Wednesday, October 14, 2009

Монголоо хайсан монгол-3: Афганистанд зорчсон тэмдэглэл



NTV тв гийн хэдэн хэдэн нэвтрүүлгэ бас энэ тв-гийн бодлого маш их таалагддаг хамгын ардчилсан , монголд байгаа бусад тв-нүүдтэй харьцуулхад шүү.


Дэлхийн монгол айл киног хийж байгааг сонсоод олж үзэх юмсан гээд чадаагүй . Зөвхөн нийтлэлийг нь олж уншлаа. Нэг л өдөр онлайнаар двд худалдаж аваад үзэх бизээ.
Би буруу ойлгоогүй бол Миний фасэ боок-ийн найз Хазара ах Хубилай анх нтв-гийн багынханыг Дэлхийн Монгол айл цувралыг хийхэд Афганистанд тосож авч уулзаж байснаа хуучилж байсан. Энэ нэвтрүүлгийн дараа Цахим Өртөө холбоо тэтгэлэгт хөтөлбөрөөр хазара оюутануудыг монголд авчирсан билээ.
Нэвтрүүлгийг гардан хийсэн багынхантай нүүр тулж уулзаж үзэх юмсан гэж байнга боддог юм.
Энд улаанаар тэмдэглэсэн тэр хэсгийг би монгол хэл дээр дэлгэрэнгүй мэдээлэл болгож оруулхаар шийдлээ.
Шууд уншаад ойлгож байгаа ч дагалдах мэдээлэлийг нягталж оруулж өгвөл илүү сонирхолтой байх болвуу ?


Яг энэ улаанаар тэмдэглэсэн хэсгийг судалж мэдээлэл блогт оруулж дуустал улаан тэмдэглэгээг авахгүй ээ.



Гуравдугаар тэмдэглэл




“Дэлхийн монгол айл” баримтат киноны төслийнхэн зураг авалтаар явсан газрынхаа тухай манай сонинд аян замын цуврал тэмдэглэл нийтлүүлж байгаа билээ. Өмнө нь бид тус багийнхан БНХАУ-ын Хөх нуур муж, ОХУ-ын Халимагт аялсан тухай сонирхуулж байсан бол энэ удаа Лалын бүгд найрамдах Афганистан улсын Бамиан мужид зорчсон тухай хүргэж байна. Тус баримтат киноны зураг авалт одоогоор дээрх газруудаас гадна Энэтхэг, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Хөлөнбуйр, Уйгур Шинжаан зэрэг газарт хийгдээд байгаа ажээ.

1. Ганбаагаас Хуссейн хүрсэн зам

Хөх нуурын Цайдмын хөндий, Ижил мөрний уужим талаар монголоо хайж зорчсон аян замын тэмдэглэлээ “Зууны мэдээ”-д хэвлүүлсний дараагаас маш олон хүн биднийг сураглан хандах болов. Сониучирхсан, дэмжсэн, баярласан, бассан, тагнасан олон хүн байснаас Ганбаа гэж залуу ёстой хувь заяаны тохиолоор бидэнтэй учирсан юм. Д.Болдхуягийн “Хэзээ чи Афган руу хамаатнуудтайгаа уулзахаар явах гэж байна?” гэсэн асуултын хариуг хайж яваад интернэт хэмээх их далайд түүний сургийг гаргасан хэрэг. Мань эрийн блогт Афганистан дахь “манай хамаатнуудын” талаар маш дэлгэрэнгүй өгүүлэл тавигдсан байлаа. Цахим хаягаар нь захиа бичиж аяллын зорилго, утасны дугаар хоёроо үлдээсний маргааш нь л энэ тэмдэглэлийн шалтгаан, нөхцөл, үр дүн нь нэгэн зэрэг болсон Ганбаа хэмээх шавилхан шар залуугийн:

-Байна уу? Буянбадрах гуай мөн үү? гэсэн дуу гар утсанд хангинаж байвай. “Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд” түүнтэй утсаар ярьж уулзсанаас ердөө долоохон хоногийн дараа бидний таван монгол “Air China”-гийн онгоцоор Улаанбаатараас хөөрсөн байдаг юм. Интернэтээс олсон мэдээлэлдээ харанхуй найдан Афганистаныг зорих гэж байсан манай зургийн баг шинэ үеийн үндэсний үзэлтэн, монгол туургатны өнгөрсөн болоод одоогийн тухай сонирхон судлагч Ганбаагийнхаа буянаар ямартаа ч очоод уулзах Хуссейн гэж хазара гэж хүний нэртэй болчихсон яваа нь тэр. Хил хязгааргүй даяарчлагдаж, зарим нэгний нотолж буйгаар бүр “хавтгай” болчихсон манай гарагийн энд тэндгүй монгол туургатан эчнээ найзуудтай болсон Ганбаагийн тухай хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь. Урт ургуулсан гэзэгнээс нь “монгол хир” ханхалж, “монгол ахуй, монгол ухаан” хэмээн бахархангуй гаслах эрхмүүд болон хас тэмдэг залж, харь бүхнийг үзэн ядагч савхин хувцастай залуусаас тэр шал ондоо хүн. Өдөр нь компьютерийн дэлгүүрт цагийн ажлаа дуусгаад үдэш нь хэний ч зөвшөөрөл, хаанахын ч виз шаарддаггүй интернэт хэмээх их гэрээсээ замын зардал, цагийн зөрүүнд санаа үл зовон монгол ахан дүүстэйгээ харилцаж суудаг юм. Эрдэм боловсрол, халуун сэтгэл хосолсон эгэл жирийн ийм л залуус угсаа нэгтэй ахан дүүсийнхээ талаар эрх баригчдаас маань илүүтэй үндэсний бодлого бодож суудаг билээ. Ийнхүү Ганбаагийн “алсын зайны андууд” болох Хуссейн болон түүний нөхөд биднийг Кабулд тосно гэсэн тул Бээжин дэх Афганы элчингээс аймшиггүйгээр виз нэхэхээр агаарын хөлгөөр довтолгон яваа маань энэ.

