1. Сая сая хазаруудыг алж хядаж байхад дэлхий “анзаараагүй”
Афганистан нь Бактри, Пэрс, Макэдон, Сэлэвк, Хүннүгийн хойчис улсууд, Араб, Түрэгийн улсууд, ахиад Пэрс, Хүлэгүгийн, Цагаадайн, Төмөрийн, Барс хааны, дахин Пэрсийн харъяанд оршиж бараг ХХ зуунд л улс болж, тусгаар тогтносон, Энэтхэг Пэрсийн хоорондох түүхэн бүс нутаг юм.
Өвөг монголчууд энд хэдэн мянган жилийн өмнөөс, Хүннү болон пост-хүннү Кушан, Эфталит, Тораманы зэрэг улсуудын үед, эрт дээр цагт очиж суурьшин, буддын шашныг ч дэлгэрүүлж явсан байх юм. Бамиян дахь Буддын аварга баримал Кушаны үетэй холбогддог. Алс хол нутгийг сонгон идээшсэн нь хачирхалтай явдал мэт ч, элэнц дээдсийн маань улсуудын нутаг залгалдсаар тийш хүрдэг байсан энгийн шалтгаантай юм. Ер нь манайхны л нутаг гэхэд болох талтай.
Ийнхүү монгол төрхтөн буюу, өвөг монголчууд энд буй болжээ. Зарим хазарууд, бид Афганистанд мянга мянган жил аж төрж ирсэн уугуулууд гэдэг нь Монголтой холбоогүй гэсэн үг биш.
1221 онд Цагаадайн хүү Мүтүгэн Бамиян хотын дэргэд тулалдааны явцад эрсэджээ. 1229 онд Жэлал-ад-Динийг нэхэн хөөсөн Монголын цэргүүд ирж байв. 1257 онд Хүлэгү Ил хаадын улсаа байгуулж, Афганистанд ноёрхлоо тогтоов. Цагаадайн, Алтан Ордын улстай байнга булаалдан тэмцэлдэнэ. Алтан Ордны Бэрх хааны тушаалаар Нэгүдэр жанжин цэрэглэн ирээд тулалдаж байсны гэрч болж, нэгүдэр овог хазаруудын дунд үлдсэн аж.
1337 онд Ил хаант Монгол улс задрахад, Цагаадайнхан халааг нь авч, эзэмшлээ тготоов. 1380 онд Төмөр хаан байлдан дагуулж захирав. 1447 онд Төмөрийн Монгол Улс бутарсан бөгөөд, XVI зууны эхээр түүний ач хүү Барс хаан (Бабур) Их Монгол улсаа байгуулж, Афганистаныг түүндээ нэгтгэхэд хазар гэж өөрийгөө нэрлэх түмэн үүссэн байж. Ший шашинтай, пэрс, монгол, түрэгийн холимог - хазар хэлээр ярьдаг, монгол төрхтэй ажээ. Тэднийг монгол гаралтай гэж их төлөв бичдэг ч түрко-монгол гаралтай гэх нь буй. Үүнийг манайхан “түрэг болон монголоос үүссэн” гэж хөрвүүлсэн нь их байх юм. Түрко-монгол гэдэг нь түрэгжсэн монгол буюу монголыг л хэлсэн хэрэг шүү дээ.
Барс хааны улс мөхсөний дараа, Хазарууд Афганистаны нутгийн ихэнхийг эзэлсэн Хазаражат улсаа төвхнүүлэн суутал, янз бүрийн шалтгаанаар бусдад шахагдан түрэгдсэн нүүдэлчин овог аймгууд тал бүрээс нь довтлон сулруулав. 1747 онд паштуны Дуррани Пэрс, Энэтхэгийн хоорондхи олон үндэстний улс, ханлигуудыг түрэмгийлэхэд Хазаражат захиргаанд нь нэр төдий оров. 1818 онд Дурраний байгуулсан улс задарч, хазарууд эрх чөлөөтэй болов.
1892 онд паштуны Абдуррахман гэгч Афганистаныг ахин нэгтгэхийн өмнө, Хазаражат хүчтэй эсэргүүцэл үзүүлж байсан юм. Чингэхэд Абдуррахман буруу номтон, эцэг өвгөдийн маань алуурчдын хойчсыг устгая гэж уриалснаар, тажик, үзбэк, балуч зэрэг бусад ард түмнийхэн ч уулгалан дайрч, улсыг мөхөөжээ. Үүнээс хойш, хазарыг ялгаварлан гадуурах нь ӨАБНУ-ын апартэид шиг, Афганистаны нэгэн гол үзэл суртал, төрийн том үйл ажиллагаа болов.
Хазарууд дарлал боолчлолыг хүлцэлгүй, олонтаа босч тэмцсэн ч давуу хүчинд дарагдаж, улам ч харгислуулна. Абдуррахман хаан болон шашны тэргүүн нь тэрс номтон хазарын амийг тасалбал буян болно, диваажинд заларна гэж зарлаж байв. Мөн хазаруудыг боолын статустай болгон хуульчилж, хүзүүнд нь боолын хонх зүүв. Хазаруудыг яаж ч дарлаж доромжилж, харгислаж хядаж байсан, ямар ч шийтгэлгүй өнгөрдөг байлаа. Ийнхүү хазарын гэноцид эхэлсэн.
Армянуудыг сая саяар нь устгасан түркүүдийн ялт хэрэгт дэлхий цочирдсон ч, хазаруудыг сая саяар нь хядахад “анзаарсангүй”!
1892 онд Афганистаны мэдэлд бүрэн орсноос хойш хазарууд иймэрхүү л байдалтай аж төрж ирсэн юм. Цэрэгт тэд торгуулийн батальон, сапэрийн ангид өөрсдийн зардлаар алба хаана. Зөвхөн хамгийн дорд муу ажлуудыг л хийж болно. Хэл соёлыг нь ч устгахыг завдсан.
1919 онд зөвлөлтийн дэмжлэгтэй Аманулла хаан үндэсний тэгш эрх гээчийг тунхагласан ч, амьдрал дээр төдийлөн хэрэгжсэнгүй. 1929 онд британий дэмжлэгтэй Надир хаан урьдын геноцидийг сэргээв.
Байнга зэвсэглэн тэмцэж ирсэн хазаруудын 1950-аад оны бослогын дараа нийслэлийг нь газартай нь тэгшилж (ахин сэргээгдээгүй), ямагт танагдсаар ирсэн Хазаражатыг нь устган, хазаруудыг олон мужид цөөнх байхаар болгов. Гагцхүү Бамиян гэдэг урьдын бөглүү жижиг муж, хот л хазарын “мэдэлд” үлдлээ.
Афганистан түүхийнхээ туршид их гүрнүүдийн тоглоом байсан гэхэд болно. ЗХУ 1973 онд хаант засгийг нь унагаалгаж, дараахь удирдагчдыг нь хороож хөнөөснөөр, 1979 онд шууд түрэмгийлэн, 10 жил коммунист дэглэм тогтоов. Гэвч социалист интэрнационализм ярьдаг тэд хазаруудыг дарлах явдлыг зогсоогоогүй.
Тиймээс ч хазарууд булаан эзлэгчдийг шийдвэртэй эсэргүүцэж, хориуд нь зөвлөлт-афганы хамтарсан хүчний хатуу ширүүн цохилт, харгислалт, хэлмэгдүүлэлтийг амсч байв.
1989 онд ЗХУ-ын цэрэг гарсны дараах Раббаний засаг аанай ахан дүүсийг маань хавчин гадуурхаж байтал, шашны хийрхэгч талибуудын бурангуй дэглэм тогтлоо. Тэд хазаруудыг устгахыг нэг гол зорилгоо хэмээн зарлав. Талибууд гэмгүй хазаруудыг мянга мянгаар нь алж хороож байл аа. Хазарууд ч зэвсэг агсан сөрлөө.
2001 онд АНУ тэргүүтэй антитэррорист эвсэл, паштун бус түмнүүдийн хүч нэгдэж нийлэн, талибийн дэглэмийг унагав. Хазарууд ахин тэгш эрхтэй гэж зарлагдаж, парламэнт, ЗГ-т орж, муж захирч үзэв.
Харамсалтай нь тэдний хувьд бүх юм аажим аажмаар хуучин хэвэндээ орж байна. Хазаруудыг алж хороож, албан тушаал, ажил төрлөөс нь шахан зайлуулж, гадуурхаж байна. Тэд “ардчилсан” ерөнхийлөгч Карзайгаа фашист гэх болжээ. Өрнөдийнхөн, олонх болох паштунчуудын дэмжлэгийг алдчих вий гээд таг.
Гадаадын цэрэг гарахаар яана даа гэж хазарууд айн түгшиж суудаг аж. АНУ цэргээ ойрын үед татна гэж мэдэгдсэн. Өнөөгийн харьцангуй эрх чөлөөтэй байдал нь тэдний хувьд үүлэн чөлөөний нар.
Афганистан бол бяцхан импэрэрхүү улс. Хүн амын 40 хувийг нь паштун, 25-ыг тажик, 15-ыг хазар, 10-ыг үзбэк, үлдсэнийг балуч зэрэг эзэлнэ. Паштун нь ноёрхох эрмэлзэлтэй, бусад нь дарлагдах хүсэлгүй. Югославын хувь заяа Афганистаныг хүлээж буй.
