Thursday, May 17, 2012

Чингис хааныг шүтэн бишрэх нь АНУ-д хүчээ авч байна

Монголд болдоггүй Чингисийн тахилга АНУ-д болж байна

Саяхан, Чингис хааны тахилгын ёслол Амэрик дахь монголчуудын дунд 24 дэх удаагаа зохион байгуулагдсан юм. Нью-Жэрси муж улсын Принстон хотноо болсон эл уламжлалт арга хэмжээ анх 1988 онд зохиогдож байжээ.
Эрдэмтэн Хангины Гомбожав нарын өмнөд монгол, халимаг хүмүүс Монгол-Амэрикийн соёлын холбоо (МАСХ, МАСА, Mongol-American Cultural Association) гэх монгол туургатны чанартай ТББ-г АНУ-д үүсгэн байгуулж, бүхий монгол элэгтний эрхэм дээд шүтээн болсон Чингис хааныг АНУ-д анх тахин ёсолсноос хойш олон он жил улиран өнгөрчээ.
Өдгөө АНУ-д Монгол улсын 30 мянга, халимаг зургаан мянга, хазар хоёр мянга, буриад, тува 100-200, өмнөд монгол 50-100 хүн аж төрж буйн төлөөлөл Принстон хотноо чуулжээ. Энэ жил буриад, тува, хазар түмний төлөөлөл анх тахилгад оролцож буй нь онцлог юм. МАСХ-ны дарга Санж Алтан, УЗГ Чингэлтү, Палжи, Энхээ, Цагаанбаатар, Эттингэр, зохион байгуулагч Д.Бямбахүү болон бусад хүмүүсийн халуун дулаан сэтгэл зүтгэлээр энэхүү сайхан ёслол бүтжээ. Санж Алтан халимаг, Чингэлтү тайваний монгол, Палжи энэтхэгийн монгол, Цагаанбаатар өмнөд монгол, сүүлийн үед МАСХ-ны ирээдүйтэй залуу боловсон хүчин гэгдэж буй Д.Бямбахүү Монгол улсын иргэн юм.

Эрдэмтэн Х.Гомбожав Эзэн хорооны тахилгын байдлаас сэдэвлэн, 1986 онд АНУ дахь Чингисийн тахилгын зан үйлийг зохион тогтоожээ. Ордост 700 гаруй жилийн өмнөөс дархадууд бүтэн жилийн турш Чингис хааныг тахиж ирсэн агаад, хамгийн том ёслол нь билгийн тооллын 3.21-нд болдог аж. Х.Гомбожав Эзэн хорооны тахилгаас буддын болон засгийн нөлөө зэргийг хасч, бөө мөргөл, монгол уламжлалд ойртуулах ажлыг гүйцэтгэсэн байна.
Жонон өчиг ерөөл айлтгаж, найман ямтан давтан хэлж, Чингис хааны алдар гавъяаг бахдан дуудаж, монгол туургатнаа цөмийг нь магтан дурдаж, дэлхийн монголчуудын нэрийн өмнөөс Чингис хааны асаасан монгол гал голомтыг унтраалгүй, мөнхөд бадраан мандуулж явахыг тангараглаж байх нь утга төгөлдөр. Найман ямтны дунд хазар монгол хүн байх нь онцлом үзэгдэж байв. Тахилгын ёслолд оролцогчид бүгдээр Чингис хаанд мөргөхөд Санж Алтан гуай өвдөг сөгдөн, духаа газар хүргэн, гүн сүсэгтэйгээр залбирч мөргөн байх нь үнэхээр сэтгэл хөдлөм байлаа.
 Тэрбээр 24 дэх удаагийн ёслолыг нээж үг хэлэхдээ анх оролцож буй хазар монголчуудын талаар: “Хазар монголчууд нь Чингис хааны эзэнт гүрний үед бий болсон онцгой нэгэн монгол бүлэглэл юм” гэсэн билээ.
Амэрикийн хазаруудын байгууллагын тэргүүн Давуд Али Чангэзи:
“Түүх, гэнэтикийн судалгаагаар хазарууд монгол гаралтай гэдэг нь батлагдсан билээ. Хазар бид хаадын хаан Эзэн Чингисээрээ бахархаж, овоглон явдаг. Монгол гаралтай гэдгээ бид Афганистан, Иран, Пакистанд чөлөөтэй зарлан тунхаглаж чаддаггүй. Харин одоо монгол анд нөхдийнхөө дунд бахдалтайгаар тунхаглаж байна.
Бид монгол үүсэл гарлаа хэзээ ч мартаагүй. Миний бие хүүхэд байхаасаа эхлээд Чингис хаанаа тахин шүтэж ирсэн. Би хувьдаа өөрийгөө 100 хувь монгол хүн гэж боддог.
2001 онд Хазаражатын Бамиянд VI зууны үеийн Буддын баримлыг талибууд устгасан нь шашны учир холбогдолгүй бөгөөд, хазар хүн шиг харагдаж байна гэж устгасан билээ. Тэгвэл хазаруудыг монгол хүн шиг харагдаж байна гэж устгаж ирлээ…” гэхчилэн хэлж, бас монгол дээлтэй байсан нь олны сэтгэлийн утсыг ихэд хөндсөөн.
МАСХ-ны монгол хүүхдүүдэд туслах сангийн (http://www.maca.usa.org/donations.html) ЕЗохицуулагч Т.Эттингэр: “Манай сан 1995 онд МАСХ-ны удирдлага, Амэрикийн Ж.Бэйкэр зэрэг нэрт зүтгэлтнүүдийн санаачилга, зүтгэлээр байгуулагдсан. Түүнээс хойш бид 250 мянган долларын төсөл хэрэгжүүлж, 2000 гаруй хүүхдэд тусаллаа” гэхэд бүгд талархан хүлээж авав.
МАСХ-ны Хүмүүнлигийн шагналыг Ш.Тэмцэлтэд олгосон нь ч олонд сайшаагдав. Ш.Тэмцэлт 1981 оны сурагчдын хөдөлгөөнөөс хойш өдийг хүртэл өмнөд монголчуудын хүний эрх, үндэсний оршихуй, соёлын төлөө тэмцэж ирснийг үнэлж, энэ шагналыг олгосон юм.
Ар Монголын “Mongol World”, Өмнөд Монголын “Анда” зэрэг хамтлагууд урлагийн тоглолтыг өргөн барьж, учран золгосон монгол туургат ахан дүүсийг баясган байв.

