Thursday, May 17, 2012

Монголчууд 10 сая биш, 23 сая болов уу?

Мянга мянган жилийн тэртээгээс монголчуудын нүүдэллэн амьдрах нутгийн өмнөд хязгаар нь өнөөгийн Афганистан байжээ. Хүннү, Чингис хаан, Хүлэгү хаан, Төмөр хаан, Барс (Бабур) хааны үед өвөг монголчууд, монголчууд, пэрсэжсэн монголчууд, түрэгжсэн монголчууд энд олноор ирж байв. Тэдний хувьд, хөрш ард түмнүүдтэй холилдох, уусах явдал ч мэдээж байлаа. Ийнхүү хазар гэх монгол туургатан ард түмэн үүсчээ.
Их Монголчуудын (Могул) гүрнийг байгуулах, мандуулан бадруулахад хазаруудын гүйцэтгэсэн үүрэг их. Харин тэрхүү гүрэн мөхсөний дараа өсөрхөн дайсагнасан ард түмнүүдийн хүрээлэл дунд орж, тал бүрээсээ халдлагад өртөх болов.
XIX зууны эцсээр л хазарууд тэдэнд дийлдэн, эрхэнд нь орж, Хазара Жат улс нь мөхсөн юм. Тэгэхэд Абдуррахман гэдэг харгис хаан хазарууд бол хүн биш, буг чөтгөр хэмээн хамсаатнуудтайгаа нийлэн тунхаглаж, тэдний эсрэг шашны ариун дайн жихадаа зарлаж, хазар хүнийг алах нь буян болно гэж мунхруулан, хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн том хядлагуудыг нэгийг үйлдсэн юм. Хазаруудын 60 хувийг устгаж, сая саяар нь алж хөнөөжээ.
Манж Чин гүрний үйлдсэн Зүүнгарын, хятадын улаан малгайтнуудын үйлдсэн Хорчины, Абдуррахман нарын үйлдсэн Хазарын, сталинистуудын үйлдсэн Халимагийн гээд олон аймшигтай, өргөн хүрээтэй гэноцид Монгол туургатны минь түүхэнд тохиожээ.