Хазарууд ч тусгаарлах санаа цухалзуулах болсон. Тэгтэл харин бусад нь “Бид бол өөр хэрэг. Харин та нар Монголоос ирж, эцэг дээдсийг маань хүйс тэмтэрч, хөгжил соёлыг маань устгаж, ариун шашин шүтээнийг маань доромжилчихоод нутгаас маань тасдаж авах санаатай юу. Яасан ч бид тийм явдал гаргуулахгүй. Ирсэн замаараа зайлцгаа, тонилцгоо!” гэдэг аж.
Тэднийг ямар хувь заяа хүлээж байна вэ? Тэд хаачих вэ? ММХ.XII.I
2. Хазар монголчуудыг хядсан афган хаад Хитлэр, Сталин, Маогийн багш
1980-аад онд Хазар Монгол түр ч гэсэн тусгаар тогтнож чадсан
Хазар монголчууд XIX, XX, XXI зууны турш эрх чөлөөнийхөө төлөө эрс шийдэмгий, хатуу ширүүн тэмцлийг өрнүүлж ирэв.
Паштун түрэмгийлэгчдэд эх нутаг нь эзлэгдсэний дараа, тун удалгүй Хазарын Төмөр шахын удирдсан бослого гарч дарагдав. Хазарын анхны их харгислал эхэлжээ. Гэвч дайчин цустай ахан дүүс маань ахин бослоо. Афганы төр шашны удирдагчид хазарууд бол хүн бус буг чөтгөрүүд, тэднийг хэдийчинээ алж зовооно, төдийчинээ буян болно гээд сунна шашинтнуудыг уриалан, ариун дайн-Жихадаа зарлаж байж хазаруудыг дардаг асан. Энэ нь хазаруудын зоригийг мохоодоггүй байв. Гурав дахь удаагаа зэвсэг барин босов. Ташрамд, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг таашаадаггүй Англи, Зөвлөлт зэрэг импэриалист гүрнүүд сунна нарыг дэмжиж, ашиг хонжоо эрэлхийлэв. Давуу хүчний өмнө босогчид аргагүй л мөхөсдөн, дийлдсэн юм.
Хожмын гэсгээн цээрлүүлэлт аймшигтай байлаа. 1880-1893 онуудад гарсан гурван бослого, хазар холокостын дүнд энэхүү зовж зүдэрсэн ард түмний 60 гаруй хувь нь эрсдэж үрэгдсэн. Армянуудыг хядсан султан Абдул Хамид, Энвэр-Паша, еврэйчүүдийг хүйс тэмтэрсэн Хитлэр, цөөнх үндэстнүүдийг хиаруулсан Сталин, Мао нарын багш нар чинь тухайн үеийн Афганы Абдуррахман, Хабибулла, Надир зэрэг хаад. Үүнийхээ төлөө тэд шударга өшөө авалтаас айж бэмбэгнэн өдөр хоногийг өнгөрүүлэх хувьтай болсон агаад, нэг нь хазар монгол баатрын гарт амиа алдсан.
1919 онд Аманулла гэдэг хаан харгислалыг зөөлрүүлсэн ч (гэхдээ тэр зөвлөлт маягийн харгислал үйлдэж байсан учир хазарууд босч эсэргүүцсэн), төрийн эргэлтээр хаан болсон Хабибулла, Надир нар бүгдийг хуучин хэвэнд нь орууллаа. Сэхээтнүүдийг нь онцгойлон алж хядаж, хорьж харгислаж, түүх соёл, эх хэлийг нь хорьж, паштунчуудыг олноор нүүлгэн ирүүлж, газар усны нэрийг паштун үгээр сольж, хазаруудыг Англи, Зөвлөлтийн өдөөсөн дайн, мөргөлдөөнүүдэд бамбай болгон ашиглаж байв. Хабибулла, Надир нарын эсрэг хазарчууд бас л эрх чөлөөг эрхэмлэгч, эрэлхэг баатар ард түмэн гэдгээ харуулж, зэвсэгт тэмцлийг өрнүүлж байсаан.
Дэлхийн дайны дараахан, 1950-аад онд Хазаражат-д хүчирхэг ардын бослого гарлаа. Ибрахим Гаусвар зэрэг цогт эх оронч хөвүүдээр удирдуулсан бослогыг харгис хэрцгийгээр нухчин дарав. Үндэсний муж Хазаражатыг устгаж, бусад мужид нэгтгэн, бутлан жижиглэж, нийслэл Панжабыг (Таван гол гэсэн үг, тэр үед ийм нэртэй хоёр том хот байлаа, нөгөөх нь Энэтхэгт буй) газартай тэгшлэв. Ийнхүү Хазаражат албан ёсны засаг захиргааны нэгж байхаа болилоо. Хазаруудыг бусад үндэстний дунд холилдуулан тараах, уулархаг нутагт шахан цөлөх арга хэмжээ авав.
1979 онд, Иранд хувьсгал гарч, Аятолла Хомэйнигээр удирдуулсан шиа шашны дэглэм тогтсон, зөвлөлтийн түрэмгий цэрэг Афганистанд цөмрөн орж ирсэн гэсэн, хоёр чухал үйл явдал боллоо. Иран шашин нэгтнүүддээ тусална гэж хутган үймүүлж асан ч, мөн чанартаа расист хандлага гаргаж, паштун, тажик, үзбэк нарын тэмцлийг л голлон дэмжив. Хазаруудад зэвсэг, мөнгө, бусад тусламжийг илгээхдээ тун хойрго байсан хийгээд, өгснийг нь замаас нь сунначууд авчихдаг байлаа. Тэгсэн хэрнээ, харь буруу номтон шиачуудтай сүлбээцэлдлээ гэж тэд хазаруудад өсөрхөнө.
Дайснуудтайгаа эвлэрдэггүй хазарчууд Афганистаны бусад үндэстнээс ялгаатай нь Зөвлөлт-Афганы хүчтэй ач тач, амь бие хайргүй тулалдаж, нутаг орноо чөлөөлж, улсаан байгуулж байв. Хичнээн их тэхник, зэвсэгтэй гээд зөвлөлтийн арми уулархаг нутагт нэн мөхөсдөж асан хэрэг.
Хазаруудын хамгийн хайрлан хүндэтгэдэг баатар жанжин, үндэсний удирдагч нь болох Баба Мазари тодров. Баба гэдэг нь эцэг хэмээх үг. Мазари нар Исламын нэгдлийн намыг байгуулсан нь хазаруудын үндэсний нам байв.
Тэрбээр Афганистаныг үндэсний улсуудын эрх тэгшээр, чөлөөтэйгээр эвлэлдэн нэгдсэн холбооны улс болох ёстой гэх үзлийг дэвшүүлэв. Чөлөөтэйгээр гэдэг нь холбооноос гарах эрхтэй гэсэн үг шүү дээ. Халили, Мохакик, Касими, Асиф гээд олон хазар баатрууд зөвлөлтийн болон талибийн эсрэг тэмцлийн үед тодорсоон.
Зөвлөлтийн цэрэг гарсны дараа тажикуудын (Ираны дэмжлэгтэй) дэглэм тогтож, аанай анти-хазар бодлого явуулж асан ч, төдийлөн удалгүй, паштунуудын Талибан хэмээх шашны хэнээрхэгч хүчин үндэсний ноёрхох байр сууриа сэргээх гэж дайн өдөөв. Тэдэнтэй бусад үндэстнүүдийн хүч, эвсэн тэмцэлдэж болох байтал, 1995 онд тажик улс төрчид Баба Мазари нарын 10 хазар удирдагчийг хэлэлцээр хийнэ хэмээн талибуудтай хуйвалдан урьж залж ирүүлээд, итгэл эвдэн баривчилж, эрүүдэн тамлаж байснаа, нисдэг тэрэгнээс шидэж хороосон юм.
Энэ нь тэдний хазарыг үзэн ядах байр суурь, Мазарийн хүч Кабулыг эзэлсэн (Уг нь хазаруудын нутгийн нэг зах нь Баруун Кабул), хэрэв холбооны улс байгуулагдахад хүрвэл хазаруудаас булаасан нутгаа буцааж өгөхөд хүрнэ гэж болгоомжилсон зэргээс үүдэлтэй.
Уг нь тэр үед Кабулын төлөө хазар, тажик, талиб гурав талцан байлдаж байж. Хэрэв тажикууд дайсан талибуудынхаа талд урваагүй бол (бусад үндэстэнтэй нийлж талибийн эсрэг тэмцэх төлөвтэй асан), дайчин хазарууд Афганистанд хяналтаа тогтоон ноёлж, улмаар Мазарийн холбооны улс байгуулах шударга төлөвлөгөө хэрэгжих байв л.
Мазарийг алагдсаны дараа, хазаруудын тэмцэл эв нэгдэлгүй болж, амжилт олохоо байжээ. Гэноцидийн шинэ үе шат хэрэгжив. Ийнхүү Хазарын эрх чөлөөний гэгээ мөхөх дөхөв.
2001 онд ахин гэгээ тодорлоо. АНУ тэргүүтэй антитэррорист хүч, паштун бус үндэстнүүдийн “Хойдын альянс” талиб дэглэмийг түлхэн унагав. Эрх чөлөө ирэх нь үү гэсэн горьдлого төрж байв. Харамсалтай нь, “ардчилсан” Афганистан ахин бурангуйжсаар.
