Иран улсад 1 сая орчим Хазара монголчууд амьдардаг.
Эдгээр Хазара монголчуудаа эцэг өвгөдийн нутагт авчирхад ямар саад бэрхшээл учирч болох вэ ?
Би Иран Монголын Харилцаа ямар төвшинд байгаа талаархи мэдээлэлийг энд оруулж байна.
Мэдээлэл бүр хойно хойноосоо гинжин холбоос үүсгээд явах болно.
Би Хазара Монголчуудтай холбоотой мэдээлэл олж болох бүх сувгыг ашиглах болно.
Олдсон мэдээлэл бүрээ энд нийтэлнэ.
Лалын Бvгд Найрамдах Иран Улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1971-05-20
МОНГОЛ, ИРАНЫ ХАРИЛЦАА
1971 оны 5 дугaaр сaрын 20-нд Монгол, Ирaны хооронд дипломaт хaрилцaa тогтоосон. Ирaны Ерөнхий сaйд А. А. Ховейдагийн урилгaaр БНМАУ-ын сaйд нaрын Зөвлөлийн дaргa Ю.Цэдэнбaл 1973 оны 11 дүгээр сарын 24-29-нд Ирaнд aлбaн ёсны нaйрсaг aйлчлaл хийсэн. Айлчлалын дүнд хоёр орны харилцаа болон олон улсын харилцааны асуудлаар хоёр талын баримтлах үндсэн зарчмуудыг тусгасан хaмтaрсaн Тунхaглaл, мөн соёлын сaлбaрт хaмтрaн aжиллaх тухaй хэлэлцээрт гарын үсэг зурсан.
БНМАУ-ын Засгийн газрын урилгаар Ирaны Ерөнхий сaйд А.А.Ховейдa 1976 оны 7 дугаар сарын 9-13-нд Монголд aлбaн ёсны aйлчлaл хийсэн. Тэрээр Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбалтай албан ёсны хэлэлцээ хийж, айлчлалын эцэст БНМАУ-ын Засгийн газар, Ираны хааны Засгийн газрын хооронд эдийн зaсaг, худaлдaa, шинжлэх ухaaн-техникийн тaлaaр хaмтрaн aжиллaх тухaй хэлэлцээрт гарын үсэг зурж, айлчлалын дүнгийн талаар хaмтaрсaн мэдэгдэл гaргaсaн.
Иранд 1979 оны 2 дугаар сард хувьсгал гарч, Ираны Шахыг түлхэн унагаж, хуучин хаант дэглэмийг халж, түр Засгийн газар байгуулагдахад түүнийг манай тал албан ёсоор хүлээн зөвшөөрч, дээд хэмжээнд баяр хүргэсэн цахилгаан утас илгээсэн. Мөн хоёр орны үндэсний баяр болон бусад чухал тэмдэглэлт ойг тохиолдуулан хоёр орны удирдагчид, ГХЯ-ны сайд нар харилцан баяр хүргэсэн илгээлт, цахилгаан утас жил бүр солилцдог уламжлалтай.
ЛБНИУ-ын Гадаад хэргийн яамны хэлтсийн дарга Расул Мувахедиян тэргүүтэй төлөөлөгчид 1990 оны 8 дугаар сарын 4-8-нд манай улсад айлчилж, ГЯЯ, ХХАAЯ, Соёлын яам, ШУА-ын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. Ираны талын урилгаар “Монгол газрын тос” пүүсийн төлөөлөгчид 1990 оны 12 дугаар сард Иранд айлчилж, манай газрын тосны анхны хуулийг боловсруулахад Ираны нефтийн салбарын мэргэжилтнүүд үнэтэй зөвлөлгөө өгч байсан.