Тахилгын ёслолын идэвхтэн Д.Бямбахүү, хазар охин, Давуд Чингис нар

АНУ-д газар газрын монголчууд ийнхүү нэгдэн нягтарч байхад, монгол ертөнцийн төв байх учиртай Монгол улсад маань ийм үйл явц болдог билүү дээ гэх бодол тархинд минь харван орж ирж байв. Чингис хаан монголчуудыг нэгтгэсэн, одоо ч нэгтгэж байна ч гэж бодсон билээ.
Бурханы хөвүүн Чингис хааныгаа бид нэгэн тэнгэр адил үзэж, мөргөн бишрэх учиртай юм. Чингэвээс Богд баатрынхаа хязгааргүй эрч хүчээс хүртэн жаргах болно. Ард түмэн маань ч мөнхийн хааныгаа тахин шүтдэг арвин баян ёстой байв.
Чингисийн туг сүлдийг тусгай сүм барьж тахидаг, үе залгамжилсан тугчид хадгалж хамгаалдаг байлаа. Эрдэнэзуугийн дэргэд Чингисийн цагаан сүлд, цэргийн бүрээг ном уншиж тахидаг, лам нар харж ханддаг сүм байв. Халхын Засагт ханы Лу гүний хошуунд Цагаан сүлдийн сүм байсан, наадам хийж тахина. Сэцэн ханы Чин Ачит вангийн хошууны Чингисийн тугийн сүмд хорь гучин лам тахин сууна. Чингис хааныг арван зургаан баатар хүрээлж, дөрвөн зүгийн дөрвөн хаан түүнд мөргөж буйг дүрсэлсэн баримал хойморт нь байж. Догшин хар сүлдийг хүндлэн тахина. Эзэн хааны сүлдийг мандуулдаг нь Өвөр Монголд нэн түгмэл. Үүшин хошууны онгуд нар гурван жил дутам цагаан сүлдийн их тайлга хийдэг гэх мэт.
Чингисийн тайлга нь 1282 оноос дэлгэр журам нь үүсч, 1295 онд Тайлгын яам ёслолын явдлыг нь эрхлэх болсон эртний сайхан уламжлал билээ. Хаврын эцэс өөлжин луу сарын хорин нэгнээ ерэн есөн гүү уяж, сацал сацсанаар цагаан сүргийн хурим, зуны дунд морин сарын арван зургаанаа ертөнцийн дэлгэр их тоногийг талбиж ерэн есөн цагаагчийн үрсийг гаргаснаар зуны уураг үрсийн хурим, намрын эцэс нохой сарын арван хоёрноо унаганы чагт шилбийг эвхсэнээр ногт ширгийн хурим, өвлийн дундад хулгана сарын шинэд милагудыг хийснээр тасам талбих хурим үйлдэнэ хэмээн Чингисийн тайлгыг дөрвөн улиралд ёсолдог байжээ. Чингис хааныг эрхэмлэн дээдлэх ёс уламжлалын талаар Монголын ёс уламжлалын их нэвтэрхий тольд энэ мэтчилэн үгүүлсэн нь багагүй.
Бурхан Халдунд Чингис хаан сүлд тайлгаа хийж байсан сүмбэр их овоо байжээ. 1206 онд Тэмүүжинд Чингис хаан цол өргөсний дараа тэнд тэнгэрийн сүлдийг хурайлж тахисан нь мөн уламжлал болжээ. Тэр цагаас хойш Монголын ихэс дээдэс Бурхан Халдуныхаа Чингисийн сүлд овоонд жил бүр сум өргөх их тайлгын ёслол үйлдээд наадам хийдэг байж. Хэнтий ханд Өндөр гэгээн Занабазарын үүсгэн байгуулсан Сүлд тайлгын дуган байв. Дашлигчилэн гэдэг хийд мөн сүлд тайлгын ажлыг гол болгоно. Нэгэн тусгай сүм Чингисийн жалгыг тахина.
Өвөр Монголын Эзэн хороо хошууны Алтан Гандирийн шил дээр Чингисийн онгоныг шүтэх цогцолбор сайхан сүм сүндэрлэнэ. Саявтар шинэчлэн тохижуулж улам сүрлэг төгөлдөр болгожээ.
