Friday, September 2, 2011

hazarachangezi блогыг нээснээс хойш 1

Анх Хазара Чангэзи Блог үүссэнээс хойш бодитой гарсан үр дүнг жагсааж гаргаж байна. Энэ эхний хэсэг нь

  1. Хамаг Монгол вэб дээрх Хазара нарын тухай нийтлэлүүд , хэрхэн өнөөдрын хазара монголчуудад  харилцах , хамтран ажиллах эхлэл болсон талаар
  2. Афганистан улсын Монгол Гаралтай хазара ахан дүүстэй анх танилцсан тухай
  3. hazarachangezi  блогыг нээх болсон шалтгаан
  4. Kublai буюу Abbas Waffa ба Рэза Катэб ахын талаар, дээрх хүмүүс  анх Дэлхийн Монгол айл нэвтрүүлгийн багынхныг хэрхэн афганистанд авчирсан талаар, түүний дараа Цахим өртөөгийн оюутаны тэтгэлэгт хөтөлбөрт хазара сурагчдыг шалгаруулсан талаар
  5. facebook дээр  hazarachangezi бүлгийг нээсэн нь
  6. facebook дээрх хазара бүлгүүд , орон орны хазара хүмүүсийн , үзэл бодол соёлын ялгаа
  7. Австрали дахь Хазара Монголчуудтай танилцсанаар австралын монголчуудын холбоо, монгол олон нийтийг холбох эхлэл тавигдав.
  8. Цахим Өртөө Холбооны Тэргүүн Сайнбаяртай Вашингтон ДС хотод уулзаж Хазара олон нийтийн талаар санал бодлоо солилцов.
  9. Хазара нарын тухай тухай монгол судлаачдын бүтээл 
  10. Вашингтон ДС хотод миний бие www.hazara.net вэбийн админ Abbas Changezi уулзав.
  11. Abbas Changezi гэдэг хүний талаар товчхон
  12. Вашингтон ДС хотын Монголчууд Хазара нар анх удаа уулзаж , танилцлаа.
  13. Гизаби гуайн гэрт зочилон нэгэн гэр бүлийн бүх гишуудтэй танилцав.
  14. Хамаг Монгол вэбийн админ Батсуурь ахтай , хазара олон нийтийн талаар санал солилцож , бусад хазара найз нартай танилцуулав.
  15. Амэрикийн нэгдсэн улс ба Афганистан улс төрийн нөxцөл байдал хэрхэн Хазара Монголчуудад нөлөөлж байгаа талаар 
  16. Амэрик дахь Афганистаны гаралтай Хазара нар Монгол улсын талаархи юу гэж боддог , өнөө болон ирээдүйг хэрхэн дүгнэж байр сууриа илэрхийлдэг талаар.
  17. Амэрик дахь Пакистаны гаралтай Хазара нар Монгол улсын талаархи юу гэж боддог , өнөө болон ирээдүйг хэрхэн дүгнэж байр сууриа илэрхийлдэг талаар.
  18. Лалын шашинч бус хазара нар яагаад тэд хэн бэ ?
  19. Иран дахь хазара нар тэдний үнэн бодит байдал , хазара нарын нэр , identity-гийн асуудал
  20. Австрали дахь Баатарын Хазара нарын түүхийн талаар хийсэн судалгаа 
  21. Номинчимэдийн Хазара нийтлэл
  22. Лондонгын Хазара нар
  23. Монголчууд Хазара нарын талаархи үзэл бодол байр суурь
  24. Хазара нар Монголчууд, Монгол Орны талаархи үзэл баримтлал
  25. Австрали дахь Хазара Нар
  26. Канад дахь Хазара нар
  27. Манжи Арт буюу Норвэгийн Хазара-гууд
  28. Нинг дээрх Хазара олон нийтийн бүлгүүд 
  29. Хазара нар тэдний түүхийн эргэлзээт батлах шаардлагатай баримтууд
  30. Хазара нар монголчууд мөн гэдгийг батлах ном хэвлэгдсэн талаар
  31. Монголд Хазара нарын талаар түүхийн ном зохиолууд дээр дурьдагдсан ишлэлүүд
  32. Монгол дахь хазараа сурагчид
  33. Аббас Дайэр-ийн блогууд , түүний нийтлэлүүдэд монголын талаар
  34. пакистаны хазара нар өнөөдөр, hazaranation.com
  35. Монголын ТББ  байгууллага,Олон улсын байгууллага-ууд Хазара нарт зориулсан тэдэнд хандсан ,үйл ажиллагааны чиглэл , хамтын ажиллагааны саналууд 
  36. Интэрнэт дээр монгол хэл дээр хазара нарын тухай бичигдсэн нийтлэл болон мэдээлэлүүд
  37. Интэрнэт дээрх хазара нарын тухай нийтлэлүүд дээр монголчуудын үлдээсэн сэтгэгдэлийг нэгтгэн , харьцуулсан дүгнэлт хийх.
  38. Талибанчуудын аллан хядлагыг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцсоноор , бусад хотуудын хазара монголчуудтай танилцав.
  39. Вашингтон ДС орчимын хазара монголчуудын уулзалт үдэшлэг дээр очлоо.
  40. Вашингтон ДС хотын монгол сургуулын хандивын ажиллагаан дээр Вашингтон ДС хотын хазара монголчуудын төлөөлөл оролцлоо.
  41. Вашингтон ДС хотын монголчуудын наадам дээр хазара монголчуудын төлөөлөх хүмүүсд наадмыг үзүүлэв.
  42. Монголд айлчилан очсон Гизаби гуайг монгол дахь сэтгүүлч, судлаач , ТББ байгуулагын ажилтанууд, бизнэс хүмүүстэй уулзуулах арга хэмжээг зохион байгуулав.
  43. Вашингтон ДС хотын Монгол болон Хазара нар Шагай ТББ үүсгэх шийд гаргав.
  44. Монгол Залуу Мэргэжилтэнгүүдийн нийгэмлэг ба  Монголын Андууд ТББ байгууллагаас хамтран зохион байгуулсан яргуй хандивын арга хэмжээнд Бамян сангын төлөөлөгчид оролцов.
  45. facebook дээр үүсгэсэн шагай бүлгийн тухай
  46. Монгол улсад анхны хазара монголчууд ,монголчуудтай хамтран бизнэс хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.



Амэрик дахь Хазара монголчууд 1

Амэрик дахь Хазара монголчууд




Амэрикд анх хазара хүмүүстэй нүүр тулж уулзсанаас хойш нилээдгүй хугацаа өнгөрчээ.



Афганистан улсад амьдардаг Эрхэм Рэза Катэб ах маань анх амэрик дахь хазара монголчуудтай танилцуулснаар хамгын анх www.hazara.net вэб-ийг эрхлэн гаргадаг Abbas Changezi ахтай уулзсанаар хазара нарын талаархи олон бодит түүхүүдийг сонсож, түүхэн хүмүүстэй уулзах боломж тохиолоо.

Вашингтон ДС хотод Хазара Монголчуудаа бусад монголчуудтай уулзуулж танилцуулах тодорхой ажлууд сэдэж эхлүүлсэн.

Монгол сургуулын хандивын ажиллагаан дээр Гизаби гуайн гэр бүл ач нартайгаа бүгд ирж оролцсон.

Монгол Улсын элчин сайдтай хийсэн уулзалт. Энэ уулзалт нь Монгол улсад Бизнэс эрхлэх сонирхолтой Амэрикийн иргэн Хазара хүмүүсийн дуу хоолойг Монголын Засгын газарт хүргэх , Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай бизнэс эрхлэхтэй холбогдсон асуудлаар санал солилцсон юм.



Монгол Залуу Мэргэжилтэний Нийгэмлэг , Монголын андууд байгууллагын хамтарсан хандивын арга хэмжээ.

Вашингтон ДС хотын Наадам

Монгол судлаач Амэрикүүдтай танилцуулж чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Вашингтон ДС, Нью Иорк хотод Амэрикын Хазара нарын зохион байгуулсан жагсаал цуглаанд Монголчуудаа төлөөлж оролцлоо.



Монголд очисон Гизаби гуай бүр гэртээ уриж тэдний гэр бүлийнхэнтэй танилцах завшаан гарсан юм.

Икрам Гизаби гуайн гэр бүлийнхэнтэй хамт Монгол Цагаан Сарыг тэмдэглэсэн юм.

Хамгын сонирхолтой нь би шагай авч очисон. тэд бас шагай тоглохдоо , морь уралдуулж , шагай шүүрч тоголдог. шагайг монголчуудтай адил хонь, морь,тэмээ, ямаа гэж нэрлэдгийг мэдэж авсан.

Монголчуудын Боорцогыг тэд , бозрого гэж нэрлэдэг. Тэд Мөн адил сүү хөөрүүлж өрөм загсаадаг цөцгийг нь хаймаг гэж нэрлэдэг.

Бууз жигнэж иддэг харин буузаа мантий гэж нэрлэдэг.



Амэрикын Вашингтон ДС хотын Хазара хүмүүстэй уулзаж жил бүрийн 7 сард болдог Хазара уулзалт дээр 2 дахь удаагаа очисон.



Миний энд уулзаж байсан Хазара хүмүүс амэрикийн засгын газарт ажилдаг. Хувийн Бизнэс эрхэлдэг . Амэрик нийгэмд байр сууриа олсон хүмүүс байлаа.

Энд уулзсан зарим хазара нар орос хэлээр яридаг . Социйн үед Гүрж , Казакстан, Киргизстан явж сурч байсан энэ их сонирхолтой байлаа. Киргиз Казах бие дааж улс болохдоо Хазара хүмүүс өөрийн улсдаа иргэн болгох хүсэлтэй байсан талаар тэд бас хэлж байв.



Амэрикд өдөр тутамд уулзаж байгаа хазара найз нөхдүүдээсээ өнөөдөр Афганистан, Пакистанд болж байгаа Хазара нарын тухай мэдээлэл солилцдог дараа дараагын бичлэгүүдээр та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

Хазар ахан дүүстээ туслацгаая

1. Сая сая хазаруудыг алж хядаж байхад дэлхий “анзаараагүй”




Афганистан нь Бактри, Пэрс, Макэдон, Сэлэвк, Хүннүгийн хойчис улсууд, Араб, Түрэгийн улсууд, ахиад Пэрс, Хүлэгүгийн, Цагаадайн, Төмөрийн, Барс хааны, дахин Пэрсийн харъяанд оршиж бараг ХХ зуунд л улс болж, тусгаар тогтносон, Энэтхэг Пэрсийн хоорондох түүхэн бүс нутаг юм.

Өвөг монголчууд энд хэдэн мянган жилийн өмнөөс, Хүннү болон пост-хүннү Кушан, Эфталит, Тораманы зэрэг улсуудын үед, эрт дээр цагт очиж суурьшин, буддын шашныг ч дэлгэрүүлж явсан байх юм. Бамиян дахь Буддын аварга баримал Кушаны үетэй холбогддог. Алс хол нутгийг сонгон идээшсэн нь хачирхалтай явдал мэт ч, элэнц дээдсийн маань улсуудын нутаг залгалдсаар тийш хүрдэг байсан энгийн шалтгаантай юм. Ер нь манайхны л нутаг гэхэд болох талтай.

Ийнхүү монгол төрхтөн буюу, өвөг монголчууд энд буй болжээ. Зарим хазарууд, бид Афганистанд мянга мянган жил аж төрж ирсэн уугуулууд гэдэг нь Монголтой холбоогүй гэсэн үг биш.



1221 онд Цагаадайн хүү Мүтүгэн Бамиян хотын дэргэд тулалдааны явцад эрсэджээ. 1229 онд Жэлал-ад-Динийг нэхэн хөөсөн Монголын цэргүүд ирж байв. 1257 онд Хүлэгү Ил хаадын улсаа байгуулж, Афганистанд ноёрхлоо тогтоов. Цагаадайн, Алтан Ордын улстай байнга булаалдан тэмцэлдэнэ. Алтан Ордны Бэрх хааны тушаалаар Нэгүдэр жанжин цэрэглэн ирээд тулалдаж байсны гэрч болж, нэгүдэр овог хазаруудын дунд үлдсэн аж.

1337 онд Ил хаант Монгол улс задрахад, Цагаадайнхан халааг нь авч, эзэмшлээ тготоов. 1380 онд Төмөр хаан байлдан дагуулж захирав. 1447 онд Төмөрийн Монгол Улс бутарсан бөгөөд, XVI зууны эхээр түүний ач хүү Барс хаан (Бабур) Их Монгол улсаа байгуулж, Афганистаныг түүндээ нэгтгэхэд хазар гэж өөрийгөө нэрлэх түмэн үүссэн байж. Ший шашинтай, пэрс, монгол, түрэгийн холимог - хазар хэлээр ярьдаг, монгол төрхтэй ажээ. Тэднийг монгол гаралтай гэж их төлөв бичдэг ч түрко-монгол гаралтай гэх нь буй. Үүнийг манайхан “түрэг болон монголоос үүссэн” гэж хөрвүүлсэн нь их байх юм. Түрко-монгол гэдэг нь түрэгжсэн монгол буюу монголыг л хэлсэн хэрэг шүү дээ.

Барс хааны улс мөхсөний дараа, Хазарууд Афганистаны нутгийн ихэнхийг эзэлсэн Хазаражат улсаа төвхнүүлэн суутал, янз бүрийн шалтгаанаар бусдад шахагдан түрэгдсэн нүүдэлчин овог аймгууд тал бүрээс нь довтлон сулруулав. 1747 онд паштуны Дуррани Пэрс, Энэтхэгийн хоорондхи олон үндэстний улс, ханлигуудыг түрэмгийлэхэд Хазаражат захиргаанд нь нэр төдий оров. 1818 онд Дурраний байгуулсан улс задарч, хазарууд эрх чөлөөтэй болов.

1892 онд паштуны Абдуррахман гэгч Афганистаныг ахин нэгтгэхийн өмнө, Хазаражат хүчтэй эсэргүүцэл үзүүлж байсан юм. Чингэхэд Абдуррахман буруу номтон, эцэг өвгөдийн маань алуурчдын хойчсыг устгая гэж уриалснаар, тажик, үзбэк, балуч зэрэг бусад ард түмнийхэн ч уулгалан дайрч, улсыг мөхөөжээ. Үүнээс хойш, хазарыг ялгаварлан гадуурах нь ӨАБНУ-ын апартэид шиг, Афганистаны нэгэн гол үзэл суртал, төрийн том үйл ажиллагаа болов.

Хазарууд дарлал боолчлолыг хүлцэлгүй, олонтаа босч тэмцсэн ч давуу хүчинд дарагдаж, улам ч харгислуулна. Абдуррахман хаан болон шашны тэргүүн нь тэрс номтон хазарын амийг тасалбал буян болно, диваажинд заларна гэж зарлаж байв. Мөн хазаруудыг боолын статустай болгон хуульчилж, хүзүүнд нь боолын хонх зүүв. Хазаруудыг яаж ч дарлаж доромжилж, харгислаж хядаж байсан, ямар ч шийтгэлгүй өнгөрдөг байлаа. Ийнхүү хазарын гэноцид эхэлсэн.

Армянуудыг сая саяар нь устгасан түркүүдийн ялт хэрэгт дэлхий цочирдсон ч, хазаруудыг сая саяар нь хядахад “анзаарсангүй”!

1892 онд Афганистаны мэдэлд бүрэн орсноос хойш хазарууд иймэрхүү л байдалтай аж төрж ирсэн юм. Цэрэгт тэд торгуулийн батальон, сапэрийн ангид өөрсдийн зардлаар алба хаана. Зөвхөн хамгийн дорд муу ажлуудыг л хийж болно. Хэл соёлыг нь ч устгахыг завдсан.

1919 онд зөвлөлтийн дэмжлэгтэй Аманулла хаан үндэсний тэгш эрх гээчийг тунхагласан ч, амьдрал дээр төдийлөн хэрэгжсэнгүй. 1929 онд британий дэмжлэгтэй Надир хаан урьдын геноцидийг сэргээв.

Байнга зэвсэглэн тэмцэж ирсэн хазаруудын 1950-аад оны бослогын дараа нийслэлийг нь газартай нь тэгшилж (ахин сэргээгдээгүй), ямагт танагдсаар ирсэн Хазаражатыг нь устган, хазаруудыг олон мужид цөөнх байхаар болгов. Гагцхүү Бамиян гэдэг урьдын бөглүү жижиг муж, хот л хазарын “мэдэлд” үлдлээ.

Афганистан түүхийнхээ туршид их гүрнүүдийн тоглоом байсан гэхэд болно. ЗХУ 1973 онд хаант засгийг нь унагаалгаж, дараахь удирдагчдыг нь хороож хөнөөснөөр, 1979 онд шууд түрэмгийлэн, 10 жил коммунист дэглэм тогтоов. Гэвч социалист интэрнационализм ярьдаг тэд хазаруудыг дарлах явдлыг зогсоогоогүй.

Тиймээс ч хазарууд булаан эзлэгчдийг шийдвэртэй эсэргүүцэж, хориуд нь зөвлөлт-афганы хамтарсан хүчний хатуу ширүүн цохилт, харгислалт, хэлмэгдүүлэлтийг амсч байв.

1989 онд ЗХУ-ын цэрэг гарсны дараах Раббаний засаг аанай ахан дүүсийг маань хавчин гадуурхаж байтал, шашны хийрхэгч талибуудын бурангуй дэглэм тогтлоо. Тэд хазаруудыг устгахыг нэг гол зорилгоо хэмээн зарлав. Талибууд гэмгүй хазаруудыг мянга мянгаар нь алж хороож байл аа. Хазарууд ч зэвсэг агсан сөрлөө.

2001 онд АНУ тэргүүтэй антитэррорист эвсэл, паштун бус түмнүүдийн хүч нэгдэж нийлэн, талибийн дэглэмийг унагав. Хазарууд ахин тэгш эрхтэй гэж зарлагдаж, парламэнт, ЗГ-т орж, муж захирч үзэв.

Харамсалтай нь тэдний хувьд бүх юм аажим аажмаар хуучин хэвэндээ орж байна. Хазаруудыг алж хороож, албан тушаал, ажил төрлөөс нь шахан зайлуулж, гадуурхаж байна. Тэд “ардчилсан” ерөнхийлөгч Карзайгаа фашист гэх болжээ. Өрнөдийнхөн, олонх болох паштунчуудын дэмжлэгийг алдчих вий гээд таг.

Гадаадын цэрэг гарахаар яана даа гэж хазарууд айн түгшиж суудаг аж. АНУ цэргээ ойрын үед татна гэж мэдэгдсэн. Өнөөгийн харьцангуй эрх чөлөөтэй байдал нь тэдний хувьд үүлэн чөлөөний нар.