Өрнөдийн “хүний эрхийг хамгаалагчид” хазаруудыг өмгөөлөх байтугай, харин буруушаасан удаатай. Эх нутгаа чөлөөлөх явцыг нь тэд паштуныг гэноцидлэв гэж “харжээ”. Манайхныг фашизм нацизм гэж “харсан” шигээ л.
Бусад үндэстэн ахин хазарууд руу дайрч давшлах болов. Паштуны күчи ястан хазарын нутаг руу өнгөлзөж, цуст мөргөлдөөн өдөөж, дэлхийг цочирдуулав. Ерөнхийлөгч Карзай күчи нарыг далдуур дэмжиж, зэр зэвсэг сэлтээр хангасан гэх.
2001 оноос хойш хэдхэн жил үргэлжилсэн (хэдхэн жил “хүлцээд” л хазаруудыг хавчин гадуурхаж, харгислаж эхэлснийгээ шатлан өргөжүүлж буй), үүлэн чөлөөний нар шиг хагас хугас эрх чөлөө нь хазаруудын хувьд үгүй болох нь ээ. Тэд ахин зэвсэг атган босохоос өөр замгүй болж байна. ММХ.XII.XX
3. Дэлхийн монгол туургатны бөхийн холбоо
хазар бөхчүүдийг хүрээндээ хамруулаасай
Хазараар хайр гэхийг хайру гэдэг
Хазарууд болон бидний төсөрхөх зүйл нь юуны өмнө гадаад төрх. Хүрээлж буй паштун, тажик, үзбэк, балуч бүгд европ төрхтэй байдаг нь оньсого мэт. Хүннүгийн үеэс өвөг дээдэс маань нүүж очсоор иймд хүргэсэн гэдгийг мэдэх бидний хувьд бол оньсого биш ээ.
Сэтгүүлч Санчирмаа Афганистаны нийслэлийн хазар дүүргээр явж байхад ахтай нь адилхан хүн, хаана харлаа гэж эргэлзмээр царайнууд ч үзэгдэж, хувцас, орчин өөр болохоос, монголчуудын дунд байгаа мэт сэтгэгдэл төрсөн гэсэн. Кабулыг хазарууд байгуулсан, Кабул гэдэг нь хазар үг гэх яриа их буй. Өдий хүртэл тус хотын нэрний учир тайлагдаагүй. Хотын баруун хэсэгт эртнээс олон тооны хазарууд нэг дор суудаг, оршин суугчдынх нь 30-40 хувь гэлүү дээ.
Урьд Кабул нь хазар нутаг дунд оршиж байсан юм билээ. Ер нь Афганистан бүхэлдээ шахуу хазаруудын нутаг байжээ. Гэтэл энэ зон олны найрсаг зангаас ч болсон юм уу, Пакистанаас паштунууд гэхчлэн, янз бүрийн нүүдэлчид цагаачлан ирсээр, бүсэлж аваад, хойноос ирээд хот манайх гэгчээр, нутгийн эздийг төвийн уулархаг, үржил шим муутай бүс рүү шахсаар өдий хүрсэн аж.
Гэхдээ л, тавиад оны ардын бослого хүртэл, энэ оронд үндэсний Хазаражат гэж том муж байсан. Надад байдаг 1939, 1956 оны атласуудад тодорхой үзэгддэг юм.
Монголчуудаас буюу, Өлзийт хааныхны сонголтоос болж, хазарууд шиа шашинд орсон юм. Хазар нутагт Цагаадай гэдэг хот байдаг гэсэн.
Эртний овог аймгийн бүтцээ хадгалсан. Боржигин, Бэсүд, Барлас, Жалайр, Жадран, Найман, Хасар, Тулуй хаан, Нэгүдэр, Чахар, Хулбарс, Харбаатар, Их Чонон, Аймаг, Болод гээд, 40 гаруй овог аймаг дотор нь монгол овог аймаг цөөнгүй байна. Тэдгээр нь илүү монголлиг ч байдаг шиг. Гэхдээ үүгээр ялгаварлан үзэж болохгүй мэт. Ташрамд, хазарууд овог аймгаараа тархай бутархайдуу байсан нь ялагдал, эмгэнэлийн шалтгаан болж асан. Одоо ч эргэн тойрны бусад шигээ эв нэгдэлтэй болж чадаагүй.
Хэлний хувьд тэд пэрсэжсэн. Үгсийн сангийнх нь 10-15 хувийг монгол үгс эзэлнэ гэх ойлголт байсан бол, энд ирсэн хазар оюутнууд 20-30 хувь шиг байна гэж буй билээ. Оюутан Аббас Даяар (энд ирээд Даяар гэх монгол овог авсан) “хүний биеийн эд эрхтэн, хэсэг бүрийг манайхан монголоор хэлдгийг энд ирээд мэдлээ” гээд бидэнд нэрлэн тоочиж байсан. Хазар, монгол хэлийг харьцуулан шинжилбээс, тун сонирхолтой судалгаа гарна бий вий.
Абу, абга, агай (авгай), алгаа (алга), баатар, була (бүл), габчи (хавчих), гачар (хацар), гижий (гилжийх), гоол (гол), горияа (хороо), дала, көнжила, котоо (хотон), корууд (хурууд), нилга (нялх), нома, нагаци, оочи (оочих), сандал, таяаг, толгай, украа (ухархай), улаан, улус, хабиргаа, хайру (хайр), хайчи, хатуу (хатан), хориях (хорих буюу уулс), хурхуйр (хурхирах), чабчи (цавчих), чигэн (цээж), чимкхи (чимхэх), шигай, элчи, яаса (ёс) гээд л хазараги хэлэн дэх олон монгол үгийг дурдаж болох байна.
Хазарууд урьд нүүдлийн МАА голлон эрхэлж байхдаа гэрт амьдардаг, манайхтай их ойролцоо ахуйтай байжээ. Хожим уулархаг нутагт шахагдсан тул, суурьших болж зан заншил, уламжлал нь ихээхэн өвөрдсөн аж. Гэхдээ биднийхтэй ойролцоо зүйл багагүй. Цагаан идээнд дуртай, шагай наадна, есийн тоог эрхэмлэн бэлгэшээнэ гээд л.
Хамгийн гол нь эрийн гурван наадам хийдэг аж. Цээж нүцгэн, өмдтэйгээр барилдана. Афганистаны бөхийн шигшээг тэд л бүрдүүлдэг. Ташрамд, Дэлхийн монгол туургатны бөхийн холбоо маань хазаруудыг үйл ажиллагаандаа татан оролцуулах нь зүйтэй байна. Монгол түмнүүдийг дуртай спорт бөхөөр нь нэгтгэн нягтруулна гэдэг тун зөв үүсгэл санаачлага юм.
Хазарууд мөн морь, тэмээгээр уралдаж, буудаж (саяхан болтол харвадаг байжээ) цэц мэргээ сорьдог. ММХI.I.XXIV
4. Чингис хаан хазар нутагт Чанчун Бумбатай сэцлэн өвөлжсөн
Манай төр “за” л гэвэл хазарчууд ирэхэд бэлэн байна
XIX зууны төгсгөл, ХХ зууны эхээр эрдэмтэн Бартольд, Владимирцов, Рамстэдт, Габлэнц нар Афганистанд иранжсан монголчууд байна гэж удаа дараалан мэдэгдсэн юм. Чухам хазаруудын талаар дэлхий даяар тэгэхэд л мэдсэн юм шүү. Энэ нь моголчуудын талаарх асуудал биш. Могол бол монгол гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тэр үед монгол хэлээр ярьж байсан ч гэдэг.
Тэдгээр эрдэмтдийн таньж мэдэж байх үед хазаруудад монгол шинж өнөөг бодвол хавьгүй их байжээ. Харин 100 жилийн харгислал хэрцгийлэл монгол шинжийг нь нэлээн алдагдуулсан.
Зөвлөлт улс үүсэн байгуулагдсан үеэсээ л Афганистаны дотоод хэрэгт зүй бусаар маш их оролцож, хутгалдаж ирсэн ч, хазаруудын тухай бүх мэдээллийг нуун дарагдуулж байв. Янз бүрийн шалтгаан байсны нэг нь панмонголизм юм. Монголчуудаас ялангуяа онцгой нууцалж байв шүү. “Большая советская энциклопедия”-гийн олон ботийг нэвтэрхий уншсан хүн л хазарууд монгол гаралтай ард түмэн гэсэн үгүүлбэрийг олж үзэх, ганц л боломж байсан гэхэд хилсдэхгүй.
Судлаач Бэсүд Ч.Эрдэнэ Монголоос өмнө зүг рүү (Афганистан руу гэхэд болно) хүн зон нүүдэллэдэг уламжлал эрт дээр үеэс байсан гэдэг. Афганистан тивийн эрс тэс уур амьсгалтай тул манайханд зохистой байсан байж болох, өөр ч олон шалтгаан буй байх л даа.
Чингис хаан Хазарт очиж байсан гэж бодном. Кабулаас хойхно, Гиндүкүшийн бэлд Чанчун бумбатай сэцлэн өвөлжсөн шүү дээ. Кабул ч, Кабулын ойр хавь ч хазаруудын нутаг. Магадгүй төрөл садан түмэн болохоор нь, чухам тэдний дунд өвөлжсөн байж болох.
