Хуралд ТББ-ын төлөөллүүдээс гадна, дөрвөн хазар монгол, таван өмнөд монгол хүн ирж, эв санааны нэгдлээ илэрхийлсэн юм.
Дэлохийн монголчуудын өв сангийн нийгэмлигийн (ДМӨСН) УЗ-ийн зөвлөх Ч.Мөнхбаяр: “Хазар хүмүүс монгол цустайнхаа л төлөө амь насаа алдан, алаг хорвоог орхисоор байна. Монгол цустай, зүстэй гэж хэлмэгдэж байгаа тэднийг хэн хамгийн их өмгөөлөх хамгаалах ёстой вэ? Бид!” гэв.
Ногоон эвслийн тэргүүн О.Бум-Ялагч: “Ногоонтны үзэл санаа бол зөвхөн байгаль хамгаалах салбарыг хамаардаггүй. Хүний эрхийн асуудлыг их анхаардаг. Тиймээс ногоонтон бид монгол туургатны эрхийн төлөө тууштай тэмцэх болно. Хүний эрх байхгүй газар байгаль, экологийн төлөө дуугарах эрх ч байхгүй. Байгаль, экологийн зохистой хамгаалалт ч байхгүй, тэгэхлээр асуудлууд хоорондоо уялдаатай” гэв.
“Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэн: “Манай бүлгэмийн хамгийн гол зорилго бол бүх монгоол туургатнаа нэгтгэх. Хазар монголчуудаа ч нэгтгэнэ. Тэд маань өнөөдөр монгол цусаа амиараа төлж байна. Ийм байх ёсгүй ээ. Монголчууд аа, сэрцгээ. Дэлхийн монголчуудыгаа харцгаа” гэв.
Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан: “Израиль улс Африкийн хэсэг еврейчүүдээ ганц шөнийн дотор “Геркулес” гэдэг том онгоцуудаар, тусгай ажиллагаа зохион байгуулаад, дайснуудын хүрээлэл дундаас аваад ирж байсан. ХХ зууны эхэнд Израильд хэдэн түмэн л еврей хүн байсан. Гэтэл еврейн үндэсний үзэлтнүүд тэнд дэлхийн бүх еврейчүүдийг аваачих бодлогыг хэрэгжүүлж, одоо зургаан саяулаа болоод байна. 100 гаруй орноос еврейчүүдийг аваачаад, мөхсөн хэл соёлоо сэргээгээд, өндөр хөгжлийг цогцлоогоод байж байна. Монгол улс ийм л бодлоготой байх ёстой” гэв.
МУИС-ийн оюутан А.Даяар: “Хазар монгол оюутан бид угсаа гарваль, цус нэгт ахан дүүсийнхээ дунд байгаадаа үнэхээр баяртай байна. Хазар монголчууд Пакистанд алуулж, Афганистанд хавчигдаж, Иранд гадуурхагдаж байна. Пакистаны Кветта хотод хазар монголчуудыг алж хядах нь бүр дэлхий дахиныг цочирдуулсан асуудал болоод байна. Гэхдээ дэлхий дахин энэ хэрэг явдал яс үндэс, монгол гаралтай холбоотойг төдийлөн сайн мэдээгүй байна, “шашны цөөнх рүү довтоллоо” гэж байгаа нь асуудлын мөн чанарыг ойлгуулахгүй байна. Харин монгол ахан дүүс маань бүхнийг ойлгож мэдэн, биднийг өмгөөлж буйд туйлын их талархалтай байна” гэлээ.
Монголын олон нийтийн анхаарлыг татсан хэвлэлийн хурлын дараа, үндэсний асуудлын идэвхтнүүд болон, хазар монгол, өмнөд монгол нөхөд Ногоон эвслийн мэдээллийн танхимд Монгол-Хазарын уулзалт зохион байгуулав. Энэ нь тус танхимд болсон монгол туургатны гурав дахь уулзалт бөгөөд, аль аль нь тодорхой, олзуурхууштай үр дүнтэй болсон.
Уулзалтад хазар монголчуудын болон, монгол туургатны нөхцөл байдлыг шүүн хэлэлцэж, ТББ байгуулж, хазар залуустай монгол хэлээр ярилцах ТВ-ийн нэвтрүүлэг хийхээр болов. ТББ-ын зорилго нь Монгол-Хазарын найрамдал нөхөрлөл, ахан дүүгийн харилцааг бүх талаар бэхжүүлэх явдал юм.