Афганистан бол бяцхан импэрэрхүү улс. Хүн амын 40 хувийг нь паштун, 25-ыг тажик, 15-ыг хазар, 10-ыг үзбэк, үлдсэнийг балуч зэрэг эзэлнэ. Паштун нь ноёрхох эрмэлзэлтэй, бусад нь дарлагдах хүсэлгүй. Югославын хувь заяа Афганистаныг хүлээж буй.

Хазарууд ч тусгаарлах санаа цухалзуулах болсон. Тэгтэл харин бусад нь “Бид бол өөр хэрэг. Харин та нар Монголоос ирж, эцэг дээдсийг маань хүйс тэмтэрч, хөгжил соёлыг маань устгаж, ариун шашин шүтээнийг маань доромжилчихоод нутгаас маань тасдаж авах санаатай юу. Яасан ч бид тийм явдал гаргуулахгүй. Ирсэн замаараа зайлцгаа, тонилцгоо!” гэдэг аж.

Тэднийг ямар хувь заяа хүлээж байна вэ? Тэд хаачих вэ? ММХ.XII.I





2. Хазар монголчуудыг хядсан афган хаад Хитлэр, Сталин, Маогийн багш



1980-аад онд Хазар Монгол түр ч гэсэн тусгаар тогтнож чадсан



Хазар монголчууд XIX, XX, XXI зууны турш эрх чөлөөнийхөө төлөө эрс шийдэмгий, хатуу ширүүн тэмцлийг өрнүүлж ирэв.

Паштун түрэмгийлэгчдэд эх нутаг нь эзлэгдсэний дараа, тун удалгүй Хазарын Төмөр шахын удирдсан бослого гарч дарагдав. Хазарын анхны их харгислал эхэлжээ. Гэвч дайчин цустай ахан дүүс маань ахин бослоо. Афганы төр шашны удирдагчид хазарууд бол хүн бус буг чөтгөрүүд, тэднийг хэдийчинээ алж зовооно, төдийчинээ буян болно гээд сунна шашинтнуудыг уриалан, ариун дайн-Жихадаа зарлаж байж хазаруудыг дардаг асан. Энэ нь хазаруудын зоригийг мохоодоггүй байв. Гурав дахь удаагаа зэвсэг барин босов. Ташрамд, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг таашаадаггүй Англи, Зөвлөлт зэрэг импэриалист гүрнүүд сунна нарыг дэмжиж, ашиг хонжоо эрэлхийлэв. Давуу хүчний өмнө босогчид аргагүй л мөхөсдөн, дийлдсэн юм.

Хожмын гэсгээн цээрлүүлэлт аймшигтай байлаа. 1880-1893 онуудад гарсан гурван бослого, хазар холокостын дүнд энэхүү зовж зүдэрсэн ард түмний 60 гаруй хувь нь эрсдэж үрэгдсэн. Армянуудыг хядсан султан Абдул Хамид, Энвэр-Паша, еврэйчүүдийг хүйс тэмтэрсэн Хитлэр, цөөнх үндэстнүүдийг хиаруулсан Сталин, Мао нарын багш нар чинь тухайн үеийн Афганы Абдуррахман, Хабибулла, Надир зэрэг хаад. Үүнийхээ төлөө тэд шударга өшөө авалтаас айж бэмбэгнэн өдөр хоногийг өнгөрүүлэх хувьтай болсон агаад, нэг нь хазар монгол баатрын гарт амиа алдсан.

1919 онд Аманулла гэдэг хаан харгислалыг зөөлрүүлсэн ч (гэхдээ тэр зөвлөлт маягийн харгислал үйлдэж байсан учир хазарууд босч эсэргүүцсэн), төрийн эргэлтээр хаан болсон Хабибулла, Надир нар бүгдийг хуучин хэвэнд нь орууллаа. Сэхээтнүүдийг нь онцгойлон алж хядаж, хорьж харгислаж, түүх соёл, эх хэлийг нь хорьж, паштунчуудыг олноор нүүлгэн ирүүлж, газар усны нэрийг паштун үгээр сольж, хазаруудыг Англи, Зөвлөлтийн өдөөсөн дайн, мөргөлдөөнүүдэд бамбай болгон ашиглаж байв. Хабибулла, Надир нарын эсрэг хазарчууд бас л эрх чөлөөг эрхэмлэгч, эрэлхэг баатар ард түмэн гэдгээ харуулж, зэвсэгт тэмцлийг өрнүүлж байсаан.

Дэлхийн дайны дараахан, 1950-аад онд Хазаражат-д хүчирхэг ардын бослого гарлаа. Ибрахим Гаусвар зэрэг цогт эх оронч хөвүүдээр удирдуулсан бослогыг харгис хэрцгийгээр нухчин дарав. Үндэсний муж Хазаражатыг устгаж, бусад мужид нэгтгэн, бутлан жижиглэж, нийслэл Панжабыг (Таван гол гэсэн үг, тэр үед ийм нэртэй хоёр том хот байлаа, нөгөөх нь Энэтхэгт буй) газартай тэгшлэв. Ийнхүү Хазаражат албан ёсны засаг захиргааны нэгж байхаа болилоо. Хазаруудыг бусад үндэстний дунд холилдуулан тараах, уулархаг нутагт шахан цөлөх арга хэмжээ авав.

1979 онд, Иранд хувьсгал гарч, Аятолла Хомэйнигээр удирдуулсан шиа шашны дэглэм тогтсон, зөвлөлтийн түрэмгий цэрэг Афганистанд цөмрөн орж ирсэн гэсэн, хоёр чухал үйл явдал боллоо. Иран шашин нэгтнүүддээ тусална гэж хутган үймүүлж асан ч, мөн чанартаа расист хандлага гаргаж, паштун, тажик, үзбэк нарын тэмцлийг л голлон дэмжив. Хазаруудад зэвсэг, мөнгө, бусад тусламжийг илгээхдээ тун хойрго байсан хийгээд, өгснийг нь замаас нь сунначууд авчихдаг байлаа. Тэгсэн хэрнээ, харь буруу номтон шиачуудтай сүлбээцэлдлээ гэж тэд хазаруудад өсөрхөнө.

Дайснуудтайгаа эвлэрдэггүй хазарчууд Афганистаны бусад үндэстнээс ялгаатай нь Зөвлөлт-Афганы хүчтэй ач тач, амь бие хайргүй тулалдаж, нутаг орноо чөлөөлж, улсаан байгуулж байв. Хичнээн их тэхник, зэвсэгтэй гээд зөвлөлтийн арми уулархаг нутагт нэн мөхөсдөж асан хэрэг.

Хазаруудын хамгийн хайрлан хүндэтгэдэг баатар жанжин, үндэсний удирдагч нь болох Баба Мазари тодров. Баба гэдэг нь эцэг хэмээх үг. Мазари нар Исламын нэгдлийн намыг байгуулсан нь хазаруудын үндэсний нам байв.

Тэрбээр Афганистаныг үндэсний улсуудын эрх тэгшээр, чөлөөтэйгээр эвлэлдэн нэгдсэн холбооны улс болох ёстой гэх үзлийг дэвшүүлэв. Чөлөөтэйгээр гэдэг нь холбооноос гарах эрхтэй гэсэн үг шүү дээ. Халили, Мохакик, Касими, Асиф гээд олон хазар баатрууд зөвлөлтийн болон талибийн эсрэг тэмцлийн үед тодорсоон.

Зөвлөлтийн цэрэг гарсны дараа тажикуудын (Ираны дэмжлэгтэй) дэглэм тогтож, аанай анти-хазар бодлого явуулж асан ч, төдийлөн удалгүй, паштунуудын Талибан хэмээх шашны хэнээрхэгч хүчин үндэсний ноёрхох байр сууриа сэргээх гэж дайн өдөөв. Тэдэнтэй бусад үндэстнүүдийн хүч, эвсэн тэмцэлдэж болох байтал, 1995 онд тажик улс төрчид Баба Мазари нарын 10 хазар удирдагчийг хэлэлцээр хийнэ хэмээн талибуудтай хуйвалдан урьж залж ирүүлээд, итгэл эвдэн баривчилж, эрүүдэн тамлаж байснаа, нисдэг тэрэгнээс шидэж хороосон юм.

Энэ нь тэдний хазарыг үзэн ядах байр суурь, Мазарийн хүч Кабулыг эзэлсэн (Уг нь хазаруудын нутгийн нэг зах нь Баруун Кабул), хэрэв холбооны улс байгуулагдахад хүрвэл хазаруудаас булаасан нутгаа буцааж өгөхөд хүрнэ гэж болгоомжилсон зэргээс үүдэлтэй.

Уг нь тэр үед Кабулын төлөө хазар, тажик, талиб гурав талцан байлдаж байж. Хэрэв тажикууд дайсан талибуудынхаа талд урваагүй бол (бусад үндэстэнтэй нийлж талибийн эсрэг тэмцэх төлөвтэй асан), дайчин хазарууд Афганистанд хяналтаа тогтоон ноёлж, улмаар Мазарийн холбооны улс байгуулах шударга төлөвлөгөө хэрэгжих байв л.

Мазарийг алагдсаны дараа, хазаруудын тэмцэл эв нэгдэлгүй болж, амжилт олохоо байжээ. Гэноцидийн шинэ үе шат хэрэгжив. Ийнхүү Хазарын эрх чөлөөний гэгээ мөхөх дөхөв.

2001 онд ахин гэгээ тодорлоо. АНУ тэргүүтэй антитэррорист хүч, паштун бус үндэстнүүдийн “Хойдын альянс” талиб дэглэмийг түлхэн унагав. Эрх чөлөө ирэх нь үү гэсэн горьдлого төрж байв. Харамсалтай нь, “ардчилсан” Афганистан ахин бурангуйжсаар.

Өрнөдийн “хүний эрхийг хамгаалагчид” хазаруудыг өмгөөлөх байтугай, харин буруушаасан удаатай. Эх нутгаа чөлөөлөх явцыг нь тэд паштуныг гэноцидлэв гэж “харжээ”. Манайхныг фашизм нацизм гэж “харсан” шигээ л.

Бусад үндэстэн ахин хазарууд руу дайрч давшлах болов. Паштуны күчи ястан хазарын нутаг руу өнгөлзөж, цуст мөргөлдөөн өдөөж, дэлхийг цочирдуулав. Ерөнхийлөгч Карзай күчи нарыг далдуур дэмжиж, зэр зэвсэг сэлтээр хангасан гэх.

2001 оноос хойш хэдхэн жил үргэлжилсэн (хэдхэн жил “хүлцээд” л хазаруудыг хавчин гадуурхаж, харгислаж эхэлснийгээ шатлан өргөжүүлж буй), үүлэн чөлөөний нар шиг хагас хугас эрх чөлөө нь хазаруудын хувьд үгүй болох нь ээ. Тэд ахин зэвсэг атган босохоос өөр замгүй болж байна. ММХ.XII.XX





3. Дэлхийн монгол туургатны бөхийн холбоо

хазар бөхчүүдийг хүрээндээ хамруулаасай



Хазараар хайр гэхийг хайру гэдэг



Хазарууд болон бидний төсөрхөх зүйл нь юуны өмнө гадаад төрх. Хүрээлж буй паштун, тажик, үзбэк, балуч бүгд европ төрхтэй байдаг нь оньсого мэт. Хүннүгийн үеэс өвөг дээдэс маань нүүж очсоор иймд хүргэсэн гэдгийг мэдэх бидний хувьд бол оньсого биш ээ.

Сэтгүүлч Санчирмаа Афганистаны нийслэлийн хазар дүүргээр явж байхад ахтай нь адилхан хүн, хаана харлаа гэж эргэлзмээр царайнууд ч үзэгдэж, хувцас, орчин өөр болохоос, монголчуудын дунд байгаа мэт сэтгэгдэл төрсөн гэсэн. Кабулыг хазарууд байгуулсан, Кабул гэдэг нь хазар үг гэх яриа их буй. Өдий хүртэл тус хотын нэрний учир тайлагдаагүй. Хотын баруун хэсэгт эртнээс олон тооны хазарууд нэг дор суудаг, оршин суугчдынх нь 30-40 хувь гэлүү дээ.

Урьд Кабул нь хазар нутаг дунд оршиж байсан юм билээ. Ер нь Афганистан бүхэлдээ шахуу хазаруудын нутаг байжээ. Гэтэл энэ зон олны найрсаг зангаас ч болсон юм уу, Пакистанаас паштунууд гэхчлэн, янз бүрийн нүүдэлчид цагаачлан ирсээр, бүсэлж аваад, хойноос ирээд хот манайх гэгчээр, нутгийн эздийг төвийн уулархаг, үржил шим муутай бүс рүү шахсаар өдий хүрсэн аж.

Гэхдээ л, тавиад оны ардын бослого хүртэл, энэ оронд үндэсний Хазаражат гэж том муж байсан. Надад байдаг 1939, 1956 оны атласуудад тодорхой үзэгддэг юм.

Монголчуудаас буюу, Өлзийт хааныхны сонголтоос болж, хазарууд шиа шашинд орсон юм. Хазар нутагт Цагаадай гэдэг хот байдаг гэсэн.

Эртний овог аймгийн бүтцээ хадгалсан. Боржигин, Бэсүд, Барлас, Жалайр, Жадран, Найман, Хасар, Тулуй хаан, Нэгүдэр, Чахар, Хулбарс, Харбаатар, Их Чонон, Аймаг, Болод гээд, 40 гаруй овог аймаг дотор нь монгол овог аймаг цөөнгүй байна. Тэдгээр нь илүү монголлиг ч байдаг шиг. Гэхдээ үүгээр ялгаварлан үзэж болохгүй мэт. Ташрамд, хазарууд овог аймгаараа тархай бутархайдуу байсан нь ялагдал, эмгэнэлийн шалтгаан болж асан. Одоо ч эргэн тойрны бусад шигээ эв нэгдэлтэй болж чадаагүй.

Хэлний хувьд тэд пэрсэжсэн. Үгсийн сангийнх нь 10-15 хувийг монгол үгс эзэлнэ гэх ойлголт байсан бол, энд ирсэн хазар оюутнууд 20-30 хувь шиг байна гэж буй билээ. Оюутан Аббас Даяар (энд ирээд Даяар гэх монгол овог авсан) “хүний биеийн эд эрхтэн, хэсэг бүрийг манайхан монголоор хэлдгийг энд ирээд мэдлээ” гээд бидэнд нэрлэн тоочиж байсан. Хазар, монгол хэлийг харьцуулан шинжилбээс, тун сонирхолтой судалгаа гарна бий вий.

Абу, абга, агай (авгай), алгаа (алга), баатар, була (бүл), габчи (хавчих), гачар (хацар), гижий (гилжийх), гоол (гол), горияа (хороо), дала, көнжила, котоо (хотон), корууд (хурууд), нилга (нялх), нома, нагаци, оочи (оочих), сандал, таяаг, толгай, украа (ухархай), улаан, улус, хабиргаа, хайру (хайр), хайчи, хатуу (хатан), хориях (хорих буюу уулс), хурхуйр (хурхирах), чабчи (цавчих), чигэн (цээж), чимкхи (чимхэх), шигай, элчи, яаса (ёс) гээд л хазараги хэлэн дэх олон монгол үгийг дурдаж болох байна.

Хазарууд урьд нүүдлийн МАА голлон эрхэлж байхдаа гэрт амьдардаг, манайхтай их ойролцоо ахуйтай байжээ. Хожим уулархаг нутагт шахагдсан тул, суурьших болж зан заншил, уламжлал нь ихээхэн өвөрдсөн аж. Гэхдээ биднийхтэй ойролцоо зүйл багагүй. Цагаан идээнд дуртай, шагай наадна, есийн тоог эрхэмлэн бэлгэшээнэ гээд л.

Хамгийн гол нь эрийн гурван наадам хийдэг аж. Цээж нүцгэн, өмдтэйгээр барилдана. Афганистаны бөхийн шигшээг тэд л бүрдүүлдэг. Ташрамд, Дэлхийн монгол туургатны бөхийн холбоо маань хазаруудыг үйл ажиллагаандаа татан оролцуулах нь зүйтэй байна. Монгол түмнүүдийг дуртай спорт бөхөөр нь нэгтгэн нягтруулна гэдэг тун зөв үүсгэл санаачлага юм.

Хазарууд мөн морь, тэмээгээр уралдаж, буудаж (саяхан болтол харвадаг байжээ) цэц мэргээ сорьдог. ММХI.I.XXIV





4. Чингис хаан хазар нутагт Чанчун Бумбатай сэцлэн өвөлжсөн



Манай төр “за” л гэвэл хазарчууд ирэхэд бэлэн байна



XIX зууны төгсгөл, ХХ зууны эхээр эрдэмтэн Бартольд, Владимирцов, Рамстэдт, Габлэнц нар Афганистанд иранжсан монголчууд байна гэж удаа дараалан мэдэгдсэн юм. Чухам хазаруудын талаар дэлхий даяар тэгэхэд л мэдсэн юм шүү. Энэ нь моголчуудын талаарх асуудал биш. Могол бол монгол гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тэр үед монгол хэлээр ярьж байсан ч гэдэг.

Тэдгээр эрдэмтдийн таньж мэдэж байх үед хазаруудад монгол шинж өнөөг бодвол хавьгүй их байжээ. Харин 100 жилийн харгислал хэрцгийлэл монгол шинжийг нь нэлээн алдагдуулсан.

Зөвлөлт улс үүсэн байгуулагдсан үеэсээ л Афганистаны дотоод хэрэгт зүй бусаар маш их оролцож, хутгалдаж ирсэн ч, хазаруудын тухай бүх мэдээллийг нуун дарагдуулж байв. Янз бүрийн шалтгаан байсны нэг нь панмонголизм юм. Монголчуудаас ялангуяа онцгой нууцалж байв шүү. “Большая советская энциклопедия”-гийн олон ботийг нэвтэрхий уншсан хүн л хазарууд монгол гаралтай ард түмэн гэсэн үгүүлбэрийг олж үзэх, ганц л боломж байсан гэхэд хилсдэхгүй.

Судлаач Бэсүд Ч.Эрдэнэ Монголоос өмнө зүг рүү (Афганистан руу гэхэд болно) хүн зон нүүдэллэдэг уламжлал эрт дээр үеэс байсан гэдэг. Афганистан тивийн эрс тэс уур амьсгалтай тул манайханд зохистой байсан байж болох, өөр ч олон шалтгаан буй байх л даа.

Чингис хаан Хазарт очиж байсан гэж бодном. Кабулаас хойхно, Гиндүкүшийн бэлд Чанчун бумбатай сэцлэн өвөлжсөн шүү дээ. Кабул ч, Кабулын ойр хавь ч хазаруудын нутаг. Магадгүй төрөл садан түмэн болохоор нь, чухам тэдний дунд өвөлжсөн байж болох.