Төмөр хааны ач, Их Монгол (Могол) улсыг үндэслэгч Барс хаан Кабулыг гүрнийхээ нийслэл болгож асан (Ташрамд түүнийг пакистанчууд үндэсний баатраа гэж тооцдог агаад, саяхан холын тусгалт пуужингаа “Бабур” гэж нэрлэсэн). Хазаруудын дунд, хойд зүгт маш дайчин хүчирхэг садан төрөл, ахан дүүс маань байдаг гэх ойлголт эртнээс төлөвшиж иржээ.
“Монголчууд биднээс гаралтай” гэх үзэл ч зарим хазаруудын дунд байдаг гэнэ (Манийгаа монгол хазар ч гэдэг юм байх). Манай нэг судлаач: “Одоогийн Афганистан улс оршин байгаа тэр нутгаас наашаа, Монгол нутаг руу чиглэсэн соёлын хэд хэдэн давалгаа байсан юм. Энэ бол бурхны шашин хамгийн анх дэлгэрсэн газар” гэж үгүүлсэн байдаг. Сонин сонин зүйл ч их байна шүү.
Зарим хазар улс төрч “бид Монголтой ямар ч хамаагүй, эндхийн уугуул биеэ даасан ард түмэн” гэдэг нь юуны өмнө гэноцидээс сэргийлэх арга хэмжээ гэнэ. Хилийн чанадад очих, монгол хүнтэй уулзах зэрэг үед, дороо тэр байр суурь нь өөрчлөгддөг гэнэ билээ.
ДНХ-ийн судалгаагаар хазар, монголчууд маш ойр, нэг ард түмэн гэж болохоор дүн гарсан.
1979 оноос хойш ЗХУ капитализмыг алгассан Монголын туршлага гээчийг Афганистанд их сурталчилж, тэр талаархи ном товхимол, Ю.Цэдэнбалын түүврийг хэвлэж, түгээж байв. Монголын тусламж гээд жаал жуул юм ч очно.
Хазаруудаас Монголын талаар нуух боломж байсангүй. Ямар “та нар капитализмыг алгасч болохгүй” гэлтэй нь биш. Зөвлөлтөд суралцсан хазарууд Монгол орны талаар мэдлэгтэй болоод ирнэ. Афганд алба хаасан халимаг, буриадууд ч хазаруудад монгол яс угсаа, Монгол орны тухай ярьж өгнө.
Энэ бүхнээс болоод хазаруудад Монгол гэдэг капитализмаас ч дээгүүр өндөр хөгжилтэй улс орон байдаг, тэнд ахан дүүс маань бий гэх ойлголт төржээ. Гэвч Монгол-Хазарын харилцаанд зөвлөлт “нөхөд” саад учруулж байсан юм.
80-аад онд Афганистаны нам засгийн төлөөлөгчид Монголд айлчлав. Намын дарга ¹1 хүн Б.Кармаль ёс ёмбогор, төр төмбөгөр гэгчээр албархаж явахад, ерөнхий сайд буюу ¹2 хүн Султан Али Кэштманд маш элгэмсүү дотно байдал гаргаж, дээл өмсөх, сур харвах, морь унах зэрэгт нэн дуртай хандаж, түүх соёлыг маань ихэд сонирхож, монголчуудын дунд ороод л бужигнуулаад байсан гэдэг. Тэгэхдээ би монгол хүн, харин хэнд ч битгий хэлээрэй гэж шивнэж амжсан гэдэг. Хазаруудыг Афганд нь ч хавчдаг, зөвлөлтийн зөвлөгч нар ч Монголд очоод хазар мазар гэж ам ангайваа гэж хатуу анхааруулсан болохоор тэгээ биз ээ.
Талибын дарлалын дараа Монголын дипломат Кабулд очиход хазар хүн үйлчлэн явж, танил талаараа дамжуулан дэд ерөнхийлөгчтэйгээ ч уулзуулжээ. Харин тэр хүн “Биднийг түмэн зовлон үзэж байхад ахан дүүс монголчууд туслаагүй. Бидэнд хэн ч тусалдаггүй” гэж дахин дахин гомдоллож байсан гэнэ.
Манай дипломат, тусламж гэж эм тариа, хөнжил гудас гэхчилэн зүйлийг авчирсан байж. Өөрөө ч монгол туургатанд элэгтэй хүн. Санаа зовсондоо болоод “Манайх өөрсдөө их бэрхшээлтэй байдаг. Харин одооноос чадах чинээгээрээ туслаж байх болно. Үүнийг та нарт авчирсан юм” гээд хазаруудад тусламжаа өгчихсөн гэнэ. Цаадуул нь ч жигтэйхэн их баярлажээ.
Монголын их бууны багш нарт ч хазарууд тиймэрхүү зүйл ярьдаг аж. Тэд монголчуудыг өөрсөдтэйгээ адил гэж төсөөлдөг, Монгол улсыг жаргалын орон гэж боддог гэнэм.
“Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн Санчирмаа: “Афганы хазаруудын дийлэнх нь өөрсдийгөө монгол гэж үздэг. Зарим нь “Би монгол, Чингисийн хойчис” гэнэ. Зарим нь “Бид та нартай төрөл саднаасаа болж, олон үеэрээ адлагдаж зовж байна” гэж гомдоллодог. Монголтой холбоотой үг дуугарахаас ч эмээх хазар бий. Нэлээд хэдэн хазар айлд би очиж байсан. Намайг очихлоор эмэгтэйчүүд нь гивлүүрээ аваад “бид адилхан монголчууд” гээд жаргал зовлонгоо ярьж, уйлдаг байв. Уг нь, Афганистанд гадны хүний дэргэд гивлүүрээ авах байтугай, гэрт нь очиход хоол цай зөөхөөс бусдаар үзэгдэх ёсгүй” гэж ярьсан.
Сэтгүүлч Н.Болормаа Пакистаны хазаруудтай нэлээд уулзаж харилцсан нэгэн. Тэд харин монгол үүсэл гарлаа чөлөөтэй, бахдалтай ярьж, Монголтой өргөн харилцах боломжийг их сонирхож байжээ. Тэндхийн цэргийнхэн дунд хазарууд байр суурь сайтай аж. Энэтхэгтэй дайтахад пакистаны армийг Мохаммэд Муса Хан гэдэг хазар хүн командалж ( жанжин штабын дарга ) явж. Өдгөө нисэх хүчний маршал нь Шарбат Чангази (Чингис) гэдэг хазар хүн.
Тэрбээр монгол гарал үүслээ мэдэж мэдрэн, Чингис гэдэг овог авчээ. Ер нь Пакистаны хазаруудын дунд монголын үзэл санаа дэлгэрч, монгол овог нэр авах явдал цөөнгүй болж. Тиймээс ч Н.Болормааг очиход нэр нөлөөтэй хүмүүс нь хөл хөөрцөг болон уулзаж, бүр хазар-монголын харилцааны талаар тусгай хурал зохион байгуулжээ.
Ш.Чангази тодорхой хэмжээнд судалж үзээд Монголын азарга (хазараар азарги) гэх үгнээс хазар (хэлийг нь хазараги гэдэг) үүссэн байж магад гэх хувийн таамгаа дэвшүүлсэн аж. Тэр, Монголд өөрөө ч очмоор байна, олон хазаруудыг ч аваачмаар байна, даанч визний асуудал хүндрэлтэй байх юм, хазарууд олонтой газар консулын газраа нээгээч ээ гэж хэлж байжээ.
Монголд очиж суурьшин амьдрах хүсэлтэй хазар хүн ч олон агаад, даанч хэрхэн хэрэгжүүлэх талаарх мэдээллийг хаанаас ч олж авч чаддаггүй аж. Пакистаны хазаруудын нэгэн удирдагч Сардар ч хазарууд Монголд суурьших асуудлыг хөндөн дэвшүүлжээ. Тэнд Хазар монгол залуусын байгууллага (Organisation of Youth Hazara Mongols) гэдэг монгол чигтэй байгууллага үүсчээ. Монголын төр л “За” гэвэл, ахан дүү хазарууд ирэхэд бэлэн байна шүү.
Амэрик, Австралийн хазарууд монголчуудтай тун найрсаг харилцаатай, баярууддаа бие биенээ урьдаг, уулзалт, ярилцлага зохион байгуулдаг юм билээ. АНУ-д ажиллаж амьдардаг нэг монгол залууг паштун хүн хазар гэж эндүүрээд, сурсан зангаараа дарлаж дээрэлхэх гэжээ. Харин манай иргэн болохыг мэдээд хулхи нь буусан агаад, удалгүй монгол залуу өөрөөс нь дээгүүр шатанд гарч дэвшихэд бүр шалдаа буусан гэдэг.
“Монгол үндэстний сүлжээ” хэмээх сайтад хазар залуус хандан, монголчуудтай харилцаж, хэлэлцэж байдаг.
Ташрамд, манай дарга нар чинь үндэсний нарийн мэдрэмжтэй юм байна шүү. Афганы хазаруудын монгол цустайг олж мэдчихээд, виз миз ч олгодоггүй, арай гэж ирэхэд нь бүх ажлыг нь нураагаад, хөөгөөд явуулдаг гэнэ билээ. Тэгсэн атлаа, монгол л биш бол хэнтэй ч сүжирнэ шүү. Хазар монголчуудыг харгислагч ерөнхийлөгч Карзайгаас манай нэг өндөрлөг маань салж хагацаж өгөхгүй л, хэлхэлдээд явсан тал бий. Тэгээд бас тэр хурал нь Эвсэлд үл нэгдсэн орнуудын ч билүү, манай улс оролцох ёсгүй хурал байж таараад, онигоо болоод байсан санагдана.