Баримтат киноны ажлаар яваа гэж өмнө нь Улаанбаатараас виз хүссэн албан бичигтээ үнэнээ өчсөн маань ёстой бодлогын алдаа байжээ гэдгийг Бээжин дэх Афганистаны элчингийн үүдэнд ам руугаа алгадуулахдаа сая мэдлээ. Зөвхөн жуулчны виз л шуурхай гарах магадлалтай бөгөөд киноны ажил, сэтгүүлч мэтгүүлч гэсэн үг үсэгтэй бол сараас нааш асуудал шийдэгддэггүй ажээ. Цаг явсаар. Нэгдүгээр сарын жаварт хайруулж Бээжингийн гудманд, Афганы элчингийн үүдэнд зогсоход хэдхэн цагийн дараа нисэхээр авсан Бээжин-Дели-Кабулын онгоцны билет толгойд тоо бодуулна. Цаг явсаар. Үүдний англи хэлтэй хятад ажилтанд нь хэдэн юань атгуулна. Цаг явсаар. Визний хураамжийг банкинд тушаагаад иртэл афган ноён цайнд явсан байна. Цаг явсаар...

Хаширлаж Улаанбаатараас Монгол улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг авч гарсан маань аминд оров. Манай засаг мань мэтийгээ 5000 төгрөгний цалинтай ямаанаас дээр үздэгийн нотолгоо нь энэхүү ноот бичиг болсон юм.

-Мөргөлдөөн самуунтай бүс нутаг руу явж байгаа бол тосч авах, байрлуулах, аюулгүй байдлыг нь хангах хүмүүсээсээ албан хариу заавал авдаг номтой юм. Ямар хайхрах эзэн, харах төргүй улс байгаа биш. Янз бүрийн юм болбол яана ... гэсэн Гадаад яамны түшмэлийн хатуухан сануулга харин бидний хувьд зол болжээ. Хуссейны “Наад монголчуудыг чинь би хүлээж авна” гэсэн имэйл, “Кино авахгүй ээ, жуулчны визээр судалгаа хийчихээд буцна. Зураг авалт ирэх зун, потом потом болноо...” гэсэн манай багийн гишүүн Сайнбаярын худал мэдүүлэг ч бас хачир нэмэр болсон нь лав. Онгоц нисэхэд ердөө 2 цаг дутуу байхад бидний паспортанд Улаанбаатараас авах гэж хоёр долоо хоног хөөцөлдсөн араб, англи бичигтэй Афганистаны виз дарагджээ. (Хожим дахин гадаадад зорчиход энэ виз аюулгүйн албаныхны асар нарийн шалгалтад өртөх шалтгаан болж лай дуудах юм гэж бидний хэн нь ч тэгэхэд төсөөлөөгүй явлаа. Афганистаны виз даруулсан паспорт эдийн засгийн ямар ч үнэ цэнэгүй зүйл гэдгийг визний чэнжүүдэд дашрамд анхааруулъя.)

Ер нь бол Монголоос Афганистан явахаар зоьсон хүн Астана (Казахстан), Бээжин (Хятад) хоёрын аль нэгээс виз авсан нь ойр бөгөөд Улаанбаатар-Бээжин-Дели-Кабул, эсвэл Улаанбаатар-Бээжин (Хөх хот)-Өрөмч-Кабул гэсэн чиглэлээр нисэхэд арай шулуун, бас бага зэрэг хямд болдог юм. Бараг долоон цаг ниссэний эцэст шөнө хугаслаж Делид буув. Бээжингийн “Капитал” нисэх буудлын 3 дугаар терминалаас хөөрч, хүн техник хоёрын гайхалтай зохицлын үр дүнд буй болсон үйлчилгээг нь мартаж амжаагүй бидэнд Шинэ Дели хотын Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудал ёстой сумын клуб шиг санагдана. Дараагийн онгоцоо хүлээж дамжин нислэгийн заалны чулуун шалан дээр ганц цаг нойр автал нэг бавгар сахалтай бараан нөхөр ирээд “Кабулын нислэгийнхэн босоод!” хэмээн хамаандаллаа. Үүрийн 4 цаг. Афганы визний марафон, олон цагийн нислэг, чулуун шалан дээрх зүүдний дараа нисэх буудлын ажилтнууд Кабулын транзит зорчигчдыг энд тэндээс хэд гурваар нь сэрээн дуудаж цуглуулсаар. Афган, энэтхэг, пакистан, монгол нийлсэн “Кабулынхныг” яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй нэг буланд шахаж хорьсоор бараг хоёр цаг болов. Зарлага, ачигч, шал цэвэрлэгч, зохион байгуулагч, бүртгэгч, угтан инээмслэгч, унтаж байгаа хүн сэрээгч, кофе машин цэнэглэгч, богино долгионы станцаар хүн дуудагч, хүн юм асуувал хариулагч, тэднийгээ хөндлөнгөөс хянагч гээд зорчигчдоосоо олон ажилтан энд тэндгүй маш чухал царай гарган хөлхөлдөнө. Тэдний нэгийг оноон товлоод ойрын 10 минутад яг юу хийхийг нь бид цаг нөхцөөн ажиглав. Хинди хэлээрээ 2 удаа 3-7 үгтэй өгүүлбэр гар станцаар дамжуулж, өөртэйгээ адил үүрэг бүхий 1 хүнтэй сонин сайхан хуучлан инээлдээд, сугавчилж яваа хавтсандаа хэд гурван тэмдэгт бичив. Ямар ч хэтрүүлэггүй, ингээд л бол оо. Ийм хүмүүс тэгээд энэ нисэх буудлаар дүүрэн гээд бод доо. Уншигчийг удаан зовоолгүй хэлэхэд, энэ бүхний эцэст миний ачаа алдагдан алга болсон байлаа...