Төмөр хааны ач, Их Монгол (Могол) улсыг үндэслэгч Барс хаан Кабулыг гүрнийхээ нийслэл болгож асан (Ташрамд түүнийг пакистанчууд үндэсний баатраа гэж тооцдог агаад, саяхан холын тусгалт пуужингаа “Бабур” гэж нэрлэсэн). Хазаруудын дунд, хойд зүгт маш дайчин хүчирхэг садан төрөл, ахан дүүс маань байдаг гэх ойлголт эртнээс төлөвшиж иржээ.

“Монголчууд биднээс гаралтай” гэх үзэл ч зарим хазаруудын дунд байдаг гэнэ (Манийгаа монгол хазар ч гэдэг юм байх). Манай нэг судлаач: “Одоогийн Афганистан улс оршин байгаа тэр нутгаас наашаа, Монгол нутаг руу чиглэсэн соёлын хэд хэдэн давалгаа байсан юм. Энэ бол бурхны шашин хамгийн анх дэлгэрсэн газар” гэж үгүүлсэн байдаг. Сонин сонин зүйл ч их байна шүү.

Зарим хазар улс төрч “бид Монголтой ямар ч хамаагүй, эндхийн уугуул биеэ даасан ард түмэн” гэдэг нь юуны өмнө гэноцидээс сэргийлэх арга хэмжээ гэнэ. Хилийн чанадад очих, монгол хүнтэй уулзах зэрэг үед, дороо тэр байр суурь нь өөрчлөгддөг гэнэ билээ.

ДНХ-ийн судалгаагаар хазар, монголчууд маш ойр, нэг ард түмэн гэж болохоор дүн гарсан.

1979 оноос хойш ЗХУ капитализмыг алгассан Монголын туршлага гээчийг Афганистанд их сурталчилж, тэр талаархи ном товхимол, Ю.Цэдэнбалын түүврийг хэвлэж, түгээж байв. Монголын тусламж гээд жаал жуул юм ч очно.

Хазаруудаас Монголын талаар нуух боломж байсангүй. Ямар “та нар капитализмыг алгасч болохгүй” гэлтэй нь биш. Зөвлөлтөд суралцсан хазарууд Монгол орны талаар мэдлэгтэй болоод ирнэ. Афганд алба хаасан халимаг, буриадууд ч хазаруудад монгол яс угсаа, Монгол орны тухай ярьж өгнө.

Энэ бүхнээс болоод хазаруудад Монгол гэдэг капитализмаас ч дээгүүр өндөр хөгжилтэй улс орон байдаг, тэнд ахан дүүс маань бий гэх ойлголт төржээ. Гэвч Монгол-Хазарын харилцаанд зөвлөлт “нөхөд” саад учруулж байсан юм.

80-аад онд Афганистаны нам засгийн төлөөлөгчид Монголд айлчлав. Намын дарга ¹1 хүн Б.Кармаль ёс ёмбогор, төр төмбөгөр гэгчээр албархаж явахад, ерөнхий сайд буюу ¹2 хүн Султан Али Кэштманд маш элгэмсүү дотно байдал гаргаж, дээл өмсөх, сур харвах, морь унах зэрэгт нэн дуртай хандаж, түүх соёлыг маань ихэд сонирхож, монголчуудын дунд ороод л бужигнуулаад байсан гэдэг. Тэгэхдээ би монгол хүн, харин хэнд ч битгий хэлээрэй гэж шивнэж амжсан гэдэг. Хазаруудыг Афганд нь ч хавчдаг, зөвлөлтийн зөвлөгч нар ч Монголд очоод хазар мазар гэж ам ангайваа гэж хатуу анхааруулсан болохоор тэгээ биз ээ.

Талибын дарлалын дараа Монголын дипломат Кабулд очиход хазар хүн үйлчлэн явж, танил талаараа дамжуулан дэд ерөнхийлөгчтэйгээ ч уулзуулжээ. Харин тэр хүн “Биднийг түмэн зовлон үзэж байхад ахан дүүс монголчууд туслаагүй. Бидэнд хэн ч тусалдаггүй” гэж дахин дахин гомдоллож байсан гэнэ.

Манай дипломат, тусламж гэж эм тариа, хөнжил гудас гэхчилэн зүйлийг авчирсан байж. Өөрөө ч монгол туургатанд элэгтэй хүн. Санаа зовсондоо болоод “Манайх өөрсдөө их бэрхшээлтэй байдаг. Харин одооноос чадах чинээгээрээ туслаж байх болно. Үүнийг та нарт авчирсан юм” гээд хазаруудад тусламжаа өгчихсөн гэнэ. Цаадуул нь ч жигтэйхэн их баярлажээ.

Монголын их бууны багш нарт ч хазарууд тиймэрхүү зүйл ярьдаг аж. Тэд монголчуудыг өөрсөдтэйгээ адил гэж төсөөлдөг, Монгол улсыг жаргалын орон гэж боддог гэнэм.

“Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн Санчирмаа: “Афганы хазаруудын дийлэнх нь өөрсдийгөө монгол гэж үздэг. Зарим нь “Би монгол, Чингисийн хойчис” гэнэ. Зарим нь “Бид та нартай төрөл саднаасаа болж, олон үеэрээ адлагдаж зовж байна” гэж гомдоллодог. Монголтой холбоотой үг дуугарахаас ч эмээх хазар бий. Нэлээд хэдэн хазар айлд би очиж байсан. Намайг очихлоор эмэгтэйчүүд нь гивлүүрээ аваад “бид адилхан монголчууд” гээд жаргал зовлонгоо ярьж, уйлдаг байв. Уг нь, Афганистанд гадны хүний дэргэд гивлүүрээ авах байтугай, гэрт нь очиход хоол цай зөөхөөс бусдаар үзэгдэх ёсгүй” гэж ярьсан.

Сэтгүүлч Н.Болормаа Пакистаны хазаруудтай нэлээд уулзаж харилцсан нэгэн. Тэд харин монгол үүсэл гарлаа чөлөөтэй, бахдалтай ярьж, Монголтой өргөн харилцах боломжийг их сонирхож байжээ. Тэндхийн цэргийнхэн дунд хазарууд байр суурь сайтай аж. Энэтхэгтэй дайтахад пакистаны армийг Мохаммэд Муса Хан гэдэг хазар хүн командалж ( жанжин штабын дарга ) явж. Өдгөө нисэх хүчний маршал нь Шарбат Чангази (Чингис) гэдэг хазар хүн.

Тэрбээр монгол гарал үүслээ мэдэж мэдрэн, Чингис гэдэг овог авчээ. Ер нь Пакистаны хазаруудын дунд монголын үзэл санаа дэлгэрч, монгол овог нэр авах явдал цөөнгүй болж. Тиймээс ч Н.Болормааг очиход нэр нөлөөтэй хүмүүс нь хөл хөөрцөг болон уулзаж, бүр хазар-монголын харилцааны талаар тусгай хурал зохион байгуулжээ.

Ш.Чангази тодорхой хэмжээнд судалж үзээд Монголын азарга (хазараар азарги) гэх үгнээс хазар (хэлийг нь хазараги гэдэг) үүссэн байж магад гэх хувийн таамгаа дэвшүүлсэн аж. Тэр, Монголд өөрөө ч очмоор байна, олон хазаруудыг ч аваачмаар байна, даанч визний асуудал хүндрэлтэй байх юм, хазарууд олонтой газар консулын газраа нээгээч ээ гэж хэлж байжээ.

Монголд очиж суурьшин амьдрах хүсэлтэй хазар хүн ч олон агаад, даанч хэрхэн хэрэгжүүлэх талаарх мэдээллийг хаанаас ч олж авч чаддаггүй аж. Пакистаны хазаруудын нэгэн удирдагч Сардар ч хазарууд Монголд суурьших асуудлыг хөндөн дэвшүүлжээ. Тэнд Хазар монгол залуусын байгууллага (Organisation of Youth Hazara Mongols) гэдэг монгол чигтэй байгууллага үүсчээ. Монголын төр л “За” гэвэл, ахан дүү хазарууд ирэхэд бэлэн байна шүү.

Амэрик, Австралийн хазарууд монголчуудтай тун найрсаг харилцаатай, баярууддаа бие биенээ урьдаг, уулзалт, ярилцлага зохион байгуулдаг юм билээ. АНУ-д ажиллаж амьдардаг нэг монгол залууг паштун хүн хазар гэж эндүүрээд, сурсан зангаараа дарлаж дээрэлхэх гэжээ. Харин манай иргэн болохыг мэдээд хулхи нь буусан агаад, удалгүй монгол залуу өөрөөс нь дээгүүр шатанд гарч дэвшихэд бүр шалдаа буусан гэдэг.

“Монгол үндэстний сүлжээ” хэмээх сайтад хазар залуус хандан, монголчуудтай харилцаж, хэлэлцэж байдаг.

Ташрамд, манай дарга нар чинь үндэсний нарийн мэдрэмжтэй юм байна шүү. Афганы хазаруудын монгол цустайг олж мэдчихээд, виз миз ч олгодоггүй, арай гэж ирэхэд нь бүх ажлыг нь нураагаад, хөөгөөд явуулдаг гэнэ билээ. Тэгсэн атлаа, монгол л биш бол хэнтэй ч сүжирнэ шүү. Хазар монголчуудыг харгислагч ерөнхийлөгч Карзайгаас манай нэг өндөрлөг маань салж хагацаж өгөхгүй л, хэлхэлдээд явсан тал бий. Тэгээд бас тэр хурал нь Эвсэлд үл нэгдсэн орнуудын ч билүү, манай улс оролцох ёсгүй хурал байж таараад, онигоо болоод байсан санагдана.

Хазарууд Монголд аялал, ажлаар их ирэх болжээ. Үндэсний хөдөлгөөнийх нь нэг нэрт зүтгэлтэн зун Дэлхийн монголчуудын холбооны даргатай уулзах гэхчлэн баахан чухал ажил төлөвлөж ирсний ихэнх нь бүтээгүй. Ахин ирээд ч мөн адил. Монголоос мах авах гэсэн хазаруудыг дарга нар маань бас мухардуулсан. Өвөр монгол, түвдүүдийг даралцдаг манай эрх баригчдад хазаруудыг дарах шинэ ажил гарч ирсэн бололтой. Хэвлэл мэдээллээр хазарын эсрэг кампани өрнүүлээд эхэлсэн бөгөөд, бүр сэтгүүлийн тусгай дугаар гаргасныг нь хазарын хүндэт зочин бариад явж байхаар нь ичсэн ч, жигшсэн ч.

Эх оронч сэтгэлтэй монголчууд маань найман хазар оюутныг Монголд сургах ажлыг зохион байгуулсан нь үнэхээр сайшаалтай. Эхний гурван оюутан эссэний уралдаанд ялж, сурах эрхийг олсон. Уралдаан ч их өрсөлдөөнтэй болсон гэнэ билээ. Монгол-Хазарын хэлхээ холбоог хэр мэдэх вэ гэсэн чигтэй эссэ бичих байж л дээ. Тэр гурвын ярианаас эшлэсү.

Захра: “Монголд харь оронд байгаа гэх сэтгэгдэл огт төрдөггүй. Бээжингийн олимпод монголчууд 4 мэдал авахад би маш их баярлаж байсан” гэжээ.

Магдад: “Би монгол угсаа гарвальтайгаа ойлгосон нэгэн. Хэлээ сайжруулах гээд огт нутаг буцахгүй байгаа. Энд л эрх чөлөөг мэдэрч байна, монгол туургатан гэдгээрээ ч бахархаж байна. Дэлхийд 10 сая хазар байдаг, найм нь Афганистанд буй, Кабулын хүн амын 60 хувь нь хазар. Иранд нэг сая хазар байдаг, тэд расист, апартэид бодлоготой улсуудад нэгрүүд ямар байдаг в, тиймэрхүү л байдалтай байдаг” гэжээ.

Гулам: “Эх орондоо л ирэх мэт мэдрэмж төрсөн. Монгол хазаруудад адил төстэй зүйл ямар их болохыг хараад өдөр бүр л дуу алдаж явдаг. Хазар бид өөрсдийгөө монгол угсаатай л гэж ярьцгааж байдаг. Монголын энхийг сахиулагчид очиход, ахан дүүс маань хамгаалахаар ирэв гэж хазарчууд маш их баярласан. Миний бие монгол бүсгүйтэй гэрлэж, Монголд амьдрахыг үгүйсгэхгүй” гэжээ.

Дэлхийн хамгийн их зовж зүдэрсэн ард түмний нэг болох хазарчууд хойд зүг рүү, дэлхийг тэжээж буй ахан дүүс рүүгээ саравчлан харсаар суунам. ММХI.I.XXVI





5. Хазарчууд гагцхүү Монголд л аз жаргалтай байна хэмээн итгэдэг



Паштун нь монголын баатар гэх үгнээс үүссэн



Хазар түмний зовлон паштун гэх нүүдэлчид Пакистанаас уулгалан ирэх болсноос үүдэлтэй. Тэдгээр нь казак, чэчэн зэрэг шиг их дайчин, цэрэг-ард түмэн болой. Паштун-валай гэх үндэснийх нь гол бахархал, баримтлал буй, сайн дайчин болох, дайтах байлдах, баатарлагаар эрсдэхийг хамгийн их буян, гайхамшиг гэнэ. Паштун нь уг нь пахтун гэх нэр агаад, бахадур буюу монголын баатар гэх үгээс гаралтай. Юм гэдэг ийм л сонин.

Барс (Бабур), Жахангир зэрэг Их Монгол (Могул, Могол)-ын хаад паштунуудыг дарж номхруулж асан нь угийн расист тэдний монгол төрхтнийг хялайдаг авирыг нь улам гааруулж өгсөн гэх.

Бараг бүхлээрээ хазаруудын нутаг асан Афганистанд орж ирэхдээ эхнээсээ л тэднийг устгах зорилго тавьж байжээ. Үүний тулд тажик, үзбэк, балуч нартай холбооцож, шанд нь газар нутаг, элдэв зүйлийг амлаж, хазаруудыг бүсэлж аваад, шахан түрсэн аж (Дост Мухаммэд Хан).

1880 оноос Абдуррахман гэдэг паштун хаан хазарын эсрэг өргөн түрэмгийлэл, харгислал үйлдсэн. 1893 он хүртэл хазарын гурван том бослого гарсан агаад, давуу хүчинд бүслэгдсэн, шашны ариун дайнд оролцож буй гэдэгтээ итгэн улайрсан хийрхэгчдийн довтолгоонд өртсөн тул дарагдаж, хайр найргүй хөнөөгдөн хэрцгийлүүлж байв. Үр дүнд нь, нийт хүн ам нь 60 хувиар цөөрсөн бөгөөд, одоо л тэр үеийн тоондоо хүрч буй ч гэдэг. Монгол туургатны түүхэнд, Манж Чингийн үйлдсэн Ойрадын, Зөвлөлтийн үйлдсэн Халимагийн, Паштуны үйлдсэн Хазарын гэх гурван хамгийн аймшигт гэноцид тохиолдсон юм.

Тэрхэн үед зэрэгцсэн, Түркийн үйлдсэн армяны гэноцидийг дэлхий даяар зэмлэн буруушааж, хэрэв үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй бол наад зах нь Европын холбоонд элсүүлэхгүй, цаашлаад хатуу чанга арга хэмжээнүүдийг авна хэмээн чичрүүлсээр ирсэн. Гэноцид бол дэлхийн дайн өдөөсөнтэй эн зэрэгцэх шахуу, хүн төрөлхтний эсрэг хамгийн том гэмт хэргүүдийн нэг юм. Үүний төлөө улс үндэстнээрээ хариуцлага хүлээж, гэноцидийн үр дагаврыг арилгахын төлөө асар их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог. Хэрэв гэноцид тохиогоогүй бол ямар байх байсан, тийм байдалд тухайн ард түмнийг аваачин, гэмт хэргийнхээ хор хөнөөлийг арилгахад чиглэсэн үйл хэрэг өрнүүлэх болдог билээ. Тийм ч учраас эдийн засгийн хувьд ч, ёс суртахууны хувьд ч дунд зэргийн хөгжилтэй улс болох Түрк гэноцидийг зөвшөөрөхгүй хэмээн гүрийж ирсэн бол, бусад улсууд армянуудад ихээр тусалдаг.

Энэн шиг л дэлхий нийтээр хазарын гэноцидийг хүлээн зөвшөөрч, буруутнуудыг яллан шүүх хэрэгтэй байна. Ерөөс хүн төрөлхтөн монгол туургатны цуврал гэноцидийг хүлээн зөвшөөрөхгүй аваас хүн төрлийнхөө хувьд ч шившиг, гутамшиг болж, хүн бус, хүн дүрст бичнүүд гэж өөрсдийгөө харин хүлээн зөвшөөрч, хүний эрх хэмжээнээсээ татгалзахад хүрэх юм шүү дээ.

Миний бие, Гэноцидийн (хүйтөрөлгүйтгэл, төрөлгүйтгэл) тухай хуулийн төслийг санаачилж, монгол туургатныг устгаж ирсэн харийн үйл ажиллагаануудыг манай төр гэноцид гэж зөвшөөрөх, бусдаар зөвшөөрүүлэх гэж чармайх учиртай хэмээсэн. Энэ нь бусад улстай дайсагнах бус, ойлголцох, найрамдахын тулд хийгдэх ажил юм.

Монгол улс маань бүхий туургатны гэноцидийг бүрнээр бус гэхэд, хэсэгчлэн хүлээн зөвшөөрч болно. Хазарын гэноцидийг хүлээн зөвшөөрвөл (уг нь энэ бол сайн дурын үүсгэл санаачилга бус, нэгдсэн үндэстнүүдийн өмнө хүлээсэн, шударга ёсыг эрхэмлэн дээдлэхэд чиглэсэн үүрэг) энэ алхмыг хийсэн анхны орон болно. Дотоодын болон, гадаадын тавцнаа өрнүүлэх шударга ёсны аяны эхлэл ч болно оо!



Монгол гэдэг нэг нэр…



Абдуррахманы (Абдул Рахман, Абд-аль-Рахман) үед аллагаас гадна төрөл бүрийн харгислал гаарч байв. Хазаруудыг боол-ард түмэн гэж зарлаж, чөлөөтэй худалдаж дарлана. Хүзүүнд нь тусгай доромжилсон хонх зүүхийг зарлигдаж байсан. Найман эр хүйстэн бүрээс нэг цэрэг гарга, бусад нь бүх зардлыг нь даа, үхвэл тэр наймтаасаа нөх гэнэ. Торгуулийн батальоныхоо ч өмнө бамбай болгох, сапёрын алба хаалгах, дайсныхаа анхаарлыг хүссэн зүг рүүгээ чиглүүлэх амьд бай болгох гээд л аль болохоор л үхүүлэх арга сүвэгчилнэ. Өндөр татвар оногдуулж, төлөхгүй бол газар, өмчийг булаана. Хөөж туун, дүрвүүлнэ. Эмс охидыг дураар хүчиндэн доромжилно. Алж тамлахыг бодвол энэ нь арай гайгүй хэрэг мэт зарим хүнд санагдаж болзошгүй. Тэгвэл эр нөхөр нь ч хардаггүй, хүрдэггүй шахуу ёстой газарт бол аймшгийн дээд бөгөөд, тийм доромжлолын дараа олон эмэгтэй амиа хорлодог, солиорч галзуурдаг байжээ.