1996 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон Дэлхийн цаг уурын байгууллагын Азийн бүсийн холбооны 11 дүгээр чуулганд Ираны Зам, тээврийн яамны нэгдүгээр орлогч сайд доктор А.М.Ноориани ирж оролцсон. Энэ үеэр А.М.Ноориани, манай Байгаль орчны сайд Ц. Адъяасүрэн нар хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцож, харилцан ойлголцох тухай Санамж бичигт гарын үсэг зурсан. Ираны цаг уурын байгууллагаас 1997 оны 9 дүгээр сард зохион явуулсан олон улсын курст манай улсаас 2 хүн оролцсон. 2000 оны 9 дүгээр сард Нью Йорк хотноо болсон Мянганы Чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди ЛБНИУ-ын Ерөнхийлөгч Мохаммед Хатамитай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон.
Хоёр тал элчин сайд нараа гуравдах орноос хавсарган томилж ирсэн. Ираны тал манай улсад суух элчин сайдаа 1973, 1975, 1981, 1988, 1992 онд Москвагаас, 1997 оноос Бээжингээс хавсарган томилж ирлээ. Манай тал Иранд суух элчин сайдаа 1973 онд Прагаас, 1991 онд Белградаас, 1995 оноос Бээжингээс, 1997 оноос Москвагаас тус тус томилон ажиллуулж байна. Ираны ГХЯ-ны Улс төр, олон улсын судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирал Хажи Хусейни ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Чадраагийн урилгаар 1997 оны 4 дүгээр сарын 18-19-нд манай оронд айлчилж, манай ШУА, Ираны дээрх хүрээлэнгийн хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан.
2001 оны 4-5 дугаар сард Монголын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач М.Хурметхан Ираны ГХЯ-ны дэргэдэх Улс төр, олон улс судлалын хүрээлэнд Монголын Эзэнт гүрэн, Ираны харилцааны талаар судалгаа хийсэн. Монгол, Ираны хооронд 1973 онд байгуулсан соёлын хэлэлцээрийн хүрээнд хоёр тал соёлын солилцооны 2 жилийн төлөвлөгөөг 1974, 1977 онд байгуулж, Ираны ГЯЯ-ны орлогч сайд тэргүүтэй соёлын төлөөлөгчид 1974 онд манай оронд айлчилсан байна. Ираны тал өөрийн оронд 1982, 1983, 1984 онд зохиогдсон олон улсын бөхийн чөлөөт болон сонгодог барилдаан, хүндийн өргөлтийн тэмцээнд манай тамирчдыг урьж байжээ. Манай тал ч Улаанбаатар хотноо жил бүр зохиогдож байсан “Интернационал” тэмцээнд Ираны бөхчүүдийг урж оролцуулдаг байжээ. Гэхдээ аль аль тал нь тэр бүр тамирчдаа илгээж чаддаггүй байснаа 1989, 1990 оноос хоёр талдаа зохиогдож буй олон улсын тэмцээнүүдэд тамирчдаа идэвхтэй оролцуулж эхлэх болжээ. Бээжингээс хавсран суух Ираны элчин сайд Ферейдоун Вердинежад 2002 оны 7 дугаар сарын 22-24-нд Монголд ирж ажиллан ИЖБ-ээ барьж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Газрын тосны Хэрэг эрхлэх газрын дэд дарга нартай уулзав. Эдгээр уулзалт ярианы үеэр Ираны тал Монголтой харилцаа хөгжүүлэх, харилцааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдэв. 2003 оны 2 дугаар сард Куала Лумпурт болсон Эвсэлд Үл Нэгдэх Хөдөлгөөний Дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр Ираны Ерөнхийлөгч Мохаммед Хатами-тай уулзаж хоёр талын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. 2003 оны 12 дугаар сард Иранд газар хөдөлсний улмаас олон мянган хүний амь эрсдэж, эд материалын хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ЛБНИУ-ын Ерөнхийлөгч М.Хатами-д эмгэнэл илэрхийлсэн утас илгээж, Засгийн газраас хүмүүнлэгийн тусламж болгон 1000 ширхэг ноосон хөнжлийг Иранд хүргүүлсэн байна.
Мэдээлэлийн Эх Сурвалж энд дарна уу
No comments:
Post a Comment