Thursday, May 17, 2012

Монголын төр лалын харгисуудтай нийлж хазаруудыг даралцдагийг АНУ-ын сэтгүүлч илчлэв

Тэд үүнийхээ төлөө талибан, Бен Ладенаас шан авдаг байсан бололтой

Монгол туургатан нэгдэхийн эсрэг үзэлтнүүд ширүүн эсэргүүцэл үзүүлж байгаа ч, Хазарын Дайкүнди (Нили) хотынхны Улаанбаатартай ахан дүү болж, хоёр түмний хооронд анхны албан ёсны харилцаа тогтоох гэсэн ажил урагшилсаар байна.
Ах дүү болох шийдвэрээ албан ёсоор Дайкүндийн удирдлага нэгэнт гаргажээ. Урьд нь зүгээр санал санаачилга яваад байсан юм. Энэ зуны их ойн наадмаар Дайкүндийн эрхэм зочид биечлэн ирж, санал онолоо ажил хэрэг болгох гэнэ.
Тэд ах дүү хот болох дэлхийн стандартын дагуу бичиг баримтаа бэлтгэж буй аж. Дайкүндийн санаачилгыг дэлхийн хазарчууд дэмжиж буй юм байна. Ахан дүүс болсноор ямар харилцан ач тустай байхыг яруу тодоор бичиж бэлтгэж буй гэнэ шүү. Манай хотын удирдлага ах дүү болох асуудлыг юуны өмнө ашгийн талаас нь харж шийдвэрлэдэг шиг билээ. Тэр ашгийн тухайд ч, Дайкүндийнхэн төсөлдөө тусгана. Маш нарийн, тодорхой төлөвлөгөөг зэхэж буй аж.

Заримаас нь дурдвал, халуун орны жимснүүдийн, эрс тэс уур амьсгалд зохистой хазар сортуудын аж ахуйг Монголд хөгжүүлнэ. Шар айрагны түүхий эдийг Монголд тарьж ургуулна. Манайд лал маягийн мах комбинат байгуулна гэх мэт. Мэдээж, соёл, боловсрол, урлаг, спортын солилцоо, хамтын ажиллагаа их хийгдэнэ.
Австралийн хазарчууд тэндхийн монголчуудтай маань тун найрсаг харилцаатай аж. Чингээд их л урам зоригтойгоор төлөөлөгчид нь Монголд ирцгээж, тал бүрийн хамтын ажиллагааг санал болгож дээ. Гэтэл хүйтэн царайт, хөлдүү толгойт түшмэдүүд маань халуун сэтгэл дээр нь хар мөс асгаад бараг хөөгөөд явуулсан юм билээ.
Хазарыг хавчин гадуурхах бодлогод манай нам засаг идэвхтэй оролцож, талибан, Бен Ладен, одоогийн паштуны дээрэнгүй үзэлтнүүд, Карзай нараас хэдэн төгрөг салгадаг шиг байгаа юм. Хазар гэхээр л дарга дорго нар маань хазайж хялайгаад болж өгдөггүй гэнэм. Виз мизээн өгнө гэж байхгүй. Ирэхэд нь асар их үзлэг шалгалтанд оруулж, олны өмнө чармай нүцгэлэхээн дөхөж доромжилно, хардаж сэрдэнэ, мөрдөж мөшгинө, зугтаж зайлсхийнэ. Хазар бол террорист, хар тамхины наймаачин, лалын хэт даврагч учир ингэж байгаа юм гэж тайлбарладаг аж. Аягүй бол хазаруудтай харьцсан монголчуудыг дээрх шалтгаануудаар хэлмэгдүүлж ч магад.
Тэгсэн хэрнээ, лалын жинхэнэ болдоггүй улстай нь найзалж нөхөрлөнө. Ямар сайндаа л, энэ лалынхны шонхор барих грүпп гээч хаалттай, нууц систэмийнхэн чинь Аль-Кайдагийнхан биш биз дээ гэсэн хардлага төрөхөв, Бэн Ладэн шонхор баригчийн дүрээр Монголд явж байна гэсэн онигоо гарахав.
Манайд Ираны тээврийн онгоц ямар ч зөвшөөрөлгүйгээр орж ирж, агаарын хилийг маань зөрччихөөд, олон үггүй мах ач хэмээн дээрэнгүй хандаж л байсан. Нэг дарга маань тэдэнтэй махны наймаа хийсэн юм билээ л дээ. Ноднин Палестины, дэлхий даяар эрэн сурвалжлагдсан террористуудыг Монголд очсон гээд л дэлхий шуугиад байсан, албан тушаалтнууд маань байхгүй ээ л гээд байсан, ард олон болохоор Увсад яваад байнаа л гээд байсан. Манай Монгол ч лалын үл бүтэх элементүүдийн амралт сувиллын газар болж байгаа юм байх аа даа. АНУ-ын сэтгүүлч Алиша Кампи энэ бүхнийг анзаарч мэдээд, Монголын төр хазарын дискриминацид оролцож байна гэж бичсэн юм билээ. Манай төр ч мөн ч их нүгэл үйлдэж байна, нүгэл нь нүдээрээ гарах болоогүй л юм байх даа.
Монголын нөхцөл байдлыг хазарууд мэдсэн, гомдож, урам хугарч байсан ч өдгөө нарийн учир жанцанг ухварласан, ахин өөдрөг үзлээр бидэнд хандах болсон.
АНУ-ын монгол туургатнууд Mongolian Heritage Foundation буюу Монголын өв соёлын сан (МӨСС) гэдэг байгууллагад нэгдэж, Удирдах зөвлөлд нь монгол туургатан бүрээс хоёр хоёр хүн орох болж байгаа юм билээ. Үүнд хазарууд нэгдэх болжээ. МӨСС бол 1988 оноос, Монгол улсынхан ирээгүй байхад байгуулагдаж, халимаг, өвөр монгол голдуу хүмүүсийг нэгтгэж байсан, нэр хүндтэй байгууллага юм. Шинэчлэн зохион байгуулагдаж буй бөгөөд, Монгол улсынхан улам их байр суурь эзлэх болсоор иржээ. Энэ жилийн, МӨСС-ийн, Америк дахь Чингисийн тайлгыг ар монгол залуу зохион байгуулах болжээ.
Ийнхүү монгол туургатан маань нэгдэж нягтарсаар байна. “Монгол” дарга байхгүй газар бүр ч сайн нэгддэг юм байна. Хамаг юманд садаа болсон хувхай дарга нарыг хөсөр таягдах цаг болж дээ, хө.
Монголчууд минь хазар ахан дүүсээ алд цэнхэр хадгаан дэлгэн угтацгаая. Дээр буй эвэртэн туурайтнууд хичнээн хажиглаж, хөөж тууж байгаа ч нэгэнт төрсөн ахан дүүс учир, тэдгээр эвэртэй туурайтай эрхтэй дархтай хүний хүрэн бөөрт үрс хазаж хайрч байгаа ч, бидэн рүүгээ тэмүүлж тэмцсээр л байна. Бид олон казахуудыг, хятадуудыг нутагтаа оруулж байсны хойчис өдгөө хэдэн бумаар тоологдоно. Яагаад өөрийн ахан дүүс - хазар монголчуудыг оруулж болохгүй байх билээ.
Дайкүндийг дэмжицгээе, түрцгээе, угтацгаая.

Ч.Мөнхбаяр
 http://moenhbayar.blogspot.com/2011/07/blog-post_2236.html

No comments:

Post a Comment