1919 онд Аманулла аллага, боолчлол, хүчирхийллийг зогсоосон ч паштунчлах, сунначлах бодлогыг хүчтэй явуулсан тул хазарын бослого дэгдэж, нухчин дарагдаж байв. Мангал, жадран зэрэг овог аймгийнхан бослогыг толгойлсон. Мангал нь монгол гэх үгнээс гаралтай байж болзошгүй гэдэг.

Хабибулла хаан, Надир шах, Закир шахын үед ч апартэид бодлого үргэлжилсэн. Закир шах (Монгол улсад айлчилж асан) хазаруудаас авах татварыг ялгаварлаж гадуурхан нэмэгдүүлж, арван малаас нэгийг гэж тооцоолон хураамжлах, гэр бүл бүрээс 70 кг тос, бас хазар угсааны тусгай татвар авах зэргээр ихэд доройтуулсан тул, том бослого гаргасан. Далим олдов хэмээн үлэмж хэрцгийлэн дарж, үндэсний мужийг (газар нутгаараа Афгандаа нэгдүгээрт орж байв) нь цуцалж, нийслэлийг нь юу ч үгүй болтол сөнөөсөн.

Зөвлөлт, тажикийн ноёрхлын үед ч хазаруудыг онцгойлон хавчиж байсан. 1993 онд Раббани, Масуд нар 24 цагийн турш хазаруудыг алж хядаж байв.

Гэтэл түүхийн тавцнаа паштуны хонзогногч талибан гэх хүч гарч ирлээ. Тажикийн алсын хараагүй удирдагчид тэдэнд хүчээ нэгтгэн хазартай тэмцье гэх санал тавьж, хамтран ажилласан. Баруун Кабулд үйлдсэн харгислалд нь мянга мянган хазар хүн эрсдэв. Талибууд тажикуудыг ялсныхаа дараа, хазарчуудыг устгах нь нэг гол зорилго хэмээн, хэрэгжүүлж эхлэв.

Тэд тажикийн хүч ухарсны дараа хоёр удаа эмэгтэйчүүдийг нь олноор нь доромжилсон, хөнөөсөн хэрэг өдөөсөн гэж их яригддаг. Тажикууд ч үүнийг хэзээ ч өршөөхгүй хэмээн өсөрхөж байдаг. Тэгвэл хазаруудын эсрэг, бүх талаараа өчнөөн дахин илүү гэмт хэргүүдийг үйлдэж асан. Мазари-Шариф-д 1997 онд 15 мянга, 1998 онд найман мянган хазар хүнийг хүйс тэмтрэв. 1998 онд Бамиянд, 2000 онд Робатакид, 2001 онд Якауланг-д олон хазар хүнийг бөөнөөр нь алж байжээ.

Хазаруудад яс үндсийг нь “монгол” гэж бичсэн паспорт олгосон агаад харамсалтай нь энэ нь харгислуулахыг нь гэрчилсэн баримт бичиг болж байв. Монгол гэсэн нэрээс болж, өчиггүй алуулж зүйл бүрээр тамлуулж, дарлуулж байна гэдэг…!

Эртнээс нааш хазарчуудыг хоолойг нь хэрчих, цавчих, модноос дүүжлэх, автомат пулемётоор шүрших, дэлбэлэх, галдан түймэрдэх, морь малаар татуулж тасчуулах, тэлж уян хатаах, өлсгөлөн нохдод идүүлэх, том төмөр дээр хэвтүүлэн шарах, улайссан чулуугаар төөнөх, битүү газар хийж бүтээх зэргээр бөөнөөр нь хөнөөж байв. Хазар хүнийг их зовоох тусам буян болно гэдэг байсан учраас л бүгдийг нь толгой дараалан алж дуусгачихаагүй байгаа юм шүү.

Харгис язгууртныг хөнөөсөн Малик баатрын гар, хөл, хэл, уруул, чих, хамар, зовхийг огтлон үзэшгүй муухайгаар тамлан нөгчүүлжээ. Эмэгтэйчүүдийг хүчиндэж, хүүхдүүдийг зодож ална. Нэгэн хааны үеэл, хазар удирдагчийн эхнэрийг 33 цэрэгтэй ирж, харгис хэрцгий авирлан хүчиндэж үхүүлжээ.

Тариалан, хүнс, байшинг нь шатаах, хүнд хэцүү нөхцөлд ажиллуулах, эмнэлгийн тусламжгүй болгох зэргээр ч амьдрах аргагүй болгоно. Энэ бүх зовлон тарчлангийн шалтгаан нь монгол цусыг үзэн ядахаас л үүдэж шүү дээ!



Паштун байхгүй газарт буюу, Монголд л хазарууд жаргана



Хазарууд Афганы харъяанд орсноос хойш боолын боол, босгоны зарц л байж иржээ. Паштун нар “Хазар болж төрснөөс, илжиг болж төрсөн нь дээр. Илжгийг эзэн нь тэжээнэ, нөмөр нөөлөг нь болно. Хазар хүнд ямар ч аврал байхгүй. Илжиг үхэхэд эзэн нь харуусна, хазар үхэхэд хэн ч харуусахгүй шүү дээ. Бурхан илжгийг бүтээхэд хазар хүн гашуудсан гэдэг, учир нь хийх ажилгүй, амьдрах аргагүй болсон” гэхчлэн ярилцдаг гэнэ.

Паштун, хазарын хооронд гагцхүү эзэн, боол гэсэн л харилцаа байсан, одоо ч байдал төдийлөн өөрчлөгдөөгүй гэнэм. Боолын худалдааны үед хазар хүн илжигнээс хямд байсан агаад, унаад явж болохгүй, өвс идэхгүй энэ яршигтай амьтан хямдхан байхаас ч биш яахав гэлцдэг байж. Хямд тул хазаруудыг олноор нь худалдан авч, үхтэл нь, өлбөртөл нь боолчилж дуусгачихаад л, дахиад хэдийг л бол хэдийг авдаг байж дээ.

“Машины осолд хазар хүн өртвөл огт тоодоггүй. Өнөөдөр Афганы боловсролгүй, ажилгүй, орон гэргүйчүүдийн ихэнх нь цөөнх хазарчууд” гэж судлаач Санчирмаа ярьсан. Талибын дэглэм унаснаас хойш 200 гаруй хазар хүн яс үндсээсээ болж алагдсан агаад, ихэнх нь сүүлийн хоёр жилд эрсэдсэн, онцлог нь аль сайн сайхныг нь сонгож хорлодог болсон. Хазарын ардчилсан намын дарга Али Юсүфи, сайд, дэпутат Саед Касими нарыг хөнөөсөн нь их шуугиан дэгдээж байсан.

Абдуррахманы гэноцидийн үеэс хазарууд олноороо Иран, Пакистан руу дүрвэсэн. Ираны хазарууд апартэидийн үеийн ӨАБНУ-ын хар арьстнууд шиг л хавчигдан гадуурхагддаг агаад, Иран-Иракийн дайнд тэднийг амьд бамбай, “их бууны мах” болгож байжээ. Пакистанд маш олон (Афганыхаас ч хавьгүй олон шүү дээ, Британи нутгийг нь эзлээд Энэтхэг колонидоо нэгтгэчихсэнээс үүдэлтэй) паштун байх агаад хазаруудтай үргэлж тэмцэлдэнэ. Амэрикад хүртэл эд хоорондоо зөрчилдөж, хазарууд болгоомжлон, яс үндсээ нууж явдаг гэсэн. Паштун байхгүй газарт л тэд сая уужим амьсгаа авна (Тэр нь Монгол л юм даа).

Өнөөдөр Афганистанд, хазар түмнийг ялгаварлан гадуурхах дэлхийд хосгүй шахуу үндэсний дарлал оршиж байхад, ардчилал, хүний эрхийг дээдлэгч гэх өрнөдийн гүрнүүд нүдэн балай, чихэн дүлий оргин суугаа нь хачирхалтай. Монголыг эс мэдэхүй, үгүйсгэхүй гэж бүр өвчин байдаг гэлтэй. Хилийн чанадын болон манай орны монголчууд эрх нь зөрчигдөж, төрөл бүрийн дарангуйлал, төрөлгүйтгэлд өртөж байхад ч мөн чингэдэг. Хазарын нөхцөл байдал хамгийн хүнд нь болой. Өдгөө дэлхий даяар, урьд ӨАБНУ-ын апартэидийг эн тэргүүний асуудлуудын тоонд оруулан шүүмжилдэг, буруутгадаг байсан шигээ л түүнд хандах ёстой.

Саявтар паштуны күчи омгийнхон хазарууд руу халдан довтолсон цуст хэрэг гарсан. Газар нутгийг нь булааж шахах уламжлалаа л аанай үргэлжүүлж буй нь тэр. Ерөнхийлөгч, паштун Карзай тэдэнд зэвсэг, мөнгөөр тусалсан гэнэ. Өрнөдийнхөн хүлцээд л өнгөрөв. Өөрсдийг нь түшиглэх гэж тал засч буйг нь мэдээд зарим улс төрч бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр авирлах болсон. Дэд ерөнхийлөгч Зиа Ахмад Масуд нь 52 сая долларын авлига авах явцыг америкчууд мэдээд бүр top secret болгон нууцалж, толгойг нь илэв гэнэ шүү…

Хазарчуудад үнэхээр ямар ч нөмөр нөөлөг байх ёсгүй юм гэж үү? ММХI.I.XXXI





6. Хазарууд дорно зүгээс морьтон баатрууд ирж аварна гэж итгэдэг



Хазар нь хязгаар гэх монгол үгнээс гаралтай



Хазаруудын үндэсний далбаан дээрх бэлгэдэл дүрс соёмботой маань төстэй гэмээр, нүдэнд дулаахан харагддаг юм (цэнхэр дэвсгэр дээр шараар байдгийг ч хэлэх үү). Зарим хүн, хазар нь пэрсийн хэзара-гаас бус, монголын хязгаар, газар зэрэг үгнээс үүссэн ч гэдэг. Газрыг хазар хэлэнд хазар (угсаатны нэршил нь хазара гэж ялгагдах юм болов уу) гэдэг хэмээн бичсэнийг үзсэн.

Шовинист удирдагчид өдгөөгийн Хазар нутагт орчин үеийн соёл, боловсрол, эдийн засаг, шинжлэх ухаан-тэхник юу ч байхгүй гэхээр болгожээ. Бичиг үсэггүйдэл хавтгай. Өвчин зовлон, ядуурал дүрвэгч, хямрал, сүйрэл, нийгмийн сөрөг үзэгдэл бүгд л тэнд байна. Бараг Дундад зууны төвшний Афганистан дахь хамгийн дарлагдсан, сүйрсэн, бөглүү хэсэг нь гэхээр ямар байхав. Гэрэл цахилгаан, засмал зам, холбоо харилцаа гээд наад захын бүтэц ч ховор зэвэр. Талибийн дараахи цаг үед Афганистанд улс орноо сэргээн босгох, хөгжүүлэх ажил нэлээд хийгдсэн, гадаадын тусламж ч их ирсэн. Тэр бүгд нь хазаруудыг тойрно.

Бурангуй талибчууд түлхэн унагагдсаны дараа, Афганистаны дэд ерөнхийлөгч нь А.Халили гэх хазар хүн болж, парламэнтынх нь 20 хувийг хазарын төлөөлөл эзэлж, Афганистаны анхны сайд ( Сима Самар ), анхны мужийн захирагч эмэгтэйгээр хазар улс төрчид тодорч асан нь даруй эсрэг нөхцөл байдлаар солигдсон. Х.Карзай талибуудыг болон лидэрүүдийг нь эвлэрье, эвсье, бодлогоо зохицуулан уялдуулж, хамтран ажиллацгаая гэж уриалсан. НҮБ дахи АНУ-ын элчин Залмай Хализад гэж (паштун хүн) хазарын асуудлыг нуун дарагдуулдаг, өөрийгөө заримдаа Паштунистаны элчин гэж андуурчихдаг нэгэн гарав гэнэ.

Өнөөдөр Афганистаны паштун, тажик, үзбэк, балуч нарыг хилийн чанадын угсаа нэгтнүүд нь (паштунчуудыг бол дэлхий дахин, Монгол улс ч гэсэн) дэмждэг. 42 сая паштуны (дорнод паштунчууд болон пэрсүүд пахтун гэдэг) 12 сая нь, 22 сая тажикийн 8, 29 сая үзбэкийн 3, 9 сая балучийн 0.6 сая нь л Афганистанд байдаг.

Зарим хүн, хазарчуудыг шашин нэгт Иранаас их тусламж дэмжлэг авдаг, бидний анхаарал халамж хэрэггүй гэж үздэг юм билээ. Тэхраны үе үеийн ноёлогчид Афганистаныг хагалж бутаргаж, нөлөөний хүрээгээ бэхжүүлэх л гэж “хазарыг дэмжнээ” гэж чанга дуугардаг гэнэ. Ингэхлээр бусад нь, тэрс номтон Ирантай сүлбээцэлдэв гээд буруутгадаг, гэтэл баруун хөрш нь тэднийг хазаруудын эсрэг л турхирч суудаг аж. Өөрсдөө бол, арьсны үзэлтэйн тул хазар “нөхдөө” дорд гаралтай хэмээн хялайдаг. Өрнөдийн орнуудад л расизм байсан, тэр нь дарагдсан гэж санах нь буруу. Лалын ертөнцөд расизм, апартэид түгээмэл бөгөөд, биесээ жинхэнэ арийчууд гэх Иранд (арийг пэрсээр иран, энэтхэгээр харян гэдэг) ямар төвшинд орших нь ойлгомжтой. Хитлэр бараг албан ёсоор бахархан дууриах шүтээнийх нь тоонд багтдаг орнуудын нэг болох Иранд, манай аугаа арийн соёл хөгжлийг танай монголчууд л ганц балласан гээд басхүү хазаруудыг буруутгана.

Пакистан бол хазаруудынхаа тоогоор гуравдугаарт ордог. Гэтэл тэд Квэтта хот, орчмынх нь нутгуудад голлон суух агаад, түүхэн сөргөлдөгч паштун (Пакистанд 28 сая), балуч нарын дунд хаданд хавчигдсан халиуны зулзага шиг байдаг. Энгүй мэт орчлонд гишгэх газаргүй л болсон хүмүүс юм.

Афганистанд та нар монгол гээд харааж зүхэх атлаа, монгол мөн чанарыг нь арилгах устгахын төлөө бүх боломжийг ашиглаж ирсэн. Хазаруудын дунд, дорно зүгээс морьтон баатрууд ирж биднийг аварна, эрх чөлөө өгнө гэх домог амь бөхтэй хадгалагдан үлдсэн ажээ. Манай энхийг сахиулагчид Афганд очиход домог биелэх нь энэ үү хэмээн баясах, гайхах зэрэгцэн байж. Бусад алслагдсан монгол туургатанд ч тийм домог, аврагч (мэссиа) ирнэ гэх итгэл буй аж. Гэвч…



Бүх туургатнаа, еврэйчүүд шиг нэгтгэх боломж бидэнд 100% бий



Хазаруудыг аврах олон арга зам байна.

Тэдэнтэй тал бүрээр хамтран ажиллаж болно. Монголоос мах, түүхий эд авах, Монголд жимс, тариалангийн аж ахуй эрхлэх хүсэлтэй хазарууд байдаг, ирдэг юм билээ. Манайд үйлдвэр байгуулах (лалынханд тохирох махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эд боловсруулах) хүсэлтэй нь ч буй. Хазарууд чамгүй хүн амтай (гэхдээ бүгд монгол чигийн мэнталитэттэй биш л дээ), Афганаас өөр орнуудад ч суух тул гайгүй ажил үйлстэй нь цөөнгүй. Тиймээс туслах, мэргэжил мэдлэгээ зааж сургах, хөрөнгө оруулах гэсэн эрмэлзэлтэй нь ч байгаа бөгөөд, тэд нь хамгийн түрүүнд нааш ирдэг шиг.

Ирээдүйд Монголд уул уурхайн аварга төслүүд хэрэгжиж, гадаадын ажиллах хүч ихээр шаардагдах төлөвтэй. Ийм нөхцөлд, монгол туургатнаасаа, зовж зүдэрсэн хазаруудаасаа ажиллах хүч бүрдүүлэх нь зүйтэй. Ямар ч мэдлэг чадваргүй, Монголд өчүүхэн төдий элэггүй, сэтгэлгүй харийн ядуусыг мянга мянгаар нь авчирч “ажиллуулаад” л байгаа биз дээ. Тэднээс хазарууд бүх талаар дээр байх нь ойлгомжтой.

Монгол туургатны байгууллагууд, арга хэмжээнүүдэд хазаруудыг хамруулах талаар анхаарах цаг болсон. Дэлхийн монголчуудын холбоондоо элсүүлж, барилдаандаа бөхчүүдийг нь хүч сориулж, миссийн тэмцээндээ гоо бүсгүйчүүдийг нь өрсөлдүүлэх гээд л.

Монгол-Хазар, Хазар-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийг олноор байгуулах, хамтран ажиллуулах шаардлагатай. Монгол-Татарстаны гэхчлэн, бүрэн сүвэрэн бус улс түмэнтэй найрамдах нийгэмлэг байж л байдаг шүү дээ. Яагаад олноор гэж хэлэв гэхлээр, түүхэн нөхцөл байдлаас болж, Афганы, Пакистаны, Ираны, Амэрикийн гэхчлэн хазарууд, Төв, Өмнөд, Буриад, Халимаг, Тува болон бусад монголчууд салангид сарнинга байдалтай байгаа. Тэр бүхэн хоорондоо найрамдах байгууллагатай болох учиртай. Ташрамд, хазар, заха, татар, казах, нохай зэрэг ойр садан ард түмэнтэй, ах дүү-хотууд гэдэг шиг ах дүү-ард түмнүүд болох нь маш их ач холбогдолтой юм.