Хазаруудыг тийнхүү хядсан нь монгол цусаар нь ялгаварлан гадуурхах, одоо хүртэл үргэлжилж байгаа апартэид бодлогын эхлэл байлаа. Абдуррахманы гэноцидийн дараа хазарууд ямар ч эрхгүй боолууд, шаарлагдсан хүмүүс болж хувирсан.
1950-иад онд хазарууд энэ байдлыг эсэргүүцэн боссон ч, нухчигдан дарагдаж, нийслэл Панжабыг нь газрын хөрстэй тэгшлэн устгаж, үндэсний Хазара Жат мужийг нь татан буулгаж, хэсэглэн хувааж, өөр үндэстний мужуудад нэгтгэжээ.
1990-ээд онд гарамгай удирдагч Баба Мазарийнхаа жолоодлогон дор мөн л хазарууд босч тэмцсэн. Түүх давтагдаж, Баба Мазарыг нисдэг тэрэгнээс шидэн хороож, хазаруудыг алж хядаж эхэлжээ.
Талибууд Кабулд мянга мянгаар нь, 1997 онд Мазари-Шариф-д 15 мянга, 1998 онд тус хотод найман мянга, мөн тэр онд Бамиянд, 2000 онд Робатакид, 2001 онд Якауданг-д олноор нь хазар хүмүүсийг хүйс тэмтрэн устгаж байв. 2001 онд талибийн дэглэм түлхэн унагагдсан ч харгислал үргэлжилсээр. Паштуны күчи ястныхан хазарууд руу зэвсэглэн довтолсон нь нэг жишээ.
Сүүлийн үеийн жишээнүүд гэвэл 2011 оны:
-5-р сарын 6-нд пуужингийн харвалтад өртөж долоон хазар хүн, түүний дотор нялх хүүхэд амиа алдаж, таван хүн шархадлаа;
-6-р сарын 16-нд Пакистаны спортын байгууллагын орлогч дарга хазар хүнийг буудан аллаа;
-7-р сарын 10-нд цагдаагийн албан хаагч хоёр хазар хүнийг буудан аллаа;
-7-р сарын 19-нд сүүлийн хоёр сард 25 хазар хүн үндэсний ялгаварлан гадуурхлаас болж алагдав гэж хазарын үндэсний эрхийн төлөө тэмцэгчид мэдэгдлээ;
-9-р сарын 20-нд хазар хүмүүс сууж явсан автобусыг дэлбэлж, 26 хүнийг алж хороолоо…
-1999 оноос хойш зөвхөн Пакистаны Квэттад амиа золиослогчийн зүүсэн юм уу, цагийн мэханизмтэй бөмбөг дэлбэлэх, буудах, хүүхэд хулгайлах зэрэг олон аргаар 40 гаруй удаа хазарууд руу дайрч, ялангуяа сүүлийн үед нэн идэвхижсэн бөгөөд, 1999 оноос хойш 2100 хазар хүн дээрх халдлагуудаас болж хохирч, 500 хазар хүн амиа алджээ...
Хазар хүмүүс монгол цустайнхаа л төлөө энэ мэтээр амь насаа алдан, алаг хорвоог орхисоор байна. Монгол цустай, зүстэй тэднийг хэн хамгийн их өмгөөлөх, хамгаалах ёстой вэ.
Афганистанд байгаа үндэстэн бүрийн олонхи нь хилийн чанадад байдаг. 42 сая паштуны 12, 29 сая үзбэкийн гурав, 22 сая тажикийн найм, есөн сая балочийн 0.6 сая нь Афганистанд амьдардаг. Хилийн чанадын ах дүүс нь Афганистан дахь элэг нэгтнүүддээ байнга, бүх талын, өргөн хэмжээний тусламж үзүүлж байдаг байна. Тэгвэл Афганистаны хазар монголчуудад бусад 10 сая монголчууд тэгж тусалдаг билүү. Лав л миний захиалж уншдаг сонинуудад тэднийг алж хядсан тухай мэдээ ч гардаггүй жишээ байж байна.
Хазар бол монгол элэгтэй зон мөн. Афганистанд харин Монголын талаар хэлж ярих нь ч аюултай, хориотой байдаг тал бий. Тэгэх л юм бол “Монгол руугаа тонил!” гэж хөөж тууна, өсөрхөнө, алж хядна. Хазарууд өөрсдийгөө монгол цустай гэж болдоггүй, бусад үндэстэн тэгж хэлж дайрч давшилж болдог.
Афганистанаас өөр оронд байгаа хазарууд бол өөрсдийгөө хазар монгол гэж нэрлэж, Чингис буюу Чангэзи гэх овог авч, манай улсыг Аугаа Монгол буюу Great Mongolia гэж хэлж, түүхэн эх орноо гэж үзэж, очихсон гэж мөрөөдөж, биднийг нэг нутгийнхан буюу кавма (qawma) гэж дотночилж, үнэн сэтгэл санаагаа илэрхийлж байдаг аа.