Хазарууд Монголд аялал, ажлаар их ирэх болжээ. Үндэсний хөдөлгөөнийх нь нэг нэрт зүтгэлтэн зун Дэлхийн монголчуудын холбооны даргатай уулзах гэхчлэн баахан чухал ажил төлөвлөж ирсний ихэнх нь бүтээгүй. Ахин ирээд ч мөн адил. Монголоос мах авах гэсэн хазаруудыг дарга нар маань бас мухардуулсан. Өвөр монгол, түвдүүдийг даралцдаг манай эрх баригчдад хазаруудыг дарах шинэ ажил гарч ирсэн бололтой. Хэвлэл мэдээллээр хазарын эсрэг кампани өрнүүлээд эхэлсэн бөгөөд, бүр сэтгүүлийн тусгай дугаар гаргасныг нь хазарын хүндэт зочин бариад явж байхаар нь ичсэн ч, жигшсэн ч.
Эх оронч сэтгэлтэй монголчууд маань найман хазар оюутныг Монголд сургах ажлыг зохион байгуулсан нь үнэхээр сайшаалтай. Эхний гурван оюутан эссэний уралдаанд ялж, сурах эрхийг олсон. Уралдаан ч их өрсөлдөөнтэй болсон гэнэ билээ. Монгол-Хазарын хэлхээ холбоог хэр мэдэх вэ гэсэн чигтэй эссэ бичих байж л дээ. Тэр гурвын ярианаас эшлэсү.
Захра: “Монголд харь оронд байгаа гэх сэтгэгдэл огт төрдөггүй. Бээжингийн олимпод монголчууд 4 мэдал авахад би маш их баярлаж байсан” гэжээ.
Магдад: “Би монгол угсаа гарвальтайгаа ойлгосон нэгэн. Хэлээ сайжруулах гээд огт нутаг буцахгүй байгаа. Энд л эрх чөлөөг мэдэрч байна, монгол туургатан гэдгээрээ ч бахархаж байна. Дэлхийд 10 сая хазар байдаг, найм нь Афганистанд буй, Кабулын хүн амын 60 хувь нь хазар. Иранд нэг сая хазар байдаг, тэд расист, апартэид бодлоготой улсуудад нэгрүүд ямар байдаг в, тиймэрхүү л байдалтай байдаг” гэжээ.
Гулам: “Эх орондоо л ирэх мэт мэдрэмж төрсөн. Монгол хазаруудад адил төстэй зүйл ямар их болохыг хараад өдөр бүр л дуу алдаж явдаг. Хазар бид өөрсдийгөө монгол угсаатай л гэж ярьцгааж байдаг. Монголын энхийг сахиулагчид очиход, ахан дүүс маань хамгаалахаар ирэв гэж хазарчууд маш их баярласан. Миний бие монгол бүсгүйтэй гэрлэж, Монголд амьдрахыг үгүйсгэхгүй” гэжээ.
Дэлхийн хамгийн их зовж зүдэрсэн ард түмний нэг болох хазарчууд хойд зүг рүү, дэлхийг тэжээж буй ахан дүүс рүүгээ саравчлан харсаар суунам. ММХI.I.XXVI
5. Хазарчууд гагцхүү Монголд л аз жаргалтай байна хэмээн итгэдэг
Паштун нь монголын баатар гэх үгнээс үүссэн
Хазар түмний зовлон паштун гэх нүүдэлчид Пакистанаас уулгалан ирэх болсноос үүдэлтэй. Тэдгээр нь казак, чэчэн зэрэг шиг их дайчин, цэрэг-ард түмэн болой. Паштун-валай гэх үндэснийх нь гол бахархал, баримтлал буй, сайн дайчин болох, дайтах байлдах, баатарлагаар эрсдэхийг хамгийн их буян, гайхамшиг гэнэ. Паштун нь уг нь пахтун гэх нэр агаад, бахадур буюу монголын баатар гэх үгээс гаралтай. Юм гэдэг ийм л сонин.
Барс (Бабур), Жахангир зэрэг Их Монгол (Могул, Могол)-ын хаад паштунуудыг дарж номхруулж асан нь угийн расист тэдний монгол төрхтнийг хялайдаг авирыг нь улам гааруулж өгсөн гэх.
Бараг бүхлээрээ хазаруудын нутаг асан Афганистанд орж ирэхдээ эхнээсээ л тэднийг устгах зорилго тавьж байжээ. Үүний тулд тажик, үзбэк, балуч нартай холбооцож, шанд нь газар нутаг, элдэв зүйлийг амлаж, хазаруудыг бүсэлж аваад, шахан түрсэн аж (Дост Мухаммэд Хан).
1880 оноос Абдуррахман гэдэг паштун хаан хазарын эсрэг өргөн түрэмгийлэл, харгислал үйлдсэн. 1893 он хүртэл хазарын гурван том бослого гарсан агаад, давуу хүчинд бүслэгдсэн, шашны ариун дайнд оролцож буй гэдэгтээ итгэн улайрсан хийрхэгчдийн довтолгоонд өртсөн тул дарагдаж, хайр найргүй хөнөөгдөн хэрцгийлүүлж байв. Үр дүнд нь, нийт хүн ам нь 60 хувиар цөөрсөн бөгөөд, одоо л тэр үеийн тоондоо хүрч буй ч гэдэг. Монгол туургатны түүхэнд, Манж Чингийн үйлдсэн Ойрадын, Зөвлөлтийн үйлдсэн Халимагийн, Паштуны үйлдсэн Хазарын гэх гурван хамгийн аймшигт гэноцид тохиолдсон юм.
Тэрхэн үед зэрэгцсэн, Түркийн үйлдсэн армяны гэноцидийг дэлхий даяар зэмлэн буруушааж, хэрэв үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй бол наад зах нь Европын холбоонд элсүүлэхгүй, цаашлаад хатуу чанга арга хэмжээнүүдийг авна хэмээн чичрүүлсээр ирсэн. Гэноцид бол дэлхийн дайн өдөөсөнтэй эн зэрэгцэх шахуу, хүн төрөлхтний эсрэг хамгийн том гэмт хэргүүдийн нэг юм. Үүний төлөө улс үндэстнээрээ хариуцлага хүлээж, гэноцидийн үр дагаврыг арилгахын төлөө асар их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог. Хэрэв гэноцид тохиогоогүй бол ямар байх байсан, тийм байдалд тухайн ард түмнийг аваачин, гэмт хэргийнхээ хор хөнөөлийг арилгахад чиглэсэн үйл хэрэг өрнүүлэх болдог билээ. Тийм ч учраас эдийн засгийн хувьд ч, ёс суртахууны хувьд ч дунд зэргийн хөгжилтэй улс болох Түрк гэноцидийг зөвшөөрөхгүй хэмээн гүрийж ирсэн бол, бусад улсууд армянуудад ихээр тусалдаг.
Энэн шиг л дэлхий нийтээр хазарын гэноцидийг хүлээн зөвшөөрч, буруутнуудыг яллан шүүх хэрэгтэй байна. Ерөөс хүн төрөлхтөн монгол туургатны цуврал гэноцидийг хүлээн зөвшөөрөхгүй аваас хүн төрлийнхөө хувьд ч шившиг, гутамшиг болж, хүн бус, хүн дүрст бичнүүд гэж өөрсдийгөө харин хүлээн зөвшөөрч, хүний эрх хэмжээнээсээ татгалзахад хүрэх юм шүү дээ.
Миний бие, Гэноцидийн (хүйтөрөлгүйтгэл, төрөлгүйтгэл) тухай хуулийн төслийг санаачилж, монгол туургатныг устгаж ирсэн харийн үйл ажиллагаануудыг манай төр гэноцид гэж зөвшөөрөх, бусдаар зөвшөөрүүлэх гэж чармайх учиртай хэмээсэн. Энэ нь бусад улстай дайсагнах бус, ойлголцох, найрамдахын тулд хийгдэх ажил юм.
Монгол улс маань бүхий туургатны гэноцидийг бүрнээр бус гэхэд, хэсэгчлэн хүлээн зөвшөөрч болно. Хазарын гэноцидийг хүлээн зөвшөөрвөл (уг нь энэ бол сайн дурын үүсгэл санаачилга бус, нэгдсэн үндэстнүүдийн өмнө хүлээсэн, шударга ёсыг эрхэмлэн дээдлэхэд чиглэсэн үүрэг) энэ алхмыг хийсэн анхны орон болно. Дотоодын болон, гадаадын тавцнаа өрнүүлэх шударга ёсны аяны эхлэл ч болно оо!