Уугуулшуулал (монгол туургатныг нүүлгэж ирүүлэх), элэгшүүллийн (монгол туургатанд давхар иргэнчлэл олгох) замаар хазарууддаа энэрлийн гараа сунгаж болно. Сүүлийн үед манайд давхар иргэнчлэлийн тухай дахин ярих боллоо. Гэхдээ үүнийг, Монгол Улсын иргэнийг давхар гадаадынх болгох чиглэлээр л хэлэлцээд байх юм. Монгол туургатныг өөрийн иргэн болгох чиглэл нь зүйрлэшгүй их өргөн хүрээтэй, ирээдүйтэй юм шүү дээ. Хазаруудыг ирүүлэх нь стандарт рэпатриаци мэт болох тул, олон улсын зөвшөөрөл, дэмжлэгийг хүлээх учиртай.

Давхар иргэнчлэл - манайд бараг хэрэгжчихсэн асуудал. Уг нь тухайн улстай гэрээ байгуулсан цагт л бүтэх учиртай гэдэг. Үүнийг манайд байтугай, хууль цаазаа ягштал баримталдаг өчнөөн төчнөөн оронд төдийлөн дагаж мөрддөггүй. Монгол улс хоёрдмол харъяаллыг зөвшөөрдөггүй гэнэм. Бодот байдал дээр бол 90 мянган казах хүн Казахстаны харъяат болсон атлаа, манай харъяаллаас гаралгүй (15 мянган л казах хүн гарсан) хоёрдмол харъяалал үүсгэсэн. Н.Назарбаев Н.Энхбаяр нар уулзахдаа энэ асуудлыг хэлэлцэж, “стандарт бус шийдэл”-ийн хүрээнд хэвээр байлгая гэж тохиролцож асан. Ийнхүү практик дээр хэрэгжчихсэн ажил, хүрээг нь монгол туургатнаараа тэлэх л хэрэгтэй байна. Хазаруудыг ЗГ-тай нь тохиролцсон байлаа ч, үгүй ч, иргэнээ болгож хамгаалах хэрэгтэй юм. Тэндээ үлднэ үү, энд ирнэ үү, өөр улсад очно уу, хувийнх нь хэрэг, монгол туургатнаа өмгөөлөх нь л төрийн маань нэг гол үйл хэрэг байх учиртай.

Дүрвэгч авах бол хазаруудыг аврах нэг арга зам агаад, дэлхий нийт ч үүнд тал бүрээр тусална. Хазар дүрвэгч, өнчин хүүхэд авъя гэж миний бие 2001, 2007, 2009, 2010 онд бичиж дэвшүүлж ирлээ. Гэтэл нам засгаа зөв юм хийнэ гэж бодох нь бараг нүгэл хилэнц болчихож үү дээ. Хойд Солонгосын дүрвэгч авах төслийн талаар л олон жил хөөцөлдөж байна гэнэм. БНАСАУ-д дарга нар маань нууцаар очиж хор найруулдгийнх нь дотор энэ асуудал хөвж явдаг аж. БНСУ ч балиашиглаж, олон улсын тавцанд лобби хийж өгч байгаа гэдэг. НҮБ-ын дүрвэгчдийн конвэнцид нэгдэж ороод л, солонгос, хятад дүрвэгч авчирч, дундаас нь юм унагах зүйл сэтгэдэг гэх. Харин монгол туургат дүрвэгч авчрах байтугай, тэдний хувьд Монголыг хаалттай орон болгож, виз ч олголгүй ялгаварлан гадуурхдаг аж. Хаанахын ямар төр вэ?

2001 онд Монгол улс “антитэррорист эвсэл”-ийнхний үйлсэд бүх талаар оролцоход бэлэн байна гэж мэдэгдсэн, нэг үр дагавар нь Афганистан дахь манай энхийг сахиулагчид. Тэгэхэд, манай төр ч ингээд мэдэгдчихсэн, дайны хөлөөс дайжсан олон дүрвэгч буй болсон, хазар ахан дүүсийг авчрах “хувьсгалын тохироо” сайхан бүрдсэн. Даанч, “бүх талаар, гэхдээ монгол туургатны талаар л биш” гэсэн байр суурьтай байсан юм билээ л дээ. Антимонголизм, анмонголизм бол 90 оноос хойшхи төрийн маань гол бодлого байж ирлээ дээ, хөөрхий. Уг нь сэргэн мандсан жинхэнэ монгол төрийн маань туг панмонголизм байсансан.

Цагаач авах нь бас нэг арга зам. Өнөөдөр хазарууд лалын болон, өрнөдийн орнуудад цагаачилж, амь насаа аварч, аж амьдрал зохиож байна. Гэхдээ тэдгээр улс руу цагаачлах нь Монгол руу цагаачлахаас л арай гайгүй бөгөөд, маш хэцүү юм. Манай улсад амьдрах ажиллах нь бүх монгол туургатан ахан дүүсийн маань хууль ёсны эрх байх ёстой. Тус эрхийн хэрэгжилтэд дөхөм үзүүлэхийн тулд наад зах нь виз олголтыг саадгүй шуурхай болгож, монгол туургатны олноор байгаа газар бүрт, тухайлбал хазаруудын хувьд Бамиян, Квэтта, Тэхранд консулын газраа байгуулах хэрэгтэй.

Манай улс Афганистанаас өнчин хүүхэд авчран, хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэж асан нь социализмын үе. Тэгвэл одоо өнчин юм уу, ядуу айлын үрсийг улс ч, ТББ, хувь хүн ч асрах, үрчлэх явдлыг зохион байгуулах цаг болжээ. Хазар болон монгол залуус гэр бүл болохыг ч өөгшүүлэн дэмжвэл зохино.

Хазарын асуудалд мэдээж хэрэг, маргаангүй монголчууд болох хэдэн түмэн могол (мугал)-уудаа хамруулан авч үзэх ёстой. Анх угсаатны шинжлэх ухааны хувьд нээгдэх үедээ тэд эртний монгол хэлээр ярьж байсан бол өдгөө хазаруудад ууссан аж. Хазаруудад хамруулж үзэх учиртай чараймак (дөрвөн аймаг) зэрэг ястан буй. Могол ч, чараймак ч мөн адил монгол төрхтэй, хазаруудтай ураг төрлийн холбоотой тул адил зовлонг үзэж ирэв.

Элгэн саднуудад маань тохиолдсон гэноцидийг хүлээн зөвшөөрөх, дэлхий нийтээр зөвшөөрүүлэх, таслах зогсоох нь Монгол улс үндэстний үүрэг. Эрх баригчид маань хоёр Солонгосын асуудлыг зохицуулахад оролцоно гэж байна. Хазарын асуудлыг зохицуулахад оролцох нь хавьгүй илүү утга учиртай.

Зарим хүн өөр хэл ус, соёл, шашин, үндэсний ухамсартай харийн иргэдийг олноор нааш шилжүүлэн суурьшуулах нь осолтой гэдэг. Нэгдүгээрт, том улсуудын гол үндэстний төлөөлөгчид олноор орж ирэх нь илүү аюултай, сэрэмжлэх арга хэмжээ хэрэгтэй, хоёрдугаарт, хазарууд бол бидний элгэн садан, монгол туургатан, өөр гүрний хэл соёлд ууссан ахан дүүсээ бид монгол биш гээд ад үзээд байдаггүйн жишээ олон буй, гуравдугаарт, тэд бүхий монгол туургатны адилаар шашин, сурталд хийрхэн автдаггүй, хэт даврагч үйл ажиллагаа өрнүүлдэггүй, аядуу тайван түмэн, дөрөвдүгээрт, манай оронд монгол биш үндэстэн иргэд (бас лалын шашинтай) бусадтайгаа эв найртайгаар нэгэн улс гэрт багтан амьдарч, нэгэн аж төрлийг цогцлоогоод болоод л байгаа биш үү.

Уугуул нутагтаа хэдхэн түмэн жүүд үлдсэний ихэнх нь үндэсний хэлээрээ ярьдаггүй, бусад сая сая нь дэлхийн бараг хамаг оронд тархаж, тухайн харь төрх, хэл соёлуудад ууссан нөхцөл байдалтай асан еврэйчүүд бөмбөрцгийн өнцөг булан бүрээс цуглан, мөхмөл хэлээ сэргээн, өдгөө долоон сая хүн амтай хүчирхэг улс болоод байна. Цэвэр өөр үндэстнийхэн гэр бүлээ дагаж ирсэн нь сая гаруй байдаг шиг билээ. Тарж бутарсан, хуваагдаж салгагдсан үндэстэн ингэж цугладаг юм. Бид хүн мөн л юм бол, асар их баялагтай байж, яагаад үндэстнээ нэгтгэж, хүний хийдгийг хийж болохгүй, чадахгүй байх билээ.

Энэ нийтлэл хазаруудын тухай юм.

Зөвхөн хазаруудыг бус, даяар монгол туургатнаа бүхий арга хэрэгслийг ашиглан нэгтгэж нягтруулах нь монгол хүн бүрийн чин эрмэлзэл, зүтгэл тэмцэл байх ёстой.



Ч.Мөнхбаяр

ММХI.II.XV
http://moenhbayar.blogspot.com/2011/02/blog-post_5011.html#more

К.Рэзайи: Хазарууд Их Монгол улсыг байгуулалцсан

Хазарууд “Монголчууд бол бидний эцэг” гэдэг гэнэ




Эцэг дээдэс, элгэн садныхаа Монгол улсыг эрхэмлэн дээдлэх сэтгэлийг тээсээр нийслэл хотод маань зочлон ирсэн, хазар түмний элч төлөөлөгч Казэм А. Рэзайитай хөөрөлдлөө. Уулзалтад Монголд сурч буй хазар оюутан, Hazaras in Mongolia сайтын Аббас Даяар оролцов. The Mongols сайтын Алхана Болд ах тэр хоёр энэ хүмүүнтэй уулзахад тусалсан юм.



Зураг дээр баруун гараас: Казэм Рэзайи, Аббас Даяар, манай сонины ажилтан Ч.Мөнхбаяр




-Монгол туургаа мэдэрсэн хазар хүмүүстэй уулзахдаа би ямагт баяртай байдаг. Алс холоос ахан дүү түмнүүдийн үйлсэд хувь нэмрээ оруулах гэж ирсэн танд ихэд талархаж байна. Та зочны хувьд өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Казэм Рэзайи гэдэг. Азэрбайжаны Баку хотод архитэктурын мэргэжил эзэмшсэн, АНУ-д бизнэс эрхэлдэг, тус улсын харъяат. Монгол - Хазарын учрыг эртнээс сонирхож, Монгол бол бидний өвөг дээдсийн эрхэм орон гэдэг итгэл үнэмшилтэй болсон. Чингээд алс холоос зорьж эрмэлзэн ирэхэд минь төрөлх дотно уур амьсгал намайг угтлаа.



Монголчуудын нүүр царай яг л манай хазарууд шиг харагдах юм. Бас эндхийн хүн ард манай Хазарын үүсэл гарал, үүх түүх, үндэсний нөхцөл байдал, асуудал бэрхшээлийн талаар бүгдээрээ ойлголттой байгаа нь их сайхан сэтгэгдэл төрүүллээ. Бид алсарч холдсон л болохоос, нэг ард түмэн гэх бодлыг минь улам бататгалаа. Хазарын маань соёл, зан заншилтай адил төстэй зүйл олон тохиолдохыг үзэн олзуурхаж, хазарууддаа танилцуулахаар гэрэл зургийг нь буулгаж авсан. Уг нь би зун наадмын үеэр ирье гэж бодож асан ч тэр цагийг хүлээж ер төвдсөнгүй. Сүүлийн үед Монголын талаарх мэдээлэл хазар бидэнд их хүрэх болсон, хоёр түмний хоорондын харилцаа өргөжиж, идэвхжих болсонтой ч энэ нь холбоотой. Энэ удаад танилцах журмаар цөөн хоногоор, зун тухтай яаралгүйхэн зочилъё гэж санасан ч, Монгол оронд хоргодоод, төлөвлөгөөгөө өөрчилж, энд байх хугацаагаа долоо хоногоор сунгасан. Зун ч ирнэ. Гэхдээ миний эрмэлзэл бол танин мэдэхээр хязгаарлагдахгүй. Монгол ахан дүүстэйгээ хазар түмэн минь ойртон нягтрах үйлсэд хувь нэмрээ оруулах нь тун чухал зорилго минь юм.

-Та Хазарын ямар нэг байгууллагыг төлөөлж, даалгаврыг нь өвөрлөн ирсэн үү?

-Би хувь хүнийхээ шугамаар л ирлээ. Өдгөө манай хазар лидэрүүдийн хувьд, Монголын ард түмэн лүгээ ойртоход саад болж буй хоёр асуудал тулгамдаад байна. Зарим нь явцуу эрх ашигт захирагдаад байх юм. Зарим нь Монголтой холбоотой бодлого явуулахаас болгоомжилно. Учир нь, хазарууд Монголтой холбоотой шалтгаанаар ямагт хэлмэгдэж харгислуулж ирсэн. Хэрэв монгол ахан дүүсийнхээ тухай Афганистанд яривал, хазарын эсрэг чиглэсэн, дарьтай торх адил буй нөхцөл байдалд галтай цучил нэмэрлэх мэт болж мэднэ.

Харин, Афганистанаас өөр оронд байгаа хазарууд Монголын асуудлыг чөлөөтэй ярьдаг, өвөг дээдсийнхээ талаар сонирхон судалдаг, монгол үүсэл гарлаараа бахархаж эхэлдэг. Миний хувьд мөн тийм. Эрх чөлөө, ардчиллын үзэл санааны нэгэн анхдагч үрийг Чингис хаан тарьсан гэж боддог. Тэрбээр маш дэвшилт үзэлтэй, суут хүн байжээ.

Монгол хаан Бабур Их Монгол улсыг байгуулсан гэж бүгд мэднэ. Гэтэл хазарууд байгуулсан гэдэг талаас нь тэр бүрий мэддэггүй. Их Монгол улсын цөм хүч, тэргүүн хүч нь хазарууд байсан. Түрэгжсэн монголчууд хойд зүгээс ирээд хазаржсан. Таж Махал бунханд пэрсээр буюу хазараар буй гэж хэлж болох бичээс байхыг үзээд надад маш их омогших сэтгэл төрж асан. Хазарууд олон зууны турш монгол садан төрлөөсөө алс хол байхдаа пэрс соёлын нөлөөнд их автсан. Тэр л пэрсийн нөлөө бүхий хазар соёл Их Монголд өндөр байр суурьтай, өргөн түгсэн байлаа шүү дээ. Их Монгол улсад захирагдаж, эсэргүүцэн тэмцээд дарагдаж явсан нь паштун зэрэг зарим ард түмний хазарын эсрэг хандлагыг нэмэгдүүлсэн. Гэхдээ биднийг хажигладаг, олон тохиолдолд бүр үзэн яддаг нь расист үзэл, шашны экстрэмизм, түүхийг гуйвуулдаг зэргээс нь голлон үүддэг юм шүү.

-Хазарууд Их Монгол улсыг байгуулалцсан гэдэг нь их нийцтэй сонсогдож байна. Энэ нь бидний түүхийг нэгдмэл чанартай болгох мэт.

- Тийм ээ. Бас би мөхсөн Хазар гүрэн болон манай хазарууд хоорондоо холбоотой байх гэж боддог…

-Хазарын каганат буюу хаант улсынхан Каспи орчмын, олон үндэстний, иудэй шашинтай огт өөр ард түмэн бус уу? Бусад ард түмэнд, ялангуяа еврэйчүүдэд олноор уусч алга болсон гэдэг. Гэхдээ тэр Хазар гүрнийг хүннүчүүд байгуулсан, бүрэлдэхүүнд нь, мөн удирдлагад нь өвөг монгол овог аймгийнхан байсан ч гэдэг л дээ…

-Тэр л монгол болон монголлиг овог аймгийнхан нь Афганистанд ирснээс, биднийг хазар гэх болсон юм болов уу гэж санадаг. Пэрсийн хазар гэх үгнээс үүссэн гэдэг нь бас ч бүрэн батлагдаагүй юм.

-Сонирхолтой санаа байна. Миний бодоход өвөг дээдэст маань Афганистанд очиж суурьших эртнээс уламжилсан замнал, нүүж зорьсон олон давалгаа байсан бололтой. Хүннүгийн үед, түүнээс ч өмнө очиж байсан байж болно гэж санадаг. Кушаны хаант улсыг болон өөр эртний улсуудыг Афганистан орших бүс нутгуудад хүннүчүүд, тэдний өвгөс, хойчис байгуулсан гэдэг шүү дээ. Ер нь бол Монголын болон, монгол хаад захирсан улсууд залгалдсаар Афганистан, Хазартай нийлэлддэг байсан байна. Манжийн дарлал л бидний салж хагацах шалтгаан болсон шиг.

- Бидний урт удаан хугацааны хагацал бусад улс гүрнүүдийн улс төрийн бодлогоос их шалтгаалсан. Афганистаны олон үндэстний цөмийнх нь дийлэнх хэсэг хилийн чанадад байдаг. Хилийн чанадын олонх нь Афганистанд буй цөөнхдөө их тусалдаг. Хазаруудад л хэн ч тусалдаггүй байв. Одоо бол байдал өөрчлөгдөж байна. Салж хагацсан бид уулзаж, нэгдэн нягтарч байна.

-Тэр үнээн, Зөвлөлтийн дарлалын үед л лав Хазарын талаарх мэдээлэл монголчуудын хувьд бүрэн хаалттай байсныг би гэрчилнэ.

-Афганистанд ч гэсэн, хазарын эсрэг үйл ажиллагаанд л “Та нар Чингис хааны хойчис, байлдан дагуулагч монголчуудын удам” гэж дайрч давшлахаас бус, Монголын талаарх мэдээлэл хаалттай байсан, одоо ч байдал нэг их өөрчлөгдөөгүй. Хазар хэл соёл, түүхийг хүртэл хориглож байсан үе бий. Афганистанд Монголын тухай төдийгүй Хазарынхаа тухай бодохоос ч болгоомжлом нөхцөл байдал ноёлж ирэв.

Гэхдээ хазаруудын зүрх сэтгэлийн угт “бид чинь эднийг ялан дийлэгчдийн удам юм байна шүү дээ” гэх бодол хадгалагдсаар өдий хүрсэн. “Монгол бод бидний эцэг” гэж ярих нь ч бий. Учир нь эндээс цэрэг дайчид Афганистанд очиж, өрх бүл үүсгэж, эцэг болох нь олонтаа байв. Үр ач нар эцгийнхээ яс үндсийг өвлөн авдаг шүү дээ. Урьд бид бие биеийнхээ тухай бага мэддэг асан бол өдгөө энэ сөрөг байдлыг арилгах нь нэн чухал.

-Сүүлийн үед хоёр талаас эх оронч, монгол туургач үзэлтнүүд, аялагч сэтгүүлчид ирж очиж, хоорондоо харилцаж, холбогдох мэдээллийн солилцоо, түгээлт нэлээд явагдах болсон нь сайшаалтай.