Тусгаар Монгол улсад маань Чингис хааныг хүндэтгэх хамгийн сүрлэг сайхан байгууламжууд байх учиртайгаас гадна, хамгийн том тайлга, арга хэмжээнүүд болж байх учиртай сан!
Гэтэл Монголд маань Чингис хааныгаа тахин шүтэх төрийн том ёслол, үндэсний баяр байна уу даа. Ийм тийм юм болдог гэж зарим нь хэлж болох ч, тэр нь төдийлөн анхаарал татдаггүй юм уу даа.
1990оноос хойш манайд тахилга тайлгын ёс хавтгайрч, үй түм болсон. Боломжтой бүхнийг тахиж тайж байна. Харин Чингис хааныгаа тийнхүү ёслон хүндэтгэж байнуу, бид. Нүдэнд үзэгдэж, чихэнд дуулдах юм бараг үгүй сэнж үү.
Монголчуудыгаа нэгтгэн нэгэн гэр улс болгон мөнхжүүлж, даян дэлхийд ялагч болгон алдар нэрийг нь цуурайтуулсан их хаанаа бид туурга тусгаар гал голомтдоо тахин дээдлэхгүй бол бусдыг тахихын ч учир юун. Чингис хаан бол бурхан шүтээн болох учиртай аугаа хүмүүн юм. Тахиад зогсохгүй, шашинчлан сүсэглэж биширч явах учиртай юм. Бишрэлийнхээ хүчээр Чингисийн үеийнх адил хүчирхэгжиж, бүх монгол туургатнаа нэгтгэж аван, зуун зууны хагацлыг арилгаж, элэг бүтэн болох ёстой юм. Энэ бүхний эхлэл нь Чингисийн тахилга болог л дээ.
Нэгэн гадаадын харъяат монгол хүмүүн Цонжин Болдогийн цогцолборыг шүтлэг бишрэлийн байгууламж гэж бодсон юм билээ. Тэгээд мөргөж залбирах гэтэл зугаацаж цэнгэхээр ирсэн улс амьтан бужигнаж шуугиад тийм боломж олгосонгүй. Хэдий болтол ийм байдал үргэлжлэх вэ. Аягүйдвэл Чингис хаанаа харьд алдаж ч мэдэхээр болоод байгаа шүү. Авах хүсэлтэй улс орон, гадны байгууллага хүмүүс ч бий, манай нэг дарга л зарж орхино.
Хэрэв Чингисийн төрийн их тахилга хийж, үндэсний баяр болгон хүндэтгэж хэвшвээс харийнханд ч алдахгүй, Монгол улс үндэстнээ ч мандуулан бадруулна. Монгол туургатан хүн заавал Монголд ирж Чингисийн тахилгад оролцоно хэмээн зорьж, даяар Монгол туургатан цор ганц нэгтгэгчийнхээ сүлдэн дор нягтран ижилсэж байх болно. Өөр нэгтгэгч хүчин зүйлүүд бий ч, хэл, соёл, шашин зэрэг тэдгээр факторуудын аль нь ч хэсэгчлэн нэгтгэхээс бус, бүгдийг нэгтгэж тэр бүр чадахгүй байна.
Монгол туургатан янз бүрийн улсад оршиж, олон хэсэг хуваагдсан тул ондоо ондоо баяр тэмлэглэдэг. Тэгвэл бүх монгол туургатныг нэгтгэх ямар баяр байж болох вэ? Мэдээж, Чингисийн тахилга! Мөн өөр бусад үндэстний хүн Чингис хаанд мөргөх гэвэл үтэр өшиглөн хөөж болохгүй юм. Их хааны маань суу алдар даян дэлхийг бишрүүлж л байг.
АНУ-д тэндхийн монгол туургатан Чингисийн тахилгаар нэгдэн нягтарч байна. Монгол улсад дэлхийн монгол туургатан Чингисийн тахилгаар нэгдэн нягтрах цаг болжээ. Монгол төр түмэн маань үүнийг анхааралдаа авч, сүр сүлд төгөлдөр тахилга, үндэстний баяр, ёслолын байгууламжийг үүсгэн, амьдралд хэрэгжүүлэх болтугай!
Ч.Мөнхбаяр 
ММХI.X.VI
http://moenhbayar.blogspot.com

No comments:

Post a Comment