг зохион байгуулах, эрхзүйн орчныг бүрүүлэх талаар зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтад Засгийн газар Улсын Их хурлын гишүүд, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн ажлын албаны гишүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын Тамгын газар,  Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Уг уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ үг хэлсэн. Тэрээр хэлэхдээ:
“ Би 2011 оны 12-р сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулганд үг хэлэхдээ “Монголчуудаа олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ” гэж уриалсан. Энэ үг зөвхөн уриалгаар зогсохгүй ажил хэрэг болж явах ёстой. Монгол нутагтаа олуулаа сайхан амьдрахын тулд шийдвэрлах шаардлагатай асуудлууд олон байгаа, үүнийг төр засаг л хийнэ гэдгийг энэхүү уулзалтын эхэнд дахин хэлье.
Би энэ чиглэлээр ажил хариуцаж байгаа албаны болон бусад олон хүнтэй санал солилцлоо. Нийтээрээ ярилцаж, нийгмээрээ хүлээж байгаа асуудлуудаар байр суурий нь сонслоо. Энд би гурван хүрээнд асуудлыг авч үзэх ёстой юм байна гэж харж байна.
Юуны өмнө, манай иргэдийн, монгол хүний амьдрах орчинтой холбоотой асуудал туйлын их санаа зовоож байна. Хэдийгээр Их хурал, Засгийн газар, бусад холбогдох газрууд оролцоод  санаа тавьж ажиллаж байгаа боловч илүү их ахиц дэвшил гаргах хэрэгтэй байгаа. Нэг жишээ хэлэхэд, сүүлийн 7-8 жилийн дотор төрөлхийн гажигтай хүүхдийн тоо 2 дахин өсчихсөн байна. Зөвхөн үр хөндөлтийн тоог л харахад,  1980-аад оноос хойш нэг сая гаруй хүүхдийн асуудал гарч ирж байгаа.
Улсын нийслэлд төдийгүй, бусад аймаг орон нутагт утаа, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ. Дээр нь манай ард иргэдийн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнд  эрүүл  мэндэд харш  зүйл их байна. Мөн цус ойртолт, генийн доройтол санаа зовоох хэмжээнд хүрсэн байна. Иргэд олон хүүхэдтэй болох, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд тулгардаг бэрхшээлүүд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ хангамжаас эхлээд маш олон болсон байна.
Энэ бүхнээс харахад Монгол Улсад амьдарч байгаа иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөл ямар байна вэ гэдэгт анхаарч, арга хэмжээ авах цаг болсон.
Өөр нэг хүрээ бол гадаадад ажиллаж, амьдрахаар явсан  манай монгол иргэдийн асуудал байгаа.  Бид Засгийн газар, Гадаад яам бусад холбогдох албаныхантай ярьж байгаад “Зөгийн үүр” хөтөлбөр боловсруулаад, зарлаж байсан. Энэ хөтөлбөрийн  хэрэгжилт ямар байна вэ?  Гадаадад байгаа монголчууд маань  эргэж ирж байна уу?
  Санаа зовоож байгаа бас нэг зүйл  байна.  Энэ бол  монголын иргэний харъяаллаас  гарч байгаа хүмүүсийн тоо болон  иргэн болж байгаа хүмүүсийн тооны харьцаа дэндүү их буюу 60:1-ийн  харьцаатай байгаа. Энэ байдал яагаад үргэлжлээд байна вэ?