-Бидний хооронд гүүр тавигдсаан. Тэр гүүрийг барьж байгуулагчдын нэг хэсэг нь хазар оюутнуудыг Монголд сургахад тусалсан хүмүүс болон хазар оюутнууд маань юм. Одоо Монголд 15 хазар оюутан суралцаж, эцэг дээдсийнхээ өлгий нутгийг мэдэж мэдэрч авч байна. Хазар хүмүүсийг Монголд ирэхэд эд маань их дэм үзүүлдэг болсон. Хэрэв Монголд хазар оюутнууд ингэж байнга суудаггүй асан бол наашаа ирээд ямар ч баримжаагүй төөрөлдөж ч мэдэх. Таминь ээ, би чинь та бүхний садан шүү гэж гудамжинд хашхиралтай биш дээ. Хазар оюутан Монголд сурах болсон тухай мэдээ намайг багагүй догдлуулсан билээ. Энэ бол бид ойлголцсоны шинж тэмдэг, том ахиц байв. Миний ирсэн зорилгуудын нэг нь эднийгээ эргэж, дэмжлэг туслалцаа үзүүлэх явдал. Эд маань ч, ялангуяа Аббас маань Монгол орныг танилцуулах, уулзвал зохих хүмүүсийг олоход минь их тусалсан. Манай Аббас 23 настай ч, ар гэр, хазаруудын байдал, Афганистан болон Монгол дахь элэг нэгтнүүдийн хэлхээ холбоо, сурч боловсрох, аялах, мэдээлэл түгээх гээд олон чиглэлд санаа тавьж, үйл ажиллагаа явуулж, таван хүний дайтай ажиллаж амьдарч байгаа үлгэр жишээ болохуйц залуу. Би ийм хазар залуусаараа бахархдаг. Монголд Хазарыг хэрхэн үзэж, мэдэж буй байдал, Хазарт элэгтэй ямархуу хүмүүс байна гэдгийг Аббас надад тодорхой таниулсны дотор таны тухай ярьж, эчнээ танилцуулсан юм. Уугуулшууллын тухай хуулийн төслийг тань Аббас надад үзүүлж, агуулгыг нь хэлж өгсөн. Тэнд манай хазаруудын талаар тусгагдсан нь надад их сайхан санагдлаа.

-Би монгол туургатныг нэгтгэн нягтруулах талаар багц санал дэвшүүлсэн л дээ. Түүнийгээ, Монгол үндэстнийг нэгтгэсэн хувьсгалын 100 жилийн ойг угтуулан төрд өргөн барих бодолтой яваа. Сая “Хазар ахан дүүстээ туслацгаая” гэсэн үгүүлэл бичихдээ, төгсгөлд нь хазар түмний байдалд зохицуулан мөн дэвшүүлсэн байгаа.

Нэгэн зүйлийг тодотгон хэлэхэд, элэг нэгтнүүдээ нүүлгэн ирүүлж уугуулшуулахдаа бид ямар ч дарамт шахалт, зохисгүй арга хэрэглэхгүй юм. Хазарыг ч гэсэн, “монгол туургатан урт удаан хугацаанд амьдарч ирсэн” гэсэн утгаар монгол нутаг гэж хэлж болох мэт, гэхдээ Монгол улсын нутаг гэх гээгүй шүү. Хүмүүсийг төрсөн нутаг эх орноос нь салгаж, “заавал та нар Монгол улсад ирэх ёстой” гэж тулгах явдлыг бидний зүгээс гаргахгүй, аливаа санал төсөлдөө ч тийм зүй бус алхмуудыг төлөвлөөгүй.

Гэхдээ Монгол улсад ирж амьдрахыг хүсвэл, байгаа нутаг орондоо амьдрахад хүндрэлтэй болбол, манай зүгээс хууль-эрхзүйн орчин нь бэлтгэгдчихсэн байх учиртай юм. Хазарын эрх чөлөөний төлөө тэмцэгч А.Гизаби гуайтай хоёр удаа уулзахад, монгол туургатныг нэгтгэж нягтруулах асуудлыг Афганистаны хазаруудын тухайд хөндөж тавихдаа маш болгоомжтой байхгүй бол болохгүй, ялангуяа Афганистаны төрд дэвшүүлэн тавих нь осолтой гэж хэлж байсан.

-Болгоомжтой байх хэрэгтэй нь үнэн. Алдаа гаргавал дайн ч дэгдэж мэднэ. Гэхдээ хэт болгоомжилж бас болохгүй. Зохих хэмжээнд уугуулшууллын бодлогыг хэрэгжүүлж болно шүү дээ. Манай хазарууд Монгол оронд хүнд дарамт болохгүй, элдэв хангамж шаардахгүй. Олонх хазаруудад маань Монголд эрх чөлөө, энх тайван, газар байхад хангалттай. Дайн дажин, зовлон зүдгүүр, элдэв харгислал манайхныг тэсвэр хатуужилтай, амьдралын төлөө тэмцэх чадвартай болгосон. Хазарууд ядуу байлаа ч гуйлга гуйдаггүй, ажил хөдөлмөрийг л ариун цагаан буян гэж үзэн, хичээж зүтгэдэг.

НАТО-гийн цэрэг гарч явахаар Хазарт байдал хэцүүдэх магадлалтай. Тийм төлөв ажиглагдаж байгаа. Паштуны күчи омгийнхон хазаруудын газрыг булаах гэж мөргөлдөөн үүсгэхэд, Афганистаны төр засаг дэмжсэн жишээ бий. Ирээдүйд, Монголд уугуулших хүсэлтэй хазарууд цөөнгүй буй болж магадгүй. Хэрвээ энд хууль-эрхзүйн орчин бүрдвэл шүү дээ.

-Миний хувьд мөн, бүх монгол туургатныг давхар иргэнчлэлийн журмаар иргэнээ болгоход чиглэсэн, элэгшүүллийн тухай хуулийн төслийг дэвшүүлсэн.

-Аббас тэр төслийг надад бас танилцуулсан. Монголын паспорт хазаруудад үнэхээр хэрэгтэй шүү. Афганистаны хазаруудад паспорт олгох нь хүндрэлтэй, гэхдээ боломжгүй биш. Хилийн чинадын, тухайлбал над мэтийн АНУ-ын иргэн хазаруудад бол давхар иргэнчлэл, Монголын паспорт олгох нь бол чөлөөтэй шүү дээ. Миний хувьд гэхэд л давхар иргэнчлэлд хамрагдваас, Монголд бизнэс эрхлэх гэвэл, нөхцөл нэлээд таатай болоод ирж байгаа юм.

Пакистан, Иранд маш олон хазар дүрвэгч, цагаач хэдэн үеэрээ сууж байна. Тэдний байдал мөн хүнд. Пакистанд аль шилдэг хазаруудыг сорчлон хорлох явдал гарч ирсэн, хавчлага гадуурхал их. Ташрамд хэлэхэд, хилийн чинадын хазарууд бол дажгүй ажил амьдралтай болчихсон байдаг, үндэсний ялгаварлал л тэдэнд ихээхэн бэрхшээл учруулдаг.
М: Манайд давхар иргэнчлэлтэй хүн бараг зуун мянга байгаа, Казахстаны иргэн голдуу. Боломжтой, хэрэгжчихсэн асуудал. Заавал тухайн улстай гэрээ байгуулалгүй, стандарт бус шийдлээр зохицуулчихаж болдог л асуудал юм билээ.

Дүрвэгч, цагаач, ажиллах хүч, өнчин хүүхэд авах, хоёр түмний залуус гэрлэхийг сайшаах зэрэг, хазаруудыг Монголд ирүүлэн олон арга зам байна. Дүрвэгчдийн талаарх олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдсэн аваас, дүрвэгч авах нь тухай улсын үүрэг болдог. Солонгосын дүрвэгчдийг Монголд ирүүлэх асуудал ноцтой яригдаж байгаа, мянга орчмыг оруулаад ч ирчихсэн. Тэгэхийн оронд хазар дүрвэгч авах нь манай хувьд хавьгүй илүү эерэг ач холбогдолтой, олон улсын байгууллагууд, ЗГ-ууд ч дэмжинэ. Манайд хөрш гүрнийхний хууль бус цагаачлалын асуудал хурцдаж байна, хууль бусыг таслан зогсоож, монгол туургатандаа хууль ёсны цагаачлалын боломжийг нээж өгөх хэрэгтэй.

Уул уурхайн салбар төрийн хяналтаас бүрэн гарахуйц хэмжээнд өргөжин тэлж, тэр хэмжээгээр хөрш гүрнээс ажиллах хүч орж ирж байна. Энэ хууль бус үзэгдлийг арилгаж, мөн л монгол туургатанд ач тустай байдлаар шийдвэрлэх ёстой. Монгол улс Солонгосын, Афганистаны өнчин хүүхдүүдийг авчирч асарч байсан. Тэднийг улс нь татаад л авчихсан, манай хувьд нэг их ач холбогдолтой алхам болчихсонгүй. Хазаруудыг ЗХУ монголчуудын хувьд маш нууцалж байсан болохоор хазар хүүхэд ирээгүй биз. Дэлхийн бүх дүрвэгч, цагаач, ажиллах хүч, өнчдөд Монгол улс туслах боломжгүй, тийм шаардлага ч үгүй. Тэгэхлээр эрүүл ухаантай, өөрсдийнхөө хувьд илүү эерэг үр дагавартай сонголтыг хийх хэрэгтэй.

Сонин хэвлэлүүдэд маань харийнхны танилцах зар сурталчилгаа дүүрэн байна, түүний оронд манай хоёр түмний залуусын танилцах зар байвал дээр биз дээ.

Монгол улс глобал төвшний ач холбогдол бүхий байгалийн асар их баялагтай. Энэ маань өнөөдөр дэлхийд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа. Авлигач албан тушаалтнууд энэ баялгийг харийн нэоколоничлогчдын мэдэлд шилжүүлсэн ч, ард түмний тэмцлийн дүнд арга буюу буулт хийсээр ирэв, одоо ч холбогдох хууль тогтоомжид баялгийн жинхэнэ эздийн эрх ашгийг тусгах өөрчлөлт хийх гэж байна. Ирээдүйд Монгол дэлхийд гайхагдсан Саудын Араб, Эмирт, Күвэйтээс ч баян орон болно. Тэгэхлээр монгол туургатны хүрээний том том төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болох юм.

Гэхдээ, хазаруудыг зөвхөн тусламж авах хүмүүс гэж ойлговол том алдаа болно гэж би үздэг. Бид харилцан туслалцах ёстой. Хазаруудад мэдэх чадах зүйл, нөөц бололцоо зөндөөн бий. Тэгэхлээр та нөхөд ч бидэнд тусална гэж бодож байна. Тиймээс би хамтран ажиллах саналууд бас дэвшүүлж буй. Худалдаа, бизнэс, мэдээлэл, соёл гээд хамтарч ажиллаж болох олон чиглэл байна.

Хазаруудыг авчирч, улсынхаа хүн ам зүйн байдлыг эерэгжүүлэх гэсэн л зорилт байгаа бус. Бид элгэн садан, ах дүүс учраас, дэлхийн хаана ч байлаа гэсэн харилцан тусалж дэмжиж, нэгэн өрх бүлийнхэн мэт явах учиртай гэж санах юм.

Р: Тэгэлгүй яах вэ. Бидний хэлэлцэх ойлголцох байдал нэг ард түмэн гэдгийг маань надад ахин тодотгож өгч байна. Өөр үндэстний хэн нэгэнтэй уулзсан бол, хэзээ ч ийм яриа хөөрөө өрнөхгүй сэн.

Би таны зарим саналыг анх сонслоо. Нэгтгээд бодоод үзвэл: хэрэв хэрэгжих аваас, үнэхээр гайхамшигтай гэсэн сэтгэгдэл төрж байна. Монголд ирээд би, ирээдүйд улам итгэлтэй болгох олон учралтай тохиолдлоо. Монгол орон удалгүй, тэр Арабын улсуудаас ч илүү баян болж, хөгжиж цэцэглэнэ, учир нь тэдгээр орны нутаг дэвсгэр тэр аяараа элсэн цөл, хүн ам нь хэт шашинжсан, хуучинсаг.

Зарим бэрхшээл байна. Гэхдээ үзэл санаа нэгтнүүд хамтын хүчээр тэдгээр бэрхшээлийг шийдвэрлэж чадна. Юуны төлөө тэмцэж байна вэ гэдгээс их юм шалтгаална. Нэг хүн өдрийг аргацаан өнгөрүүлэхийн төлөө хэмээвээс, өдрийг аргацаах нь бүтнэ. Нэг хүн улс үндэстнээ тусгаар тогтнуулах хэмээвээс тусгаар тогтнол бүтнэ. Гандигийн жишээ байж байна. Түүнд эрх мэдэл, мөнгө, арми байгаагүй, гэвч тэр Энэтхэгт эрх чөлөөг авчирсан. Бид зөв санаатай байна гэдэг хамгийн чухал.

Энд хазар хүн бизнэс эрхэлж, хазар ажиллах хүч авчирч болох мэт. Гэтэл бас ч амаргүй юм байна. Гадаадын хөрөнгө оруулагч төдий хэмжээний мөнгө, өдий төвшний баримт бүрдүүлж, ажиллах хүчний төлбөр төлөх ёстой гэдэгтэй танилцлаа. Хазар хүн ч бай, хятад хүн ч бай, ялгаагүй хандаж байна. Ийм өрсөлдөөнд алс холын, асуудал бэрхшээлтэй хазарын бус, хөрш зэргэлдээ, хүчирхэгжиж байгаа хятадын талынхан л ялах юм байна.

“Ромыг нэг өдөр бариагүй” гэдэг. Зохих цаг хугацааны дараа нөхцөл байдал бид бүхний санал нэгдэж буйн дагуу өөрчлөгдөх байх гэдэгт итгэж байна.

М: Хазараас илүү, хятад хүнд элгэмсүү хандах байдал дээгүүр ноёлчихоод байгаа л даа.

Бид дуу хоолойгоо улам хүчжүүлж, албан ёсны төвшинд гаргах хэрэгтэй байна. Монголын болон, Хазарын хувь хүмүүсийн байр суурь илэрхийлэгдэж байна, цаашид ахан дүүсийн энэ эрмэлзэл тэмүүлэл байгууллагын төвшинд, илүү өндөр төвшинд илэрхийлэгдэх хэрэгтэй байна. Албан ёсны баримт бичгүүд үгүйлэгдэж байна. Хэрэв бид үйл ажиллагааны төвшингөө дээшлүүлэхгүй бол яваандаа санаа нийлдэг хэдэн хүн чөлөө заваараа хуучилдаг, хөөрөлддөг шатанд л зогсонгишиж болно. Тийм тохиолдол амьдралд зөндөө л учирдаг шүү дээ. Түүнээс гадна, бидэнд сайныг үл хүсэгчид: “Хазар бол манай ахан дүүс гэсэн яриаг хэдэн төөрөлдсөн хүн л гаргаад байна, түүнээс биш цаад хазарууд нь шал өөр санаатай, хаа хамаагүй хүмүүс, болох бүтэхгүй элдэв юм ярьж байж тэррорын аюул дуудавзай” гэх мэт ухуулга хийх боллоо.

Бодот байдлыг өргөн олонд таниулахын тулд бодот алхмуудыг хийцгээе. Монгол туургатны олон байгууллага байдаг. Түүнд хазаруудаа элсүүлэх, хамруулах шаардлагатай байна. Монгол-Хазар, Хазар-Монголын төрийн бус байгууллагууд хэрэгтэй. Афганистанд байгуулагдах боломжгүй бол, хилийн чанадын хазар диаспорынхон байгуулж болно шүү дээ.

Хазарын гэноцидийг дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлбэл та бүхэн дэлхий нийтийн дэмжлэгтэй болно гэж боддог. Монгол улс хамгийн түрүүнд зөвшөөрөөд зогсолгүй, бусдыг үлгэрлэн дагуулах үүрэгтэй гэж санаж байна. Даян дэлхийн халуун цэг бүр рүү цэрэг илгээх, Солонгосын асуудлыг шийдвэрлэлцэнэ гэж зүтгэх зэргээс, ийм алхам хийх нь хавигүй дээр. Монголд санал нэгдсэн бид нөхөд Хазарын гэноцидийн эсрэг нэг арга хэмжээ зохион байгуулах юмсан гэж бодоод л явдаг юм.

Аливаа зүйлд үе шат байдаг. Өнөөдөр хоёр түмний хооронд харилцан ойлголцол, мэдээлэлцэл хангалттай хэмжээнд бүрэлдээгүй байна. Тэгвэл ах дүү-ард түмнүүд гэсэн албан ёсны статустай болж, ойртож дөтөлж болно.

Р: Цэрэг илгээхийн тухайд гэвэл, Афганистанд цэрэг илгээж, энх амгалан амьдралыг бүтээлцэж өгч буйд хазарууд монголчуудад маш их талархалтай байдаг шүү. Тэр мэдээ намайг асар их баярлуулж байсан. Хойд зүгт дайчин ахан дүүс минь бий гэж хазарууд хэлэлцдэгийг бодтоор баталж өгсөн явдал болсон. Таны санал сэдэлд бас маш их талархаж байна, тал бүрээр хамтран ажиллацгаая.

Хазаруудын дунд Монгол ахан дүүс рүүгээ хандсан чигтэй байгууллагууд үүссээр байгаа, тэгэхлээр дуу хоолой маань хүчжих болно оо. Бидэнд бас тодорхой санал сэдэл цөөнгүй буй. Бичгийн хэлбэрээр саналуудаа харилцан солилцъё.

Биднийг харийнхан салган бутаргаж, ахин хүчирхэгжих вий гэж эмээсэндээ, нэгдэн нийлэхийн маань эсрэг боломжтой бүх хорлолыг үйлдэж асан. Гэвч өнөөдөр бол XXI зуун. Шударга үнэн, хууль ёс улам хүчийг авч, үнэ цэнэтэй болж байна.

Бүх монгол туургатныг ирүүлж цуглуулах монголчуудын эрмэлзлийг бүрэн ойлгож байна. Израиль, Казахстан гээд, улс үндэстнийхээ хувьд туйлын зөв ийм алхмыг хийсэн улс цөөнгүй. Хэрэв Афганистанд байдал хэцүүдвэл Монголын хууль ёсны уугуулшууллын бодлого аврал болох юм шүү дээ.

Хазарууд зөвхөн тусламж авах улс биш гэж таны хэлдэг зөв юм. Хилийн чанадын хазарууд дунд авъяас чадвартай мэргэжилтэн, баян чинээлэг бизнэсмэн олон бий. Афганистаны хазарууд дунд ч бий. Бид монгол ахан дүүстээ чадах бүхнээрээ туслахыг хичээж явах болно. Бүх монгол туургатан нэг санаа зорилготой байвал бүтэхгүй юм гэж үгүй гэхчлэн бид хөөрөлдсөн юм.