Зүдэргээтэй олон давхар шалгалт давж, бараг 12 цагийн дараа халуун кофе оочилж, ганц тамхи угзрах зуур Кабул руу эхнэртээ очиж яваа англи эртэй танилцав. Мань эрийн “цайны хүн” Лондонд нөхөртөө цай хийж өгөхөө болиод, ядарсан Афганы ард түмэнд туслахаар Кабулд ирээд нэлээн хэдэн оныг үдсэн гэнэ. Басхүү энэ “сайн санааны аяны” “цайны мөнгө” нь ч гайгүй байдаг биз, ойрын үед буцаж харих тухай ярихгүй байгаа юм байх. Аян замд ганзага нийлсэн эрчүүдийн хооронд болдог богинохон боловч халуун яриа өрнөв.

-Бид Монголоос Афганистан руу анх удаа явж байгаа юм. Та тогооны хүн рүүгээ байн байн явдаг уу?

-Зиа, жилдээ хоёр удаа юм уу даа.

-Ах аа, Кабулд гадны хүн хамаагүй явахад аюултай гэж үнэн үү?

-Хэ цэс, манай Лондонгоос лав хамаагүй гайгүй дээ. Лондон ч бэрх болсон газар шүү.

(Сайнбаярын ярианы оргиналь орчуулгыг зохиогч.)

Нэгдүгээр сарын өглөөний тунгалаг нар уулын хормой дах жижигхэн нисэх буудлыг ээж байхад “Air India” компанийн “Боинг 737” Кабулд газардлаа. Хятад, Энэтхэгээр дайрсны дараа эндхийн цэлмэг хөх тэнгэр, өглөөний хурц нар, аажуу тайван алхах цөөн хүн нь сэтгэлд нэг л амар. Нисэх буудлын олон давхар буутай хамгаалалтыг энгэртээ зүүсэн үнэмлэхээрээ зүсэн нэвтэлсээр интернэтийн танил Хусейн маань “Сан бэн уу?” гэж инээмсэглэн угтав. Бидний зорьж ирсэн хазара ард түмний анхны төлөөлөгч нь тэр. Афганистанд Хусейнтай адил 2 сая гаруй хазара монголчууд бий...

2. Кабул

Үхрийн бөөр шиг гэдэг үг чухам Афганистаны үндэстний бүтцийн тухай үг гэлтэй. Харваас манай Говь-Алтай, Ховд хавьцааны болов уу гэмээр хөрслөг намхан бор хазара эр болон өндөр нуруутай, буржгар үстэй, ямаан сахалтай, цэнхэр нүдтэй Кандагарын хархүү ч өөрийгөө афган хүн л гэнэ. Арга ч үгүй юм, 30 шахам сая хүн амынх нь 38 хувь пуштун (паштун), 25 хувь тажик, 20 хувь хазара, 6 хувь узбек. Бас бус бага ард түмний тоо 30 хүрдэг бөгөөд түүнээс цааш олон янзын хэл холилдсон отог омгийн тоог эрдэмтэд ч тоолж бардаггүй юм гэсэн. Үүнийг батлах гэсэн мэт Кабул хотын нисэх буудлын жижигхэн байшингаас гарахад л үхрийн бөөр, маркны цуглуулга шиг өнгө өнгийн афганчууд тосно. Америк автоматтай цагдаагийн хамгаалалт, иран риал, пакистан рупигаас авахуулаад казахстаны тэнгэ хүртэл багсайлгасан валютын “чэнжүүд”-ийг өнгөрөхөд олны дундаас гараа даллан ирж тэврэлдсэн залуус бол манай хазара нөхөд байлаа. Дэлхийн банк, Азийн сан, USAID зэрэг олон улсын байгууллагуудад голдуу ажилладаг Хусейн, Аббас, Риза, Юсүф зэрэг эдгээр залуус бүгд англи хэлтэй. Ихэнх нь Афганистаны уугуул бол, зарим нэг нь талибаны дэглэм унасны дараа Пакистанаас иржээ.