Хазаруудын зүс царай монголжуу, гэхдээ бүх хилийн чанадын монголчуудын адил уусч холилдсон шинж бас байлгүй яахав. Пэрсийн “хэзара” буюу “мянга” гэх үгээр угсаатны зүйн нэршилтэй болсон гэгддэг ч, хязгаар, газар, азарга зэрэг монгол үгтэй холбож үзэх нь ч байдаг. Хазар хэлний үгсийн сангийн 20 хувийг монгол, 10 хувийг түрэгжсэн монголчуудаар дамжин орж ирсэн түрэг, 70 хувийг пэрсэжсэн монголчуудаар дамжин орж ирсэн пэрс үгс эзэлдэг. Хэл нь пэрс суурьтай ч, яс үндсийн суурь нь пэрс бус. Хэл шашны ойролцоо байдлаас болж хазарууд Иранд их дүрвэж очсон байдаг, гэхдээ тэнд расист ялгаварлан гадуурхалтад өртөж байдаг. Иранчуудтай ахан дүүгийн харьцаатай байдаг бус, Афганистан, Пакистан, Иран гэх энэ гурван улсад хазарууд зовж зүдэрсээр байна.
Хазаруудын дунд Боржигон, Бэсүд, Барлас, Жалайр, Жадран, Найман, Хасар, Тулуй хаан, Нэгүдэр, Чахар, Хулбарс, Харбаатар, Их Чоно, Аймаг, Болд гээд монгол нэртэй овог аймгууд байдаг. Зан заншил, ёс уламжлалын хувьд манайхтай төстэй зүйлс багагүй бий. Эрийн гурван наадам хийж, цээж нүцгэн барилдан, морь тэмээгээр уралддаг, буудаж харваж цэц мэргээ сорино.
Чингис хаан Кабул хотын ойролцоо, Гиндүкүшийн нурууны бэлд өвөлжсөн гэдэг нь Хазар нутагт юм.
Монголын сэтгүүлч М.Буянбадрах, Б.Сайнжаргал, Ц.Санчирмаа, Н.Болормаа нар хазаруудын нутгаар аялж, сонирхолтой мэдээллүүдийг ард түмэндээ хүргэж байсан. 20 гаруй хазар оюутнууд Монгол дахь ТББ-уудын хандиваар манай улсын их сургуулиудад сурч байна.
Хэдийбээр Афганистанд Монголын талаар хэлж ярих нь аюултай ч, хазар хүн амтай Дайкүнди мужийн нийслэл Нили хотын захирагч Азра Жафари гэдэг эмэгтэй Улаанбаатар хоттой ахан дүү хот болох санал дэвшүүлсэн (Ташрамд хэлэхэд, Хазар-Монголын хотууд ахан дүү болох санаачилгыг анх, Хазар-Монголын харилцааг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн, М.Бямбахүү гэдэг эх орон нэгтэн залуу маань гаргасныг тэмдэглэхэд таатай байна). Дэлхийн монголчуудын өв соёлын нийгэмлиг, Дэлхийн монголчуудын чуулган зэрэг монгол туургатны байгууллагад хазар зон элслээ. Вашингтон хотод саяхан болсон, монгол туургатны 24 дэх удаагийн Чингисийн тахилгад хазарууд албан ёсоор оролцлоо.
Удахгүй хазар-монголын харилцан туслалцах ТББ байгуулагдах гэж байна.
Хазар ахан дүүстээ бид сэтгэл санаа, эд матэриалын тусламж үзүүлэх; уугуулшигч буюу репатриант, дүрвэгч, цагаач, ажиллах хүч, өнчин хүүхэд хүлээж авах, элэгшүүлэх буюу Монгол улсын иргэний бичиг баримтыг олгох; Хазарын хүйтөрөлгүйтгэл буюу гэноцидийг хүлээн зөвшөөрөх, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх зэргээр тусалж болох байна. Асар их байгалийн баялагтай бидэнд хазар ахан дүүстээ туслах бүрэн бололцоо бий.
Хазар ахан дүүс маань зөвхөн тусламж авах хүмүүс гэж ойлгож болохгүй. Харилцан туслалцах хамтын ажиллагааг бид хөгжүүлэх ёстой. Үүнд, хоёр талын байгууллагууд байгуулах, ХАА, худалдаа, бизнэс, соёл-спортын солилцоо, ах дүү хот зэрэг чиглэлээр хамтран ажиллах хэрэгтэй байна. Монгол туургатны байгууллага, үйл ажиллагаанд хамруулах шаардлагатай.
Хазар нөхөд маань Багахангайн махкомбинатад исламын стандартаар мах бэлтгэх; цэцэрлэг, тариаланг хөгжүүлэх; уул уурхай, барилгад мэргэжилтэн, мэргэшсэн ажиллах хүчнээр зүтгэх; пэрс хивсний үйлдвэр байгуулах; арвай тарьж шар айрагны түүхий эд бэлтгэх; хазар рэсторан байгуулах гээд тодорхой санал дэвшүүлж Монгол улсад ирдэг.
Монгол туургатан 10 сая биш, 23 сая боллоо. Амэрикийн хазаруудын төлөөлөгч Давуд Али Чангэзи Чингисийн тахилгад оролцохдоо хазарууд бид монголчууд бөгөөд хазар монголчууд 13 саяулаа юм гэсэн билээ.

Ч.Мөнхбаяр
ММХI.X.II

No comments:

Post a Comment