Монгол гэдэг нэг нэр…
Абдуррахманы (Абдул Рахман, Абд-аль-Рахман) үед аллагаас гадна төрөл бүрийн харгислал гаарч байв. Хазаруудыг боол-ард түмэн гэж зарлаж, чөлөөтэй худалдаж дарлана. Хүзүүнд нь тусгай доромжилсон хонх зүүхийг зарлигдаж байсан. Найман эр хүйстэн бүрээс нэг цэрэг гарга, бусад нь бүх зардлыг нь даа, үхвэл тэр наймтаасаа нөх гэнэ. Торгуулийн батальоныхоо ч өмнө бамбай болгох, сапёрын алба хаалгах, дайсныхаа анхаарлыг хүссэн зүг рүүгээ чиглүүлэх амьд бай болгох гээд л аль болохоор л үхүүлэх арга сүвэгчилнэ. Өндөр татвар оногдуулж, төлөхгүй бол газар, өмчийг булаана. Хөөж туун, дүрвүүлнэ. Эмс охидыг дураар хүчиндэн доромжилно. Алж тамлахыг бодвол энэ нь арай гайгүй хэрэг мэт зарим хүнд санагдаж болзошгүй. Тэгвэл эр нөхөр нь ч хардаггүй, хүрдэггүй шахуу ёстой газарт бол аймшгийн дээд бөгөөд, тийм доромжлолын дараа олон эмэгтэй амиа хорлодог, солиорч галзуурдаг байжээ.
1919 онд Аманулла аллага, боолчлол, хүчирхийллийг зогсоосон ч паштунчлах, сунначлах бодлогыг хүчтэй явуулсан тул хазарын бослого дэгдэж, нухчин дарагдаж байв. Мангал, жадран зэрэг овог аймгийнхан бослогыг толгойлсон. Мангал нь монгол гэх үгнээс гаралтай байж болзошгүй гэдэг.
Хабибулла хаан, Надир шах, Закир шахын үед ч апартэид бодлого үргэлжилсэн. Закир шах (Монгол улсад айлчилж асан) хазаруудаас авах татварыг ялгаварлаж гадуурхан нэмэгдүүлж, арван малаас нэгийг гэж тооцоолон хураамжлах, гэр бүл бүрээс 70 кг тос, бас хазар угсааны тусгай татвар авах зэргээр ихэд доройтуулсан тул, том бослого гаргасан. Далим олдов хэмээн үлэмж хэрцгийлэн дарж, үндэсний мужийг (газар нутгаараа Афгандаа нэгдүгээрт орж байв) нь цуцалж, нийслэлийг нь юу ч үгүй болтол сөнөөсөн.
Зөвлөлт, тажикийн ноёрхлын үед ч хазаруудыг онцгойлон хавчиж байсан. 1993 онд Раббани, Масуд нар 24 цагийн турш хазаруудыг алж хядаж байв.
Гэтэл түүхийн тавцнаа паштуны хонзогногч талибан гэх хүч гарч ирлээ. Тажикийн алсын хараагүй удирдагчид тэдэнд хүчээ нэгтгэн хазартай тэмцье гэх санал тавьж, хамтран ажилласан. Баруун Кабулд үйлдсэн харгислалд нь мянга мянган хазар хүн эрсдэв. Талибууд тажикуудыг ялсныхаа дараа, хазарчуудыг устгах нь нэг гол зорилго хэмээн, хэрэгжүүлж эхлэв.
Тэд тажикийн хүч ухарсны дараа хоёр удаа эмэгтэйчүүдийг нь олноор нь доромжилсон, хөнөөсөн хэрэг өдөөсөн гэж их яригддаг. Тажикууд ч үүнийг хэзээ ч өршөөхгүй хэмээн өсөрхөж байдаг. Тэгвэл хазаруудын эсрэг, бүх талаараа өчнөөн дахин илүү гэмт хэргүүдийг үйлдэж асан. Мазари-Шариф-д 1997 онд 15 мянга, 1998 онд найман мянган хазар хүнийг хүйс тэмтрэв. 1998 онд Бамиянд, 2000 онд Робатакид, 2001 онд Якауланг-д олон хазар хүнийг бөөнөөр нь алж байжээ.
Хазаруудад яс үндсийг нь “монгол” гэж бичсэн паспорт олгосон агаад харамсалтай нь энэ нь харгислуулахыг нь гэрчилсэн баримт бичиг болж байв. Монгол гэсэн нэрээс болж, өчиггүй алуулж зүйл бүрээр тамлуулж, дарлуулж байна гэдэг…!
Эртнээс нааш хазарчуудыг хоолойг нь хэрчих, цавчих, модноос дүүжлэх, автомат пулемётоор шүрших, дэлбэлэх, галдан түймэрдэх, морь малаар татуулж тасчуулах, тэлж уян хатаах, өлсгөлөн нохдод идүүлэх, том төмөр дээр хэвтүүлэн шарах, улайссан чулуугаар төөнөх, битүү газар хийж бүтээх зэргээр бөөнөөр нь хөнөөж байв. Хазар хүнийг их зовоох тусам буян болно гэдэг байсан учраас л бүгдийг нь толгой дараалан алж дуусгачихаагүй байгаа юм шүү.
Харгис язгууртныг хөнөөсөн Малик баатрын гар, хөл, хэл, уруул, чих, хамар, зовхийг огтлон үзэшгүй муухайгаар тамлан нөгчүүлжээ. Эмэгтэйчүүдийг хүчиндэж, хүүхдүүдийг зодож ална. Нэгэн хааны үеэл, хазар удирдагчийн эхнэрийг 33 цэрэгтэй ирж, харгис хэрцгий авирлан хүчиндэж үхүүлжээ.
Тариалан, хүнс, байшинг нь шатаах, хүнд хэцүү нөхцөлд ажиллуулах, эмнэлгийн тусламжгүй болгох зэргээр ч амьдрах аргагүй болгоно. Энэ бүх зовлон тарчлангийн шалтгаан нь монгол цусыг үзэн ядахаас л үүдэж шүү дээ!
Паштун байхгүй газарт буюу, Монголд л хазарууд жаргана
Хазарууд Афганы харъяанд орсноос хойш боолын боол, босгоны зарц л байж иржээ. Паштун нар “Хазар болж төрснөөс, илжиг болж төрсөн нь дээр. Илжгийг эзэн нь тэжээнэ, нөмөр нөөлөг нь болно. Хазар хүнд ямар ч аврал байхгүй. Илжиг үхэхэд эзэн нь харуусна, хазар үхэхэд хэн ч харуусахгүй шүү дээ. Бурхан илжгийг бүтээхэд хазар хүн гашуудсан гэдэг, учир нь хийх ажилгүй, амьдрах аргагүй болсон” гэхчлэн ярилцдаг гэнэ.
Паштун, хазарын хооронд гагцхүү эзэн, боол гэсэн л харилцаа байсан, одоо ч байдал төдийлөн өөрчлөгдөөгүй гэнэм. Боолын худалдааны үед хазар хүн илжигнээс хямд байсан агаад, унаад явж болохгүй, өвс идэхгүй энэ яршигтай амьтан хямдхан байхаас ч биш яахав гэлцдэг байж. Хямд тул хазаруудыг олноор нь худалдан авч, үхтэл нь, өлбөртөл нь боолчилж дуусгачихаад л, дахиад хэдийг л бол хэдийг авдаг байж дээ.
“Машины осолд хазар хүн өртвөл огт тоодоггүй. Өнөөдөр Афганы боловсролгүй, ажилгүй, орон гэргүйчүүдийн ихэнх нь цөөнх хазарчууд” гэж судлаач Санчирмаа ярьсан. Талибын дэглэм унаснаас хойш 200 гаруй хазар хүн яс үндсээсээ болж алагдсан агаад, ихэнх нь сүүлийн хоёр жилд эрсэдсэн, онцлог нь аль сайн сайхныг нь сонгож хорлодог болсон. Хазарын ардчилсан намын дарга Али Юсүфи, сайд, дэпутат Саед Касими нарыг хөнөөсөн нь их шуугиан дэгдээж байсан.
Абдуррахманы гэноцидийн үеэс хазарууд олноороо Иран, Пакистан руу дүрвэсэн. Ираны хазарууд апартэидийн үеийн ӨАБНУ-ын хар арьстнууд шиг л хавчигдан гадуурхагддаг агаад, Иран-Иракийн дайнд тэднийг амьд бамбай, “их бууны мах” болгож байжээ. Пакистанд маш олон (Афганыхаас ч хавьгүй олон шүү дээ, Британи нутгийг нь эзлээд Энэтхэг колонидоо нэгтгэчихсэнээс үүдэлтэй) паштун байх агаад хазаруудтай үргэлж тэмцэлдэнэ. Амэрикад хүртэл эд хоорондоо зөрчилдөж, хазарууд болгоомжлон, яс үндсээ нууж явдаг гэсэн. Паштун байхгүй газарт л тэд сая уужим амьсгаа авна (Тэр нь Монгол л юм даа).
Өнөөдөр Афганистанд, хазар түмнийг ялгаварлан гадуурхах дэлхийд хосгүй шахуу үндэсний дарлал оршиж байхад, ардчилал, хүний эрхийг дээдлэгч гэх өрнөдийн гүрнүүд нүдэн балай, чихэн дүлий оргин суугаа нь хачирхалтай. Монголыг эс мэдэхүй, үгүйсгэхүй гэж бүр өвчин байдаг гэлтэй. Хилийн чанадын болон манай орны монголчууд эрх нь зөрчигдөж, төрөл бүрийн дарангуйлал, төрөлгүйтгэлд өртөж байхад ч мөн чингэдэг. Хазарын нөхцөл байдал хамгийн хүнд нь болой. Өдгөө дэлхий даяар, урьд ӨАБНУ-ын апартэидийг эн тэргүүний асуудлуудын тоонд оруулан шүүмжилдэг, буруутгадаг байсан шигээ л түүнд хандах ёстой.