-Кабул бол маш орчин үеийн хот. Тийм ч болохоор Иран, Пакистанаас маш олон хүн наашаа ирж амьдралаа төвхнүүлж байгаа юм гэж хот руу хөдлөх зуур хазара залуусын нэг нь өгүүлэв. Онгоцны буудлын байдлаас харахад үнэхээр орчин үеийн соёл иргэншлийн хэлтэрхий илт мэдрэгдэж байсан тул түүний үгэнд үнэмшихгүй байхын аргагүй. Гэвч нисэх буудлаас хөдлөөд арван минут ч бололгүй Афганистаны нийслэлийн тухай анхны сэтгэгдэл маань нэлээн өнгөцхөн, ихээхэн хуурамч байсан нь илчлэгдлээ. “Албан тасалгааны цонхоор ...” гэж дуулдагчлан Аббасын машины цонхоор амьдрал яагаад ч сайхан харагдахгүй байлаа.

-Манай 60-аад он ч ийм байгаагүй байх шүү гэж бидний дундаа хамгийн ахмад нь болох Батнягт ах сэмхэн шүүрс алдаж байна. Энэ хотод инженерийн нэгдсэн шугам сүлжээ, халуун ус, бохирын систем гэж үндсэндээ үгүй бололтой. “Селена”, “Интерконтиненталь” зэрэг 5 одтой буудал, Ерөнхийлөгч Карзайн өргөө, Засгийн газрын объектууд зэрэг томоохон барилгууд нь тус бүртээ өөр өөрийнхөө асуудлыг дизель станц энэ тэрхэнээр шийднэ. Өнгөрсөн гуч гаруй жилийн дайны ул мөр, өнөөгийн самуун цагийн шинж тэмдэг алхам тутамд ил.

Кабул бол хот гэхээсээ илүүтэй нэг том зах юм. Гудамж дагуу туждаа лангуу наймаа хөглөрнө. Манай кино группын хэн нэгний хошигнож хэлснээр “Бие биенээсээ зөрж юм худалдаж авдаг байх” гэмээр. Нисэх буудлаас хөдөлсөн бид хадтай барзгар уулыг ороон өнгөрч хазара монголчууд голчлон амьдардаг Кабулын баруун урд дүүрэгт орж ирлээ. Энэ дүүрэг тэртээд харагдах Хорияахын уулс хүртэл үргэлжилнэ. Хорияах гэж юу гэсэн утгатай үг болохыг асуувал “хорих, тусгаарлах” гэж хариулахад нь бид мэл гайхаж, бидний гайхсан шалтгааныг сонссон афганчууд маань мэл хөхрөв. Ийн явтал өмнө маань хазарачуудын эцэг гэгддэг Мазари хэмээх дайчин эрийн хөшөө амарлингуй дүнхийн харагдав. Чухам энэ дүүрэгт Баба Мазари хазара дайчдаа удирдан цус урсгасан тулалдааныг нэг талаас хуучин холбоотон болох Умардын эвслийн Бурханудин Раббани, Ахмад Шах Масууд нарын Засгийн газрын цэргүүдтэй, нөгөө талаас мөнөөх заналт талибуудтай хийж байсан нь 10-аад жилийн өмнөх явдал. Тажик, пуштун нарын хуйвалдаанаар Мазариг хэлэлцээрт урьж бариад тарчлаан эрүүдэж, нисдэг тэрэгнээс хад руу нисгэж хороожээ.Түүний дараа хазарачуудын хувьд Сталинград болсон Кабулын энэ дүүрэгт 1995 оны хаврын ганцхан шөнө 1000 гаруй энгийн номхон иргэнийг Засгийн газрын цэргүүд хүйс тэмтэрсэн билээ.1998 онд Мазари Шарифт 8000, 1999 онд Бамианд 1000 гаруй гээд талибуудын бөөнөөр нь хороосон хазарачуудын тоо зуугаар бус мянга мянгаар яригдана.