Аббас Даяар мөн хөөрөлдөөнд оролцож байсан бөгөөд, тэрбээр монгол хэлдээ сайжирсаар байгаа нь мэдэгдэж байв. Хараахан чөлөөтэй хэлэлцэхгүй ч, Аббас антропологичийн мэргэжил эзэмшихээ ойлгуулав. Монголчууд нэг ард түмэн ч, нутаг нутгийн антропологийн онцлог бас бий, гэхдээ энэ нь үндэстний нэгдмэл чанарыг алдагдуулах хүчин зүйл бус гэж ярилцав.

Тэр бас угсаатны зүйг судлан, цаашдаа Монгол-Хазарын хэлхээ холбоог тодотгох болон, жишиж харьцуулсан судалгааг хийх бодолтой явдаг ажээ. Энэ бол тун сонирхолтой ажил бөгөөд, залуу хөвүүн пионэр нь болох бололтой. Эр хүний цээжинд эмээл хазаартай морь гэж энэ дээ.

Туйлын найрсаг уур амьсгалтай болсон хөөрөлдөөний эцэст, тодорхой асуудлуудаар хамтран ажиллацгаах болно гэдгээ дахин дахин илэрхийлцгээж, Монгол-Хазарын үйлс мандан бадрах болтугай хэмээсэн ерөөл талбицгаасаар уулзалтаан өндөрлүүлэв.



Ч.Мөнхбаяр

ММХI.V.III

http://moenhbayar.blogspot.com

Хазарт Монгол чигтэй хувьсгалт хөдөлгөөн үүслээ!

Дайкүнди хотынхон УБ-тай ах дүү хот болох хүсэлтэй байна!




Өдгөө, монгол туургатны нэгдэн нягтрах явц зүй ёсоороо эрчимжиж байна. Үүнийг хэн ч зогсоож чадахгүй, жам бол жам.

Хазарчууд ч ойртон дөтөлсөөр. Үүний нэгэн жишээ нь, Афганистаны Дайкүнди хотынхон Улаанбаатар хоттой ахан дүү болохыг хүсч буй юм байна.

Дайкүнди (Нили) бол адил нэрт мужийн төв юм. Урузган мужаас салгаж (хазаруудыг тархай бутархай болгох бодлогын үр дүн), 2004.3.28-нд байгуулсан муж. Дайкүнди муж 400 гаруй мянган хүн амтай, 86% нь хазар, 8.5% нь пушту. Афганистаны яг төвд оршино, Гизаб, Нили, Аштарлай, Кажран, Хэдир, Кити, Мирамор, Сангитахт, Шахристан зэрэг раёнтой. Удирдлагад нь Монголд элэгтэй хүмүүс сонгогдон гарч ирсэн аж.



Ах дүү хотууд гэдэг нь байнгын нөхөрсөг харилцаатай болно гэсэн үг. Соёл, боловсрол, спортын хамтын ажиллагаа, солилцоо байнга явагдах болно. Энэ бол сайхан эхлэл юм.

Түүнээс гадна, түнш хотууд болж, харилцаагаа өргөжүүлбэл бүр ч сайн. Эдийн засаг, бизнэс, бүх талын харилцан туслалцаа гээд олон шинэ боломжууд нээгдэнэ.

Хазар нөхдийн зүгээс, тун ажил хэрэгч, хэрэгжих боломжтой, хэтийн төлөвтэй санал дэвшүүлэгдэж буйд нэн баяртай байна. Урьд Монгол-Хазарын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд янз бүрийн бэрхшээл учирч байсан биз. Учир нь, Хазарын үндэсний нэгдмэл муж 50-аад онд устгагдсан, тэгэхлээр Афганистантай л харилцана уу гэхээс, Монгол улс Хазарастантай харилцана гэвэл янз бүрийн асуудал гарч ирнэ. Харин хоёр хот ах дүү, түнш болно гэдэг нь албан ёсны харилцааг хөгжүүлэхэд нэн практик ач холбогдолтой юм. Манай тал хазар ахан дүүсийн саналыг найртайгаар хүлээж авч, нааштайгаар шийдвэрлэж, хосгүй боломжийг алдахгүй байх ёстой.

Монгол-Хазарын харилцааг хөгжүүлэх асуудлаар манай талаас албан ёсны, тодорхой, бодитой, дорвитой алхам хийж байгаагүй нь харуусалтай байна. Монгол туургатны цорын ганц тусгаар тогтносон улсынхан бид ийм байж болохгүй ээ. Хангалттай танин мэдлээ, гайхлаа хачирхлаа. Одоо харин бүх монгол туургатны түшиг тулгуур, ноён нуруу, халх байх үүргээ ухамсарлаж, хийх ёстой ажилдаа ханцуй шамлан орох хэрэгтэй болж.

Монголын төр түмэн ахан дүү хазар түмний тухайд:

1.Бүх талын хамтын ажиллагааг (хоёр талын байгууллагууд, ХАА, худалдаа, бизнэс г.м) хөгжүүлэх;

2.Монгол туургатны байгууллага, үйл ажиллагаанд хамруулах;

3.Уугуулшигч (рэпатриант), дүрвэгч, цагаач, ажиллах хүч, өнчин хүүхэд хүлээж авах;

4.Элэгшүүлэх (Монгол улсын иргэний баримт бичиг олгох);

5.Хазарын төрөлгүйтгэлийг (гэноцид) албан ёсоор хүлээн зөвшөөрөх гэсэн чиглэлээр маш өргөн хүрээтэй, олон төсөлтэй тодорхой бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх цаг нэгэнт болжээ…

Миний бодоход, Дайкүндийн санал бол хувьсгалт чанартай хөдөлгөөн юм. Афганистанд олон зууны турш, ялангуяа XIX зууны төрөлгүйтгэлээс хойш хазаруудын монгол язгуур угсааг ор мөргүй баллан устгахыг чармайж ирсэн. Тэнд Монголын талаар дуугарах байтугай, бодох нь ч аюултай. Бараг зүүдэндээ Монгол, Чингис гээд хэлчихвэл амиа алдаж болох газар. Харин бусад нь хазаруудыг дарлахдаа та нар монгол, Чингисийн хойчис гэж байнга дайрч давшилдаг.

Тийм нөхцөлд Монгол гэж дуугараад зогсохгүй, Монголын нийслэлтэй ах дүү бололцоно гэдэг нь аймшигт харгис дэглэмийн бодлогыг эр зоригтойгоор сөрөн боссон хэрэг юм. Дайкүндийн удирдагчид Монголд ирж, байдалтай танилцаж байсан, Монголыг эцэг өвгөдийнхөө өлгий нутаг хэмээдэг, монгол туургатандаа элгэн халуун сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэд чухам энэ баатарлаг үйлсийг эхлүүлжээ.

Өвөр Монголд эрэлхэг тэмцэл хөдөлгөөн өрнөж, үргэлжилсээр буй. Дайкүндийн хөдөлгөөн мөн агаар нэгэн юм. Тэд адилхан харийн дарлалын зовлонг туулж, монгол учраас хавчигдан гадуурхагдаж, хүнд бэрх тэмцэлд эрсэлж байдаг. “Монгол” гэж хэлж зүрхлэв хэмээн афганы фашистуудын нүд хорсож, Дайкүндиг даръя хэмээн хөмхий зууж буй нь лавтай. Хазарууд чингэнэ гэдгийг ч мэдэх тул монгол хөдөлгөөнөө хамгаалахаар зориг төгс буй биз ээ.

Зуун зууны хар харанхуй, харгис хатуу нөхцөл байдлыг өөрчлөхөөр тэд сэтгэл шулуудсан байна. Дайкүндийн хувьсгалчид Монголын их хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд оролцохоор ирнэ. Хэрэв тэд өөр үндэстэн байсан бол, Монголд ирээд “өө бид чинь монгол биш юм байна шүү дээ” хэмээн урам хугаран буцах байсан биз ээ. Гэтэл тэд ирэх бүрийдээ улам л нэг үндэс язгууртай ахан дүүс болохоо мэдэрч, итгэлдээ гал бадраагаад явдаг билээ. Тэднийг ирэхэд нь баатрын ёсоор хүлээж авцгаая, монголчууд аа!

Хамгийн гол нь, Хазар Монголын найрамдал нөхөрлөлийн анхны албан ёсны алхмыг нь дэмжиж, Дайкүндитэй ах дүү болцгооё хэмээн эв санаагаа нэгтгэе, хэрэгцээтэй бол шахаж шаардъя, болохгүй бол босч тэмцье гэж уриалж байна!

Дайкүнди биднийг дуудаж байна!
Ч.Мөнхбаяр

MMXI.VI.XII

http://moenhbayar.blogspot.com

Монголын төр лалын харгисуудтай нийлж хазаруудыг даралцдагийг АНУ-ын сэтгүүлч илчлэв

Тэд үүнийхээ төлөө талибан, Бен Ладенаас шан авдаг байсан бололтой




Монгол туургатан нэгдэхийн эсрэг үзэлтнүүд ширүүн эсэргүүцэл үзүүлж байгаа ч, Хазарын Дайкүнди (Нили) хотынхны Улаанбаатартай ахан дүү болж, хоёр түмний хооронд анхны албан ёсны харилцаа тогтоох гэсэн ажил урагшилсаар байна.

Ах дүү болох шийдвэрээ албан ёсоор Дайкүндийн удирдлага нэгэнт гаргажээ. Урьд нь зүгээр санал санаачилга яваад байсан юм. Энэ зуны их ойн наадмаар Дайкүндийн эрхэм зочид биечлэн ирж, санал онолоо ажил хэрэг болгох гэнэ.

Тэд ах дүү хот болох дэлхийн стандартын дагуу бичиг баримтаа бэлтгэж буй аж. Дайкүндийн санаачилгыг дэлхийн хазарчууд дэмжиж буй юм байна. Ахан дүүс болсноор ямар харилцан ач тустай байхыг яруу тодоор бичиж бэлтгэж буй гэнэ шүү. Манай хотын удирдлага ах дүү болох асуудлыг юуны өмнө ашгийн талаас нь харж шийдвэрлэдэг шиг билээ. Тэр ашгийн тухайд ч, Дайкүндийнхэн төсөлдөө тусгана. Маш нарийн, тодорхой төлөвлөгөөг зэхэж буй аж.



Заримаас нь дурдвал, халуун орны жимснүүдийн, эрс тэс уур амьсгалд зохистой хазар сортуудын аж ахуйг Монголд хөгжүүлнэ. Шар айрагны түүхий эдийг Монголд тарьж ургуулна. Манайд лал маягийн мах комбинат байгуулна гэх мэт. Мэдээж, соёл, боловсрол, урлаг, спортын солилцоо, хамтын ажиллагаа их хийгдэнэ.

Австралийн хазарчууд тэндхийн монголчуудтай маань тун найрсаг харилцаатай аж. Чингээд их л урам зоригтойгоор төлөөлөгчид нь Монголд ирцгээж, тал бүрийн хамтын ажиллагааг санал болгож дээ. Гэтэл хүйтэн царайт, хөлдүү толгойт түшмэдүүд маань халуун сэтгэл дээр нь хар мөс асгаад бараг хөөгөөд явуулсан юм билээ.

Хазарыг хавчин гадуурхах бодлогод манай нам засаг идэвхтэй оролцож, талибан, Бен Ладен, одоогийн паштуны дээрэнгүй үзэлтнүүд, Карзай нараас хэдэн төгрөг салгадаг шиг байгаа юм. Хазар гэхээр л дарга дорго нар маань хазайж хялайгаад болж өгдөггүй гэнэм. Виз мизээн өгнө гэж байхгүй. Ирэхэд нь асар их үзлэг шалгалтанд оруулж, олны өмнө чармай нүцгэлэхээн дөхөж доромжилно, хардаж сэрдэнэ, мөрдөж мөшгинө, зугтаж зайлсхийнэ. Хазар бол террорист, хар тамхины наймаачин, лалын хэт даврагч учир ингэж байгаа юм гэж тайлбарладаг аж. Аягүй бол хазаруудтай харьцсан монголчуудыг дээрх шалтгаануудаар хэлмэгдүүлж ч магад.

Тэгсэн хэрнээ, лалын жинхэнэ болдоггүй улстай нь найзалж нөхөрлөнө. Ямар сайндаа л, энэ лалынхны шонхор барих грүпп гээч хаалттай, нууц систэмийнхэн чинь Аль-Кайдагийнхан биш биз дээ гэсэн хардлага төрөхөв, Бэн Ладэн шонхор баригчийн дүрээр Монголд явж байна гэсэн онигоо гарахав.

Манайд Ираны тээврийн онгоц ямар ч зөвшөөрөлгүйгээр орж ирж, агаарын хилийг маань зөрччихөөд, олон үггүй мах ач хэмээн дээрэнгүй хандаж л байсан. Нэг дарга маань тэдэнтэй махны наймаа хийсэн юм билээ л дээ. Ноднин Палестины, дэлхий даяар эрэн сурвалжлагдсан террористуудыг Монголд очсон гээд л дэлхий шуугиад байсан, албан тушаалтнууд маань байхгүй ээ л гээд байсан, ард олон болохоор Увсад яваад байнаа л гээд байсан. Манай Монгол ч лалын үл бүтэх элементүүдийн амралт сувиллын газар болж байгаа юм байх аа даа. АНУ-ын сэтгүүлч Алиша Кампи энэ бүхнийг анзаарч мэдээд, Монголын төр хазарын дискриминацид оролцож байна гэж бичсэн юм билээ. Манай төр ч мөн ч их нүгэл үйлдэж байна, нүгэл нь нүдээрээ гарах болоогүй л юм байх даа.

Монголын нөхцөл байдлыг хазарууд мэдсэн, гомдож, урам хугарч байсан ч өдгөө нарийн учир жанцанг ухварласан, ахин өөдрөг үзлээр бидэнд хандах болсон.

АНУ-ын монгол туургатнууд Mongolian Heritage Foundation буюу Монголын өв соёлын сан (МӨСС) гэдэг байгууллагад нэгдэж, Удирдах зөвлөлд нь монгол туургатан бүрээс хоёр хоёр хүн орох болж байгаа юм билээ. Үүнд хазарууд нэгдэх болжээ. МӨСС бол 1988 оноос, Монгол улсынхан ирээгүй байхад байгуулагдаж, халимаг, өвөр монгол голдуу хүмүүсийг нэгтгэж байсан, нэр хүндтэй байгууллага юм. Шинэчлэн зохион байгуулагдаж буй бөгөөд, Монгол улсынхан улам их байр суурь эзлэх болсоор иржээ. Энэ жилийн, МӨСС-ийн, Америк дахь Чингисийн тайлгыг ар монгол залуу зохион байгуулах болжээ.

Ийнхүү монгол туургатан маань нэгдэж нягтарсаар байна. “Монгол” дарга байхгүй газар бүр ч сайн нэгддэг юм байна. Хамаг юманд садаа болсон хувхай дарга нарыг хөсөр таягдах цаг болж дээ, хө.

Монголчууд минь хазар ахан дүүсээ алд цэнхэр хадгаан дэлгэн угтацгаая. Дээр буй эвэртэн туурайтнууд хичнээн хажиглаж, хөөж тууж байгаа ч нэгэнт төрсөн ахан дүүс учир, тэдгээр эвэртэй туурайтай эрхтэй дархтай хүний хүрэн бөөрт үрс хазаж хайрч байгаа ч, бидэн рүүгээ тэмүүлж тэмцсээр л байна. Бид олон казахуудыг, хятадуудыг нутагтаа оруулж байсны хойчис өдгөө хэдэн бумаар тоологдоно. Яагаад өөрийн ахан дүүс - хазар монголчуудыг оруулж болохгүй байх билээ.

Дайкүндийг дэмжицгээе, түрцгээе, угтацгаая.
Ч.Мөнхбаяр

http://moenhbayar.blogspot.com/2011/07/blog-post_2236.html#more

Хазар монголчуудаа дэмжицгээе!

УРИАЛГА




Монголын ард түмээн!



Эдүгээ, нийт монгол туургатны маань тархай бутархай, салангид ангид байдал арилж, өдрөөс өдөрт ойртон дөтөлцгөөж, нэгдэн нягтарцгааж байна. Үүний нэгэн яруу тод жишээ нь, хазар монголчуудын дунд нийт Монголын ухамсар, үзэл сэргэн дэвжиж буй явдал юм.

Судлаачдын үзэж буйгаар Хүннүгийн үеэс, Чингис хааны болон хойчис залгамжлагчдынх нь байлдан дагуулал, Их Монгол (Могул) улсын үеийг хамарсан хугацаанд, олон давалгаанаар бидний өвөг дээдэс өдгөөгийн хазарчуудын амьдарч буй бүс нутагт очиж суурьшин, хазар түмэн үүсч төлөвшихөд гол хүчин зүйл нь болжээ. Хөрш зэргэлдээ ард түмнүүдийн эзэрхий хаад ноёд ч тэднийг монголчууд, байлдан дагуулагчдын хойчис, Чингис хааны үр сад хэмээн хялайж, хавчин гадуурхаж, алж хядаж, устгаж мөхөөхийг зорьж ирсэн гашуун түүх бий.



Тэнд (Афганистан, Пакистан, Иран зэрэг оронд) хазар хүмүүс Монгол, Чингис хаан гэх үгүүдийг хэлэх ч хориотой, харин бусад үндэстнийхэн хазаруудыг дайрч давшлахад хэлж болдог байна. Ийм хүнд хэцүү нөхцөлд Афганистаны нэгэн хазар муж болох Дайкүндийнхэн язгуур угсаа нэгт Монгол улсын нийслэл Улаанбаатар хоттой ахан дүү бололцъё хэмээн хувьсгалт санал санаачилгыг гаргаж, эр зоригтойгоор үйл ажиллагаа явуулж эхэллээ. Мужийн төв хотын удирдлага зохих шийдвэрийг гаргасан бөгөөд, холбогдох бичиг баримтыг боловсруулж буй аж. Соёл боловсрол, урлаг спортын өргөн хамтын ажиллагаа, солилцооноос гадна, Монголд жимс болон бусад ургамлын тариаланг хөгжүүлэх, лалын стандартаар үйлдвэрлэл явуулдаг махкомбинат барих зэрэг, харилцан ач тустай бүтээн байгуулалтын ажил хэрэгч саналуудыг бэлтгэж, төлөвлөж буй юм байна. Дайкүндичүүд албан ёсны элч төлөөлөгчдөө Монголын их хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмын үеэр нийслэл хотод маань илгээх ажээ.