Саявтар паштуны күчи омгийнхон хазарууд руу халдан довтолсон цуст хэрэг гарсан. Газар нутгийг нь булааж шахах уламжлалаа л аанай үргэлжүүлж буй нь тэр. Ерөнхийлөгч, паштун Карзай тэдэнд зэвсэг, мөнгөөр тусалсан гэнэ. Өрнөдийнхөн хүлцээд л өнгөрөв. Өөрсдийг нь түшиглэх гэж тал засч буйг нь мэдээд зарим улс төрч бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр авирлах болсон. Дэд ерөнхийлөгч Зиа Ахмад Масуд нь 52 сая долларын авлига авах явцыг америкчууд мэдээд бүр top secret болгон нууцалж, толгойг нь илэв гэнэ шүү…
Хазарчуудад үнэхээр ямар ч нөмөр нөөлөг байх ёсгүй юм гэж үү? ММХI.I.XXXI
6. Хазарууд дорно зүгээс морьтон баатрууд ирж аварна гэж итгэдэг
Хазар нь хязгаар гэх монгол үгнээс гаралтай
Хазаруудын үндэсний далбаан дээрх бэлгэдэл дүрс соёмботой маань төстэй гэмээр, нүдэнд дулаахан харагддаг юм (цэнхэр дэвсгэр дээр шараар байдгийг ч хэлэх үү). Зарим хүн, хазар нь пэрсийн хэзара-гаас бус, монголын хязгаар, газар зэрэг үгнээс үүссэн ч гэдэг. Газрыг хазар хэлэнд хазар (угсаатны нэршил нь хазара гэж ялгагдах юм болов уу) гэдэг хэмээн бичсэнийг үзсэн.
Шовинист удирдагчид өдгөөгийн Хазар нутагт орчин үеийн соёл, боловсрол, эдийн засаг, шинжлэх ухаан-тэхник юу ч байхгүй гэхээр болгожээ. Бичиг үсэггүйдэл хавтгай. Өвчин зовлон, ядуурал дүрвэгч, хямрал, сүйрэл, нийгмийн сөрөг үзэгдэл бүгд л тэнд байна. Бараг Дундад зууны төвшний Афганистан дахь хамгийн дарлагдсан, сүйрсэн, бөглүү хэсэг нь гэхээр ямар байхав. Гэрэл цахилгаан, засмал зам, холбоо харилцаа гээд наад захын бүтэц ч ховор зэвэр. Талибийн дараахи цаг үед Афганистанд улс орноо сэргээн босгох, хөгжүүлэх ажил нэлээд хийгдсэн, гадаадын тусламж ч их ирсэн. Тэр бүгд нь хазаруудыг тойрно.
Бурангуй талибчууд түлхэн унагагдсаны дараа, Афганистаны дэд ерөнхийлөгч нь А.Халили гэх хазар хүн болж, парламэнтынх нь 20 хувийг хазарын төлөөлөл эзэлж, Афганистаны анхны сайд ( Сима Самар ), анхны мужийн захирагч эмэгтэйгээр хазар улс төрчид тодорч асан нь даруй эсрэг нөхцөл байдлаар солигдсон. Х.Карзай талибуудыг болон лидэрүүдийг нь эвлэрье, эвсье, бодлогоо зохицуулан уялдуулж, хамтран ажиллацгаая гэж уриалсан. НҮБ дахи АНУ-ын элчин Залмай Хализад гэж (паштун хүн) хазарын асуудлыг нуун дарагдуулдаг, өөрийгөө заримдаа Паштунистаны элчин гэж андуурчихдаг нэгэн гарав гэнэ.
Өнөөдөр Афганистаны паштун, тажик, үзбэк, балуч нарыг хилийн чанадын угсаа нэгтнүүд нь (паштунчуудыг бол дэлхий дахин, Монгол улс ч гэсэн) дэмждэг. 42 сая паштуны (дорнод паштунчууд болон пэрсүүд пахтун гэдэг) 12 сая нь, 22 сая тажикийн 8, 29 сая үзбэкийн 3, 9 сая балучийн 0.6 сая нь л Афганистанд байдаг.
Зарим хүн, хазарчуудыг шашин нэгт Иранаас их тусламж дэмжлэг авдаг, бидний анхаарал халамж хэрэггүй гэж үздэг юм билээ. Тэхраны үе үеийн ноёлогчид Афганистаныг хагалж бутаргаж, нөлөөний хүрээгээ бэхжүүлэх л гэж “хазарыг дэмжнээ” гэж чанга дуугардаг гэнэ. Ингэхлээр бусад нь, тэрс номтон Ирантай сүлбээцэлдэв гээд буруутгадаг, гэтэл баруун хөрш нь тэднийг хазаруудын эсрэг л турхирч суудаг аж. Өөрсдөө бол, арьсны үзэлтэйн тул хазар “нөхдөө” дорд гаралтай хэмээн хялайдаг. Өрнөдийн орнуудад л расизм байсан, тэр нь дарагдсан гэж санах нь буруу. Лалын ертөнцөд расизм, апартэид түгээмэл бөгөөд, биесээ жинхэнэ арийчууд гэх Иранд (арийг пэрсээр иран, энэтхэгээр харян гэдэг) ямар төвшинд орших нь ойлгомжтой. Хитлэр бараг албан ёсоор бахархан дууриах шүтээнийх нь тоонд багтдаг орнуудын нэг болох Иранд, манай аугаа арийн соёл хөгжлийг танай монголчууд л ганц балласан гээд басхүү хазаруудыг буруутгана.
Пакистан бол хазаруудынхаа тоогоор гуравдугаарт ордог. Гэтэл тэд Квэтта хот, орчмынх нь нутгуудад голлон суух агаад, түүхэн сөргөлдөгч паштун (Пакистанд 28 сая), балуч нарын дунд хаданд хавчигдсан халиуны зулзага шиг байдаг. Энгүй мэт орчлонд гишгэх газаргүй л болсон хүмүүс юм.
Афганистанд та нар монгол гээд харааж зүхэх атлаа, монгол мөн чанарыг нь арилгах устгахын төлөө бүх боломжийг ашиглаж ирсэн. Хазаруудын дунд, дорно зүгээс морьтон баатрууд ирж биднийг аварна, эрх чөлөө өгнө гэх домог амь бөхтэй хадгалагдан үлдсэн ажээ. Манай энхийг сахиулагчид Афганд очиход домог биелэх нь энэ үү хэмээн баясах, гайхах зэрэгцэн байж. Бусад алслагдсан монгол туургатанд ч тийм домог, аврагч (мэссиа) ирнэ гэх итгэл буй аж. Гэвч…
Бүх туургатнаа, еврэйчүүд шиг нэгтгэх боломж бидэнд 100% бий
Хазаруудыг аврах олон арга зам байна.
Тэдэнтэй тал бүрээр хамтран ажиллаж болно. Монголоос мах, түүхий эд авах, Монголд жимс, тариалангийн аж ахуй эрхлэх хүсэлтэй хазарууд байдаг, ирдэг юм билээ. Манайд үйлдвэр байгуулах (лалынханд тохирох махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эд боловсруулах) хүсэлтэй нь ч буй. Хазарууд чамгүй хүн амтай (гэхдээ бүгд монгол чигийн мэнталитэттэй биш л дээ), Афганаас өөр орнуудад ч суух тул гайгүй ажил үйлстэй нь цөөнгүй. Тиймээс туслах, мэргэжил мэдлэгээ зааж сургах, хөрөнгө оруулах гэсэн эрмэлзэлтэй нь ч байгаа бөгөөд, тэд нь хамгийн түрүүнд нааш ирдэг шиг.
Ирээдүйд Монголд уул уурхайн аварга төслүүд хэрэгжиж, гадаадын ажиллах хүч ихээр шаардагдах төлөвтэй. Ийм нөхцөлд, монгол туургатнаасаа, зовж зүдэрсэн хазаруудаасаа ажиллах хүч бүрдүүлэх нь зүйтэй. Ямар ч мэдлэг чадваргүй, Монголд өчүүхэн төдий элэггүй, сэтгэлгүй харийн ядуусыг мянга мянгаар нь авчирч “ажиллуулаад” л байгаа биз дээ. Тэднээс хазарууд бүх талаар дээр байх нь ойлгомжтой.
Монгол туургатны байгууллагууд, арга хэмжээнүүдэд хазаруудыг хамруулах талаар анхаарах цаг болсон. Дэлхийн монголчуудын холбоондоо элсүүлж, барилдаандаа бөхчүүдийг нь хүч сориулж, миссийн тэмцээндээ гоо бүсгүйчүүдийг нь өрсөлдүүлэх гээд л.
Монгол-Хазар, Хазар-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийг олноор байгуулах, хамтран ажиллуулах шаардлагатай. Монгол-Татарстаны гэхчлэн, бүрэн сүвэрэн бус улс түмэнтэй найрамдах нийгэмлэг байж л байдаг шүү дээ. Яагаад олноор гэж хэлэв гэхлээр, түүхэн нөхцөл байдлаас болж, Афганы, Пакистаны, Ираны, Амэрикийн гэхчлэн хазарууд, Төв, Өмнөд, Буриад, Халимаг, Тува болон бусад монголчууд салангид сарнинга байдалтай байгаа. Тэр бүхэн хоорондоо найрамдах байгууллагатай болох учиртай. Ташрамд, хазар, заха, татар, казах, нохай зэрэг ойр садан ард түмэнтэй, ах дүү-хотууд гэдэг шиг ах дүү-ард түмнүүд болох нь маш их ач холбогдолтой юм.