Манай залуусын Энэтхэгээс оруулж ирсэн хуучин тэрэг гудамж сүлжин чагнаалаа орилуулан урагшилна. Замын хөдөлгөөний дүрэм гэдэг ойлголт Улаанбаатараас дор газар байдаг л юм байна. Энэ дүүрэгт шавар тагзнууд сунжралдан үргэлжлэх бөгөөд хаа нэг тааралдах будагтай нүүр, вакум цонх бүхий хоёр гурван давхар тун дажгүй байшингаас шашны уянгалаг дуу чанга яригчаар хадах нь эдний сүм буюу мечет. Афганистаны хүн амын 84 хувь нь исламын шашны сунни урсгалыг, 15 хувь нь шиа буюу шийт урсгалыг дагадаг. Хөөрхий хазара нар илт монголжуу төрхтэйгээс гадна шашны цөөнх болсон шиа урсгалыг голчлон дагагсад учраас аль ч зуунд буруу номтноороо дуудуулж, адлуулан хядуулах заяатай болсон юм даг уу даа. 1896 оноос хойш Афганистанд 8 жил амьдарсан Английн судлаач, бас туршуул Фрэнк Мартины 1907 онд Лондон болон Нью Йоркт хэвлэгдсэн “Хэмжээгүй хаант засгийн доор” (Under the absolute amir) номонд өгүүлснээр хазарачууд “Хазаражат, Нонграхар, Герат зэрэг Афган орны төв бүсээр нутагладаг. Угсаатны хувьд бүрэлдэхэд нь монгол, түрэг, иранчууд оролцсон. 13 дугаар зуунд Хорасаны монгол захирагч эмир Аргун засаг захиргаагаа бэхжүүлэхээр монгол аймгийг Бадризэд авчирснаар эдний түүх эхэлдэг гэж “Бабур нама” хэмээх түүхэн чухал сурвалжид өгүүлнэ. Дараа дараагийн зуунуудад хазарачуудын амьдрах нутаг, төрөлх хэл нь ч өөрчлөгдөж өөр ард түмэн болон төлөвшсөн ч монгол гэх тов тодорхой шинж төрх хадгалагдан үлджээ”. Энэ мөрүүдийг үлдээсэн Фрэнк Мартин гэгч нь хазарачуудын түүхэнд хар (магадгүй улаан?) мөрөө үлдээсэн Абдрухман хэмээх пуштун үндэстэн хааны үед Афганистанд байсан юм. Мань Абдрухман хазара хүн амын 62 (!) хувийг аймаглан устгасан гэж миний шинэ танил хазара залуус харуусан ярьж байна.


Хазара нарын тухай аль ч эх сурвалжийн мэдээ хазара хэмээх перс үг нь мянга гэсэн утга илэрхийлнэ гэж эхэлдэг бөгөөд 1220-иод онд Чингис хааны их цэргээс энэ хавийг харгалзан үлдсэн нэг (эсвэл нэг бус?) мянгатын тухай яриагаар үргэлжилнэ. Нэрт монгол судлаач Б.Я.Владимирцовын 1922 онд хэвлүүлсэн “Чингис хаан” номонд ч их хаан Туркестан, Афганистан, Персийг захирч байсан Хорезмын шах Мухамедыг 1219-1222 онд хиар цохиод төрсөн нутаг руугаа буцахдаа эзэлсэн газартаа хэсэг цэрэг (Владимирцов авгайн өгүүлснээр гарнизон) үлдээсэн тухай өгүүлдэг аж. Зөвлөлтийн цэрэг Афганистанд дайтаж байх үед нутгийн коммунистууд буюу Афганистаны Ардын ардчилсан намын Төв хорооноос орос генералуудад зориулан гаргасан товхимолд ч “Хазарачууд бол 13 дугаар зуунд ирж суурьшсан монголын байлдан дагуулагчдын үр удам бөгөөд хүн амын тоогоор гуравдугаарт ордог угсаатны бүлэг болно. Тажик хэлний онцгой аялга болох хазарачи хэлээр ярина” гэжээ.

Бид нэр нэрээ мэдэлцсэн шинэхэн нөхдөөсөө Афганистаны тухай, харин тэд биднээс Монголын тухай танин мэдэхүйн асуулт тавьсаар хоолны газарт иржээ. Урьдчилан хэлэхэд Төв болон Дундад Ази, Энэтхэгт элбэг тааралдах хонины махан шорлог, тахианы махан карри, нан хэмээх гамбир нь маш амттай бөгөөд Пакистанаас импортолсон үхрийн цөцгий (Nestle-гийнх гэж байгаа), шинэ жимсний хамт бидний энд өнгөрүүлсэн 4 хоногийн хямдхан бөгөөд тун дуртай хоол болсон юм. Хоолны төгсгөлд хазара нөхөд маань биднээр ганц афгани (үндэсний мөнгөн тэмдэгт) төлүүлээгүй болохоор “Баярлалаа” гэдэг бардам үгээ ядаж тэдний хэлээр хэлж сурах хэрэг гарсан нь мэдээж. Хөгтэй нь, “Баярлалаа”-г персээр “Ташакур” гэх агаад бид чармайн байж цээжилсэн ч ялангуяа нөхөр Д.Сайнбаяр энэ үгийг хэлэх болгондоо “Доширак” хэмээн андуурах нь энүүхэнд. Азаар Афганистанд “Доширак” импортолдоггүй тул хазара нөхөд маань хоолны дараа нэмэж солонгос бэлэн хоол нэхээд байна гэж бидний тухай зэм бодоогүй нь яамай.

Исламын шашин нэвт дэлгэрсэн орны хувьд согтууруулах ундаа энд огт, бүр огт үгүй. Цагийн зөрүү Улаанбаатараас 3 цаг 30 минут. Яагаад Энэтхэг (2,5 цаг), Афганистан хоёр ийм сонин сондгой зөрүүтэй байдгийн учрыг бидний хэн нь ч тайлж чадсангүй. Делигээс алдагдсан ачаанд маань “Соёмбо” тэргүүтэй ганц нэг шил нутгийн идээ байсан тухай цагийн зөрүүнд дасах гэсэн багийн маань нэрээ хэлээгүй нэг гишүүн үдэш болгон харамсан ярих боловч Кабулын супермаркетад тэр зүгийн үнэр ч үгүй юм даа.