Гуравдахь асуудал бол гаднаас ирж  амьдрах ,  иргэн болъёо гэсэн хүсэлтэй хүмүүсийн асуудал байдаг. Энэ хүрээнд их олон зүйл ярих шаардлагатай.  Бусдын туршлагыг судалж,  улс хоорондын гэрээнүүдээ эргэж харья. Манайд,  зөвхөн гадаадын иргэн харъяаттай холбоотой заалт орсон хууль л гэхэд 50 гаруй хэрэгжиж байгаа нь энэ асуудал хичнээн өргөн хүрээний асуудал вэ гэдгийг харуулж  байна.
Хилийн гадна амьдарч байгаа угсаа гарвал нэгтэй улсууд руугаа хандсан бодлого хэрэгжүүлдэг туршлага  олон улсад бий.  Тухайлбал, манай хойд хөрш “Русский мир”  хөтөлбөр, өмнөд хөрш  “Тавдугаар цуваа” бодлого, Казахстан Улс “Оралман буюу Эргэн ирэгсэд”  “Нурлы кош буюу Гэгээн нүүдэл” гэх зэрэг  бодлогууд хэрэгжүүлж байна. Үүнийгээ тухайн улс орон нээлттэй гадаад бодлогын хэлбэр, хүн амзүйн бодлого гэж авч үздэг.
Тэгэхээр энэ асуудлыг Монгол Улсын хүрээнд авч үзэх хэрэгцээ шаардлага гарч байна. Энд чиглэлийн ажил үүрэг хариуцдаг, төрийн зүгээс ажиллах шаардлагатай хүмүүс ирсэн байна. Та бүхэнд хандаад зайлшгүй анхаарах хэд хэдэн зүйлийг хэлье гэж бодлоо.
Юуны өмнө бүтэц зохион байгуулалтын асуудал байна. Ойрын үед  ажлын хэсэг байгуулья. Цаашдаа төрийн бүтэц ярих байх. Манайд анзаарагддаг нэг зүйл бол, их олон агентлаг , газруудын хийж байгаа ажил нь яг өнөөдрийн тавигдаж байгаа зорилтыг хэрэгжүүлэхэд биш , ямар ч байсан  байх  ёстой гэдэг байдлаар ажиллаад байдаг.  Тэр нь өнөөгийн хэрэгцээ, шаардлагад саад болох шахуу тийм газар зөндөө байна. Аливаа улс орон зорилгодоо нийцүүлж бүтцийг дахин бий болгодог. Иргэдтэй холбоотой асуудал байгаа бол үүнийгээ тулгуу тавиад бүтцээ бий болгоод явах ёстой. Тэгэхгүй бол ажил явахгүй гэдгийг хэлмээр байна.
Хоёрдахь асуудал бол эрхзүйн орчины хүрээнд ямар бодлого хөтөлбөр хэрэгжүүлж,  ямар хууль батлах, ямар гэрээ хэлэлцээр байгуулах шаардлагатай байна вэ гэсэн асуудал байна. Энэ чиглэлээр маш олон  баримт бичгийг  боловруулах ажил бий гэж бодож байна.  Мэдээж аливаа ажлыг хийхэд гарч ирдэг  хөрөнгө санхүү ажлын байрны асуудлаа ярих хэрэгтэй.  
Өөр нэг зүйл бол нийгмийн сэтгэл зүйн асуудал байгаа. Бид энэ талаар ярихад төдийлөн  дасан зохицоогүй. Өөр хоорондоо л ярьж байдаг болохоос биш,  нийгэм даяар хэлэлцүүлэг явагдаагүй, асуудал дэвшүүлээгүй явсаар ирсэн.  Зөв буруугаа ярилцах хэрэгтэй болж байна. Хэвлэл мэдээллийнхэн оролцож санаа оноогоо илэрхийлж ярилцах байх.
 Өнөөдрийн энэ хөндөгдөж байгаа сэдэв бол удаан хугацааны, нэгдсэн бодлоготой хийгдэх ажил. Тэгэхээр та бүхэн ойрын хугацаанд юу хийх, тодорхой хугацааны дараа, мөн урт хугацаанд юу хийх зэргээ ярилцаж шат дараатай, эрчимтэй ажиллахыг хүсч байна” гэлээ.
Дараа нь уулзалтад оролцогсод Ерөнхийлөгчийн хөндөж тавьсан зарим асуудлаар мэдээлэл солилцож,  санал бодлоо илэрхийллээ.
Яригдсан асуудлыг ажил хэрэг болгох, ажлын хэсэг байгуулах, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэдэгтэй санал нэгдлээ. Мөн ирэх 3-р сард уулзаж, ажлын явцыг танилцуулахаар болов.

Мэдээний дүрсийг энд дарж татаж авна уу
http://www.president.mn/mongolian/node/2357

No comments:

Post a Comment