Хурал болон уулзалтаас бүрдсэн Монгол-Хазарын өдөрлөгийн талаар Фэйсбүкэд товч мэдээлэхэд дэлхийн хазарууд маш өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээн авч, шуурхайгаар цааш түгээсэн тул, хазаруудын цөөнгүй тооны сонин, сайт, ТВ, радиогоор нийтлэгдэж нэвтрүүлэгдлээ. Мэдээлэл түгээхэд ДМӨСН, ялангуяа ДМӨСН-ийн тэргүүн Д.Бямбахүү багагүй үүрэг гүйцэтгэв. Д.Бямбахүү бол Монгол-Хазарын харилцааг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж ирсэн, Монгол улсын иргэн залуу бөгөөд, түүний тэргүүлдэг нийгэмлэг нь Нью-Йорк хотноо төвтэй, олон улсын байгууллага юм. ДМӨСН-ийн ажилд Д.А.Чангэзи, А.Вафа, А.Чангэзи, Р.Катэб нарын хазар монголчууд чин сэтгэлээр тусалж дэмжиж иржээ.
Сайны хажуугаар саар гэгчээр, манайд хазарчуудын талаарх үүсгэл санаачилга руу дайрч давшлах явдал ч багагүй гарсан нь харийн бодлого, харь санаатнуудын явуулгатай холбоотой юм. Тэр явуулгачид “харийн аюулыг дуудлаа” гэж байгаа хэрнээ, өөрсдөө харийн аюул юм. “Хариас үй олон хүн авчирч зөрчил, бэрхшээл авчрах нь” гэж байгаа хэрнээ, өөрсдөө тийм зүйлийг хэрэгжүүлж ирсэн. “Өөрсдийгөө яая гэж байхад…” хэмээх нь харьд зүтгэн мухардсан байдлаа хэлж байна. “Монголчуудаа ажил амьдралтай болгох талаар санаа зовмоор юм даа” гэх атлаа, монголчуудыг ажил амьдралгүй болгохын төлөө л санаа зовж ирцгээсэн. “Манай баялгийг мэдээд ахан дүү болов” гэж буй тэд манай баялгийг ахан дүүдээ буюу харийнханд өгсөн. “Афган руугаа тонилцгоо!” гэж хазар монголчуудыг алж хяддаг этгээдүүдтэй адил үгийг хэлж, адил сэтгэж байна. Алтан нарыг алгаар хааж болохгүй гэгчээр ахан дүү монголчуудын харилцааг аман зоргоор бураад бусниулж чадахгүй ээ, тэд.
Хазар монголчууд:
“Адил шиа шашинтай пэрс, арабууд дуугүй байхад буддын шашинт монголчууд өмгөөллөө. Баба Мазари: “Үндэстнийг шашин биш, цус тодорхойлно” гэсэн нь үнэн ажээ”,
“Хазарууд бид үндэс угсаа нэгтнүүдээ өөрөөр бас хэлдэг. Чингисүүд (Чангэзи) гэж нэрлэдэг. Чингис хүн, хазар хүн гэдэг нь бидний хувьд адил утгатай юм”,
“Хазарууд бидний түүхэнд шинэ хуудас нээгдлээ, бид дахин төрж, шинэ амьдралтай золголоо. Монголчууд хазаруудыг юу гэж үздэг бол доо л гэж явдаг байлаа, би. Гэтэл ахан дүүсээ гэж үздэг нь тодорхой боллоо. Өнөөдөр бол миний амьдралын хамгийн аз жаргалант өдрүүдийн нэг юм”,
“Үнэн үү гэж өөрөөсөө гайхан асууж, мэдээллийг дахин хараад үнээн гэж өөртөө хэлэн баясч сууна. Та бүхний санаатай адил утгатай бодлогыг Монголын засгийн газар явуулбал юутай сайхан бэ. Биднийг Монгол улс л юуны өмнө хамгаална гэж бодогдлж байна. Тийм цаг ирнэ гэж итгэж байна” гэх зэргээр бичсэн хэдэн зуун мэссэжийг бидэнд илгээж, талархал ерөөлөө илэрхийлсээр байна.
Ч.Мөнхбаяр
MMXI.X.XV
www.facebook.com/moenhbayar
No comments:
Post a Comment