Хазара нөхөд маань 5 одтой буудал асар үнэтэй, харин хямд буудлаас гадны хүн хулгайлж барьцаалах явдал байсгээд гардаг тул эхнэр хүүхэд нь Пакистан явсан Аббасын хоёр давхар хауст ганц хоноод маргааш үүрээр Бамиян муж руу хөдлөе гэсэн юм. Дундаж монгол (бид өөрсдийгөө эргэлзэх юмгүй энэ ангилалд оруулж байгаа) хүний сэтгэлд хаус гэдэг үг ойрын жилүүдэд Туулын хөвөөнд олон болсон орд харшуудаар төсөөлөгддөг. Харин дундаж афган ойлголтоор энэ нь цахилгаан, дулаан, ханын цаас, халуун ус, тавилга үгүй ч боловсон жорлон, гал тогоо, дэвсгэр гудас бүхий гурван өрөөтэй хоёр давхар шавар байшин болой. Спиртэн дэн барьж ороо зассаны дараа амнаас уур цан савсах нь намжихгүй хүйтэн байлаа.

-Энэ юу ч биш, би Хөвсгөлд 11 сард гадаа унтсан. Толгой дээр байсан савтай ус тас хөлдсөн л байна лээ.

-Энэ өвөл угаасаа манай байр халаалт муутай байгаа. Хороолол чинь манай Улаанбаатарын Кабул юм байна шдээ.

-Та минь, маргааш Бамияны хазарачуудын амьдардаг агуйд хонохоо мэдэж байна уу? Тэрний хажууд өнөө шөнийг диваажин гээд л бодчих гэхчлэнгийн сэтгэл санаагаа чангалсан “бясалгалын” чанартай худлаа яриаг маань тагтан дээр авчирч асаасан “Ямаха” моторын дуу таслав. Нөхдийн авчирсан моторын чимээ, цахилгаан халаагуурын дулаан илчинд нэг мэдэхэд гүн нойронд умбажээ.


3. Хазара хүний үүлэн чөлөөн нар



Бид үүр шөнөөр бослоо. Газар хол, зам бартаатай, бас зууртаа пуштун нарын амьдардаг тийм ч тайван бус нутгаар дайрах тул ийн эртэлсэн хэрэг. Гадаа Бамиян муж руу биднийг авч явахаар Халифа хэмээх хазара жолоочтой “Тоёота” микроавтобус зогсож байна. Афганистанд автомашин байна гэдэг зүгээр нэг машин гэсэн үг хараахан биш. Монголын хээр хөдөө тааралдах баргийн нэг овооноос сүртэй юм гэхэд хол давуулж, том залсан хэрэг болохгүй. Олонх микроавтобус гаднаа чанга яригчтай, ихэнх нь шашны уриа бүхий том ногоон туг дэрвүүлж, хүний нүд торох газар болгонд нь цацаг жинс сагсайлгаж, наалт зүүлт гялалзуулна. Манайд сонгуулийн үеэр л нэг иймэрхүү машинууд хөлхдөг ч маяг гангарааны хувьд эднийг бараадахгүй биз.



Бамиян мужийн төв нь Кабулаас баруун хойшоо чанх шулуун явбал 125 километр. Уулын замын нугачаа тойрууг тооцвол яс явах нь 200 орчим болно. Уул нь Улаанбаатараас Дархан гэсэн үг. Харин хазара нарын төвлөрөн амьдардаг газар руу засгийн газраас хөрөнгө оруулалт хийн дэд бүтцийг нь хөгжүүлэхдээ хойрго ханддагаас энэ 200 километрийг бид бараг 10 цаг туулсан билээ. Монголыгоо бид уулсын орон гэхчлэн бахддаг нь афган хүний хажууд гайхуулалтгүй зүйл бололтой. Хэдэн зуун дамжсан дажин самуун, сая саяар тоологдох үхэл хагацлыг үзсэн өвгөн уулс юу ч болоогүй мэт, юу ч үзээгүй мэт тэнгэр тулан дүнхийнэ. Манай Батнягт ах машин зогсоож жаахан зураглал хийх гэсэн ч газарчдаасаа “Энэ бол талибудын гол тулгуур болсон пуштун нарын район. Хамаагүй камертай гадны хүнийг таашаадаггүй газар. Мэргэн буучид нь ажил мэргэжилдээ их дуртай улс” гэсэн анхааруулгыг аваад болив оо. Удалгүй Брэд Питтийн тоглосон “Вавилон” гэж кинонд гардагтай адил үйл явдал болох шахаж энэ анхааруулга дэмий сүржигнэсэн явдал биш байсныг нотлосон юм. Эзгүй хээр зогсон морь харцгааж, биеийн чилээ гаргаж байх зуур тэрүүхэн уулын хяр дээрх бутан дундаас нэг хүн байн байн цухалзах нь анзаарагдана. Дууны инженер Амгаагийн фото аппаратаар татаж үзвэл 10 гаруй насны жаал хүү хадны цаагуур нуугдан хэвтээд үе үе цухуйн биднийг ажиглах ажээ.



