Friday, September 2, 2011

Хазарт Монгол чигтэй хувьсгалт хөдөлгөөн үүслээ!

Дайкүнди хотынхон УБ-тай ах дүү хот болох хүсэлтэй байна!




Өдгөө, монгол туургатны нэгдэн нягтрах явц зүй ёсоороо эрчимжиж байна. Үүнийг хэн ч зогсоож чадахгүй, жам бол жам.

Хазарчууд ч ойртон дөтөлсөөр. Үүний нэгэн жишээ нь, Афганистаны Дайкүнди хотынхон Улаанбаатар хоттой ахан дүү болохыг хүсч буй юм байна.

Дайкүнди (Нили) бол адил нэрт мужийн төв юм. Урузган мужаас салгаж (хазаруудыг тархай бутархай болгох бодлогын үр дүн), 2004.3.28-нд байгуулсан муж. Дайкүнди муж 400 гаруй мянган хүн амтай, 86% нь хазар, 8.5% нь пушту. Афганистаны яг төвд оршино, Гизаб, Нили, Аштарлай, Кажран, Хэдир, Кити, Мирамор, Сангитахт, Шахристан зэрэг раёнтой. Удирдлагад нь Монголд элэгтэй хүмүүс сонгогдон гарч ирсэн аж.



Ах дүү хотууд гэдэг нь байнгын нөхөрсөг харилцаатай болно гэсэн үг. Соёл, боловсрол, спортын хамтын ажиллагаа, солилцоо байнга явагдах болно. Энэ бол сайхан эхлэл юм.

Түүнээс гадна, түнш хотууд болж, харилцаагаа өргөжүүлбэл бүр ч сайн. Эдийн засаг, бизнэс, бүх талын харилцан туслалцаа гээд олон шинэ боломжууд нээгдэнэ.

Хазар нөхдийн зүгээс, тун ажил хэрэгч, хэрэгжих боломжтой, хэтийн төлөвтэй санал дэвшүүлэгдэж буйд нэн баяртай байна. Урьд Монгол-Хазарын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд янз бүрийн бэрхшээл учирч байсан биз. Учир нь, Хазарын үндэсний нэгдмэл муж 50-аад онд устгагдсан, тэгэхлээр Афганистантай л харилцана уу гэхээс, Монгол улс Хазарастантай харилцана гэвэл янз бүрийн асуудал гарч ирнэ. Харин хоёр хот ах дүү, түнш болно гэдэг нь албан ёсны харилцааг хөгжүүлэхэд нэн практик ач холбогдолтой юм. Манай тал хазар ахан дүүсийн саналыг найртайгаар хүлээж авч, нааштайгаар шийдвэрлэж, хосгүй боломжийг алдахгүй байх ёстой.

Монгол-Хазарын харилцааг хөгжүүлэх асуудлаар манай талаас албан ёсны, тодорхой, бодитой, дорвитой алхам хийж байгаагүй нь харуусалтай байна. Монгол туургатны цорын ганц тусгаар тогтносон улсынхан бид ийм байж болохгүй ээ. Хангалттай танин мэдлээ, гайхлаа хачирхлаа. Одоо харин бүх монгол туургатны түшиг тулгуур, ноён нуруу, халх байх үүргээ ухамсарлаж, хийх ёстой ажилдаа ханцуй шамлан орох хэрэгтэй болж.

Монголын төр түмэн ахан дүү хазар түмний тухайд:

1.Бүх талын хамтын ажиллагааг (хоёр талын байгууллагууд, ХАА, худалдаа, бизнэс г.м) хөгжүүлэх;

2.Монгол туургатны байгууллага, үйл ажиллагаанд хамруулах;

3.Уугуулшигч (рэпатриант), дүрвэгч, цагаач, ажиллах хүч, өнчин хүүхэд хүлээж авах;

4.Элэгшүүлэх (Монгол улсын иргэний баримт бичиг олгох);

5.Хазарын төрөлгүйтгэлийг (гэноцид) албан ёсоор хүлээн зөвшөөрөх гэсэн чиглэлээр маш өргөн хүрээтэй, олон төсөлтэй тодорхой бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх цаг нэгэнт болжээ…

Миний бодоход, Дайкүндийн санал бол хувьсгалт чанартай хөдөлгөөн юм. Афганистанд олон зууны турш, ялангуяа XIX зууны төрөлгүйтгэлээс хойш хазаруудын монгол язгуур угсааг ор мөргүй баллан устгахыг чармайж ирсэн. Тэнд Монголын талаар дуугарах байтугай, бодох нь ч аюултай. Бараг зүүдэндээ Монгол, Чингис гээд хэлчихвэл амиа алдаж болох газар. Харин бусад нь хазаруудыг дарлахдаа та нар монгол, Чингисийн хойчис гэж байнга дайрч давшилдаг.

Тийм нөхцөлд Монгол гэж дуугараад зогсохгүй, Монголын нийслэлтэй ах дүү бололцоно гэдэг нь аймшигт харгис дэглэмийн бодлогыг эр зоригтойгоор сөрөн боссон хэрэг юм. Дайкүндийн удирдагчид Монголд ирж, байдалтай танилцаж байсан, Монголыг эцэг өвгөдийнхөө өлгий нутаг хэмээдэг, монгол туургатандаа элгэн халуун сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэд чухам энэ баатарлаг үйлсийг эхлүүлжээ.

Өвөр Монголд эрэлхэг тэмцэл хөдөлгөөн өрнөж, үргэлжилсээр буй. Дайкүндийн хөдөлгөөн мөн агаар нэгэн юм. Тэд адилхан харийн дарлалын зовлонг туулж, монгол учраас хавчигдан гадуурхагдаж, хүнд бэрх тэмцэлд эрсэлж байдаг. “Монгол” гэж хэлж зүрхлэв хэмээн афганы фашистуудын нүд хорсож, Дайкүндиг даръя хэмээн хөмхий зууж буй нь лавтай. Хазарууд чингэнэ гэдгийг ч мэдэх тул монгол хөдөлгөөнөө хамгаалахаар зориг төгс буй биз ээ.

Зуун зууны хар харанхуй, харгис хатуу нөхцөл байдлыг өөрчлөхөөр тэд сэтгэл шулуудсан байна. Дайкүндийн хувьсгалчид Монголын их хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд оролцохоор ирнэ. Хэрэв тэд өөр үндэстэн байсан бол, Монголд ирээд “өө бид чинь монгол биш юм байна шүү дээ” хэмээн урам хугаран буцах байсан биз ээ. Гэтэл тэд ирэх бүрийдээ улам л нэг үндэс язгууртай ахан дүүс болохоо мэдэрч, итгэлдээ гал бадраагаад явдаг билээ. Тэднийг ирэхэд нь баатрын ёсоор хүлээж авцгаая, монголчууд аа!

Хамгийн гол нь, Хазар Монголын найрамдал нөхөрлөлийн анхны албан ёсны алхмыг нь дэмжиж, Дайкүндитэй ах дүү болцгооё хэмээн эв санаагаа нэгтгэе, хэрэгцээтэй бол шахаж шаардъя, болохгүй бол босч тэмцье гэж уриалж байна!

Дайкүнди биднийг дуудаж байна!
Ч.Мөнхбаяр

MMXI.VI.XII

http://moenhbayar.blogspot.com

No comments:

Post a Comment