Уугуулшуулал (монгол туургатныг нүүлгэж ирүүлэх), элэгшүүллийн (монгол туургатанд давхар иргэнчлэл олгох) замаар хазарууддаа энэрлийн гараа сунгаж болно. Сүүлийн үед манайд давхар иргэнчлэлийн тухай дахин ярих боллоо. Гэхдээ үүнийг, Монгол Улсын иргэнийг давхар гадаадынх болгох чиглэлээр л хэлэлцээд байх юм. Монгол туургатныг өөрийн иргэн болгох чиглэл нь зүйрлэшгүй их өргөн хүрээтэй, ирээдүйтэй юм шүү дээ. Хазаруудыг ирүүлэх нь стандарт рэпатриаци мэт болох тул, олон улсын зөвшөөрөл, дэмжлэгийг хүлээх учиртай.
Давхар иргэнчлэл - манайд бараг хэрэгжчихсэн асуудал. Уг нь тухайн улстай гэрээ байгуулсан цагт л бүтэх учиртай гэдэг. Үүнийг манайд байтугай, хууль цаазаа ягштал баримталдаг өчнөөн төчнөөн оронд төдийлөн дагаж мөрддөггүй. Монгол улс хоёрдмол харъяаллыг зөвшөөрдөггүй гэнэм. Бодот байдал дээр бол 90 мянган казах хүн Казахстаны харъяат болсон атлаа, манай харъяаллаас гаралгүй (15 мянган л казах хүн гарсан) хоёрдмол харъяалал үүсгэсэн. Н.Назарбаев Н.Энхбаяр нар уулзахдаа энэ асуудлыг хэлэлцэж, “стандарт бус шийдэл”-ийн хүрээнд хэвээр байлгая гэж тохиролцож асан. Ийнхүү практик дээр хэрэгжчихсэн ажил, хүрээг нь монгол туургатнаараа тэлэх л хэрэгтэй байна. Хазаруудыг ЗГ-тай нь тохиролцсон байлаа ч, үгүй ч, иргэнээ болгож хамгаалах хэрэгтэй юм. Тэндээ үлднэ үү, энд ирнэ үү, өөр улсад очно уу, хувийнх нь хэрэг, монгол туургатнаа өмгөөлөх нь л төрийн маань нэг гол үйл хэрэг байх учиртай.
Дүрвэгч авах бол хазаруудыг аврах нэг арга зам агаад, дэлхий нийт ч үүнд тал бүрээр тусална. Хазар дүрвэгч, өнчин хүүхэд авъя гэж миний бие 2001, 2007, 2009, 2010 онд бичиж дэвшүүлж ирлээ. Гэтэл нам засгаа зөв юм хийнэ гэж бодох нь бараг нүгэл хилэнц болчихож үү дээ. Хойд Солонгосын дүрвэгч авах төслийн талаар л олон жил хөөцөлдөж байна гэнэм. БНАСАУ-д дарга нар маань нууцаар очиж хор найруулдгийнх нь дотор энэ асуудал хөвж явдаг аж. БНСУ ч балиашиглаж, олон улсын тавцанд лобби хийж өгч байгаа гэдэг. НҮБ-ын дүрвэгчдийн конвэнцид нэгдэж ороод л, солонгос, хятад дүрвэгч авчирч, дундаас нь юм унагах зүйл сэтгэдэг гэх. Харин монгол туургат дүрвэгч авчрах байтугай, тэдний хувьд Монголыг хаалттай орон болгож, виз ч олголгүй ялгаварлан гадуурхдаг аж. Хаанахын ямар төр вэ?
2001 онд Монгол улс “антитэррорист эвсэл”-ийнхний үйлсэд бүх талаар оролцоход бэлэн байна гэж мэдэгдсэн, нэг үр дагавар нь Афганистан дахь манай энхийг сахиулагчид. Тэгэхэд, манай төр ч ингээд мэдэгдчихсэн, дайны хөлөөс дайжсан олон дүрвэгч буй болсон, хазар ахан дүүсийг авчрах “хувьсгалын тохироо” сайхан бүрдсэн. Даанч, “бүх талаар, гэхдээ монгол туургатны талаар л биш” гэсэн байр суурьтай байсан юм билээ л дээ. Антимонголизм, анмонголизм бол 90 оноос хойшхи төрийн маань гол бодлого байж ирлээ дээ, хөөрхий. Уг нь сэргэн мандсан жинхэнэ монгол төрийн маань туг панмонголизм байсансан.
Цагаач авах нь бас нэг арга зам. Өнөөдөр хазарууд лалын болон, өрнөдийн орнуудад цагаачилж, амь насаа аварч, аж амьдрал зохиож байна. Гэхдээ тэдгээр улс руу цагаачлах нь Монгол руу цагаачлахаас л арай гайгүй бөгөөд, маш хэцүү юм. Манай улсад амьдрах ажиллах нь бүх монгол туургатан ахан дүүсийн маань хууль ёсны эрх байх ёстой. Тус эрхийн хэрэгжилтэд дөхөм үзүүлэхийн тулд наад зах нь виз олголтыг саадгүй шуурхай болгож, монгол туургатны олноор байгаа газар бүрт, тухайлбал хазаруудын хувьд Бамиян, Квэтта, Тэхранд консулын газраа байгуулах хэрэгтэй.
Манай улс Афганистанаас өнчин хүүхэд авчран, хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэж асан нь социализмын үе. Тэгвэл одоо өнчин юм уу, ядуу айлын үрсийг улс ч, ТББ, хувь хүн ч асрах, үрчлэх явдлыг зохион байгуулах цаг болжээ. Хазар болон монгол залуус гэр бүл болохыг ч өөгшүүлэн дэмжвэл зохино.
Хазарын асуудалд мэдээж хэрэг, маргаангүй монголчууд болох хэдэн түмэн могол (мугал)-уудаа хамруулан авч үзэх ёстой. Анх угсаатны шинжлэх ухааны хувьд нээгдэх үедээ тэд эртний монгол хэлээр ярьж байсан бол өдгөө хазаруудад ууссан аж. Хазаруудад хамруулж үзэх учиртай чараймак (дөрвөн аймаг) зэрэг ястан буй. Могол ч, чараймак ч мөн адил монгол төрхтэй, хазаруудтай ураг төрлийн холбоотой тул адил зовлонг үзэж ирэв.
Элгэн саднуудад маань тохиолдсон гэноцидийг хүлээн зөвшөөрөх, дэлхий нийтээр зөвшөөрүүлэх, таслах зогсоох нь Монгол улс үндэстний үүрэг. Эрх баригчид маань хоёр Солонгосын асуудлыг зохицуулахад оролцоно гэж байна. Хазарын асуудлыг зохицуулахад оролцох нь хавьгүй илүү утга учиртай.
Зарим хүн өөр хэл ус, соёл, шашин, үндэсний ухамсартай харийн иргэдийг олноор нааш шилжүүлэн суурьшуулах нь осолтой гэдэг. Нэгдүгээрт, том улсуудын гол үндэстний төлөөлөгчид олноор орж ирэх нь илүү аюултай, сэрэмжлэх арга хэмжээ хэрэгтэй, хоёрдугаарт, хазарууд бол бидний элгэн садан, монгол туургатан, өөр гүрний хэл соёлд ууссан ахан дүүсээ бид монгол биш гээд ад үзээд байдаггүйн жишээ олон буй, гуравдугаарт, тэд бүхий монгол туургатны адилаар шашин, сурталд хийрхэн автдаггүй, хэт даврагч үйл ажиллагаа өрнүүлдэггүй, аядуу тайван түмэн, дөрөвдүгээрт, манай оронд монгол биш үндэстэн иргэд (бас лалын шашинтай) бусадтайгаа эв найртайгаар нэгэн улс гэрт багтан амьдарч, нэгэн аж төрлийг цогцлоогоод болоод л байгаа биш үү.
Уугуул нутагтаа хэдхэн түмэн жүүд үлдсэний ихэнх нь үндэсний хэлээрээ ярьдаггүй, бусад сая сая нь дэлхийн бараг хамаг оронд тархаж, тухайн харь төрх, хэл соёлуудад ууссан нөхцөл байдалтай асан еврэйчүүд бөмбөрцгийн өнцөг булан бүрээс цуглан, мөхмөл хэлээ сэргээн, өдгөө долоон сая хүн амтай хүчирхэг улс болоод байна. Цэвэр өөр үндэстнийхэн гэр бүлээ дагаж ирсэн нь сая гаруй байдаг шиг билээ. Тарж бутарсан, хуваагдаж салгагдсан үндэстэн ингэж цугладаг юм. Бид хүн мөн л юм бол, асар их баялагтай байж, яагаад үндэстнээ нэгтгэж, хүний хийдгийг хийж болохгүй, чадахгүй байх билээ.
Энэ нийтлэл хазаруудын тухай юм.
Зөвхөн хазаруудыг бус, даяар монгол туургатнаа бүхий арга хэрэгслийг ашиглан нэгтгэж нягтруулах нь монгол хүн бүрийн чин эрмэлзэл, зүтгэл тэмцэл байх ёстой.
Ч.Мөнхбаяр
ММХI.II.XV
http://moenhbayar.blogspot.com/2011/02/blog-post_5011.html#more
No comments:
Post a Comment