Цасанд хучигдсан Хиндукушийн салбар уулс, эрчлэн урсах Урбандарьяа гол, найман зууны тэртээх монгол цэргийн түүхийг чимээгүй хүүрнэх цавчим хавцлууд, замын хажууд арзайх хуягт танкын сэг цонхны хажуугаар хөвөрсөөр. Автомат буу агссан цагдаагийн хамгаалалтыг нэвтрэн их үд болж байхад бид Бамиянд орж ирлээ. Гивлүүр зүүж нүүрээ халхалсан афган эмэгтэйчүүдийн дундаас тодрон мужийн засаг дарга болно гэдэг хэр баргийн ээжийн охин ийм оронд бардаг даваа биш гэдэг нь мэдээж. Харин энэ Бамиян мужийн засаг дарга нь эмэгтэй, хамгийн олзуурхууштай нь хазара хүн байлаа. Энэ улсад хооронд нь холбож ойлгоход тун хэцүү “дарга”, “хазара”, “эмэгтэй хүн” гэх ойлголт нэг хүнд цогцолсон нь тэр. “Бурхан илжгийг бүтээхэд хазара хүн уйлжээ” гэсэн үгийг саяхан олж харсан сан. Яагаад чухам хазара хүн? Яагаад уйлсан юм бол? Афганы нийгэмд хамаг хар бор, боолын ажлыг нь хийдэг хазара хүн илжгэнд ажлын байраа алдсан тухай өгүүлж байгаа доромж утга энэ үгэнд нуугдаж байгаа юм. Товчхондоо, хазара хүний хувь заяа бол илжигний хувь заяа гэсэн санаа. Энэ үгний эсрэг хазарачуудын удирдагч агсан Мазаригийн "Хазара байх нь гэмт хэрэг биш, үндэстэн ястны тэгш эрхгүйгээр Афганистаны нийгэм оршин тогтонож чадахгүй" хэмээх алдарт үгийг ишлэмээр санагдана.






Биднийг ирэхэд Бамиянд жагсаал болж байлаа. Гаазын зурваст болж буй Израил-Палестины мөргөлдөөний тухайд байр сууриа илэрхийлж 20 хүрээгүй хүүхэд залуус голдуу 200 орчим хүн уриа лоозон хашгирч төв гудмаар жагсаж байна. “Израил” гэсэн үгтэй өгүүлбэрийг их л заналтайгаар байн байн цуурайтуулах нь манайхаар бол “зэмлэн буруушааж” байгаагийн дээд хэлбэр бололтой. Хэдийгээр цагийн байдал харьцангуй гайгүй болж байгаа ч иймэрхүү жагсаал цуглааныг жагсагчдаасаа олон шахуу буутай цагдаа харгалзан хамгаалах ажээ. Бамияны хөрсөнд нэвчсэн цус хатаж, хазарачуудын зүрхэнд хургасан шарх аньж амжаагүй болохоор тэр биз. Талибаны дэглэмийн үед буюу 1998-1999 онд Бамиянд Афганистаны шинэ түүхийн эмгэнэлт рекордод орох аллага болсон билээ. Энд хазара нарыг аймаглан устгахдаа эмэгтэйчүүдийг хүчирхийлж, хүүхдүүдийг зодож алж, орох орон, идэх хүнсийг нь галдан шатаасан юм. О.Батбаярын интернэтэд тавьсан өгүүллээс үзвэл талибууд хазара монголчуудыг үр үндсээр нь устгах нь Талибаны засгийн газрын бодлого гэж зарласны дагуу тэдний удирдагчдын нэг Маноон Ниази радиогоор "Хазарачууд нь лалын ариун шашинтнууд биш учраас алж устгаж болно. Хазара хүнийг алах нь ямар ч нүгэл биш " хэмээн аллагад уриалж байв. Тэр мөн "Хазара нар аа, та нарт гарах гарц байхгүй. Дээшээ зугтвал бид хөлөөс чинь татаад унагана, доошоо орвол үснээс чинь зулгаагаад гаргана" хэмээн занажээ. Бидний анд Хусейны ярьснаар бол талибууд “Афганистан бол пуштун нарын эх орон. Узбекууд Узбекстан руугаа, тажикууд Иран, Тажикстан руугаа зайлбал таарна. Харах нутаг, дуудах ахан дүүсгүй муусайн хазара нар шарилын газарт далд орцгоо!” гэж дайсгнаж байсан гэх. Уул нь тэдэнд найман зууны тэртээ орхиод ирсэн эх нутаг бий гэдгийг батлах гэсэн мэт хэл ярианд нь хүртэл өвөг монгол үгс олноороо үлдсэн байна. Бид цаг хороож хэсэг хөөрөлдөхөд л ухах утга нэгтэй, дуудах дуудлага төстэй доорх үгнүүдийг оллоо. Тухайлж судлах эрдэмтэд үүнээс ч олныг олох биз ээ.