Энэ санаачилга бүтвээс, хазар түмэнтэй тогтоох анхны албан ёсны, төрийн төвшний, өргөн хүрээний харилцаа болох юм. Монголын ертөнц хүчирхэгжиж, мандан бадрахад маш чухал ач холбогдолтой үйл явдал өрнөх юм.

Учир иймд, Монголын үндэстний үзэлт байгууллагууд, бүлхэмүүдийн санаа нэгдсэн нөхөд бид Монголын төр түмэндээ хандаж, дараахь зүйлүүдийг уриалж байна.

I. Их баяр наадмаар маань ирэх Дайкүндийн болон, Хазарын бусад төлөөлөгчдийг элгэн халуун сэтгэлээр угтан авч, эрхэм дээд зочид хэмээн хүндэлж, тал бүрээр тусалж дэмжицгээе!

II. Улаанбаатар Дайкүнди хоёрыг ахан дүүгийн статусаар холбож, нэгэн өрх бүлийн гишүүд болгоцгооё!

III. Элгэн садан хазар түмнийг ойртуулан нягтруулахын тулд:

1. Бүх талын хамтын ажиллагааг (хоёр талын байгууллагууд, ХАА, худалдаа, бизнес г.м-д) хөгжүүлэх;

2. Монгол туургатны байгууллага, үйл ажиллагаанд хамруулах;

3. Уугуулшигч (репатриант), дүрвэгч, цагаач, ажиллах хүч, өнчин хүүхэд хүлээж авах;

4. Элэгшүүлэх (Монгол улсын иргэний баримт бичиг олгох);

5. Хазарын төрөлгүйтгэлийг (гэноцид) албан ёсоор хүлээн зөвшөөрөх, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх

гэсэн чиглэлээр өргөн хүрээтэй, олон төсөлтэй тодорхой бодлого, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлцгээе!

Сайн үйлс дэлгэрч, Монгол үндэстэн энхжин мөнхжих болтугай! Хурай, хурай, хурай!





Монголын үндэстний үзэлтнүүд

ММХI.VI.XXVII
http://moenhbayar.blogspot.com/2011/07/blog-post_8737.html#more

Хазара нарын тухай баримтат кино



Тасам Байгууллагын хийсэн доорхи линк дээр дарж Хазара тухай хэсгийг үзнэ үү ?http://www.tasam.mn/video/12/20

Хайртай гэж хэлж өгөөч

Ярилцлагаа ингэж нэрлэмээр санагдлаа, "Хайртай гэж хэлж өгөөч". Энэ бол хазара хүмүүстэй уулзаад Афганаас Монгол руугаа буцаж явахдаа онгоцонд бодож явсан Ц.Санчирын бодол. Афганы хазара үндэстний тухай киногоо ч тэрээр ингэж нэрлэжээ. Яагаад тэр вэ. Яагаад бид хаа холын хазарачуудад хайртай байж ёстой гэж. Энэ талаар Тархан суурьшсан монголчууд төрийн бус байгууллагын тэргүүн, соёл судлаач Н.Санчиртай ярилцлаа.




-Бид Афганы хазара үндэстний угсаа гарлын талаар судлаачтай ярилцлага хийж уншигчдадаа хүргэж байсан. Харин га хазара хүмүүстэй уулзаж, амьдралтай танилцаж байсны хувьд арай өөр тодорхойлолт хэлэх байх?



-Өнөөдөр бидний дунд хазара монгол, монгол хазара гээд янз янзын л ойлголт байдаг. Хазара гэдэг нь эртний пэрс хэлний мянган морьтон гэсэн утгатай үг. Монгол хэлэнд мянга, морьтон гэдэг үгийг зөвшөөрдөг бол хазара нар монгол гэдгийг зөвшөөрөхөөс аргагүй. Хоёр гурван шалтгаанаар хазара хүмүүс өнөөгийн Афганд амьдарч байна. Монголын байлдан дагууллын үед Чингэс хаан өнөөгийн Афганистаны Бамяан хотод түр буудаллаад тэр хавийн эзэлсэн нутаг хязгаараа сахиулахаар мянган морьтон үлдээсэн байна. Мянган морьтон гэхээр хүмүүс дан залуус, мянган эрс гэж ойлгоод байдаг. Тэр үед, зуут, аравтын жанжинд таваас долоон Дундад Азийн зарц нар ногддог байж. Мянган морьтны хатад, хөвгүүд, зарц, шивэгчин гээд хэдэн мянган хүн байдаг байв. Өнөөдрийн бидний ярьж байгаа сэдэв бол хазара буюу мянган морьтон гэсэн үг. Яалт ч үгүй тэд бол Монголын тасархай. Найман зуугаад жилийн өмнө үлдэж хоцорсон монголчууд. Бүр эртний түүхээс нь яривал 2000 жилийн өмнө Афганистанд хазара хүмүүс амьдарч эхэлсэн гэсэн таамаглал байдаг. Гэхдээ энэ таамаглалыг өнөөдрийн хазара нар илүү их ярих дуртай байдаг.



-Яагаад?



-Яагаад гэвэл өнөөдөр пашту, тажик гээд бусад үндэстнүүд хазара хүмүүсийг маш их шахаж байна. Энэ бол олон зуун жилийн турш үргэлжилж байгаа зүйл, Долоо найман зуун жилийн өмнө Монголын эзэнт гүрний мэдэлд байсан тэр газарт хазара буюу мянган морьтнууд хүчирхэг байсаан. Их хаан тэднийг үлдээгээд "Эргэж ирээд олон зүйлийг өөрчилнө. Энэ бол Монголын газар нутаг" гэж хэлээд үлдээгээд явсан. Мэдээж, эргэж очоогүй. Афганистаны Бамяан, Херат, Газни, Кабул, Мазар И Шариф хотуудыг Чингэс хаан өөрийн биеэр дайлсан байдаг. Өнөөдөр Бамяанд хазара хүмүүс илүү олноороо төвлөрөн амьдардаг. Долоо найман зуун жилийн өмнө хүчирхэг үндэстэн байсан, дийлж явсан, дэлхийн хааны харьяалалтай байсан цэргүүд бол хазара. Түүнээс хойш гурав дөрвөн зуун жилийн дараа эзэнт гүрний ноёрхол ч үгүй болж пашту, тажик үндэстнүүд тэднийг харийнхан хэмээн хавчиж эхэлсэн байна. Тэгэнгүүт хазара хүмүүс "Бид хоёр мянган жилийн өмнө энд аж төрж байсан" гэж ярьдаг болжээ. Үнэхээр тэд долоо найман зуун жилийн өмнө л маш хүчирхэг байсан. Түүнээс хойш тасралтгүй дайн тулаан, дотоодын мөргөлдөөн, хагарал хямралын дунд амьдарч байна. Өнөөгийн Афганистаны пашту, тажик, хазара, балуч, узбек гэсэн таван их үндэстний хамгийн ядуу нь хазара. Хамгийн боловсролгүй, хамгийн хэцүү нөхцөлд амьдарч байгаа нь хазара.



-Яг тэдэн дээр очиж байсан уу?



-Очиж байсан. 2006 онд. Яг нүдээр үзсэн хүний хувьд хэлэхэд тэд яалт ч үгүй монголчууд. Дундад Азийн нийтлэг төрх бол өндөр хамартай, том биетэй, сахал үс, нүд хөмсөг болсон сүртэй хүмүүс байдаг. Гурван сая хүнтэй Кабул хотын гудамжаар явж байхад яг Монголын гудамжаар явж байгаа юм шиг дүр зураг заримдаа харагддаг. Ахтай маань ч адилхан юм шиг, хаана харлаа гэж эргэлзмээр танил царай олонтаа тааралддаг. Тэд бол хазара хүмүүс байдаг л даа.



-Хазарачууд хэр олон юм бэ?



-Тоон мэдээний хувьд янз бүр. Хоёр сая ч гэдэг. Дөрөв, найм, арван сая ч гэдэг. Улс төрийн маш том золиосон дунд хазара хүмүүс амьдарч байгаа. Тэднийг их олон гэж хэлж болдоггүй нь цаагуураа олон шалтгаантай. Үнэндээ дэлхий дээр зургаан сая гаруй хазара хүн бий. Таван сая орчим нь Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад амьдарч байна. Афганы 31 сая хүний нэг сая нь орон гэргүй, гудамжинд амьдардаг. Тэдний дийлэнх нь хазара хүмүүс. Сургууль, ажилд орох, гудамжинд явах гэх мэт алхам тутамд бүр тухайлбал, машины осол боллоо гэхэд хазара хүн байвал тоодоггүй. Тэнд хазара бол хэн ч биш. Маш их доромжлол, гадуурхал дунд амьдардаг. Харин Тажик хүн алдаа гаргалаа гэхэд Тажикстан гээд өмөөрөх улс байна. Афганы иргэн узбек хүн ч Узбекстан улсаараа бахархдаг. Харин хазара хүнийг хэн өмгөөлөх вэ. Уг нь хазара хүмүүс "Бид уг нь монгол" гэдгээрээ бахархмаар байдаг. Гэтэл "долоо найман зуун жил та нараас болоод Афганистанд дайн тасраагүй" гэж ихэнх хүмүүс биднийг буруутгадаг гэж ярих нь гашуун үнэн.



-Гэхдээ хазарачууд монгол угсаатай гэдгээ мэдэх үү?



-Мэдэлгүй яахав. Гэхдээ зарим нь ярих дургүй. Тэд энэ тал дээр гурван янзаар хариулдаг юм билээ. Афганистанд очихоор "Би монгол, Чингэсийн хойчис" гэх хазара таарна. Зарим нь "Монгол гэдэг үндэстэн байдгийг мэдэхгүй юм байна" гэдэг. Гурав дахь нь "Та нараас болоод өнөөдөр бид ингэж амьдарч байна. Долоо найман зуун жилийн турш бид ингэж адлагдаж байна" гэж хэлнэ. Өнөөгийн Афганистаны Бамяан, Цагаадай. Херат хотуудад болсон Чингэс хааны байлдан дагууллын ул мөр маш хатуу туссан. Хүчтэй довтолгоонууд болж, баян чинээлэг худалдааны хотууд асар их хохирол амссан байдаг. Манайхан тухайн үедээ ялан дийлж байжээ. Магадгүй Дундад Азид хазара хамгийн бахархалтай үндэстэн байсан байх. Өнөөдрийн хувьд яг эсрэгээрээ хамгийн хэцүү байдалтай үндэстний тоонд орж байна. Тэд Америк, Канад, Австрали руу их цагаачилж байна. Тэнд очоод боломжтой бүхнийг хийдэг. Тэдний хувьд цагаачлах гэдэг маш хэцүү л дээ.



-Найман зуун жилийн өмнөх Чингэс хааны байлдан дагуулалтай холбон хазара үндэстнийг гадуурхдаг гэхээр бас бууж өгөхгүй байна л даа...



-Бидний түүх бахархалтай байсан. Түүхэнд 40 орныг нэгтгэж, дэлхийд урьд хожид байгаагүй мянган жил ноёрхож байсан түүх бидэнд бий. Гоё шүү. Гэтэл энэ түүхийн хатуу хэцүү тал нь зургаан сая хүн өнөөдөр монгол гэдэг гарлаасаа болоод, эсвэл Афганистаныг Дундад Азийн хүчирхэг баян улс байхад Монголын их цэрэг эзлэн түйвээсэн гэдгээсээ улбаалаад үзэн ядалтыг бий болгосон. Өнөөгийн пашту залуу, узбек хөвгүүн Чингэс хаанаас болоод ийм байдал үүссэн гэдгийг мэдэхгүй. Тэд зүгээр л "хазара бол хэн ч биш" гэсэн үзэлтэй. Юунаас болоод ингэж боддогоо ч мэдэхгүй.



-Өнөөдөр хазара нар ямархуу байдалтай амьдрах вэ?



-Туйлый ядуу. Би Афганы дайнд дундаа орж байхад очиж байсан л даа. Одоо байдал арай дээрдсэн юм шиг байгаа юм. Намайг тэнд очиж байхад ресторан гэж байдаггүй байсан. Хоёр гурван сая хүнтэй хотын гудамж нь гэрлэн дохиогүй, замын цагдаагүй байх нь энгийн үзэгдэл. Хазара хүмүүс ихэвчлэн нэлээн алслагдсан хотууддаа амьдардаг юм билээ: Хязгаар нутаг руу амьдрал бүр л хүнд л дээ.



-Хазара айлд очиж үзэв үү?



-Нэлээн хэдэн хазара айлд очиж байсан. Намайг Монголоос ирсэн гэхээр "Бид монгол үндэстэн" гэдэг. Эмэгтэйчүүд нь гивлүүрээ аваад ярилцаж байсан. Гэтэл Афганд эмэгтэй хүн гадны хүний дэргэд гивлүүрээ авах нь байтугай гадны хүн гэрт нь ороход эмэгтэй хүн гэртээ байх ёсгүй. Ийм хатуу заншилтай. Харин Монголоос очсон бидний дэргэд эмэгтэйчүүд нь гивлүүрээ аваад амьдралаа яриад уйлдаг. Үнэхээр догдолмоор. Их олон зүйл бодогдуулсан аялал байсан шүү.



-Тэд монгол угсаатай гэдгээ мэддэг гэлээ. Тэгвэл зан заншил ч юм уу авч хоцорсон зүйл байх уу?



-Байхгүй. Яагаад гэвэл тэнд олон жил үргэлжилсэн дайн болж байгаа. Дайн болж байгаа газар амьд үлдэх үү, дээлтэйгээ үлдэх үү гэдэг асуудал гарна даа. Ер нь дотоодын мөргөлдөөн ихтэй, ислам шашинтай улсуудад монгол зан заншлаа хадгалж үлдэж байгаа үндэстэн гэж бараг байхгүй. Гэхдээ л тэнд зургаан сая хазарагийн дийлэнх нь өөрсдийгөө монгол гэж үздэг. Дэлхийн монгол ч эрдэмтэд ч ингэж дүгнэдэг. Зарим газар өөрийнхөө 13 үеийн угийн бичгийг монгол бичгээр залгамжлан хадгалсан хүмүүс бий. Тэдний хэл ярианд тохой, өвдөг, гар, хуруу гэх мэт монгол үг нэлээдгүй байдаг.



-Хазарачууд ядуу л гэж байна. Гэхдээ гайгүй ажил хийдэг хүн байна биз дээ?



-Байдаг байх. Гэхдээ л маш хэцүү. Нийгэм бүхэлдээ тэднийг үгүйсгэж, үл ойшоодог тийм нөхцөлд. Бамяан мужийн захирагч нь хазара эмэгтэй байдаг гэж сонсож байсан юм байна.



-Та одоо Афган явах уу?



-Явна. Нэг сонирхолтой газар байна. Херат уулын ойролцоо XIII зууны үеийнхээ хэлбэрээр амьдардаг хэсэг хазара айл байдаг юм байна. Нийгмээс маш их тусгаарлагдсан тэр хүмүүсийн амьдралыг очиж үзмээр санагдаад байна. Домогч байж магадгүй, үнэн ч байж мэднэ: Яг ингээд ярихаар дэлхий дээр хазара хүмүүс болоод Афганистаны талаарх судалгаа маш их хоцрогдсон байдаг.



-Афганд очсон таны зорилго юу байсан бэ. Тэр зорилго биелсэн үү?



-Биелэлгүй яахав. Би Чингэс хааны очсон дөрвөн хотод очсон. Олон хазара айлд очиж, ярилцсан. Нөхцөл байдал ямар байгааг монгол хүний нүдээр үзнэ гэдэг өөр л дөө. Газни хотын ойролцоо Цагаадай гээд хот байдаг юм билээ. Цагаадай хааны нэрээр нэрлэсэн. Хэрэйд, Найман гэдэг овгууд байдаг. Энэ мэт сонирхолтой зүйлс олон таарч байсан. Одоо бодож байхад богино хугацаанд хангалттай олон газраар явсан санагддаг.



-Тэдэнтэй ямар хэлээр ойлголцох вэ?



-Перс хэлний нэг төрөл болох дари хэлээр ярилцана.



-Хазарачуудаас сонссон хамгийн гоё үг юу вэ?



-Тэднээс гоё үг бага сонссон. Харин хатуу, хэцүү үг их сонсож байсан. Афганаас буцаж явахдаа би хазара үндэстний тухай киногоо "Хайртай гэж хэлж өгөөч" гэж нэрлэе гэж бодож явлаа. Тийм нэртэй кино маань ч гарсан. Тэр хол, дайн байлдаантай, хаалттай нийгэмд амьдарч байгаа хазара хүмүүст туслах боломжгүй хэнийг ч холбож өгөх боломжгүй. Монголын түүхээс үлдсэн, дэлхийн хаа сайгүй амьдарч байгаа олон сая хүн байна. Тэдэнд ядаж хайртай гэж хэлэх юмсан. Монголын тасархай гэдгийг нь мэддэг байх юмсан гэж бодсоны үндсэн дээр кинондоо ийм нэр өгсөн. Ядаж л, та нарыг мартаагүй, мэддэг гэж хэлмээр байна шүү дээ. Долоо найман зуун жилийн өмнө үлдэж хоцорсон бидний тасархай, түүхийн халуун ул мөр, бүхэл бүтэн зургаан сая хүнийг хайрлахгүй байж, мартаж яаж болох билээ. Би гуч хүрээгүй байхдаа Афганд очиж байсан. Яг миний насны хазара эмэгтэй долоон хүүхэдтэй байсан. Долоон хүүхдийнх нь том нь хүүхэдтэй. Тэр эмэгтэй надаас Чамайг Афганистанд ирлээ гээд аав чинь зодох уу. Буцаж очвол гэр бүлийнхэн чинь цээрлүүлэх үү" гэж асууж билээ. Тийм ойлголттой, тийм хэмжээний сэтгэхүйтэй хүмүүсээс гоё үг сонсоно гэдэг боломжгүй. Хамгийн баярламаар нь биднийг очиход эмэгтэйчүүд нь гэртээ гивлүүрээ аваад, хүүхдүүд нь бүжиглэж өгдөг. Тэдэнд хоол байхгүй ч сэтгэлээрээ л ингэж дайлж байсан. Энэ бол хангалттай том хүндэтгэл. Афганистаны аяллын дараа бидэнд очих газар, нээх үндэсгэн маш олон юм байна гэдгийг мэдэрсэн. Ямартаа ч олон хүнд тэдний тухай мэдүүлэх нь хийж буй ажлын маань нэгэн зорилго билээ. Дараа нь бас тийшээ олон хүн явах биз ээ.
Ярилцсан Д.ОЮУНТУЯА


http://www.tasam.mn/ct/ci/109/28/ХАЙРТАЙ%20ГЭЖ%20ХЭЛЖ%20ӨГӨӨЧ...