хабиргаа - хавирга


алгаа - алга


украа – ухархай


хайчи-хайч


гачар - хацар


толгай - толгой


гоол - гол


таяаг - таяг


горияа - хороо


хайру - хайр


көнжила - хөнжил


агай - том эгч, авгай


авга - авга


нагаци - нагац


яаса - ёс


нома - үсэг


элчи – элч


чээжи-цээж


шигай-шагай






Бамиян хотын хойд уулын энгэрт хүн төрөлхтний соёлын өв болон гайхагдаж байсан Бурхан Буддагийн чулуун хөшөөний ором онгойж харагдана. 53 ба 35 метрийн өндөртэй хоёр чулуун бурхны насыг 1500-2000 жил гэж эрдэмтэд багцаалдаг бөгөөд энэ л үест одоогийн Афганистаны нутагт бурхны шашин Энэтхэгээс ирж түгсэн бололтой. Харамсалтай нь талибууд хазара хүнтэй адил харагдсан гэж шалтаглан эдгээр дурсгалыг буруу номынх гэж зарлаад их буу, танкаар буудан нурааж орхисон билээ. Биднийг очиход чулуун бурхдын байсан газрыг хашаалж хамгаалалтад авсан байсан бөгөөд их бууны суманд хэдэн хэсэг болсон үлдэгдлийг нь баглан боожээ. Япончууд эргэж эвлүүлэх гэж байгаа юм байх.





Энэ элгэн улаан уулын энгэрт газар нүхлэн шавар оромж хийгээд хазара монголчууд амьдрана. Идэр насны эрчүүд цөөрсөн нь илт, эмэгтэйчүүд, хүүхдүүд, өвгөд голдуу. “Дэлхийн монгол айл” баримтат киноны Афганистанд авах ангийн баатрууд нь энд амьдран суудаг эгэл нэгэн айл юм. Талибууд засаг барьж байх үед энэ өрхийн өмнөх тэргүүн алагдсан бөгөөд шоронгоос гарч ирсэн дүү нь заншил ёсоор бэргэн эгчийгээ гэргий болгон авч суужээ. Ахынх нь хоёр, бас хожим эхнэрээс нь гарсан өөрийн хоёртой нийлээд 4 охинтой залуу хархүүгийн бие жаахан тааруу байгаа бололтой. Тэрээр зундаа хот руу орж хөлсний ажил хийж хураасан мөнгөөрөө 6 ам бүлээ тэжээнэ. Эхнэр нь мэдээж өөрөөс хамаагүй эгчмэд эмэгтэй бөгөөд биднийг очиход хасах 6 хэмийн хүйтэнд гол руу хувцас хунараа угаахаар одсон байв. Ядуугаасаа болоод хүнд дараа болж, өөрсдөө өрөнд оруужин гээд хажуу айлдаа ч зочилж чаддаггүй энэ эмэгтэйн хувьд гол дээр юм угаах нь утас, телевизор, сонин хэвлэл, театр, интернэт зэргийг орлож харилцаа холбоо, зугаа цэнгэлийн бүхий л хэрэгцээгээ хангахын нэр ажээ.



Өдөр бүр шахуу талибуудын террорист халдлага гарч буун дуу тасраагүй байгаа ч Афганистанд амьдрал аажим аажмаар сэргэсээр байна. Эвслийн цэргүүд хазара нарын хувьд өөдөө нар харж, зоо тэнэгэр явах баталгаа нь бол олонхи пуштунчуудын нүдэнд тэд эзлэн түрэмгийлэгчид. Олон улсын энхийг сахиулагчид хэзээ гарч явах бол, америкчуудын дараа амьдрал хаашаа эргэх вэ, ирэх сонгуульд хэн засаг авах вэ, үндэстэн хоорондын мөнхийн өсөрхөл дунд яаж амь зуух вэ гэдэг асуулт хазара хүн бүрийн хувьд амин чухал юм. Удаан үргэлжилсэн дарлал доромжлолын дараа олон улсын (түүний дотор Монгол улсын) цэргийн хүчин байдлыг бага ч болов хянаж байгаа нь хазара монголчуудын хувьд ёстой үүлэн чөлөөний нар билээ. Энх тайван гэдэг ойлголт үгсийн сангаас нь арчигдах шахсан энэ газар элгэн садан маань болох 2 сая гаруй хүн аж төрж байна. Найман зууны өмнө Афганистаныг хүйс тэмтэрсэн өвөг дээдсийн маань өрийг өнөөдөр амиараа төлж яваа хазара монголчууд...



М.БУЯНБАДРАХ



Улаанбаатар-Дели-Кабул-Бамиян

2009 оны 1-2 дугаар сар

Гэрэл зургийг С.АМГАЛАНТӨР



Зургийн тайлбар

Фото 1: Бамияны гудамжинд Израилийг буруушаасан жагсаал болж байлаа.

Фото 2: Дайны ул мөр арилаагүй Кабул хот

Фото 3: Бутны цаанаас булталзах пуштун жаал. “Вавилон” киноны хэсэгтэй тун төстэй биш гэж үү?

Фото 4: Дэлхийн Монгол айл төслийн баг

3 comments:

  1. ene barimtat kinog uzsen khun baina uu?
    davgui kino bolson suragtai olood uzchikh yumsan.

    ReplyDelete
  2. barimtat kinog n uzseen uneheer ih yum bodogsoon bid tsuuhuulee l geed bdag unen heregtee bid chen tarj butraad delhiigeer neg bolsonoo l meddegum bn lee hazar mongolchuudiinhaa talaar medeelel iluu ihiig niitleerei.Tal nutagtaa taiwan amidarah tsag ireh boltugai munkh Tenger iwgeeg tedniig mine.

    ReplyDelete
  3. blog deer shine medeeleluudiig niitlekh bolno. tsaash ni damjuulj ogno uu.

    ReplyDelete